Хиад
Хиад (монгол: ᠬᠢᠶᠠᠳ, галиг: kiyad) овог нь Монголын эртний овог, аймаг. Рашид ад-Диний бичсэн Судрын чуулган сурвалж бичгийн мэдээгээр Эргүнэ Гүнд зугтаж очсон Нукус, Киан гэх хоёр овгийн нэг юм. 12-р зуунд Хабул ханы үед нирун монгол угсааны боржигин овгоос салбарлан үүссэн ноёлох овог юм.
Нэрний утга
засварлахМонголоор Хиан гэдэг нь "Уулсаас буугч догшин түргэн хүчтэй их үер гэсэн утгатай. Хиад нар идэрхэг эрэмгий, эрс зоригтой учир энэ үг тэдний нэр болжээ. Кияд гэдэг нь Киян (хиан)-ы олон тоо юм"[1] гэжээ. Дотоод, гадаадын олон түүхчид Хятадын түүхийн шастирт бичигдэж үлдсэн Хүннүгийн Хуянь (呼延) хэмээх сурвалжит овгийг Эргүнэ Гүнд зугтаж очсон Нукуз, Киан гэх хоёр овогтны нэр, Хамаг Монголын Хиад аймагтай холбож үздэг.
Түүх
засварлахХиан овог нь 2000 гаруй жилийн өмнөх үйл хэрэгтэй холбогдож байгаа бөгөөд VIII зууны үеэр Хиад овгийн түрүү Бөртэ Чоно аймгийн олноо дагуулж Бурхан Халдунд нүүдэллэн иржээ. Бөртэ чонын 10-р үеийн ач нар болох Добу мэргэн, Дува сохорын үеэс хүн ам нь өсөж тус тусдаа овогтой болсон учир Хиад гэдэг нэрийдэл нэг үе хэрэглэгдэхээ больсон ч Хабул хааны үеэс уг овгийг дахин сэргээн "Нирун Хиад" гэж хэрэглэсэн. Хабул ханы үед үүссэн Нирун Хиад овгоос хэд хэдэн овог салбарлан үүссэн.
- Хабул хааны ууган хөвүүн Охинбархагийн хөвүүн Хутугт жүрхигээс "Хиад жүрхин" үүсч Жүрхин аймгийн ноёлох овог болсон.[2]
- Бартан баатрын ууган хөвүүн Мэнгэтү хианы хөвүүн Чаншиудаас "Хиад чаншиуд" үүсч Баяуд аймгийн ноёлох овог болсон. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулж, Мэнгэтү хианы ач Үнгүр, Хөхө, Мүгэтү баатар[3] нарыг мянганы ноёдоор томилсноос, Хөх ноёны хиадын мянгат нь баруун гарын түмэнд, Үнгүр буурчийн баяуд мянгат нь зүүн гарын түмэнд харьяалагдаж байв. Чингис хаан хүү Зүчидээ 4 мянганы ноёныг цэрэгтэй нь захируулсны дотор хиадын Хөхө ноёны хиад аймгийн 1 мянгат багтсан нь Монголын эзэнт гүрний үед хиад нэрээр Зүчийн улсын бүрэлдэхүүн багтах болсон.[3] Зүчийн Улсад очсон хиад аймгийнхнаас хамгийн алдартай нь Мамай ноён юм.
- Есүхэй баатар болон түүний хөвүүдээс "Хиад Боржигин" хэмээх шинэ овог үүсч, хожим нь Монголын хааны алтан ураг болж, Монгол төдийгүй дэлхийн түүхэнд томоохон сурвалжит овог болж, тэр хэрээр Евроази даяар хамгийн өргөн тархсан овог болсон.
- Хабул ханы бусад хөвүүдийн удам нь "Нирун Хиад" эсвэл "Хиад Куралас"[4], "Хиад Ясар"[4] зэрэг хэд хэдэн овог үүсч, хиад боржигин овгийн хаадад захирагдах болсон.
Эшлэл
засварлах- ↑ "Хиад". mongoltoli.mn (англи хэлээр). Татаж авсан: 2024-01-04.
- ↑ Рашид ад-Дин, Хамадани (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 181.
- ↑ 3.0 3.1 Рашид ад-Дин, Хамадани (2002). Судрын чуулган. Vol. 1. Translated by Ц, Сүрэнхорлоо (2 ed.). Улаанбаатар. p. 188.
- ↑ 4.0 4.1 Д, Гонгор (1970). Халх товчоон. Vol. 1 (1 ed.). Улаанбаатар. p. 58.