Сэргэн мандалтын үе

(Сэргэн мандалт-с чиглүүлэгдэв)

Сэргэн мандалт буюу Ренессанс (Франц: Renaissance, Итали: Rinascimento; «ri» — «дахин» буюу «шинээр төрөн бий болсон» гэсэн утгатай) нь дундад зууны үеийн Европын соёл, урлагийг шинэчлэн сэргээж шинэ соёл урлаг бий болсон эрин үе юм. Уг эрин үе XIV зууны эхээс XVI зууны сүүл үе хүртэл үргэлжилсэн гэж судлаачид үздэг ба мөн XVII зууны эхний хэдэн арван жилүүдэд Англи, Испанид үргэлжилжээ.

Сэргэн мандалтын үеийн онцлог шинж чанар нь соёл урлагийн нийгмийн шинж ба түүний Антропоцентризм буюу “ертөнцийн төвийг хүн гэж үздэг” сургаал юм. Тухайлбал энэ үед хамгийн түрүүнд хүн, хүний үйл ажиллагааг онцлон судалсанд оршино. Мөн түүнчлэн эртний соёл урлагийг судлах болж түүний “сэргэн мандалт”-ийг нөхцөлдүүлсэн тул ийнхүү нэрлэж томъёолжээ. “Сэргэн мандалт” гэсэн нэр томъёог Жорж Вазари гэх мэт италийн хүмүүнлэгийн ухааны судлаачид ашиглаж байжээ. Уг нэр томъёог орчин үеийн утгын илэрхийллээр нь анх XIX зуунд Жюль Мишле хэрэглэжээ.

Үндсэн тодорхойлолт

засварлах

Соёл урлагийн шинэ парадигм (буюу түүний систем) нь Европын нийгмийн харилцааны нэн чухал өөрчлөлтүүдтэй холбоотойгоор үүссэн.

Бүгд найрамдах улс болон хотуудын өсөлт нь феодалын харилцаанд оролцдоггүй буюу гар урлалчид, мүжаан, худаалдаачид, банкны эзэд гэх мэтийн үйл эрхэлдэггүй анги давхарга өсөхөд нөлөөлөв. Дундад зуунд үүссэн иерарх (шатлан захирах ёс)-ийн үнэ цэнийн тогтолцоо, ялангуяа сүмийн соёл, түүний догшин болон энгийн хандлага тэдэнд бүгдэд нь харийн, үл мэдэх тотолцоо байлаа. Энэ нь хамгийн дээд баялаг бол хүн бөгөөд хувь хүний чанар, эрх чөлөө, түүний идэвхтэй үйл ажиллагааг судалдаг нийгэм-гүн ухааны шинжлэх ухаан болох хүмүүнлэг ёс (гуманизм)-ыг үүсгэв.

Хотуудад сүмийн хяналтаас гадуур шашны бус үйл ажиллагаа эрхэлдэг, ертөнцийг үзэх шинэ үзэлтэй болсон шинжлэх ухаан, урлагийн төвүүд бий болж, ертөнцийг үзэх эртний үзэлээс хүмүүнлэг ёсны хязгааргүй олон жишээг олж харж байв.

XV зууны дунд үед ном хэвлэн гаргах болсон нь ертөнцийг үзэх эртний үзлээс өвлөгдсөн зүйлүүд болон шинэ үзлүүд Европ даяар тархахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Сэргэн мандалт анх Италид XIII-XIV зуунд Пизано, Жото, Орканья нарын удам оршин байхад үүссэн бөгөөд зөвхөн XV зууны 20-иод оноос л жинхэнэ утгаар бий болж, Франц, Герман болон бусад орнуудад энэ нь харьцангүй сүүлд бий болжээ.

XV зууны сүүлд дээд хөгжил цэцэглэлтдээ хүрч, XVI зуунд Барокын маньеризм үүссэнтэй холбоотой. Сэргэн мандалтын санааны хямралыг давж гарчээ.

 
Микеланжелогийн Давид (Флоренц, Аккадемиа галерей) нь Сэргэн мандалтын үеийг төлөөлөх гайхамшигт бүтээл юм.
 
