Ням-Осорын Туяа
Ням-Осорын Туяа (1958 - ) нь 1999 оны 7 сарын 22-ноос 7 сарын 30 хүртэл 8 өдрийн турш үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдаар ажилласан Монголын улс төрч юм.
Тэрээр 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1975-1980 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн ба олон улсын сэтгүүлч мэргэжилтэй.
1984-1985 онд Парисын Сорбонны Их сургуульд суралцаж, Францын соёл иргэншлийн сэдвээр диплом хамгаалсан. 1994 онд Их Британид Лийдсийн их сургуульд "Ардчилалын онол, үйл явц" сэдвээр суралцаж, улс төрийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
Н.Туяа нь Жанлавын Наранцацралт доорх МҮАН-МСДН-ын Ардчилсан Холбоо Эвслийн засгийн газарт 1998 оноос гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Энэ засгийн газар огцрох болсны дараа Ринчиннямын Амаржаргал ерөнхий сайдаар томилогдох хүртэл 8 хоногийн турш үүрэг гүйцэтгэгч ерөнхий сайдаар ажилласан. Үүний дараагаар 2000 оны сонгуулиар МАХН ялалт байгуулах хүртэл гадаад хэргийн сайдаар ажилласан бөгөөд тухайн УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн ч ялж чадаагүй.
Н.Туяа нь эдүгээ Ази, Номхон далайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны Монголын үндэсний хороог тэргүүлэн ажиллаж байна.
Өмнөх Жанлавын Наранцацралт |
Монгол Улсын Ерөнхий Сайд үүрэг гүйцэтгэгч 1999 |
Дараах Ринчиннямын Амаржаргал |