Их Монгол улсын цэргийн тактик

Чингис хаан цэргийн суут жанжны хувьд дэлхий дахины цэргийн хэргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрбээр цэргээ бүхэлд нь аравтын тогтолцоонд тулгуурласан “Мянгатын байгуулалт”-ад шилжүүлж, цэргийн ардчиллын төгөлдөржсөн хэлбэр дээр үндэслэсэн удирдлагын “Нэгдмэл захиргааны ёс”-ыг анх удаа практикт хэрэгжүүлэн цэрэг-захиргааны эрс шинэчлэл хийж, түүхийн асар богино хугацаанд дэлхийд хосгүй сахилга, зохион байгуулалттай армийг буй болгосон нь тийнхүү монгол цэргийн урлагийг дэлхийд тэргүүлэх түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгчээ.

Стратегийн тухайд

засварлах

Чингис хааны цэргийн урлаг буюу стратеги, тактик нь эсгий туургатан, монголчуудын үе үеийнхний боловсруулан хэрэглэж ирсэн цэргийн эрдэм ухааны төгөлдөржсөн хэлбэр байсан бөгөөд Чингис хаан тэргүүтэй цэргийн жанжнуудын суу ухаанаар үржигдэн агуусаж дундад эртний монгол цэргийн түүхэн их ялалт амжилтуудын үндэс суурь нь болсон билээ.

Их Монгол Улсын цэргийн стратегийн үндэс нь шуурхай, уяалдаатай “Маневрын дайн”-ы стратеги байснаараа бусдаас онцлог. Орчин үеийн цэргийн шинжлэх ухаанд стратегийн түвшинд маневрыг голлон хэрэглэж буй дайныг ийнхүү нэрлэдэг. Чингис хаан ийнхүү “Маневрын дайн”-ы стратегийг боловсруулах явцдаа түүнтэй холбоотой олон зүйлийг мөн анх санаачлан хэрэгжүүлсэн юм. Жишээ нь тагнуулын бүхэл бүтэн сүлжээг анх зохион байгуулсан бөгөөд өрнийн улс орны армиудын штабууд XX зуун гэхэд л дөнгөж цэргийн тагнуулын тусгай байгууллагатай болсон билээ. Монгол цэрэг аль ч улс оронд өөрийн нутагт байгаа мэт чөлөөтэй, түргэн шуурхай довтолгож асан нь чухамдаа бүх төрлийн тагнуулын сүлжээ найдвартай ажиллаж байсны үр дүн мөн.

ХХ зуунд АНУ-ын Зэвсэгт Хүчинд үүсгэн байгуулсан “Түргэн байрлуулах хүчин” болон бусад улсын ийм маягийн цэрэгтэй үүрэг, зориулалтын хувьд ижил гавшгай цэрэг болох "Тама" (“Тамачи”) хэмээх цэргийг монголчууд бүр XIII зуунд цэргийн хэрэгт хэрэглэж эхэлсэн билээ.

Үүнээс гадна "Дайны ажиллагааны театр"-ыг сайтар тандан судалж, их цэрэг явах зам, гүүр барих зэргээр урьдчилан бэлтгэж, төхөөрөмжилдөг байсан аргыг ихэнхи улс орон ХХ зуун хүрч байж л сая хэрэглэх болсон билээ.

Түүнчлэн:

  1. Цэрэг, дипломатын аргыг хослуулан дайсан улсаа ганцаардуулах;
  2. Стратегийн операцыг явуулахдаа цэргийг заавал гурван гар болгох буюу нэг нэгнийгээ халхалсан байдалтай илгээх;
  3. Дайсан улсынхаа газар нутгийн сайтар судалж тандасны дараа тал талаас зэрэг давшилт хийж хүчийг нь тарамдуулах;
  4. Гол цохилтын чиглэлийг зөв сонгож, стратегийн гэнэтийн ажиллагаагаар дайснаа гэндүүлэн мохоох;
  5. Гол объект, хаад, ноёдыг нь тасралтгүй мөрдөн хөөж дайсныхаа нэгдсэн удирдлагыг алдагдуулах;
  6. Сэтгэлзүйн хүчтэй довтолгоон хийх зэрэг стратегийн төвшинд санаачлан хэрэгжүүлсэн зүйл олныг дурдаж болно.

Энэ бүхэн нь орчин үеийн дайны урлагт ч зарчмын чухал ач холбогдолтой зүйлс хэвээр байгаа юм.

