Мезоамерик буюу Месо-Америка (Испани: Mesoamérica) нь XV, XVI зууны үед испаничууд Төв Америкт ирж, колоничлохоос өмнө цэцэглэн хөгжиж байсан Колумбын өмнөх нийгмийн соёлын бүс орших Америк тивийн дундад өргөргүүд дээр орших нутгийг хэлдэг[1][2][3]. Уг соёлын бүс нь төв Хондурас, өмнөд Коста Рикагаас Мексикийн Синолоа дахь Тамаулипас ба Рио Фуэртэгийн Сото ла Марина голын сав хүртэл үргэлжилдэг. Энэ бүс нутагт балар эртний овгуудтай зэрэгцэн хөдөө аж ахуйн тосгон суурингууд, улс төр, шашин шүтлэг, ёслолын аварга төвүүд оршин байлаа[4]. Мезоамерикийн хамгийн том төлөөгчид нь Ольмек, Тиотихуакан, Майя ба Ацтек юм[5]. Эдгээр соёл нь нийгэм, улс төрийн цогц системтэй, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт байдлыг бий болгосон, дэд бүтцийн нэгдсэн системтэй байв. Орчин үед Мезоамерикт Төв Америкийн орнууд ба зүүн өмнөд Мексикийн 9 мужийг оруулан авч үздэг.

Мезоамерикийн бүс нутаг
Мезоамерикийн бүсчлэл

Мезоамерик гэдэг нэр томьёог Германы угсаатан судлаач Паул Киркхофф анх хэрэглэсэн[6] бөгөөд дундад Америк гэсэн утгатай болно. Тэрээр ХХ зууны дунд үед энэ бүсийн ард түмнүүдийн соёлын уламжлал нь хэдэн мянган жилийн турш явагдсан харилцаанаас үүдэн ижил төстэй болсон байдгийг баталсан байна. Газар тариалангийн гол бүтээгдэхүүн нь эрдэнэшиш, цаг тооны бичиг хэрэглэдэг (сарны хэмнэлд тохируулсан 365 өдөртэй ба 260 өдөр бүхий ёслолын гэсэн 2 төрлийн байсан), зурган болон дүрс үсэг хэрэглэх байдал, олон төрлийн цусан тахилгууд, үзэл суртлын төстэй зарчмууд, хэл зүйн хувьд нэг бүлэгт хамаарах байдал нь тус бүсийг Мезоамерик хэмээх нэгэн бүс болгох нөхцөл болжээ. Мезоамерикийг умард Мексик болон АНУ-ын баруун хэсгийн Аридоамерик, Оазисамерикийн соёлын бүстэй нэг бүлэг оруулах явдал байдаг боловч төдийлөн түгээмэл хэрэглэгддэггүй.

Газар зүй

засварлах
 
Мезоамерикийн уулсын байгалийн тогтоц

Хойд өргөрөгийн 10° - 22° хооронд орших умард ба өмнөд Америкийг холбосон халуун орны уур амьсгал бүхий экологийн системтэй, хүрээлэн буй орчны бүхэл цогц хүзүүвч газар юм. Археологич, антропологич Майкл Д.Кой энэ бүсийг далайн түвшнээс дээш 1000 метр хүртлэх нам дор газар ба 1000 аас 2000 м хүртэл өргөгдсөн өндөрлөг газар гэж өөр хоорондоо ялгаатай 2 хэсэгт хувааж үзсэн байна. Халуун орны болон халуун орны орчмын уур амьсгал зонхилдог ч энэ нь ихэвчлэн Номхон далайн эрэг орчим болон Мексикийн булан, Карибын тэнгисийн орчимд үнэн байдаг. Уулархаг бүс нутгаараа сэрүүн уур амьсгалтай, дундаж хэмжээний хур тунадас ордог. Хур тунадас харилцан адилгүй унадаг бөгөөд Юкатан, Оаксака хооронд хуурайвтар, далайн эрэг хавиар чийглэг байдаг байна.

