Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам

Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам (монголоор: ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤ᠋ᠨ
ᠲᠥᠷᠥ ᠶ᠋ᠢ
ᠵᠠᠰᠠᠬᠤ
ᠶᠠᠪᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠶᠠᠮᠤᠨ
; манж хэл: ᡨᡠᠯᡝᡵᡤᡳ
ᡤᠣᠯᠣ ᠪᡝ
ᡩᠠᠰᠠᡵᠠ
ᠵᡠᡵᡤᠠᠨ
, галиг: tulergi golo-be dasara jurgan; хятадаар: 理藩院, галиг: Lǐfān Yuàn) нь манжийн Чин гүрний үеийн ар, өвөр Монгол, Төвд, Хөх нуурын хошууд, Шинжааны монгол, хотон зэрэг чуулган, аймаг хошуудыг ерөнхийлөн захирах дээд байгуулга юм.

Түүхэн тойм засварлах

Энэхүү байгууллага нь 1636 онд Дээд эрдэмт хааны зарлигаар Монгол журган (манж: ᠮᠣᠩᡤᠣ
ᠵᡠᡵᡤᠠᠨ
, галиг: monggo jurgan; хятадаар: 蒙古衙門, галиг: ménggǔ yámēn) нэртэйгээр байгуулагдаж байсан. Тухайн үедээ өмнөд монголын 6 чуулган 49 хошууны хэргийг хариуцаж байсан. 1639 онд монгол журган гэх нэрийг нь Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам хэмээн өөрчлөн нэрлэжээ. Ингэснээр Чин гүрэн өргөжин тэлэх тусам энэ яамны дотоод бүтэцэд шинэ салбар нэгж нэмэгдэж, бүх монгол аймаг хошууд, төвөд, хөх нуур, шинжааны дотоод хэргийг удирдан явуулахаас гадна тэдгээр аймаг хошуудын Орос улстай харилцах асуудлыг эрхлэн зохицуулж байсан ажээ. 1644 онд Эеэр засагч хааны зарлигаар тус яамны зарим түшмэдийн орон тоонд өөрчлөлт оруулсан. 1659 онд тус яамыг ёслолын яаманд нэгтгэснийг 1661 онд ёслолын яамтай нэгтгэх нь зохисгүй гэж үзээд буцаан байгуулахдаа, ГМТЗЯЯамыг Чин гүрний үндсэн зургаан яамтай эн зэрэгцэх болгож, бусад яамнаас хараат бусаар үйл ажиллагаа явуулах эрхийг олгосон. 1912 онд Чин гүрэн мөхсөний дараа ДИУлсын засгийн газар Ли Фан юанийг татан буулгаж оронд нь “Монгол Төвдийн хороо”-г (蒙藏事务局) байгуулж байжээ.

Нэр томьёо засварлах

Энэ яамны нэрийг манж бичгийн баримт бичигт Тулэрги голо бэ дасара журган (ᡨᡠᠯᡝᡵᡤᡳ
ᡤᠣᠯᠣ ᠪᡝ
ᡩᠠᠰᠠᡵᠠ
ᠵᡠᡵᡤᠠᠨ
, tulergi golo-be dasara jurgan), хятадаар бичсэн баримт бичигт Ли фан юань (理藩院, li fan yuan) гэж тэмдэглэсэн байдаг. Манж, хятад үгийн утга нь Гадаад мужийг засах яам гэж орчуулагдахаар байдаг. Харин монгол хэлний баримт бичигт Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яам гэж бичжээ. Гадаад Монгол гэдгийг манж хэлэнд Тулэрги Голо буюу Гадаад муж, хятад хэлэнд 外藩 буюу Гадаад хязгаар гэж утгачлан орчуулдаг байжээ.

Чин гүрний үед монгол хошуудын зарим баримт бичигт энэхүү урт нэрийг хэрэглэхээс гадна хуучин монгол журган, их журган гэх үгсээр товчлон хэрэглэх нь тохиолдож байсан.

Бүтэц зохион байгуулалт засварлах

Уг яам нь дараах албан тушаалтанаас бүрдэж байв.

  • ГМТЗЯЯамны эрхин сайд (尚書) нэг хүн томилогдоно. Хэргэм зэрэг нь дагалт 1-р дэс, манж хүн томилогдож байсан.
  • Түүний дараа дэд сайдад (侍郎) 3 хүн томилогдохоос манж түшмэл 2, монгол ноён 1 байсан. Зэрэг зиндаа нь дагалт 2-р дэс.
  • Ялгагч түшмэл[1] (郎中) 12 хүн байхаас манжийн хааны угсааны ноён 1, манж түшмэл 3, монгол түшмэл 8. Зэрэг зиндаа нь жинхэнэ 5-р дэс.
  • Туслагч түшмэл[2] (員外郎) 36 хүн байхаас манжийн хааны угсааны түшмэл 1, манж түшмэд 10, монгол түшмэд 25 байсан. Зэрэг зиндаа нь дагалт 5-р дэс.
  • Тэмдэглэгч түшмэл[3] (堂主事) 6 хүн байхаас манж түшмэл 2, монгол түшмэл 3, хятад түшмэл 1 байна.
  • Зарагдах түшмэл[4] (司務) 2 хүн байхаас манж монгол тус бүр 1 хүн байна.
  • Хэлтсийн тэмдэглэгч түшмэл (各司主事) 10 хүн байхаас манж түшмэл 2 хүн, монгол түшмэл 8 хүн байв.
  • Сыгуан, сыкүнь, сыши зэрэг түшмэд тус бүр манж түшмэл 5 хүн.
  • Бичээч түшмэл 15 хүн.

Нийт 34 манж түшмэл, 55 монгол түшмэл, 6 хятад түшмэл ажиллах орон тоотой байсан. Энэ яамны өдөр тутмын үйл ажиллагаа нь манж, монгол, хятад гурван бичгээр явагдаж байв.

Тус яам нь дотроо зургаан хэлтсээс бүрдэж байв.

  1. Засаг дансыг ариутгах хэлтэс
  2. Ёслон мөргөөр ирснийг ариутгах хэлтэс
  3. Харьяат аймгийн хэргийг даасан хэлтэс
  4. Хол дахиныг номхотгон ариутгах хэлтэс
  5. Хол дахиныг тохинуулан ариутгах хэлтэс
  6. Ял шийтгэлийг ариутгах хэлтэс

Эшлэл засварлах

  1. 《御製五體清文鑑》卷4. pp14a
  2. 《御製五體清文鑑》卷4. pp14a
  3. 《御製五體清文鑑》卷4. pp14a
  4. 《御製五體清文鑑》卷4. pp14b