Ууба тайж (?-1632) бол хиад боржигин овгийн Хавт Хасарын хойчис Онхудай тайжийн хөвгүүн, Хорчины ноён. 1626 онд Манжийн Нурхач хаанд Хорчин аймгаа дагуулан дагаар орсон.

Товч тойм

засварлах

1580-аад оны сүүл үеэс Жяньжоу зүрчидийн толгойлогч Нурхач ойр хавийн хот тосгодыг довтлон нэгтгэсээр, бусад томоохон аймгуудын эсрэг дайтах болсноор, 1593 онд Зүрчидийн Хада, Ула, Хойфа, Жүсэри, Нэен, Гувалча, Ехэ аймгийн ноёд Хорчины Онхудай тайж, Мянган тайж, Мангус тайж нар хамтран Нурхачийн эсрэг Гүрэгийн газарт байлдаж, холбоотны цэргийн эвсэл ялагдсан. Энэ явдалд Ууба тайж оролцсон. Онхудай тайжийг өөд болсны дараа тэрбээр Хорчины тэргүүн ноён болсон. 1624 онд Манжийн Нурхач баатартай элч солилцож, харилцсанд Лигдэн хаан хилэгнэж, цэрэг илгээн харъяат ардыг нь тонож дээрэмдсэн. 1625 онд Лигдэн хаан их цэргийн хүчээр Хорчин аймгийг довтлон Ууба тайжийг хотод нь бүслэн байлдахад, Манжийн тусламжийн цэрэг ирж, Цахарын цэрэгт цохилт өгч, ухраасан. 1626 онд Ууба тайж ах дүү төрөл төрөгсөд, харъяат цэрэг ардаа авч Хожуу Алтан улсын Нурхач хаанд дагаар орсон. Нурхач хаан өөрийн дүү Шурхач вангийн 3-р хүү бэйл Түлүний охин Жүньжэ хошой гүнжийг хатан болгон өгч хошой эфү болов. Мөн Түшээт хан цол соёрхож, хорчин аймагт хэд хэдэн хошуу байгуулсны нэг Түшээт вангийн хошууг байгуулан засаг ноён болгов. 1628 онд манжийн хаанаас түүний харъяат ноёдыг цэргийн цааз хуулийг зөрчсөн, тушаал биелүүлдэггүй гэж донгодов. 1629 онд Мин улсын Зүнхуа хотыг бүслэн эзлэв. 1632 онд их цэрэг Цахар аймаг, Датун, Сюаньфуг довтлох аян дайнд амь үрэгдсэн. Түүнийг хөвгүүн Бадари залгамжилсан.

Хасарын 17-р үеийн ач хорчины Онхудай тайж нь Түмэй тайж, Ууба тайж, Будачи тайж Баг дайчин гэх 4 хөвгүүнтэй. Ууба тайжийн ууган хөвгүүн түшээт жонон Бадари хошууны засаг ноён болоход, түшээт жонон цолыг нь болиулж, Түшээт чин ван цолоор өргөмжлөж, эцгийнх нь манж хатан Жүньжэ хошой гүнжтэй гэрлүүлэн, хошой эфү болов. Ууба тайжийн үр удам Түшээт чин вангийн хошууны засаг ноёд болсон.

Холбоотой өгүүлэл

засварлах