Он дараалал

засварлах

Мезоамерикт хүн суурьшсан үеийг хэд хэдэн хэсэгт хуваадаг.

Эртний индианчууд

засварлах

Газар тариалан эрхлэхээс өмнөх үеийн агнуур-түүврийн аж ахуй эрхэлдэг байсан үе юм. Энэ үед хүмүүс таруу, сийрэг суурьшин амьдарч байсан бөгөөд хөдөө аж ахуй бий болсноор дуусгавар болсон. Ойролцоогоор МЭӨ 10.5 мянган жилээс МЭӨ 8000 жилийн хоорондох үеийг авч үздэг. Энэ үеийн дурсгалуудыг Гватемалын Чивакабэ, Лос Тапиалес, Пуэрта Парадэгийн уулс, Белиз дэх Orange Walk, Гондурасын Эль Гигантэ агуйгаас харж болно.

Хуучин чулууны үе

засварлах

Энэ үе нь МЭӨ 8000-2000 жилийг хамрах ба хүмүүс газар тариалан эрхлэх болж эхэлсэн хугацаа бөгөөд хүмүүс суурьшин амьдарч эхэлснээр төгсгөл болжээ. МЭӨ 3500 жилийн үед эрдэнэшишийн тоосыг хүртээж чаддаг болсныг Гватемалын Эскуйнтлагийн олдвороос харж болдог байна. Гол ололт нь эрдэнэшишийг тариалж хүнсний гол бүтээгдэхүүнээ болгосон явдал юм.

Сонгодог эринээс өмнөх үе

засварлах
 
Сонгодог эринээс өмнөх үеийн сууц, Накбэ, Гватемал

Мезоамерикийн анхны цогц соёл иргэншлийг Веракрузын булан хавьд нутаглаж байсан Ольмекууд бий болгожээ. Ольмекууд үндсэндээ Сан Лоренсо Теночтитлан, Ла Вента, Трес Запотес орчимд тархсан байжээ. Ольмекийн соёл иргэншил нь МЭӨ 1200–400 оны хооронд цэцэглэн хөгжиж байсан. Мөн энэ үед Юкатаны хойгт Майячууд бүрэлдэн бий болж байв. МЭӨ 1000 оны орчимд Майягийн анхы нэгдлүүд бий болжээ.

Сонгодог үе

засварлах

МЭ 50 – 600 оны хооронд үргэлжилсэн. Салангид зохион байгуулалттай аймгуудын нэгдлүүд бий болж эхэлжээ. Төв Мексикийн Теотихуаканы уулс, Гватемалын Тикалд хүчтэй нэгдлүүд бий болсон байна. Оаксакагийн Монте Албанид Тольтекийн соёл өргөжин хөгжиж, нийслэл болон бусад хотуудаа байгуулж байв. Теотихуаканд хотуудын хооронд зам сүлжээ бий болж, газар тариалангийн багажуудын тогтсон хэлбэр бий болжээ. Гол төв нь Пакуча хот юм. Майячуудын зүүн өмнөд хэсэгт улс төр, эдийн засаг цэргийн томоохон бүлэглэл бий болсон нь Тикал байлаа. Тикал нь өмнөд Майячуудыг бүхэлд нь хянаж байсан бөгөөд Пакуча (төв Мексик), Эль Чаяал, Жэйд (Гватемал)-тэй өргөн харилцаа холбоо тогтоосон байв. МЭ 400 оны орчмоос хүмүүс хоорондоо зурган бичгээр харилцаж эхэлсэн байна. Тикал нь Уаксактун, Караколь, Дос Пилас, Нараньо, Каракмуль нарыг өөртөө нэгтгэсэн байсан ч Петен Бальсинтай дайны байдалтай байжээ. 552 онд Тикалын арми Караколийн цэрэгт бут цохигдсоны дараа сонгодог үеийн эхэн хэсэг төгсдөг.

