Лувсандоржийн Тойв

Лувсандоржийн Тойв (1915 оны 2-р сарын 8-нд өнөөгийн Баянхонгор аймгийн Жинст суманд Хонгорын тал гэдэг газар төрсөн-1970 оны 7 дугаар сарын 29-нд нас барсан). Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн, Гадаад явдлын яамны сайд байсан хүн.


1915 онд Лувсандоржийн тавдугаар хүү болон төрсөн.

1929-1934 онд багш нарыг бэлтгэх сургуульд суралцан төгссөн.

1934-1936 онд Завхан аймгийн дунд сургуулийн багш, захирал, гэгээрлийн хэлтсийн дарга,

1938-1940 онд Цэргийн яаманд татагдан ажиллаж, “Улаан од” сонины эрхлэгч болсон.

1940 онд ЗХУ-ын И.Сталины нэрэмжит Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуульд (КУТВ) суралцуулахаар Москва явсан.

1941 онд сургууль нь Дундад Азийн Фергана руу нүүлгэхэд зарим оюутнуудын хамт В.И.Лениний нэрэмжит цэргийн-улс төрийн академид шилжин суралцаж 1942 онд С.Равдан, С.Рэнцэн, Х.Дондов, О.Цэрэндорж нарын 5 офицерын хамт төгсгөжээ.

1942-1943 онд “Улаан од” сонины хариуцлагатай эрхлэгч.

1943-1947 онд Монголын Ардын армийн Улс төрийн газар суртлын хэлтсийн даргаар ажиллаж чөлөөлөх дайнд оролцсон байна.

1947-1949 онд гэрээр МУИС-ийн түүхийн салбарт суралцаж, түүхийн багш мэргэжил эзэмшсэн.

1947-1951 онд Хэвлэл утга зохиолыг хянан шалгах газрын дарга.

1951-1952 онд МАХН-ын Төв Хорооны суртлын хэлтсийн дарга.

1952-1953 онд Монголын Зохиолчдын хорооны дарга.

Л.Тойв дипломат албанд шилжиж 1953-1957 онд Монгол Улсаас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх,

1957-1960 онд ГЯЯ-ны Өрнөдийн хэлтсийн дарга.

1960-1963 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх.

1963-1964 онд Москва хотод Дипломатын Академид сурсан анхны монгол сонсогчдын нэг.

1964-1966 онд НҮБ-ын дэргэд суугаа хоёр дахь Байнгын төлөөлөгчөөр томилогдсон байна.

1966-1968 онд ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд,

1968-1970 онд ГЯЯ-ны сайдаар ажилласан.

1970 онд өвчний улмаас нас барсан.

Болгарын нам-засгийн удирдагч Л.Тойвыг нас барахад Тодор Живков, Польшийн Ерөнхий сайд Юзеф Циранкевич, Унгарын Ерөнхий сайд Йенё Фок, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч Ханс Петер Чүди, Норвегийн Ерөнхий сайд Пер Бортен, мөн Болгар, Вьетнам, БНАГУ, Польш, Румын, БНАСАУ, Унгар, СССР, Чехословак, Югослав, Өмнөд Вьетнам, Их Британи, Дани, Финланд, Франц, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд нар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Тант нараас эмгэнэлийн бичиг ирүүлж байжээ.

ГЯЯ-ны сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжиж Дани, Турк, Сингапур, Төв Африк, Итали, Судан, Марокко зэрэг улстай дипломат харилцаа тогтоож, Япон улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээ Москва хотноо явагдаж байсан юм. Л.Тойв нэрт дипломат төдийгүй цэргийн зүтгэлтэн байсан. 1945 оны чөлөөлөх дайнд биечлэн оролцсон, эх орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалахад хүчин зүтгэж байсан ахмад дайчин байжээ.

Тэрээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэвлэл, утга зохиолыг хянах ерөнхий газрын дарга, МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгч, Монголын зохиолчдын хорооны даргаар бас ажиллаж байсан, та бидний сайн мэдэх, 20 дугаар зууны залуу, дунд үеийнхний амтархан уншдаг байсан В.Катаевын “Хорооны хүү”, К.Симоновын “Өдөржин шөнөжин”, Б.Полевойн “Ёстой хүний тухай тууж” зэрэг бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлж, “Хувьсгалт цэргийн 25 жил” түүхэн бичлэг, “Солонго” драмын жүжиг болон нэлээд тооны богино өгүүллэг, тэмдэглэл бичиж нийтлүүлсэн нэртэй орчуулагч, зохиолч, утга зохиолын зүтгэлтэн байжээ.

Түүний хөдөлмөрийг үнэлж 1939,1965 онд “Алтан гадас” одон, 1937 онд хурандаа цол, 1945 онд “Цэргийн гавьяаны” одон, 1950 онд “Хөдөлмөрийн гавьяаны” одон, 1964 онд “Онц бүрэн эрхт Элчин сайд” цолоор шагнажээ.