Ийнхүү дайны санаачилгыг эхнээс нь гартаа авч, байлдааны ажиллагааг тасралтгүй, идэвхитэй явуулдаг байсан нь ямагт ялан дийлэхийнх нь үндэс суурь болдог байжээ.

Чингис хаан тэргүүтэн монгол цэргийн жанжнууд дайн, байлдааны ажиллагааны технологид тоог бус, чанарыг эрхэмлэх зарчмыг тууштай нэвтрүүлж, ямагт цөөнөөр олныг ялан дийлж байсан тактикийн өвөрмөц аргуудыг хэрэглэж байсан нь тэр үеийн дэлхий дахины цэргийн урлагт цоо шинэ зүйл байв.

Хятадын алдарт Сүнзийн сургаальд ”…Хүн хүч дутуу ахул дутаан одогтун, хүч ихээр дутуу ахул хүчлэн тулалдахаас бултагтун. Учир нь хүчээр дутмаг цэрэг хатгалдан тулалдах аваас хүчирхэг дайсны олз болмуй”[i] гэсэн байдаг бол Чингис хаан: “Олноос олон, цөөнөөс цөөн гарз болмуй за”[ii] хэмээсэн байдаг нь зарчмын эсрэг тэсрэг хандлагын нэгээхэн илрэл болой. Ийнхүү “Цөөнөөр олныг ялах ухаан” хэмээн томъёолж болох зарчим нь тэр үед улс орноо батлан хамгаалах стратеги, тактикийн бүхий л асуудлыг боловсруулж ирсэн онолын үндэс суурь болж байсан нь одоо ч ач холбогдлоо алдаагүй бөгөөд дэлхий дахинаа цэргийн тактикийн чухал нэг зарчим хэвээр байсаар байна.

Тэр үед олон улс даяар ноёрхож байсан гол хандлага бол улс аймгуудын цэрэг бүр байлдаанд ерөнхийдөө ямар нэгэн тогтсон хэв загварт баригдсан байлдааны журам, тактик хэрэглэдэг байсанд оршино.

Европын улсуудын шилдэг цэрэг болох Рыцарь хэмээх “Морьтон баатар”-ууд гэхэд “Шивээ”, “Бодонгийн толгой” буюу “Төмөр гахай” ч гэж оросуудын нэрлэж асан байлдааны журам, түүндээ тохирсон тактикийг л байлдаанд зонхилон хэрэглэдэг байв.

Орос тэргүүтэн славууд ихээхэн хүчтэй “Төв” болон арай бага хүчтэй хоёр жигүүрийн нэг, нэг гурвалжин бүхий гурван гурвалжин жагсаалаар байрлаж тулалддаг.

Рыцариуд ч, славууд ч байлдааны явцад анхлан сонгосон тэр журам, жагсаалаа алдахгүйг эрмэлздэг байсан ба өөр тактикийн хувилбар бараг байхгүй байжээ.

Зүрчидийн “Алтан улс”, Тангудын армид хүнд зэвсэгт явган цэрэг зонхилж асан тул байлдааны жагсаалаа аль болох чигжүү, нягт агаад гүн тийшээгээ олон шахуу эгнээ болгон зохион байгуулж, фронтынхоо энгээр дайснаа ааглан түрж цохихыг эрмэлздэг байжээ. Ийм учраас хувьсан өөрчлөгдөх чанар багатай, хөшүүн нүсэр байснаас тактикийн нэг их олон хувилбар, арга хэрэглэх боломж ч үгүй байв. Сүн, Тангудын аль нь ч ялгаагүй, амиа авардаг гол тактик нь хэрэм, цайздаа бүгж халхлан тулалдах явдал байв.

Харин монгол цэргийн хувьд бол тийм бус. Цэргийн тактикийн үндэс нь дээр дурдсан маневрын дайны стратегийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон дан морьт цэргийн хувьсангуй хөдөлгөөн буюу маневр болж байв. Байлдааны журмыг бүрдүүлэгч хэсэг, тэдгээрийн хүн хүчний тоо хэмжээ нь байлдаан бүрт харилцан өөр өөр байхаас гадна нэгэн тулалдааны явцад ч цагийн байдлын өөрчлөлтөд зохицуулан хүч, бүлэглэлээ хялбархан өөрчлөн хувьсгаж, гэнэтийн дайралт, сөрөг цохилт хийх боломжоор илүү байсан юм. Монгол цэрэг хүний тоогоор бусдаас ямагт үлэмж цөөн байсан авч түүний хүчин чадавхи, цохилтын жин нь хурд, маневрын ачаар олон дахин нэмэгддэг байжээ.