Хожуу үе

засварлах

МЭ 600 – 850 оны хооронд үргэлжилдэг. Энэ үед Майягийн бүс нутагт улс төр, эдийн засгийн олон тооны төвүүд бий болсон байна. Тикалын нийгэм-эдийн засгийн уналт, мөхөл нь үүний үндсийг тавьсан байна. Тикалыг бут цохьсон Караколиас гадна Паленкю, Копан, Калакмул, Агуатека, Канкуэн, Петексбатун гэх мэт хотууд Гватемалд бий болсон байна. 710 оны орчимд Тикал дахин сэргэн холбоо байгуулж эхлэхийн сацуу сул дайснуудаа устгаж эхэлсэн байна. Хожуу үеийн төгсгөлд цэцэглэн хөгжиж байсан хотууд эзгүйрэн "Майягийн сүйрэл" гэж нэрлэгддэг үйл явдал болжээ.

Сонгодог үеийн төгсгөл

засварлах
 
Чичен Ица

МЭ 850 -1000 оны хооронд үргэлжилсэн байна. Умард Майягийн нам дор газарт суурьшсан Пүүк гэгч толгодын бүст бий болсон соёлын төвүүдийн өсөлт хөгжилт энэ үед хамаардаг. Пүүкийн суурингууд нь ихэвчлэн өмнөх үеийн Майячуудаас илүү дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуй эрхлэх арга хэлбэр, барилгын техникүүдээрээ бусдаасаа ялгарч байсан. Уксмал, Саейл, Лабна, Каба болон Окскинток төвүүд нь Пүүкийн соёлыг харуулдаг. Пүүкээс зүүн болон өмнө зүгт нилээд хол зайтай Чичен Ица, Эдзна төвүүд цэцэглэн хөгжиж байсан. Тольтекийн эзэнт гүрний хараат байсан Чичен Ица нь төв Мексиктэй өндөр түвшний өргөн харилцаатай байсан бөгөөд Тольтек маягийн боловч илүү боловсронгуй архитектуртай байсан байна.

Сонгодог эриний дараа үе

засварлах

Сонгодог үеийн мөхлийн дараа улс төрийн олон төрлийн уналтаас гарах оролдлогууд, олон хэсэгт хуваагдсан МЭ 900–1000 оны хоорондох хуваагдлын үе юм. Чичен Ицагийн дараа Майягийн иргэншил үндсэндээ хүчтэй уналтанд орсон. Гэвч умард Майячуудын дунд Майяпан буюу Кукульканы сүм хүчтэй нөлөөтэй хэвээр 200 жил оршин тогтносон юм. Майяпаны задралын дараа аварга төв хот улсууд буюу аварга хотууд Окскутзаб (Мерида), Тихо (Юкатан) нар бий болсон байна. Өмнөд уулархаг нутгийн Майячуудын дунд Тониня, Каминалю төвүүд хүчтэй нөлөөтэй байв. Каминалю нь Майягийн түүхэн дэх хамгийн урт настай 400 жил оршин тогтсон ёслолын төв байжээ. Энэ үед төв Мексикт Тола, Чолула нийслэлтэй Тольтекийн эзэнт гүрэн хүчтэй хэвээр байлаа. Мөн үүтэй зэрэгцэн Ацтекийн эзэнт гүрэн оршин байв.

1519 болон 1521 онд ирсэн Испаничуудын удаа дараагийн эзлэн түрэмгийлэл нь энэ үеийг төгсгөсөн байна. Гэвч зарим төв нь нилээд удаан оршин тогтносон юм. Тухайлбал Майягийн Чичен Ица, Таяасал, Кёвож болон Закпэтэн төвүүдийг багтаадаг Петэн бүс 1697 он хүртэл оршин тогтнол байсан юм. Мөн Мезоамерикт хэзээ ч хүчээ авч, товойн гарч байгаагүй ч тусгаар оршин тогтнож байсан нилээд олон бүс байдаг.

