Номтайширын Лхамсүрэн

Номтайширын Лхамсүрэн (1917 оны 5-р сарын 27-нд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу буюу өнөөгийн Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн-1990 оны 1-р сарын 13-нд Улаанбаатарт нас барсан) - Монгол Улсын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Гадаад Явдлын яамны сайд.

Намтар засварлах

Эцэг нь багаасаа өөрөө хичээл зүтгэлээрээ бичиг үсэг сурсан "Номтой Тайшир" гэж нутаг олондоо танигдсан, багийн зайсан байжээ. 1921 онд Улаан армийнханд тусалсан гэдэг хэргээр цагаантнууд баривчилж зовоож байгаад галдан шатаасан гэж нутгийн ардууд ярьдаг байна. Энэ үйл явдлын дараа өмч малгүй болсон эх Дэжид үлдсэн хэдэн хүүхдээ аваад хотыг зорьжээ.

1925 оны 11 дүгээр сард тэрбээр 8 настайдаа Богдхан уул аймгийн Ноён уул хошууны бага сургуульд элсэн сурч, 1929 онд Тамгын бичээчээр төгссөн ажээ.

1929-1931 онд ЗХУ-ын Эрхүү хотын "Монгол курс" сургуульд сурч, 1931-1932 онд Эрхүүгийн Хүн эмнэлэгийн техникум, 1932-1934 онд Эрхүү хотын Рабфак, 1934-1938 онд Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийг дүүргэсэн байна.

1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч, агрономич, Хөдөө аж ахуйн Техникумд багш, Хөдөө аж ахуйн яаманд тасгийн дарга, орлогч сайд, сайд бөгөөд МАХН-ын Төв хорооны хөдөө аж ахуйн хэлтсийн эрхлэгч байжээ.

1943-1944 онд ЗХУКН-ын Төв хорооны хагас жилийн лекторын курст сурсан байна.

1946 оны 1- сарын 24-нөөс 1950 оны 1-р сарын 19 хүртэл Гадаад явдлын яамны орлогч сайдаар ажиллах үеэрээ Монгол Улсын НҮБ-д элсүүлэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж байсан.

1950 оны 1-р сарын 19-нөөс 1953 оны 6-р сарын 4 хүртэл Гадаад явдлын яамны сайдаар ажилласан байна.

1951 оны 7-р сарын 6-наас Ерөнхий сайдын орлогчоор давхар ажилласан байна.

1954 оны 11-р сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн болсон.

1954-1956 онд МАХН-ын Төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ч энэ үеэр Ю.Цэдэнбалтай зөрчилдөж улс төрөөс холдсон байна.

1959-1960 онд ЗХУ-ын Москва дахь "Үнэн" сонины сурвалжлагч.

1960-1961 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд эрдэм шинжилгээний ажилтан.

1961 оны 2-р сарын 22-ноос 1962 оны 2-р сарын 17 хүртэл аас БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд II нарийн бичгийн даргаар ажилласан байна.

1964 онд "намын эсрэг" бүлэглэлийнхэнтэй холбогдсон гэж буруутгаж намаас хөөж, Увс аймгийн Баруунтуруунд нутаг заагдаж байсан.

1990 онд түүнийг цагаатгасан байна.

Тэрбээр 1990 оны 1-р сарын 13-нд Улаанбаатарт нас баржээ.

Цол шан засварлах

1950 оны 1-р сарын 23-нд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртсэн.