Никколо Макиавелли

Никколо Макиавелли (итал. Niccolò di Bernardo dei Machiavelli, 1469.05.03-1527.06.21) нь Италийн түүхч, философич, Сэргэн мандалтын үеийн Флоренцын дипломатч, зохиолч, орчин үеийн улс төрийн шинжлэх ухааны эцэг, дипломатч, жүжгийн зохиолч, Флоренцын төрийн албан хаагч. 1498 - 1512 оны хоороцд Флоренцын Бүгд Найрамдах Улсын Дээд Шүүхийн Нарийн Бичгийн даргаар ажиллаж байсан.

Никколо Макиавелли 1469 оны 5 дугаар сарын 3-нд Флоренцын ойролцоох Сан Кашано тосгонд эцэг өмгөөлөгч-хуульч Бернардо ди Никколо Макиавелли (1426-1500), эх Бартоломей ди Стефано Нели (1441-1496) нарын гэр бүлд төржээ. Никколо 1465 онд төрсөн Примавера, 1468 онд төрсөн Маргарита гэдэг хоёр эгч, 1475 онд төрсөн Тотто хэмээх эрэгтэй дүүтэй байжээ. Хэдийгээр түүний гэр бүл дунд ангийнх байсан боловч Никкологийн бага нас нь ядуу, хүнд хэцүү байдалд өнгөрсөн гэж тэмдэглэгдсэн байна. Никколо сайн боловсрол эзэмшсэн, латин болон ромын сонгодог зохиолыг уншдаг байжээ. Үүний дотор эртний Ромын зохиолч, хөгжмийн онолч А.Макробий, эртний ромын түүхч Тит Ливи, ромын гүн ухаантан, улс төрч Цицерон, эртний еврейн цэргийн жанжин Иосефус Флавиус зэргийн бүтээлүүдийг их сайн мэддэг байсан ажээ.

Николо Макиавелли, 1469-1527. Цээж баримал, Флоренц

Н.Макиавеллийг дундаж өндөртэй, туранхай, хар үстэй, цагаан арьстай, жижиг толгойтой, туранхай царайтай, өндөр магнайтай байсан гэж түүхч-намтар судлаач Роберто Ридольфи сүүлд тодорхойлсон байна.

Түүний улс төрийн амьдралыг хоёр хувааж үздэг. 1512 он хүртэл төрийн албанд зүтгэсэн бөгөөд төрийн албанаас хүчээр зайлуулагдсанаас хойш өөрийг нь алдаршуулсан ном зохиолоо бичих болсон байна.

"Эзэн хаан" номEdit

Н.Макиавеллигийн 1513 онд бичсэн "Эзэн хаан" (Хунтайж гэж монгол орчуулга мөн гарсан) (англи.The Prince) ном анх латин хэлээр De Principatibus (Муж улсууд) гэсэн нэртэй байсан. Энэхүү туурвилыг Макиавеллийг нас барснаас таван жилийн дараа буюу 1532 онд хамаатан садан найз нөхөд нь түүний дурсгалд зориулж хэвлүүлсэн байна. Энэ ном нь тухайн цаг үедээ төр, түүний удирдлагын талаар системчилсэн ажил байсан. Уг алдарт бүтээл нь "Улс төр судлал"-ын суурийг тавьсан бөгөөд орчин үеийн "улс төрийн философи"-ийн анхны бүтээлд тооцогддог. Төрийн удирдлага хэлбэрээрээ улс (Stati) нь Бүгд найрамдах улс (Repubbliche) болон хаант улс (Principati) гэж хоёр хуваагддаг гэжээ. Макиавелли төрийн эрхийг авах гурван хэлбэрийг уг номд бичсэн байна: зэвсэг буюу хүч хэрэглэж (armi, forza или violenza), аз завшаан (fortuna, фортуна) болон тэтгэж дэмжих (virtù). Аз завшаан бол хүний эрх мэдэлд байдаггүй тул Макиавелли зэвсэгт хүч, тэтгэж дэмжих гэсэн нэг нэгийгээ нөхсөн хоёр хэлбэрт /монголоор бол "ташуур-бурам" гэсэн үг/ анхаарлаа хандуулсан байна.

 
Николо Макиавелли, "Эзэн хаан" ном, 1532

Улсын бүрэн бүтэн байдлыг-хэл (lingua), ёс зүй, үнэт зүйл (costumi) болон уламжлал (ordini) бүрдүүлдэг гэж үзжээ. Гэвч Макиавелли ард түмний үндсэн шинж чанар өөрчлөгддөг тогтворгүй онцлогтой "la natura de’ popoli è varia" гэдэгт мөн анхаарч байв. (VI зүйл). Макиавелли нийгмийн дотоод тогтолцоог тодорхойлохдоо ард түмэн (popolo) болон гранд- удирдлага (grandi) гэж хуваасан байна. Ухаалаг Эзэн хаан (Principe prudente) энэ хоёрын хооронд тэнцвэрийг олж засагладаг гэж заасан байна. Макиавелли Францын парламентыг өндөр үнэлэж байжээ (Parlamento), учир нь энэ улс доторх өрсөлдөөнийг ажиглаж хяналтад байлгах боломжтой гэж үзэж байв.

Макиавелли уг мэдлэгээ туршлагаас (esperienza) олж авч, «ерөнхий дүрэм» (regola generale) гаргасан байна. Эзэн хаан "Улс орноо удирдах туршлага"-ыг түүхээс олж авч байх ёстой гэжээ.