Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо
Монголчуудын Русь руу хийсэн довтолгоо (Украин: Монгольська навала на Русь; Орос: Монгольское нашествие на Русь, мөн Орос: Наше́ствие Баты́я "Бат хааны байлдан дагуулал") гэдэг нь Бат хааны 1237 оноос 1240 оны хооронд Русийг байлдан дагуулсан аян дайныг нэрлэдэг. Чингис хааны ач хүү нь Монголчуудын Европ дахь байлдан дагуулал хэмээн бас нэрлэгдэх энэхүү аян дайнаа эхний хоёр жил нь зүүн хойд Киевийн Русьт довтолсноор эхэлсэн бөгөөд чингэхдээ тухайн үедээ чухал хотуудад тооцогдож байсан Суздаль, Владимир, Рязань зэргийг байлдан эзэлсэн аж. Хоёрдугаар шатанд нь тэрбээр цөм Киевийн Русьт довтолсон довтолгооны үр дүнд Чернигов, Переяслав, Киевийг сүйрүүлснээр дууссан.
Русийн олон ван, гүнгүүд өөр хоорондоо тэмцэлдэж, нэгэн тугийн дор нэгдэж чадахгүй байсан нь тэднийг байлдан эзлэхэд ихээхэн нэмэр болсон ажгуу. Түүнээс гадна Русийн ба тус бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг ухралтад оруулж, хүн амын тоог ч бас тодорхой хэмжээгээр буурахад нөлөөлж байснаас үүдэн Русьчууд удаан хугацаанд тусгаар тогтнохын төлөө талын эзэнт гүрэн болох Алтан Ордтой тэмцэлдэх эхлэлийг тавьсан юм.
Өмнөх түүх
засварлах1223 онд монголын жанжид Зэв ноён, Сүбээдэйгээр удирдуулсан цэргүүд Гүржийн нутгаас Кипчакийн талаар дамжин Русийн нутагт цөмрөн орж ирэв. Тэд үүний өмнө Чингис хааны Хорезмын Эзэнт Гүрнийг дайлаар мордоход хамт явж Хорезмыг эзэлсний дараа хаанаас хорезмын шах хоёрдугаар Мухаммедыг баривчлан авчрах даалгавар авч түүнийг Хорасанаас эхлэн Хорезмын Эзэнт Гүрний нутгаар хөндлөн гулд хөөсөөр Каспийн тэнгисийн өмнөд биед хүргэсэн ба 1220 оны сүүлээр Мухаммед тэнд үхсэн ажээ. Дараа нь тэд Азербайжан, Арраны ихэнх хэсгийг сүйтгэн, Гүржийг хөндлөн гарч, 1221 онд IV Георгий Лашагийн армитай тулгаран бут ниргэв. Зэв, Сүбээдэй нар цааш Кипчакуудыг элдэн, Дербентээр дамжин умард зүгт Кавказын нурууг даван, тэнд хүлээж байсан Кипчак ба Аланчуудын нэгдсэн цэргийг бут цохив. Кипчакуудын үлдэгдэл цэргүүд Көтан ханаар удирдуулан Русийн нутагт зугатан очиж тэндээс Монголчуудын эсрэг байлдах цэрэг, зэвсгийн тусламж гуйв. Киевийн ван Мстислав, Черниговын ван II Мстислав, Галицийн ван Мстислав Мстиславич нар Көтан хантай нэгдэн цэргээ дайчлан хөдлөв. Зэв, Сүбээдэй нар Кипчакуудыг элдсээр 1223 оны тавдугаар сард өнөөгийн Украины нутагт ирэн, алдарт Калка голын тулалдаанаа хийжээ. Мстислав, II Мстислав, Мстислав Мстиславич нар цэргүүдээ нэгдсэн журмаар удирдаагүй, тус тусдаа тулалдсан нь цэргийн хүч эрс дутмаг Монголчуудад хүндрэлгүйгээр тулалдааныг өөрийн талд шийдэж чадахад хүргэсэн гэж европын түүхчид үздэг аж. Русийн нэгдсэн цэргийн хүчийг бараг ихэнхийг нь хядсан ба Мстислав, II Мстислав хоёр тулалдааны явцад амь үрэгдэн, Мстислав Мстиславич, Көтан хан хоёр дутан одсон аж. Зугтагсдыг Монголчууд хөөсөнгүй орхив. Монголчууд эндээс дорно зүгт хүлгийн жолоог эргүүлэн, Ижилийн Булгарын нутгаар дайран, эх нутагтаа буцсан ба буцах замд Зэв ноён насан эцэслэжээ. Чингис хааны зарлиг нь Каспийн тэнгисийн баруун талын нутгийг судлаад ир гэснээс байлдан дагуул гэсэн биш болохоор европын нутагт нэвтрэн, европчуудтай тулалдсан анхны туршлагынхаа дараа, гэнэт гарч ирсэн шигээ, гэнэт эргэн алга болжээ.[1]
Монголчуудын байлдан дагуулал (1237-1240 он)
засварлах1223 онд Бат хаан Монголчуудыг Русийн зүүн хэсэгт буцаан авч ирэв. Монгол цэргүүд Русьт довтлон, эсэргүүцсэн бүхнийг даран нухчсаар байлаа. Умард зүгт Монголчууд тэнд байсан томоохон хотууд болох Суздаль, Владимир, Рязанийг эзлэн, сүйдлэв. Монголчууд Рязанийг эзлээд цааш явахын өмнө оросын жанжин Евпатий Коловратын амь тэмцсэн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Оросын зүүн хойд хэсгийн гүн 1238 оны шийдвэрлэх тулалдаанд Сить гол дээр ялагдав. Түүхийн судар бичигт тэмдэглэгдсэн байсан тухайн үеийн нийт 72 хотуудаас 49-ийг нь Монголчууд дайлан сүйтгэсэн байна.
Маш олон түүхчид Монгол цэргийн тактикийг маш харгис байсан хэмээн бичдэг байна. Үүний жишээнд Монголчууд эзэлсэн хот, тосгоныхоо иргэдийг „амьд бамбай“ болгон дараагийн тулалдаандаа ашиглан өмнөө оруулан тулалддаг байв гэжээ. Хэдийгээр Монголчууд энэ мэтийн харгис аргыг дайн тулааны тактик болгон ашиглаж байсан ч тухайн үеийн Русийн хүн амын хагасаас илүүг хүйс тэмтэрсэн гэх нь хэтрүүлэг юм. Үүний эсрэг 1237 оноос 1240 оны хооронд Русийн нийт хүн амын 10 хүртэл хувь нь амь үрэгдсэн гэх өөр баримт байх ч энэ нь бас их өндөр тоо юм.[2]
Монголчууд цаг агаарын улмаас давших зам нь муудсан учир Новгород руу довтолж байсан довтолгоогоо зогсоон өмнө зүгт эргэв. Энэ замд нь Козельск хэмээх жижиг хотынхон Монголчуудыг бараг хоёр сар саатуулан эсэргүүцэл үзүүлэн тулалдсан байдаг. Хотыг эзэлснийхээ дараа тус хотын иргэдийг бүгдийг хүйс тэмтэрсэн байна. Өмнө зүгт явах замдаа олон тооны хотуудыг эзэлсэн бөгөөд эдгээрээс хамгийн том нь 1240 онд Киевийг эзэлсэн явдал байв. Эндээс монголын цэрэг баруун зүгт Польш руу хүлгийн жолоо залжээ.
Үр дагавар
засварлах1242 онд Бат хаан өөрийн нийслэл Сарайг Ижил мөрний доод хэсэгт буюу өнөөгийн Волгоград хотын орчим босгон, ханлигаа байгуулсан нь Алтан Ордны Улс юм. Алтан Ордны орлогын багахан хэсгийг л дагаар орсон жижиг улсууд бүрдүүлж байв. 1257 оноос л Оросын нутаг дэвсгэрт хүн амын тооллого явуулж гувчуур хааны ордонд анх төлсөн тухай дурдагдсан байдаг ба Мөнх хааны нэрээр „гудамжаар морьтнууд давхилдан айлуудын хананд бичиг үлдээсэн“ тухай бичсэн байдаг байна. Алтан Орд нь Их Монгол Улсын бүрэлдэхүүн улс учраас татвараар олсон орлогын аравны нэгийг тухай тухайн их хаанд алба төлөх ёстой байв.[3]
Нэг талаас монголчуудын зүүн хойд Киевийн Русь дахь ноёрхол гурван зуу гаран жил европын бусад улсаас тусгаар байлгасан бол нөгөө талаас Их Монгол Улс нутаг дэвсгэрт Монголын энхтайван хэмээн нэрлэгдэх эзэнт гүрний бүх газар нутагт эрх чөлөөтэй явах боломжийг Русьчуудад олгон, Азийг хөндлөн гулд туулан, эдийн засаг, соёлын шинэ харилцааг тогтоох тааламжтай нөхцлүүдийг бий болгосон сайн талууд ч байв. Энэхүү шинэ нөхцөл нь өөр хоорондоо маш алслагдсан бүс нутгуудыг, жишээлбэл Балтын орнууд, Итали, Ойрх Дорнод, Энэтхэг, Хятадтай үр ашигтайгаар худалдааны харилцааг анх удаа бий болгожээ. Ялангуяа Крымын хойгоор дамжин Египеттэй худалдааны цоо шинэ харилцааг тогтоосон байна. Үүний нэг жишээ нь Женова Улс Алтан Ордны нутаг дэвсгэр дээрх 14 хотод худалдаа эрхэлж байв. Монголчууд дайны олзоо Женовачуудад худалдах ба энэнд нь орос боолууд ч ордог байжээ. Өөр нэгэн худалдааны зам нь газраар Киевийг дайран, гол дагасаар умард зүгийг чиглэнэ. Худалдаачид Вроцлав, Новгород, Ригагаас бараагаа Төв Европ руу зөөнө. Монголчууд нэг талаас худалдаанаас орлого олохын зэрэгцээ Женовачууд болон Венецчүүдийн худалдааны цэгүүдээс алба авах болон 5 %-ийн гаалийн татвар (Женова, Венецчүүдээс 4%) авдаг байв.[4]
