Ацтек
Ацтек (Англи: Aztec) нь Төв Мексикийн угсаатны бүтцэд зонхилох байр суурь эзлэх, Нахуатл хэлтэн үндэстэн бөгөөд XIV-XVI зууны хооронд буюу Мезоамерикийн он тооллын хожуу сонгодог үеийн том төлөөлөгч болж байсан төв Мексикийг эзэрхэгч улс юм.
Эхлэл
засварлахМЭ 1100 оны орчмоос Мексикийн төв хэсгийн хүн ам нягт суурьшсан, хөдөө аж ахуй эрхлэхэд нэн тохиромжтой бүс нутагт аажмаар засаг захиргааны хуваарь үүсч, овгийн байгууллаас төр улс болох үйл явц хурдасч эхэлсэн байна. Төв Мексикт оршиж байсан аймгуудын дундаас Ацтек гэх аймаг хүчирхэгжиж ирсэн байна. Тэднийг умард Мексикийн Их нууруудын сав газарт нутаглаж байгаад нүүж ирсэн умард нутгийн хүмүүс гэж үздэг. Ацтекуудын хувьд өндөр зохион байгуулалт бүхий нийгэмдээ түшиглэсэн цэргийн хүч, ур чадвараар хавьгүй илүү байсан нь төв Мексикийн бусад уугуул омгуудаас давуу байдлыг бий болгож байв. Энэ давуу тал нь Ацтекуудыг хөрш аймгуудаа эзлэх замаар аажим хүрээгээ тэлэх боломжийг олгосон бөгөөд XV зууны төгсгөл гэхэд төв Мексикийг бүхэлд хяналтандаа авсан хүчирхэг арми бүхий, хил залгаа аймгуудаасаа алба, гувчуур татдаг эзэнт гүрэн болсон байжээ.
Нийгэм, эдийн засаг
засварлахАцтекууд өмнөх үеийн уугуул индиан овог аймгуудын урлаг соёлыг уламжлан, улам хөгжүүлжээ. Тэд хөдөө аж ахуйн салбарт шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж олон тооны хүн зэрэг ажиллахуйц тариалангийн талбайг бий болгов. Ацтекуудын эдийн засаг нь эрдэнэ шишийн тариалан дээр тогтож байв. Мөн гоёмсог чимэглэл зураг бүхий аварга том барилга, байгууламжуудыг бариулж, өөрсдийн сүр хүчийг илэрхийлдэг байлаа. Тэд металл боловсруулах талаар чамгүй өндөр мэдлэгтэй байсан ч төмөр боловсруулах талаар ямар нэгэн ойлголтгүй байсан юм. Мөн байгалийн онцлогоосоо шалтгаалан уналга, ачилганд ашиглах гэрийн тэжээмэл амьтадгүй байсан. Тийм учраас тэдэнд тэрэг хийх, ашиглах шаардлага гараагүй юм.
Шүтлэг, өргөл, тахил
засварлахАцтекуудын нэг онцлог нь бурханд хүнээр тахил өргөх нь түгээмэл байсан явдал юм. Домогт нарыг өглөө бүр мандуулахын тулд түүнийг хүний цусаар хооллох хэрэгтэй хэмээн бурхан тушаасан тул тахил өргөх хэрэгтэй гэж үздэг байсан. Хүнээр тахил өргөх үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамардаг байсан ба нэг өдөрт 1000 хүнээр тахил өргөх нь онцгой зүйл биш байжээ. Золиосны хүмүүсээ амьдаар нь зүрхийг сугалах буюу толгойг нь авч, өвчдөг байв. Өндөр барьсан пирамидуудын орой дээрээс золиосны хүмүүсээ егүүтгэн толгойг нь авч доош нь шиддэг ба шат даган урсах цусаар нар хооллодог ба ингэж тахил өргөснөөр нар тэдэнд сайн ургац ургуулах нөхцлийг бүрдүүлж өгнө гэдэгт үнэн голоосоо итгэдэг байв. Байнгын цусан тахилд дургүйцсэн хараат дагуул аймгууд бослого гаргах нь элбэг байсан ч Ацтекууд бослогийг даран олзлогсдоор илүү их хэмжээний тахилга өргөдөг байв. Энх цагийн үед “Цэцгийн дайн” хэмээх олзлогдсон хүмүүсийн дундах ирүүл тулааныг хийдэг байсан бөгөөд ялагдагсдаар нь тахил өргөдөг байв.
Мөхөл
засварлахАцтекууд сайн хөгжсөн хөдөө аж ахуй, урлаг соёлтой байсан боловч нийтийн дунд хуучин нийгмээ санагалзах явдал ихсэж иржээ. Улмаар хүмүүс технологийг үл чухалчлан, шашин, улстөрөөс хол байхыг хичээх болжээ. Яг энэ үед буюу XVI зууны эхээр Испаничууд Мексикийн эрэгт буужээ. Хэдхэн тооны морь бүхий, болхи, удаан хүч багатай цөөн тооны галт зэвсэг бүхий цэргийн жижиг анги л Ацтекийг бүрэн сүйрүүлж дөнгөсөн юм. Үүгээр ч үл барам бүхэл Мезоамерик мөхөж байсан юм. Ацтекуудын түрэмгийлэл, харгислалд туйлдаа хүртэл дургүйцсэн хөрш аймгууд нь Испаничуудад зүйл бүрээр тусалж байсан бөгөөд дуртайяа холбоотон нь болж байжээ.
Цахим холбоос
засварлахWiktionary: Ацтек – Энэ үгийг тайлбар толиос харна уу |