Үндсэн онцлогууд

засварлах

Амь зуулга

засварлах

Мезоамерикийн аль ч нутагт ихэвчлэн эрдэнэшиш гол хүнсний бүтээгдэхүүн болж байсан ба ердийн болон тепари гэх мэт төрөл бүрийн шошнууд, жикама, улаан лооль зэргийг МЭӨ 3500 оны үеэс тариалж эхэлсэн байна. Мөн тэр үеэс эхлэн хөвөн даавуун хэрэглэлүүдийг хийж эхэлсэн байна[7]. Гурилын оронд эрдэнэшишээс гадна Ramon, breadnut хэмээх модны жимсийг хэрэглэдэг байжээ. Жимс, жимсгэнэ Мезоамерикчуудын хувьд өдөр тутмын хоол хүнсний салшгүй нэг хэсэг байсан. Тэд гэрийн тэжээмэл амьтны аж ахуйтай болох боломж тун хомс байлаа. Тахиа болон Лам гөрөөсний төрлийг түгээмэл тэжээдэг байв. Цацагт хяруулыг МЭӨ 3500 жилээс эхлэн гэршүүлсэн нь анхны гэрийн тэжээвэр амьтан нь болсон байна[8]. Нохой нь Мезоамерикчуудын хувьд хоол хүнсэндээ хэрэглэдэг чухал амьтан байв[9].

Улс төрийн зохион байгуулалт

засварлах
 
Кинич кан балам II. Сонгодог үеийн Паленкийн захирагч

Ёслолын төвүүд нь Мезоамерикийн оршин суугчдын чухал хүчин зүйл байв. Хотын хүн амын тоо өсч, хэмжээ нь өргөжихийн хэрээр ариун газруудын хүрээ тэлж, сүмүүдийг илүү олон барьж байв. Сүмүүд өөрийн эргэн тойронд буй тосгодыг удирдах төв болдог байв. Худалдааны болон шашны төвүүдтэй хотууд нь Европын хот улсуудтай зарим талаараа адил төстэй байсан ч хүн бүр тэнд оршин амьдрах эсэхээ өөрөө шийддэг байв. Ёслолын төвүүд нь үргэлж алсаас харагдахуйцаар баригддаг байв. Пирамидууд нь бурхдын сүр хүчийг илэрхийлдэг бөгөөд өнөөг хүртэл хадгалагдан иржээ. Ёслолын төвүүд нь өөр өөр цаг хугацаанд баригдсан ч ерөнхийдөө ижилдүү, бурхдын болон хаадын хайр хүндэтгэл, агуу байдлыг илэрхийлсэн архитектур, чимэглэлтэй байдаг. Стела бол Мезоамерикт түгээмэл тархсан дурсгалын цогцолбор бөгөөд тэмдэглэлт үйл явдал, онцлог үеүдэд баяр ёслол хийхэд ашиглагддаг байв.

Эдийн засаг

засварлах

Мезоамерик нь олон тооны бие даасан суурьшмал иргэншлүүдийг багтааж байсан ч хоорондоо харилцаа холбоо муутай байв. Үүний шалтгаан нь байгалийн нөөц баялаг ихтэй байдал нь хүмүүст хэрэглээний гачигдлыг бий болгохгүй байснаас үүдэн арилжаа наймаа хийх шаардлага төдийлөн гардаггүй байсантай холбоотой юм. Мезоамерикт орон нутгийн шинж чанартай арилжаа наймааны төлбөрийн хэрэгсэл нь өөр өөрийн онцлог бүхий эд зүйлс байв.

  1. Номхон далайн эрэг орчмын нам дор газарт – Хөвөн даавуу болон Кочиниал
  2. Майягийн нам уулсын бүс болон Мексикийн булангийн эрэг хавьд – Какао, Ваниль, Ягуарын арьс, шувуу болон түүний өд (ихэвчлэн Макау, Куэтзал)
  3. Төв Мексикт обсидиан (Пакуча)
  4. Гватемалын өндөрлөг газарт обсидиан, пирит, хас чулуу
  5. Далайн эргийн орчимд – Давс, хатаасан загас, дун, будаг гүйлгээний хэрэгсэл болж байв.

