Угшан
Угшан (? - 1665) бол Хиад боржигин овгийн Хавт Хасарын удамчир Хорчин аймгийн Зайсанбөх тайжийн ахмад хөвгүүн, Чин гүрний хошой зоригт чин ван.
Товч намтар
засварлахТүүний элэнц өвөө нь Хавт Хасарын удам Намсай дурал ноён, өвөө нь Мангус заргач, аав нь Зайсанбөх тайж бөгөөд авга эгч Жэжэ, хоёр охин дүү Хайланжуу, Бумбутай нар нь Дээд эрдэмт хааны их бага хатад болж, Цагаан, Соном, Манзушир гэсэн гурван эрэгтэй дүү нар нь чин ван, жүн ван цол хүртэж, Чин гүрний хаад ноёдтой худ ургийн холбоо тогтоосон гэр бүл байсан.
1625 онд Хорчины Ууба тайж тэргүүтэй их, бага ноёд Хожуу Алтан улсад дагаар ороход Цахараас олзолсон морь тэмээ зэргийг өргөн барьж, харъяат ардаа авч дагаар орсон. 1632 онд Зуу-Удын газарт манжийн их цэрэг хуралдаж, Цахарыг дайлахад хожимдож очсонд донгодуулан, зэмлэл хүртэв. Цахарыг дайлаад Мин улсын Датун, Сюаньфу хотыг дайлж, Шүүрхий боомт хүртэл байлдаад буцав. 1634 онд Хорчины тайж Галзуу Сэтэр харъяатаа авч Солон руу дүрвэхэд Түшээт жонон Бадаригийн хамтаар нэхэн хөөж, бариад цаазлаж харъяатыг нь хувааж авав.
1636 онд манжууд Чин гүрнийг байгуулаад цол хуваарьлахад Угшаныг Дархан вангийн хошууны сул ноён болгож, үе улиран залгамжлах Хошой Зоригт чин ван цол хэргэм олгожээ. 1638 онд хааны сангаас эмээлтэй морь, үстэй дээл шагнав. 1639 оны цагаан сараар шинэлэхэд алба барих тооноос дутсанд 500 мориор торгов. 1659 онд зарлиг дагаж яаран ирсэнгүй гэж монгол журганаас Угшан ванд ял тулган, "чин вангийн хэргэмийг эвдэж бэйл болгосугай" хэмээн хаандаа айлтгахад Эеэр засагч хаан ялыг бууруулж 1000 мориор торгох болгов. 1665 онд нас барав.
Гэр бүл
засварлах- Элэнц өвөө: Намсай дурал
- Өвөө: Мангус заргач
- Аав: Зайсанбөх тайж
- Ээж: Боли үжин
- Дүү: төрийн дархан бэйл Цагаан
- Дүү: төрийн жүн ван Соном
- Дүү: хошой дархан баатар чин ван Манзушир
- Дүү: Харжол хатан
- Дүү: Бумбутай хатан
- Өвөө: Мангус заргач
Илтгэл шастирт Угшан чин ваныг "туслагч гүн Луусан, туслагч гүн Түнэхэй, чин ван Билтагар, туслагч гүн Бомбаши, туслагч гүн Банди, чин ван Дулбо гэсэн зургаан хөвүүн, 1 охинтой" гэж тэмдэглэжээ. Билтагар нь 1641 онд улсын гүнжийн эфү болж, зоригт чин ван цол залгамжлав.
Рашпунцагийн бичсэн Болор эрих нэртэй сурвалж бичигт "... Чин ван Угсанаас Будан үргүй, Мадан, Дарма үргүй, Луус, гүн Түгүнэхэй, хошой эфү зоригт чин ван Милтгар, Бумбач, Норов, Халсхай, Бихэй үргүй, Самгур, гүн Банди, Жуй, Зулзага үргүй, ван Эрдэнэ, Толба арван наймуул буй..."[1] гэжээ.
Хасарын удмын Мэргэн гэгээний Алтан товч нэртэй зохиолд "... Будда, Манда, Дарма, Луусун, Түнхэй гүн, Болбачи, Норов, Халанхай, Баса, Банди гүн, Сонидай, Сэтэр, Самухур, Милдахар ван, Жуй, Зулзага, Эрдэнэ, Дулба арван найм..."[2] гэж Болор эрихээс нэрсийн хувьд бага зэргийн ялгаа байгаа ч, үндсэндээ 18 хөвгүүнтэй байсан нь тодорхой байна.
Угшан вангийн охин Эрдэнэбумба нь 1651 онд Эеэр засагч хааны анхны их хатан болсон ч, 1653 онд хатны сууринаас огцорч бага хатан болсон.
Өмнөх - |
Хошой Зоригт чин ван 1636-1665 |
Дараах Билтагар |