Сэргэн мандалтын төв Флоренц

Сэргэн мандалт нь 13-р зууны сүүл үеийн Флоренцоос үүсэлтэй гэдгийг ихэнх түүхчид хүлээн зөвшөөрдөг ба Данте Алигери (1265-1321), Франческо Петрарка (1304-1375) нарын зохиолууд, Жиотто ди Бондоне (1267-1337)–гийн уран зураг нь сэргэн мандалтын үеийн гол төлөөлөл юм. Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар эрдэмтэд, уран барилгачид, зураачид, зохиолчид зэрэг хүмүүс хоорондын өрсөлдөөний үр дүнд сэргэн мандалт хэмээх ойлголт бүхий л салбарт бий болсон гэж үздэг.

Сэргэн мандалт нь яагаад анх Итали улсад үүссэн, чухам яагаад үүссэн талаарх асуудал нь өнөөг хүртэл маргаантай асуудлуудын нэг байсаар байгаа билээ. Тийм ч учраас үүний гарал үүслийн тухай хэд хэдэн онол бий.

Сэргэн мандалтын үеийн турш мөнгө болон урлаг нь гараас гарт дамжин явдаг байсан учир нь уран бүтээлчид амьдралаа залгуулах болон уран бүтээлээ туурвихад хэрэгцээт мөнгөө үйлчлүүлэгчдээсээ олдог байсан. Энэ нь уран бүтээлчид үйлчлүүлэгчдээсээ бүрэн хамаарна гэсэн үг.

14-16 дугаар зууны үед Итали нь Ази болон Европ руу худалдаагаа өргөжүүлсний улмаас эд баялаг тэнд цугларах болжээ. Тироль дахь мөнгөний уурхай нь мөнгөний урсгалыг нэмэгдүүлсэн. Дорноос Загалмайтны армийн авч ирсэн чамин хээнцэр хэв маяг нь Женоа болон Венецийн хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлжээ[1].

Сэргэн мандалтын үеийн Латин болон Грекийн үе

засварлах

Дээд дундад зууны үед латин эрдэмтэд Грек болон Арабын байгалийн шинжлэх ухаан, философи, математикийн судалгааны ажлуудад төвлөрч байсан бол Сэргэн мандалтын үеийн эрдэмтэд Латин ба Грекийн утга зохиол, түүхийн бүтээлүүдийг сэргээхэд гол анхаарлаа хандуулж байв.

 
Колуччио Салутати.

Италийн нийгэм улс төрийн байдал

засварлах
 
Италийн хойгийн улс төрийн газрын зураг. 1494 оны орчим

Дундад зууны төгсгөлийн Итали орон улс төрийн өвөрмөц системтэй байсан. Итали нь нэгдсэн төрт улсгүй, жижиг хот-улсууд болон газар нутгуудад хуваагдсан байдалтай байлаа: Италийн өмнөд хэсэгт Наполийн вант улс, төв хэсэгт Бүгд Найрамдах Флоренц Улс болон Папын улс, хойд болон баруун бүс нутагт Милан болон Женоа, зүүн хэсэгт Венец оршин байв. 15-р зууны Итали нь Европын хамгийн хотожсон бүс нутгуудын нэг байлаа[2]. Олон хот Эртний Ромын үеийн барилгуудын балгас дунд байрлаж байсан нь сэргэн мандалтын сонгодог мөн чанар нь Ромын эзэнт гүрний зүрхэн хэсэгт оршиж байсантай холбоотой хэмээн бодогдуулна[3].

Венец нь Дорнодтой худалдаа хийх Европын гол хаалга, сайн чанарын шил үйлдвэрлэгч хот байсан бол харин Флоренц нэхмэл эдлэлийн төв байсан байна.

Үе шатууд

засварлах

Сэргэн мандалтыг 4 үе болгон хувааж авч үзнэ:

  1. Сэргэн мандалтаас өмнөх үе (XIV зууны 2-р хагас — XIV зуун
  2. Эхэн үеийн Сэргэн мандалт (XV зууны эхэн үе — XV зууны сүүл үе)
  3. Дээд Сэргэн мандалт (XV зууны сүүл үе —XVI зууны эхний 20 жил)
  4. Сүүл үеийн Сэргэн мандалт ( XVI зууны дунд үеэс —XVI зууны 90-ээд он)

Проторенессанс (Сэргэн мандалтаас өмнөх үе)