Мөнгөний нэгж

засварлах

Сонгодог эринээс өмнөх үед далайн эрэг хавьд ихэвчлэн лавай түгээмэл төлбөрийн хэрэгсэл болж байсан бол дараа нь какао нь гүйлгээний хэрэгслийн түгээмэл стандарт болсон байна. Европын эзлэн түрэмгийллийн үед сайн нэхэгдсэн хөвөн даавуун цамц нь зах зээлд ойролцоогоор 30 какаогийн самрын үнэтэй байсан. Алт хэрэглэгддэггүй байсан боловч үнэ цэнэтэй байсан. 1 нэгж хас чулуу 4 нэгж алтаар илэрхийлэгдэж байсан.

Мезоамерикийн соёлын нийтлэг онцлогууд

засварлах

Цаг тооллын тогтолцоо

засварлах

Тэд жилийг 4 улиралд хувааж үздэг байв. Тэд нар буцах өдрүүд болон өдөр шөнө тэнцэх өдөр тус бүр 2 байдаг бөгөөд жил нь эдгээр өдрүүдэд хуваагддаг гэж үздэг байв. Жилийг 4 улиралд хуваах нь газар тариалан эрхэлдэг тус бүс нутгийн хүмүүст ургацаа арвин авахад үлэмж тустай байжээ. Майягийн сонгодог үед жилийн турш болж буй үйл явдлуудыг нарийн тэмдэглэн авдаг тусгай хүмүүс байдаг байв. Тэд өнгөрсөнд болон саяхан болсон нар, сарны хиртэлт, сарны мөчлөг, Сугар, Ангараг гаригуудын эргэлтийн мөчлөг, бусад гаригсын хөдөлгөөн, огторгуйн биетүүдийн хоорондын шүтэлцээний талаар цаг тооны бичиг, цагалбарыг үйлддэг байжээ. Уг цаг тооны бичигтээ тулгуурлан огторгуйн эрхсийн талаарх ирээдүйн таамаглалуудыг боловсруулдаг байв. Тэдгээр таамаглал тооцоонууд нь Мезоамерикийн одон орончдын мэдлэгийн түвшинг илэрхийлэх ба маш нарийн, нягт нямбай зөв үйлдэгдсэн байдгаараа гайхалтай юм. Гэхдээ бүх цаг тооны бичиг ийм байсангүй. Маш олон төрлийн хугацаатай цаг тооны бичгүүд олддог. Тухайлбал 260 хоногтой цагалбар нь газар тариаланг удирдахад зориулагдсан байсан.

Цагалбарын өдөр, сар болон жилийг амьтад, цэцэгс, тэнгэрлэг баатарлаг түүхэн үйл явдлаар нэрлэсэн байдаг. Өнөөдөр Гватемалын Киче, Кекчи, Какчикель, Миксэ нар эртний түүхт цаг тооны бичгээ улам сайжруулан хэрэглэсээр байдаг билээ.

Бөмбөгт тоглоом

засварлах
 
тоглоомын талбай. Монте Альбан

Мезоамерикийн соёлын онцлогийн салшгүй нэг хэсэг бол бөмбөгт тоглоом юм. Энэ нь спортын тоглоомыг санагдуулах боловч үнэндээ шашны ёслолын нэг хэсэг байсан. Энэ тоглоом нь инжрийн модны үүсийг хатууруулан хийсэн резинэн бөмбөгөөр тоглодог ба уг бөмбөгийн хөдөлгөөн нь нар болон орчлон ертөнцийн хөдөлгөөнийг илэрхийлдэг байжээ. Хамгийн эртний тоглоомын талбай нь МЭӨ 500 оны орчимд Накбэд баригдсан байна. Нутаг нутагт уг тоглоом өөр өөр дүрэмтэй байв. Эдгээр дүрмийн нэгэнд нь бөмбөгийг зөвхөн гараар барьж тоглодог бол зарим газарт ташаа, ууц болон тохойгоороо хүрч тоглох дүрэмтэй байсан бол зарим газарт бүр цохиур хэрэглэж тоглодог байжээ. Талбай нь янз бүрийн хэлбэртэй байсан боловч ерөнхийдөө “I” үсгийн хэлбэртэй байдаг. Талбайн төгсгөлд байх том цагаригт бөмбөгөө оруулах дүрэмтэй. Зарим тохиолдолд тоглоомын төгсгөлд хүнээр цусан тахилга өргөдөг байв. Хэрвээ дайны үед олзлогдсон хоригдлуудын баг тоглож байгаа бол ялагдсан багийнхнаар, ялсан бол багийн ахлагчаар тахилга өргөдөг ёс зарим газарт байв.

