Гомбожавын Жигжидсүрэн

Гомбожавын Жигжидсүрэн (1942 оны 1-р сарын 10-нд Төв аймгийн Баян сумын "Үзүүр" гэдэг газар төрсөн) - кино найруулагч, зохиолч, 2003 онд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, 2007 онд Ардын жүжигчин цол хүртсэн бөгөөд Монгол кино урлагт 60 шахам жил ажиллаж, Монгол киноны амьд судар, түүчээлэгчдийн нэгд тооцогддог. Эхэн үеийн кинонууд нь сэтгэл зүйн, уянгын шинжтэй буюу хүний сэтгэл, сэтгэхүйг орчин үеийн хүүрнэлээр дүрсэлснийг Монголын өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан зохиолч С.Эрдэнэ, Францын кино найруулагч, зохиолч Клод Лөлүш, Франсуа Труфо, Туркийн Атиф Илмаз нарын бүтээлүүдтэй зарим гадаад дотоодын судлаачид харьцуулан дүгнэх нь бий бол хожуу үеийн хорь болоод хорин нэгдүгээр зууны эхэн үеийн Монголын ээдрээт түүх, балар эртний нийгмийн онги шүтлэг хийгээд хорио цээрийг хувь хүний эмгэнэл, экзистенциал өнцгөөс хөндөж хүүрнэн дүрсэлсэн гурвалсан бүтээлийг нь Японы алдарт найруулагч Күросава Акирагийнхтай ч дүйцүүлэн үнэлсэн нь бий.

Г.Жигжидсүрэн 1942 оны 1-р сарын 10-нд хуучнаар Түшээт хан аймгийн Дархан засгийн хошуу буюу одоогийн Төв аймгийн Баян сумын нутаг “Үзүүр” гэдэг газар сурвалжит гаралтай айлд мэндэлсэн. 8 сартайдаа эцэг эхийн хамт өвөг дээдсийн өлгий нутаг, хуучнаар Түшээт хан аймгийн Дархан чин вангийн (Н.Пунцагцэрэнгийн) хошуу, одоогийн Улаанбаатар хотын Алтан тэвшийн хөндийн гэртээ иржээ. Гэр нь Монгол Улсын Их сургуулийн ар талд Ард Аюушийн гудамжинд байсан тул бага нас нь хотын төвд хуучны Бөмбөгөр ногоон театр, одоогийн Төрийн ордны хойдох Хэвлэх үйлдвэр, Сүхбаатарын талбай орчин тойронд үе тэнгийн найз нартайгаа тоглож өсчээ. 1950 онд Х.Чойбалсаны нэрэмжит Нийслэлийн нэгдүгээр 10 жилийн дунд сургуульд анхлан элсэж Содномбалжир хэмээх багшаар “А” үсэг заалгажээ. Удалгүй сургууль нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн сургууль болж салахад Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургуульд шилжин суралцжээ. Дунд ангийн анд нь, хожим түүхэн сэдэвт бүтээлүүдийнх нь зөвлөхөөр ажилласан, нэрт угсаатан зүйч, төрийн соёрхолт эрдэмтэн Хандын Нямбуу юм.

Дээд өвөг нь Түшээт ханы залгамчир, Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошууны жонон туслагч, тойн, үе улиран залгамжилсан улсын түшээ гүн Дондогдоржийн Цэрэнпунцаг (ахмад хөвгүүн гүн Минжүүрдоржийн хамт цаазаар авхуулах ял заагдаж хэлмэгдсэн). Өвөг эцэг Юмсүрэн нь даншигийн начин цолтой, барилддаг хүн байжээ.

Эцэг Жамсрангийн Гомбожав Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас гаралтай, эдийн засагч мэргэжилтэй, Худалдааны яаманд хэлтсийн дарга, МОНЦАМЭ агентлагийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан.

Эх Юмсүрэнгийн Баяндолгор нэрт түүхч, дипломатч, цахар Бүрдийн Буянчуулганы хүү, орос хэлний орчуулагч Б.Лооройсамбуутай ханилж байсан (хоёул цаазаар авхуулах ялтайгаар хэлмэгдсэн).

Бүл нагац хүргэн ах Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Манжийн үеийн түүх судлалыг үндэслэгч, манжич, "Монголын товч түүх" номын зохиогч Лог хэмээх Лхамсүрэнгийн Дэндэв (хожим мэндэлснийх нь 120 жилийн ойд зориулж "Их шастирын мэргэн түшмэл" баримтат киног найруулсан) бол Монголын анхны мэргэжлийн угсаатан зүйч, нэрт эрдэмтэн Сандагсүрэнгийн Бадамхатантай үеэл.

