Жамсрангийн Даваа

Жамсрангийн Даваа (1873-1942) Монгол Улсын Ардын Засгийн газраас Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсад (тухайн үеийн нэр) анхны бүрэн эрх барих төлөөний сайдаар ажиллаж байсан хүн. Түшээ гүн цолтой.

Тэрээр 1873 онд Цэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны зүүн захиргаа, өнөөгийн Дорнод аймгийн "Буйр" хэмээх газар ард Жамсрангийн хүү болж төрсөн байна. Бага наснаасаа монгол бичиг үсэг суралцаж, 20 наснаасаа эхлэн харьяат хошуу, аймгийн тал, жинхэнэ бичээчээр ажиллаж, бие дааж шашны номоор манж, түвд хэл сурчээ.

1921 оны 3-р сарын 17-нд Ардын засгийн газар Цэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны мээрэн Ж.Давааг Гадаад яамны туслах түшмэлийн оронд тоонд томилсон байна.

1921 оны 11-р сарын 5-нд Москва хотноо «Зөвлөлийн Засагт Орос Улсын Засгийн газар ба Монголын Ардын засийн газрын хэлэлцэн тогтоосон Гэрээ бичиг»-ийн 5-р зүйлд заасан ёсоор Монгол Улсын анхны Бүрэн эрх барих төлөөний Элчин суулгаж болно хэмээсний дагуу Монголын Засгийн газар Элчин төлөөлөгчөөр Жамсрангийн Даваа-г томилох шийдвэр гаргасан ажээ. 1922 оны 3-р сард Богд хаанаар зөвшөөрүүлж дүрмийн ёсоор түшээ гүнгийн зэргээр шагнасан байна.

Ж.Даваа 1922 оны 5-р сарын 28-нд Москва хотод албан хаагчдын хамт хүрэлцэн очсоноор Элчин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа эхэлсэн байна. Жамсрангийн Даваа 1922 оны 6-р сарын 2-нд  Бүх Оросын Төвийн Гүйцэтгэх Хорооны дарга М.И.Калининд Итгэмжлэх жуух бичгээ барьжээ.

Тэрээр 1924 оноос 1928 онд Гадаад яаманд туслах ба эрхэлсэн түшмэлээр ажиллаж байжээ.

Ж.Даваа 1926 оны 8-р сарын 16-нд Улаанбаатар хотноо Монгол, Тагна Тува Улсын хооронд Найрамдлын Гэрээ бичгийг байгуулахад Монгол Улсын төлөөлөгчөөр оролцсон байна.

1929-1934 онд төрсөн нутагтаа амьдарч байхад нь хилийн асуудал сайн мэдэх тул түүнийг нийслэл хотод дуудаж 1935-1936 оны Монгол, Манж-го-гийн хилийн хэлэлцээнд оролцуулж, дараа нь ГЯЯ-ны бичиг хэргийн эрхлэгчээр томилсон байна.

Сүүлд нутагтаа амьдарч байгаад 1942 он орчим насан өөд болжээ.