засварлах

Сэргэн мандалтаас өмнөх үе (Проторенессанс) нь дундад зууны романск, готик уламжлалтай гүн гүнзгий холбоотой ба Сэргэн мандалтын бэлтгэл шат юм. Энэ үе нь хоёр дэд үеүдэд хуваагдана: Жиотто ди Бондонегийн үхлийн өмнөх үе, болон дараах үе (1337 он). Хамгийн чухал нээлтүүд болон гайхамшигт уран бүтээлчид нэгдүгээр дэд үед амьдарч ажиллаж байсан бол хоёр дугаар дэд үе Италид тархсан хар үхэл тахалтай холбоотой. Бүх нээлтүүдийг зөн совингоороо хийж байсан үе юм. XIII зууны сүүлд Флоренцид Арнольфо ди Камбиогийн бүтээл болох гол сүмийн барилга – Санта Мариа дель Фьоре дуган баригдаж, дараа нь түүний ажлыг Флоренцийн дуганы хонхыг урласан Жотто үргэлжлүүлжээ. Сэргэн мандалтаас өмнөх үеийн урлаг нь хамгийн түрүүнд Никколо болон Жованни Пизано, Арнольфо ди Камбио, Андреа Пизано нарын баримал дээр илэрч байлаа.

Эхэн үеийн Сэргэн мандалт

засварлах

“Эхэн үеийн Сэргэн мандалт”-ын үе нь Италид 1420-1500 онуудад үргэлжилсэн. Энэ 80 оны турш эртний урлагаас их өөрчлөгдөөгүй боловч түүн дээр нэмж хөгжүүлэхийг оролдож байв. Хэдий бага багаар хөгжиж байсан ч амьдралын нөхцөл болон соёл эрчимтэй өөрчлөгдөх тусам зураачид дундад зууны суурийг бүр мөсөн халж өөрсдийн бүтээлийн ерөнхий үзэл санаандаа эртний урлагийн хэв маягийг шийдмэгээр хэрэглэж байв. Энэ үед Италийн урлаг эртний сонгодог хэв маягаар хөгжин дэвшиж байхад бусад орнуудад удаан хугацааны туршид уламжлалт готик хэв маягтай хэвээр байсан. Альпын нуруудаас хойд зүг рүү, мөн Испанид Сэргэн мандалт дөнгөж XV зууны сүүл хэсэгт эхэлж түүний эхэн үе нь дараагийн зууны дунд үе хүртэл үргэлжилсэн байна.

Дээд Сэргэн мандалт

засварлах

Сэргэн мандалтын гуравдугаар үед хөгжил цэцэглэлт дээд хэмжээндээ хүрсэн тул “Дээд Сэргэн мандалт” гэж нэрлэжээ. Энэ үе Италид ойролцоогоор 1500-1527 онуудад үргэлжилсэн. Энэ үед италийн соёл урлагийн нөлөө Флоренцоос гарч II Юлий Ромын пап болсоноор Ром руу шилжжээ. II Юлий пап энэрэнгүй сэтгэлтэй, зоригтой, санаачлагатай байсан бөгөөд өөрийн ордондоо Италийн шилдэг зураачдыг цуглуулан маш чухал олон бүтээлүүдийг туурвиулж, уран зургийг хайрлах сэтгэлийг ард олонд өөрийн биеэр үлгэрлэн түгээж байлаа. Энэхүү папын болон түүний дотны албатуудын хүчээр Ром хот яг Периклийн үеийн шинэхэн Афин шиг болон хөгжсөн юм. Ромд олон тооны дурсгалтай барилгууд баригдаж, гайхамшигт баримлууд бүтээгдэж, одоог хүртэл үнэ цэнээ алдаагүй хөрөг зургууд зурагдаж байсан бөгөөд эдгээр урлагийн төрлүүд бие биетэйгээ харилцан үйлчилж нэг нэгнээ дэмжих замаар хөгжжээ. Эртний урлагийг илүү нарийн судалснаар урлагийн бүтээл бүрт сонгодог хэв маяг сууж, дундад зууныг санагдуулам шинжүүд бүр мөсөн арилжээ. Хэдий эртний урлагийн шинж байдлыг өөрчлөлгүйгээр давтаж байсан ч зураач нарын өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хязгаарлаж чадсангүй. Тэд авхаалж самбаа мөн төсөөлөн бодох чадвараа ашиглан эртний Грек-Ромын сонгодог урлагаас өөрт хэрэгтэй шинжийг сонгож чөлөөтэй бүтээлээ туурвиж байсан.

Хожуу үеийн Сэргэн мандалт

засварлах

Хожуу үеийн Сэргэн мандалт Италид 1530 оноос 1590-1620 он хүртэл хамарчээ. Зарим судлаачид Хожуу үеийн Сэргэн мандалтад 1630-аад оныг хамруулдаг. Энэ нь урлаг судлаачид, түүхчдийн дунд маргаан үүсгээд байгаа юм. Энэ үеийн соёл болон урлагийг нэгдсэн нэршлээр нэрлэхэд төвөгтэй байсан. Учир нь тэдний үүсэл илрэл нь хоорондоо маш их ялгаатай байжээ. Жишээлбэл, Британника нэвтэрхий тольд: “Сэргэн мандалт нь түүхэн нэгдмэл үе байсан ба 1527 онд Ромын уналтаар төгсгөл болсон” гэж тэмдэглэсэн байна. Ертөнцийг үзэх үзлийн зөрчлүүд, мөн хямралын үеийн уналтаас үүдэн Флоренцод янз бүрийн нийлмэл өнгө болон муруй шугамаас бүрдсэн “тогтворгүй” урлаг - маньеризм газар авчээ. Коррежо ажиллаж байсан Пармад маньеризм урлагийг 1534 онд зураачийг өөд болсноос хойш дэлгэрүүлжээ. Венецийн урлагийн уламжлал өвд хөгжлийн өөрийн учир зүй байв: 1570 оны сүүл хүртэл тэнд Паллиадо, Тициан нар ажиллаж байсан бөгөөд тэдний бүтээл Флоренц, Ромын хямралын үеийн үйл явдлуудтай холбоогүй байжээ.

 
Адамыг бүтээсэн нь, Микеланжело

Италид Сэргэн мандалтын үед урлаг, түүний дотор уран зураг ихэд хөгжсөн. Уран зураачид гэрэл, сүүдрийг судалж, тэр ч бүү хэл Леонардо да Винчи хүний биеийн бүтцийг судалж, уран зургийн шинэ аргыг бий болгож байлаа. Ийнхүү гоо зүйн тогтсон ойлголтууд бий болсон юм.

Уран барилгын хувьд, Филиппо Брунеллески эртний сонгодог барилгуудын туурийг судлан хэв маягийг нь дахин сэргээхэд нэлээд хувь нэмрээ оруулсан уран барималч юм. Түүний гол бүтээл нь Флоренцийн цогчин дуганы бөмбөгөр оройт байгууламж юм[4]. Ийм зарчмаар баригдсан анхны барилга нь Мантуад Альбертагийн барьсан Гэгээн Энднрьюгийн сүм байлаа.

Уран зохиол

засварлах

Сэргэн мандалтын үеийн уран зохиолын эхлэлийг анхлан тавьсан зохиолч болох Данте Алигери (1265—-1321) нь тэр үеийн хүмүүсийн байдлыг “Туульс” (сүүлд “Тэнгэрлэг туульс” гэж нэрлэгдэх болсон) хэмээх жүжигтээ тодорхой өгүүлсэн байдаг. Сүр жавхлант Дантег бүтээсэн уг нэрээр үр хойч нь хүндэтгэл бишрэлээ илэрхийлжээ. Сэргэн мандалтын үеийн уран зохиолд уг бүх талаараа хөгжсөн буюу чөлөөтэй, уран, бүтээлч мөн тэр үеийн хүмүүнлэг шинжүүд илэрч байлаа. Франческо Петраркийн (1304—1374) хайрын сонетууд хүний дотоод ертөнцийн гүнийг нээж, хүний сэтгэлийн илрэлийн баялгийг нээж өгөв. XIV—XVI зуунуудад Италийн уран зохиол хөгжин цэцэглэж Петраркийн шүлгүүд, Жованни Боккаччогийн (1313—1375) өгүүллэгүүд, Никколо Макиавеллигийн (1469—1527) нийгмийн тухай эрдэм шинжилгээний бүтээл, Лудовико Ариостогийн (1474—1533) мөн Торквато Тассогийн (1544—1595) зохиолууд бусад орнуудад түгэн тарж, эртний Грек, Ромын уран зохиолууд буюу сонгодог уран зохиолын тоонд багтжээ.