Бага залуу насаа ном судар дунд, хуучин Хүрээнийхэн, төрлийнхөн, эмэг эх тэргүүтнээс "Ушаандар", "Гучин хоёр модны үлгэр" зэрэг үлгэр, тууль, домог болоод аман, бичгийн түүх сонсож, шүлэг уншиж, бичиж, Богдхан уулын Хүрхрээ, Чулуут, Шажин хурахын амуудад зусаж өнгөрөөжээ.

Уран зохиолд бага залуугаасаа татагдан ЗХУ-ын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцаж зохиолч болно гэсэн хүсэл эрмэлзэлтэй явсаар 1960 онд дунд сургуулиа төгсөж, гадаадын сургуульд хуваарилагдах болжээ. Тухайн үед конкурс гэж байгаагүй. Төв хорооны боловсон хүчний хэлтсээс хүүхдүүдийг дүнгээр нь гадаад, дотоодын их сургууль, эсвэл техникумд хувиарладаг байсан бөгөөд түүний хүсэж, мөрөөдсөн Москва хотын Горькийн сургуулийн хуваарь байсангүй. Харин Эрхүүгийн улсын их сургуулийн хуулийн ангийн хуваарь ногджээ. Түүнийг “Би хуулийн ангид сурахаар боллоо” гээд гэртээ ортол аав нь барагтай юм хэлдэггүй, дуугүй зангаараа “Миний хүү өөрөө мэд” гэж. Гэтэл ээж нь “Би ганц хүүгээ мөрдөн байцаагч болгохгүй, эмч болгоно” гээд зүтгэсэн гэдэг. Тэрбээр сургуульд байхдаа Ч.Лодойдамба гуайтай танилцаж жижиг өгүүллэг, шүлгээ үзүүлдэг байжээ. Сурагчийн бэхээр сарайлган бичсэн өгүүллэгийг Ч.Лодой багш уйгагүй зассан ноорог одоо ч түүнд хадгалаастай бий. Тийнхүү Анагаахын сургуульд орно гэсэн бодолтой явж байгаад Ч.Лодой багштайгаа санаандгүй таарчээ. Тэгээд багшдаа учир байдлаа хэлтэл өрөөндөө дагуулж ороод “Чи нэг жил ажил хий. Тэрний дараа чамайг би кино зохиолчийн сургуульд явуулж өгье” гээд “Кино үйлдвэр”-т туслах найруулагчийн ажилд оруулжээ. Тухайн үед ирээдүйн Ардын жүжигчин Дэжидийн Жигжид найруулагч “Улаанбаатарт байгаа миний аавд” киногоо хийж байж. Нэг жил Д.Жигжид гуайн туслахаар ажиллаж байтал дараа жил нь найруулагчийн хуваарь бас л ирсэнгүй гэнэ. Тэгээд 1961 онд Дэндэвийн Чимэд-Осор найруулагч Цэндийн ДамдинсүрэнгийнГологдсон хүүхэн” туужаар анхны киногоо найруулахад нь туслахаар ажилласан байна. Ингэж Монголын хоёр том найруулагчийн туслахаар тус бүртэй нэг, нэг жил ажилласан хэмээн бахархан дурсдаг.

1960-1962 онд “Монгол кино” үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1962-1967 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино Урлагийн Дээд Сургуулийг доктор, профессор Лев Кулешовын (эффектээрээ алдаршсан) урланг уран сайхны болон телевизийн киноны найруулагч, проф. А.Я.Каплерийн урланг кино зохиолч мэргэжлээр төгссөн байна.

1967-1992 онд “Монгол кино” үйлдвэрт найруулагч, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч, 1974-1978 онд УБДС-ийн Кино драмын ангид багшаар ажиллаж байв.

Уран бүтээл

засварлах

Найруулсан бүрэн хэмжээний кино

засварлах

Эхнэр Д.Цэцэгтэй 1971 онд танилцаж гурван хүүтэй болсон. Том нь Ж.Бодьсүрэн. Оператор мэргэжилтэй. Хоёр бага ихрийн Бодьбаатар нь урлагийн түүхч, соёлын бодлого судлаач мэргэжилтэй бол Батбаатар геологи, хөрс судлалын доктор (PhD).