Энгэдэр
Энгэдэр тайж (?-1636) бол хиад боржигин овогтон, Өвөр Халхын Баяд аймгийн Дархан баатар бэйлийн хүү, баяд аймгийн ноён. Манжийн Нурхач баатар тэргүүтэй зүрчид аймгууд нэгдэж хүчирхэгжиж байхад монгол ноёдоос хамгийн анх тэдэнтэй харилцаж, манжид дагаар орсон ноён юм. Түүний уг гарал нь Даян хааны хөвгүүн Алчуболдын ач хүү Сонин дайчин ноёны хойчис.
Товч намтар
засварлахТэрбээр 1605, 1606 онуудад Нурхач баатартай харилцаж, бэлэг сэлт хүртэж, Нурхачийг Хөндлөн хаан хэмээн өргөмжилсөн. 1617 онд Нурхач баатрын дүү Шурхачийн охин Сүньдай гэгийг хатнаа болгож, манжийн эфү болсон. 1618 оны 4 сард Нурхачийн цэрэгтэй хамтран Мин улсын эсрэг байлдсан. 1624 онд манж хатан, дүү Мангултай тайжийн хамтаар албат ардаа авч манжийн харъяа Ляоян муж руу нүүж очиж, манжийн шулуун шар хошуунд дагаар орж, 3-р зэргийн цэргийн түшмэл болов. 1629 онд манжийн хаан их цэрэг хөдөлгөж, Чахарын Лигдэн хааныг дайлах дайнд, Энгэдэр ноён харъяат монгол цэргээ удирдан оролцов. 1631 онд Мин улсын жанжин Дао Жанчүнь, зунбин У Сянь нартай байлдаж, Далинхө хотыг удаан хугацаанд бүсэлж, суусан тул донгодуулав. 1636 оны 4 сарын 16 нд нас барсан. Сүньдай гүнжээс Эрх дайчин, Суорха хэмээх хоёр хүү төрсөн. Эрх дайчин нь Шурхач вангийн хүү Жиргалан вангийн том охинтой гэрлэсэн. Суорха нь Дээд эрдэмт хааны 5-р гэг Ату гүнжтэй гэрлэсэн ч, залуудаа дайнд амь эрсэдсэн. Суорхаг үхсэний дараа Ату гүнжийг баарины жүн ван Цэвдэнд өгсөн.