Монголчууд оросын ард түмний бие даасан улс төр, соёлын амьдралыг ор тас алга болгох сонирхол огт байсангүй. Харин ч оросын гүнгүүдэд өөрийн улсын захиргааны асуудлыг өөрсдөө бие даан шийдэх эрхтэй ч тэд Монголын ноёрхогчдод алба, гувчуур төлөх үүрэгтэй, эрх мэдлийн хувьд доогуур байв. Монголчууд оросын гүнгүүдийн өөр хоорондын дайсагналыг ухаалгаар ашиглахаас гадна хэн нэг гүн өөрсдийг үл тоомсорлох эсвэл хэт эрх мэдэлтэй болонгуут нь л тэднийг даран номхруулах үйл ажиллагааг явуулдаг байв. Үүндээ их ван Невийн Александрыг ашиглаж өөрийн бодлогыг хэрэгжүүлж байсан.
1223—1480 оны хоорондох Монголчуудын Русь дахь аян дайны он дараалал
засварлах- 1223 оны тавдугаар сар: Калка голын тулалдаан
- 1237 оны арванхоёрдугаар сар: Рязань хотыг зургаан өдрийн бүслэлтийн дараа монголчууд эзлэн авсан ба хотын дийлэнх хэсэг сүйрсэн; Пронскийн Вант Улсыг унаган хотыг сүйрүүлсэн.
- 1239 он: Черниговын Вант Улсыг эзэлсэн, Муром хотыг галдан шатаан сүйрүүлсэн.
- 1240 он: Киевийг эзлэн авсан ба хотын зарим хэсгийг сүйрүүлсэн.
- 1241 он: Галици-Волынийн Вант Улсыг эзэлсэн, Владимир-Волинськи ба Галичийг сүйрүүлэв.
- 1252 он: Mонголын морин цэргүүд Суздалийн вангийн дагагчдыг цохин, Переяслав ба Суздаль хотуудыг сүйрүүлэв. Монголчууд вант улсын харьяат иргэдийн ихэнхийг боолоо болгов.
- 1258 он: Боролдайгаар удирдуулсан монголын цэргүүд Галици-Владимирын ван Даниилд Галицийн бэхлэлтийг нураан, Алтан Ордод алба гувчуур төлөхийг тулгав.
- 1273 он: Монголчууд Новгород орчмын бүс нутагт хоёр удаа довтлон, Вологда, Бежецк хотуудыг тонов.
- 1472 он: Алексин хотыг эзлэн авав
- 1480 он: Угра гол дээрх их зогсолт: Монголчууд Орос дахь өөрийн ноёрхлоо дайталгүйгээр орхин одов.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлахЭх сурвалж
засварлах- ↑ Paul D. Buell: Sübȫtei Ba’atur. In: Igor de Rachewiltz et al. (Hrsg.): In the Service of the Khan: Eminent Personalities of the Early Mongol-Yuan Period 1200–1300. Otto Harrossowitz, Wiesbaden 1993, S. 19–20 (englisch); Stephen Pow: The Last Campaign and Death of Jebe Noyan. In: Journal of the Royal Asiatic Society Vol. 27 Nr. 1. Cambridge University Press, Cambridge, 2017, S.31–51 (englisch); Carl Fredrik Sverdrup: The Mongol Conquests: The Military Operations of Genghis Khan and Sube'etei. Helion, Solihull, 2017, S. 191–208 (englisch).
- ↑ Abraham Ascher: Geschichte Russlands. Magnus Verlag, Essen 2005, S. 30, ISBN 3-88400-432-8.
- ↑ J. Gießauf und J. Steiner: Gebieter über die Völker in den Filzwandzelten, Graz 2009, S. 94 f.
- ↑ B. Spuler: Die Goldene Horde: Die Mongolen in Russland 1223–1502, 2. Ausgabe, Wiesbaden 1965, S. 388ff.