Дүрслэх урлаг

засварлах

Сэргэн мандалтын үеийн уран зурагт мэргэжлийн зураачид байгаль, хүний анатоми, амьдралын мөн чанар, гэрлийн болон бусад үзэгдлүүдийн тусгалд анхаарсан байдаг. Сэргэн мандалтын үеийн уран зураачид уламжлалт шашны сэдэвтэй бүтээл туурвидаг байснаадүрслэх урлагийн шинэ арга барил хэрэглэх болж эзэлхүүний нарийн бүтэц, байгалийн уран зураг (пейзаж)-ийг арын фон болгон ашиглах болжээ. Энэ нь тэдний бүтээлийг илүү бодит, амьд болгож өмнө туурвидаг байсан шашны бүтээлээс огт өөр болгожээ.

Дуу хөгжим

засварлах

Сэргэн мандалтын үед мэргэжлийн дуу хөгжим нь сүмийн соёл урлагийн шинжээ бүрмөсөн гээж, ардын хөгжимд илүү нөлөөлж байжээ. XIV зуунд «Арс Нова» («Шинэ урлаг») бүтээлүүд болох хоолойн ба хоолойн-хөгжмийн олон төрлийн дуу авианы урлаг дээд түвшинд хүртлээ Английн (XV зуунд), Голландын (XV—XVI зуунд), Ромын, Венециийн, Францын, Германы, Польшийн, Чехийн (XVI зуунд) болон бусад сургуулиудад судлагдан хөгжжээ. Шашны бус маш олон төрлийн хөгжмийн урлагийн төрлүүд бий болж байлаа: Италид — фроттол ба вилланел, Испанид - вильянсико, Англид -баллад, мадригал буюу Италид үүссэн (Лука Маренцио, Якоб Аркадельт, Жезуальдо да Веноза) боловч Францын найрал дуу болсон дуу зэрэг юм. Хамгийн гол нь энэхүү зохиолуудыг бүтээсэн хүмүүс алуулсан юм.

Шинжлэх ухаан

засварлах
 
Андреас Везалиус хүний биеийн бүтцийг сонирхон судалж байлаа. 1543 он.
 
Галилео Галилей. Сэргэн мандалтын үеийн уран барималч Леоне Леонигийн тосон будгийн бүтээл.

XIV—XVI зуунд ертөнц болон ертөнцөд хүний эзлэх байр суурийг төсөөлөн бодох хүний төсөөллөлд боловсролын хөгжил их нөлөөлжээ. Эртний судалгааны ажлууд олдож, мөн хэвлэл бий болсон нь сурах үйл явцыг ардчилж, санаагаа нийтэд хүртээмжтэй болгоход дөхөм болгожээ.

1492 онд Христофер Колумб Америк тивийг нээсэн нь Птолмей (геометр), Гален (анагаах ухаан) зэрэг эртний эрдэмтдийн ертөнцийг үзэх сонгодог онол амьдралд үл нийцэж буйг тодорхой болгох эхлэл болжээ. Тийм ч учраас энэ үеийг шинжлэх ухааны хувьсгалын үе буюу орчин үеийн шинжлэх ухааны эхлэл гэдэг[5]. Галилео Галилей, Тихо Брахе, Иоханнэс Кеплер нар шинжлэх ухаанд дэвшил авчирсан нээлтүүдийг чухам энэ л үед хийжээ[6]. Шинэ шинжлэх ухаанч аргууд одон орон, физик, биологи, анатомийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Газарзүйн агуу нээлтүүд, Николай Коперникийн ертөнцийн нар төвтэй систем зэрэг нь хүмүүсийн Дэлхийн хэмжээний болон Галактикт орших Дэлхийн байрлалын тухай хүмүүсийн төсөөллийг өөрчилжээ. Харин Парацельс болон Везалиус нар анх удаа хүний биеийн бүтэц, үйл ажиллагаа, түүнд болж буй үйл явцуудыг судалж анагаах ухаан, анатомийн шинжлэх ухааныг судлах эхлэлийг тавьжээ.

Нийгмийн ухааны шинжлэх ухаанд томоохон өөрчлөлтүүд гарчээ. Жан Боден болон Никколо Макиавеллигийн судалсан түүхэн ба нийгмийн үйл явцууд нь анх янз бүрийн бүлгийн хүмүүсийн хоорондоо болон тэдний сонирхлуудын хоорондоо харилцан үйлчилж буй хүчийн үр дүн гэж судлагдах болсон байна. Энэ үед “төгс” нийгмийн харилцааг бий болгох оролдлогыг хийж байсан (Томас Морын "Утопи арал", Томмазо Кампанеллагийн "Нарны хот").