Ертөнцийг үзэх үзэл

засварлах

Мезоамерикийн бурхад, шүтээн нь гал, ус, газар, байгалиас эхлээд нар, сар, одод, амьтад гэх мэтчилэн маш олон төрөл байжээ[10]. Гэвч бурхдын илэрхийлэл нь үндсэндээ хоорондоо сөргөлддөг 2 төрөлд хуваагддаг байв. Эерэг талд гэрэлтэй гэгээлэг зүйлс (эрэгтэй хүн, эр хүйстэн, хүч чадал, нар гэх мэт), сөрөг талд сүүдэр, харанхуйгаар илэрхийлэгдэх зүйлс (эмэгтэй хүн, эм хүйстэн, амгалан, энх тайван байдал, сар гэх мэт) ордог байв.

Нар газар дэлхийг удирддаг бөгөөд өдрийн турш гийгүүлээд газар дор орж үхдэг бөгөөд өглөө бүр дахин шинээр төж манддаг гэж үздэг байв. Агуйнууд нь газар доорхи нөгөө ертөнцөд орох хаалга бөгөөд булаг, голын усаар дамжин мөн нөгөө ертөнцөд хүрч болно гэдэгт итгэдэг байв. Энэ үзэл санаа нь хот төлөвлөлт, архитектурт нь тод нөлөөлсөн нь харагддаг.

Цусан тахилга

засварлах
 
Ацтекууд тахил өргөж буй нь

Мезоамерикийн соёлын онцгой үзэгдэл бол цусан тахилга юм. Энэ нь төр, шашны үзэл санаанд гүн тусгалаа олсон байдаг. Цусан тахилга нь тэнгэр, огторгуйн эрч хүч, амьдралын үргэлжлэлийг бий болгох итгэл үнэмшил дээр тулгуурлагдаж байв. Өөрийн биеийг бурханд өргөн тэдний нэгэн хэсэг болох нэг төрөл байдаг бол цусаар тахих хэлбэр бас байв. Шинэхэн цусаар тахил өргөх нь бурхдын цангааг тайлан, тэдэнд шинэ амьдралын эрч хүч өгөөд зогсохгүй дэлхий, ургамал (ялангуяа эрдэнэшиш), амьтад (сайн талын бэлгэдэл болох ягуар, бүргэд гэх мэт)-ын амьдралд сайнаар нөлөөлдөг гэж үздэг байжээ. Бурхдын ертөнцөд цус нь ус шиг хэрэгтэй зүйл бөгөөд түүнийг бурхдад өргөснөөр бурхан хариу барьдаг гэж үздэг байв. Ерөнхийдөө цусан тахилга нь 1-рт өөрөөрөө тахил өргөх, 2-рт хүнээр тахил өргөх гэсэн 2 төрөлд хуваагддаг байв. Эхнийх нь Майячуудын заншил бөгөөд хүний цусыг ханан бэлгэдэл дүрс зураг зурдаг бол хоёр дахь нь Ацтекуудын буюу хүнийг амьд байхад нь зүрхийг нь сугалан авч тахил өргөдөг байв. Цусан тахилгын хүмүүсээр ихэвчлэн дайн тулааны олзлогсдыг ашигладаг байжээ.

Одон орон

засварлах

Мезоамерикийн одон орон судлалд нар, сар, сугар болон өглөө орой харагддаг одод чухал байр суурь эзэлдэг байв. Одон орон ажиглалтын байруудыг байгуулж, нарийн тодорхой ажиглалтуудыг хйидэг байжээ. Тухайлбал Чичен Ица дах Эль Кастилло пирамид нь одон орон судлалын төв юм.

