Баярын Жаргалсайхан

Баярын Жаргалсайхан (1915 онд өнөөгийн Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн- 2005 оны 10 сарын 24-нд Улаанбаатар хотод нас барсан) - Гадаад Явдлын Яамны сайд агсан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Орчин цагийн Монгол Улсын анхны дипломатчдын нэг юм.

Тэрбээр 1915 онд Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуур гэдэг газар төржээ. Нутгийн ард түмэн айлын ганц хүүг лам болгодоггүй, эрдэм ном сургаж төрийн хүн болгодог байсан тул тэрээр нутгийн нэртэй бичиг үсэгтэй Мягмар үйзэнд шавь орж бичиг үсэг заалгасан байна.

1925-1929 онд хошууны бага сургууль, 1929-1930 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1930-1933 онд Намын төв сургууль, 1937-1940 онд Москва хотын Дорно дахины дээд сургуульд (КУТВ) тус тус суралцаж төгссөн байна.

1933-1937 онд Улаанбаатар хотын Залуучуудын эвлэлийн хорооны зохиолын эрхлэгч, дарга, "Хувьсгалт залуучуудын эвлэл", "Залуучуудын үнэн", "Хүмүүжил ба жигшил" шог сэтгүүлийн эрхлэгч, "Үндэсний эрх" сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын холбооны нарийн бичгийн дарга, 1940-1941 он болон 1946-1950 онд Шинжлэх ухааны Хүрээлэнгийн дарга, 1948-1949 онд Ус цаг уурын албаны даргаар ажилласан, 1955-1956 онд Монголын зохиолчдын хорооны даргаар тус тус ажиллажээ.

Б.Жаргалсайхан 1941-1945 онд Москва дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Засгийн газрын протоколын эрхлэгч, ГЯЯ-ны Протоколын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан.

1950-1953 онд Монгол Улсаас БНХАУ-д суух анхны Элчин сайд,

1953-1955 онд БНМАУ-ын ГЯЯ-ны сайдаар томиглогдон ажилласан байна.

1956-1960 онд БНМАУ-ын МАХН-ын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга,

1961-1964 онд НҮБ-ын дэргэд суугаа БНМАУ-ын анхны Байнгын төлөөлөгч,

1964-1967 онд БНСЧехСловак Улсад, Египетэд Элчин сайд,

1967-1969 онд БНФранц Улсад суугаа Элчин сайд,

1969-1973 онд БНМАУ-ын ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд,

1973-1976 онд БН Алжирт суугаа Элчин сайд,

1976-1980 онд ГЯЯ-нд зөвлөх,

1980-1985 онд БНЭУ-д Элчин сайдаар ажиллаад 1985 онд өндөр насны тэтгэвэрт гарчээ.

Тэрээр 1961 онд Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгчөөр ажилласан юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой. Б.Жаргалсайхан энэ хугацаанд “Ойрхи дорнодын асуудал”, “Африкийн тэмдэглэл”, “Ганга мөрөн”, “Нэгэн зүйл бодол”, “Олон жилийн хууч”, “Алаг жарны тодрол”, 2004 онд “Хувь тавилангийн эрхшээл” ном туурвиж хэвлүүлсэн ажээ.

Б.Жаргалсайхан Ардын Их Хурлын 1,2,3,4,7 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож, АИХ-ын дарга, Гадаад хэргийн байнгын комиссын дарга, Дэлхийн энхтайвныг хамгаалах байнгын хорооны гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж иржээ.

Эхнэр Цэрэнгийн Марта. Тэр үеийн Сайн ноён хаан аймгийн Хөндлөн мэргэн хошууны гүн Гомбожав гэж эрдэмтэн хүний охин. Гүн Гомбожав нь "ноён" хэргэмээсээ татгазаж 20 дугаар зууны эхэнд Герман, Францад суралцсан манай тэргүүний сэхээтнүүдийн нэг байжээ. Түүнийг 1937 онд Ленинград хотод сурч байхад нь баривчилж хэлмэгдүүлээд сураггүй болсон байна. Эхнэр Марта айлд өргүүлж овгоо сольсон ажээ. Цэрэнгийн Марта нь 1952 онд МУИС-ийг монгол хэлний багш мэргэжлээр төгссөн. Б.Жаргалсайхан, Ц.Марта нар 1 хүү, 4 охинтой ажээ.

Хүү Ж.Энхсайхан -дипломатч, олон улсын эрх зүйч, Элчин сайд.

Бүтээлүүд

засварлах
  • Алаг жарны бодрол,
  • Хувь тавилангийн эрхшээл -/2004/,
  • Гучаад оныхон,
  • Африкийн тэмдэглэл,
  • Олон жилийн хууч,
  • Авахуй, гээхүй,
  • Ойрхи Дорнодын асуудал,
  • Дээдсийн газрын онгон,
  • Ганга мөрөн,
  • Нэгэн зүйл бодол гэх зэрэг ном бүтээл тууривжээ.

Гавьяа, шагнал

засварлах

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой.

  • “Сүхбаатарын одон”,
  • “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” - 2 удаа,
  • “Алтан гадас” одон - 2 удаа болон бусад медалиудаар шагнагджээ.

Жаргалсайхан гуай нийтлэл Баабар 2015 оны 1-р сарын 26-нд бичжээ.