Эртний соёл урлагийг судлах болсны ачаар эртний олон судар ном дахин бичигдэж, бараг бүх хүмүүнлэг ёсыг судлагчид сонгодог латин болон эртний грек хэлийг судалдаг болсон. Ерөнхийдөө, энэ үеийн бурханд итгүүлэн мэхлэн төөрөгдүүлэх зан үйл шинжлэх ухааны ололт болон хөгжилд муу нөлөө үзүүлж байлаа. Шинжлэх ухааны ололт амжилт, XVII зууны Шинжлэх ухааны хувьсгал нь Сэргэн мандалтын Реформац (шашны шинэчлэлт)-тай холбоотой.

 
Боржиагийн VI Александр Пап авлигад идэгдсэнээрээ алдартай байв6

Сэргэн мандалт нь хүн ба Бурханы хоорондын харилцааг хүмүүст ойлгуулах замаар орчин үеийн шашин судлалд хүчтэй нөлөө үзүүлсэн[7].

Гүн ухаан

засварлах

XV зуунд (1459) Флоренцид Карежи тосгон дахь Платоны академи байгуулагдсан. Сэргэн мандалтын үеийн философичид:

Тархалт

засварлах

20-p зуунаас эрдэмтэд сэргэн мандалтыг бүс нутаг, үндэсний хөдөлгөөн тус бүрээр хуваан авч үзэх болсон.

Италийн Сэргэн мандалт 1450 он хүртэл бусад орнуудад бараг нөлөөлдөггүй байв. 1500 оноос хойш уг хэв маяг нь тив даяар тархжээ. Гэхдээ Барокын эрин эхэлтэл ихэнх хожуу үеийн готик нөлөө байр сууриа алдаагүй байсаар байв. Голланд, Герман, Францын нутаг дэвсгэрт Италийн сэргэн мандалтаас хэд хэдэн шинжээр ялгаатай өөр хэв маягийн урсгал бий болсон ба түүнийг “Хойд зүгийн орнуудын Сэргэн мандалт” гэж нэрлэжээ. Ялангуяа уран зургийн хэв маяг Италийнхаас ялгагдаж байлаа: уран зургуудад готик урлагийн уламжлал ба ур чадварыг голчлон анхаарч, эртний уламжлал мөн хүний биеийн бүтцийн мэдлэгт анхаарал бага хандуулж байжээ. Энэ үеийн алдартай уран бүтээлчид - Альбрехт Дюрер, Бага Ханс Хольбайн, Том Лукас Кранах, Том Питер Брюгель нар байжээ. Хожуу үеийн готик хэв маягаар уран бүтээл туурвидаг Ян ван Эйк, Ханс Мемлинг нарын зарим бүтээлд мөн Сэргэн мандалтын өмнөх үеийн хэв маяг илэрч байв.

 
Уильям Шекспир

Англид Элизабетын эриний үед Уильям Шекспир, Кристофер Марлоу, Эдмунд Спенсер зэрэг зохиолчдын бүтээлүүд Английн сэргэн мандалтын эхлэлийг тавьсан билээ.

  1. Severy, Merle (1970). The Renaissance – Maker of Modern Man. National Geographic Society. ISBN 0870440918. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  2. Kirshner, Julius, Family and Marriage: A socio-legal perspective, Italy in the Age of the Renaissance: 1300–1550, ed. John M. Najemy (Oxford University Press, 2004) p.89 (Retrieved on 10-05-2007)
  3. Burckhardt, Jacob, The Revival of Antiquity', The Civilization of the Renaissance in Italy (Memento 7. Дөрөвдүгээр сар 2007 цахим архивт) (trans. by S.G.C. Middlemore, 1878)
  4. Hooker, Richard, Architecture and Public Space (Memento 22. Тавдугаар сар 2007 цахим архивт) (Retrieved on May 10, 2007)
  5. Butterfield, Herbert, The Origins of Modern Science, 1300–1800, p. viii
  6. "Scientific Revolution" in Encarta. 2007. Archive copy (Memento 5. Арванхоёрдугаар сар 2003 цахим архивт)
  7. Open University article on Religious Context in the Renaissance (Retrieved on May 10, 2007)