Орон зай, цаг хугацааны бэлгэдлүүд

засварлах
 
Үхлийн өргөн чөлөө, Теотихуакан

Зүг чигүүд нь ихээхэн чухал утга санааг илэрхийлдэг байсан тул хот төлөвлөт хийх, барилга байгууламжийг барихдаа ихээхэн анхаардаг байв. Майягийн домогт ертөнцийн зүгүүд нь тус бүрдээ ягуарын сахиустай бөгөөд тусгай өнгүүдээр илэрхийлэгддэг байжээ.

  1. Хобниль — Дорнын ягуар сахиус, улаан өнгөөр илэрхийлэгддэг.
  2. Кан Тзикналь — Умардын ягуар сахиус, цагаан өнгөөр илэрхийлэгддэг.
  3. Зак кими — Өрнийн ягуар сахиус, хар өнгөөр илэрхийлэгддэг.
  4. Хоканек — Өмнийн ягуар сахиус, шар өнгөөр илэрхийлдэг байв.

Харин Ацтекууд зүгийг мөн л ойролцоогоор бэлгэддэг заншилтай байв.

  1. Дорно — Матар, могой, ус, нишингэ болон хөдөлгөөнийг илэрхийлдэг байсан ба халуун орны элбэг дэлбэг байдлыг илэрхийлдэг байв.
  2. Умард — Салхи, үхэл, нохой, ягуар, цахиур чулууг илэрхийлдэг сайн бус зүг байв.
  3. Баруун — орон сууц, буга, сармагчин, бүргэд, бороог илэрхийлдэг газар тариалангийн бэлгэдэл зүг байв.
  4. Өмнөд — туулай, гүрвэл, өвс ногоо, цэцэгсийг илэрхийлдэг байсан ба ундаа, нарыг төлөөсөн зүг байв.

Шоколадан шар айраг

засварлах

Саяхан Төв Америкийн оршин суугчид эрт дээр үед какаоны үр хэрэглэн шар айраг исгэн хэрэглэдэг байсныг илрүүлсэн байна. Хамгийн багадаа 3200 жилийн өмнөөс хэрэглэж эхэлжээ. Какаоны үрийг зажлан нухаж газар дор истэл нь хадгалсны дараа шоколадан амтат шар айраг бий болдог байжээ.

Цахим холбоос

засварлах
  Commons: Mезоамерик – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. "Meso-America." Oxford English Reference Dictionary, 2nd ed. (rev.) 2002. (ISBN 0-19-860652-4) Oxford, UK: Oxford University Press; p. 906.
  2. Glossary
  3. (2000): Atlas del México Prehispánico. Revista Arqueología mexicana. Número especial 5. Julio de 2000. Raíces/ Instituto Nacional de Antropología e Historia. México.
  4. Archive copy (Memento 5. Зургаадугаар сар 2011 цахим архивт) The University of Arizona
  5. "Forgotten Civilizations of Meso-America". Эх хувилбараас архивласан: 2016-04-16. Татаж авсан: 2009-02-04.
  6. "Mesoamerica: Our Region". Mesoamerica. Эх хувилбараас архивласан: 2006-10-21. Татаж авсан: 2006-12-19. Paul Kirchhoff coined the term, Mesoamerica in 1943 from the Greek mesos or "center" and America from Amerigo Vespucci who claimed to have discovered the continent (Christopher Columbus thought he had reached Asia).
  7. Diamond (1999), pp.126-127.
  8. ;Diamond (1999) p.100.
  9. Coe (1994), p. 45 ("The only domestic animals were dogs -- the principal source of meat for much of Preclassic Mesoamerica -- and turkeys -- understandably rare because that familiar bird consumes very large quantities of corn and is thus expensive to raise".)
  10. Bernard R. Ortiz de Montellano Aztec Medicine, Health, and Nutrition New Brunswick; Rutgers University Press. 1990, pp. 67-71 ISBN 0-8135-1563-7