Дондог-Омбо хан
Дондог-Омбо хан ( 1741 оны 3-р сарын 21-нд нас барсан) бол Халимагийн хант улсыг 1735-1741 оны хооронд захирсан 3 дахь хан юм. Тэр бол Аюук ханы хүү Гүнжавын ууган хүү юм. 1741 оны 3-сарын 21 нд түүнийг өөд болсны дараа Аюук ханы ууган хүү Чагдаржавын хүү Дондогдаш халимагийн 4 дахь болсон байна.
Өвөг эцэг Аюук ханы өв залгамжлагчид болон бусад өрсөлдөгчидтэй хаан ширээний төлөөх тэмцлийн үр дүнд 1737 онд албан ёсоор хан болгож зарласан байна. Аюукийн хууль ёсны залгамжлагч нь түүний том хүү Чагдаржав байв. Гэсэн хэдий ч тэрээр 1722 оны 2-р сард эцгээсээ өмнө нас баржээ. 1722 оны эхээр Саратовын ойролцоо Аюук хан Оросын I Пётр хаантай уулзах үеэр ханы өөр хүү Цэрэндондогийг өв залгамжлагчаар томилохыг хүсэж зөвшөөрөл авч байжээ. Гэсэн хэдий ч Аюук ханыг нас барсны дараа Чагдаржавын ууган хүү Дасан хан ширээнд санаархаж эхлэв. Гэтэл Оросын хаант Засаг Доржи Назаровыг нэр дэвшүүлсэн байна. Хариуд нь Аюукигийн бэлэвсэн эхнэр Дармабала Аюукийн ач хүү Дондог-Омбог ханы сэнтийд дэвшүүлсэн байдаг. Халимагийн хаант улс хүчирхэгжихээс эмээж, улс доторх мөргөлдөөнийг дэмжиж Астраханы амбан захирагч Артемий Волынский ард түмний дунд нэр хүндгүй байсан Цэрэндондогийг ханаар томилжээ.
Улмаар Халимагийн хант улсад хан ширээнд суух янз бүрийн өрсөлдөгчдийг дэмжсэн бүлгүүд бий болж эхлэв. Оросын засгийн газрын томилсон Цэрэндондогийн засаглалд дургүйцсэн хүмүүс Дондог-Омбын тойрон цугларчээ. 1731 оны 5-р сарын 1-нд Астраханы шинэ амбан захирагч Иван Измайлов Цэрэндондог ханыг зарласан нь Халимагийн язгууртнуудын дунд эмх замбараагүй байдал үүсгэжээ. 1731 оны 11-р сарын 9-нд Цэрэндондогийн ах Галдан-Данжин хоёр мянган цэрэгтэй Дондог-Омбо руу довтлосон байна. Галдан-Данжин тулалдаанд ялагдсан тул Царицын руу зугтав. Оросын Засгийн газар Цэрэндондогийн талд орсон байна. Дондог-Омбо Оросын эрх баригчидтай зөрчилдөхгүйн тулд Кубань руу явж, Османы эзэнт гүрний иргэншлийг хүлээн авчээ.
Энэ үед Орос, Османы эзэнт гүрний хооронд мөргөлдөөн үүсч эхэлж байв. Умард Кавказад түрэгүүдийг хүчирхэгжихээс эмээж байсан хаант Оросын засгийн газар Дондог-Омбог энэ үед ард түмнийхээ дунд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Халимагийн хан хэмээн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. 1735 оны 3-р сарын 7-нд Оросын эрх баригчид Дондог-Омбог “Халимагийн тэргүүн захирагч” хэмээн мэдэгдсэн байна. Мөн оны 11-р сарын 14-нд тэрээр Ижил мөрөнд буцаж ирээд Орост үнэнч байх тангараг өргөв. Түүнтэй тохиролцсоны дараа Оросын засгийн газар Турктэй хийсэн 1735-1739 оны дайнд Халимагийн цэргийг ашигласан юм.
1737 оны 3-р сарын 3-нд Дондог-Омбог Халимагийн хан хэмээн зарлав. Түүний хаанчлал нь хату дарангуйлалтай байсан бөгөөд хатуу удирдлагын бодлогыг баримталж, заримдаа өрсөлдөгчидөө шууд алдаг байв. Түүний удирдлаган дор байсан Халимагийн цэргүүдийн тоо 50,000 хүнд хүрч байжээ: 30 мянга нь Кубанд, 20 мянга нь Волгад байршиж Халимагийн тал нутгийг казах, Башкируудын дайралтаас хамгаалж байв.
Дондог-Омбо 1741 оны 3-р сарын 21-нд нас баржээ.
Өмнөх Цэрэндондог хан |
Халимагийн хан 1735-1741 |
Дараах Дондогдаш хан |