Америк
Дэлхийн бөмбөрцөгийн баруун хагаст Атлантын далай, Номхон далайн хооронд ил гарсан сунагар эх газрыг эрэг орчмынх нь арлын хамтаар Америк (монгол бичгээр ᠠᠮᠡᠷᠢᠻᠠ, улсаас ялгаж бүтнээр нь Америк тив гэж бичдэг) тив гэнэ
Нутаг дэвсгэр | 42,549,000 км² |
---|---|
Хүн ам | 911.000.000 |
Хүн амын нягтрал | 21 оршин суугч/км² |
Улс | 35 |
Цагийн бүс | UTC−10 (Аляска) — UTC±0 (Гренланд) |
Европоос тэнд очсон анхны жуулчдын нэг Америго Веспуччийн нэрээр 1507 онд Америк гэж нэрийджээ.
Америк тив умард өмнөд хоёр туйл руу маш урт тэлж тогтсон, дундаа бараг тасрах шахсан байдгаас тус тивийг умард, өмнөд хоёр тив болгон хуваадаг:
- Умар Америк (Умард Америк, Хойд Америк)
- Өмнө Америк (Өмнөд Америк, Урд Америк)
Энэ хоёроос гадна Төв Америк, Латин Америк гэж ялгарах нь бий.
Америк тив бүхэлдээ дэлхийн гадаргуугийн 8.3%, хуурай газрын 28.4%-ийг эзлэдэг. Хүн төрөлхтний 14% буюу 900 сая орчим хүн энд амьдарч байна.
Газрын тогтоц
засварлахАмерик тивийн баруун хэсэг гуравдагч галавын үед хүчтэй атрианд автагдсанаар одоогийн Хойд Америкийн Кордильер, Өмнөд Америкийн Анд гэдэг бүгд 20 орчим мянган километр урт нуруу тогтжээ. Энэ хоёр нуруу дунджаар д.т.д. 3500–4000 м өндөр. Ноён оргилууд нь Аконкагуа (6960), Мак-Кинли (6194 м) юм. Баруунаас зүүн тийш чиглэхэд өндөрлөг, нам доор гаар голлосон талын шинжтэй, техтоник хөдөлгөөнд тэсвэртэй бэхжсэн суурьтай болдог. Хойд Америкийн зүүн эргээр Аппалачийн нуруу, Өмнөд Америкийн зүүн эргээр Бразилийн нуруу байна. Миссисипийн, Амазон, Ориноко, Ла-Платын нам доор газрууд байдаг.
Гадаргын ус
засварлахАмерик тив ус элбэгтэй. Үүнд Америкийн гадаргын усны жилийн дундаж урсац 6000 км3, үүнийг нутаг даяар жигд тараавал 400 мм болно. Тус тивд Миссисипи, Миссур, Амазон мөрөн, Хойд Америкийн их нуурууд (Дээд, Мичиган, Гурон, Онтарио) байхаас гадна 1.8 сая км2 Гренландын эх газрын мөс байна. Амазон дэлхийн бүх голын усны 15%, их нуурууд нь дэлхийн усны 13%-ийг тус тус эзлэдэг.
Зураг
засварлахЦахим холбоос
засварлахWiktionary: Америк – Энэ үгийг тайлбар толиос харна уу |