Ийнхүү олон улсад, ялангуяа өрнөдийн орнуудад тархаж түгээд байсан байлдахуй аргын “Тогтонги хэв загварчлал (Шаблон)”-ыг таягдан хаяхад хүргэсэн нь цэргийн урлагийн хөгжлийг зогсонги байдлаас гаргахад хүчтэй түлхэц өгсөн бөгөөд энэ нь дэлхий дахины цэргийн урлагийн хөгжилд Чингис хааны оруулсан нэг гол хувь нэмэр байсан билээ.=== Нэг. Хээрийн байлдааны аргууд===

“Монголын нууц товчоо” болон тэр үеийн бусад сурвалжид үзэхүл “Өдөөх буюу өдөж хөдөлгөх”, “Нохой хэрэл хэрэх”, “Нүүр дээрээс нь асгах”, “Харгана зорчил зорчих”, “Нуур байрт байлдах”, “Цүүц хатгаа хатгах”, “Алгинчлах”, “Дэрэлгэх буюу дэрлэх”, “Тойрох”, “Шивээлэх”, “Хороолох” хийгээд “Хүрээ цэрэг”, “Цацсан одны жагсаал”, “Бүгэх”, “Огжатгах”, “Цувруулан цохих”, “Нуман түлхүүр байр хийх”, “Бух сэжүүр байр хийх” гэхчилэн цэргийн холбогдолтойгоор зөвхөн нэрлэсэн төдийгүй, бас үйл хөдлөлөөс нь шууд үлгэр аван тусгасан арга цөөнгүй тохиолдоно.

Монгол цэргийн жанжид, түүний дотор Чингис хааны цэргийн жанжны авъяас чадвар тодоос тод харагдсан Наху гүний тулалдааны жишээгээр монгол цэрэг ямархуу тактик хэрэглэж байсныг өгүүлье. 1204 онд Наху гүнд Найманы цэрэгтэй хийсэн энэ тулалдаан монгол туургатныг нэгтгэн барах сүүлчийн, шийдвэрлэх томоохон тулалдаануудын нэг байсан учир тэр талаар Монголын нууц товчоо тэргүүтэн түүхэн сурвалжид тодорхой тэмдэглэн үлдээсэн байна.

I. Тулалдах болсон шалтгаан
засварлах
1204 он бол монгол туургатаныг нэгтгэх олон жилийн тэмцэл шувтрах шатандаа орж, Монгол овог аймгууд үндсэн хоёр том хэсэгт, тухайлбал нэгд, Хамаг Монголын буюу Чингис хааны нэгтгэн жолоодсон овог аймгууд, хоёрт, Найман, түүний талынхан гэж хуваагдсан байсан үе. Тиймээс тэрхүү хоёр тал хэзээ нэгэн цагт “Үхлийн тулаан” хийх нь гагцхүү цаг хугацааны асуудал байсан гэж болно. Тийн байтал Найман аймгийн хан ноёд тэр үед дөнгөж сэргээн байгуулагдаад байсан Хамаг Монголын зүг анхаарлаа хандуулж хүчин чадал бүрэн бүрдэхээс нь өмнө дарж авахаар шийдвэрлэжээ. Тэр тухай Монголын нууц товчоонд өгүүлэхдээ Найманы Таян хан: “Энэ дорно зүгт цөөхөн монгол буй хэмээмүй... Эдүгээ мөн хан болоё хэмээн санаж байна уу тэд. Тэнгэрийг гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг биз. Гэтэл газар дээр хоёр хан хэрхэн байж болох. Одоо би явж тэр хэдэн монголыг авч ирье” гээд цэргээ хөдөлгөсөн гэжээ. 
Тэр үед Чингис хаан ажиг сэжиггүйгээр Халх голын савд орших Тэмээн хээр хэмээх газар их ав тавьж байжээ. Таян хан цэргээ хөдөлгөхийн өмнө Онгуд аймгийн эзэнд элч илгээж Монголын эсрэг хүчин хавсрахыг санал болгосонд Онгудын эзэн үл зөвшөөрснөөр үл барам Найман дайрах гэж байгаа тухай Чингис хаанд мэдэгджээ. Тэгмэгц тэрээр ав хомрогоо зогсоож цэргийн ноёдоо цуглуулан хуралдаж Наймантай байлдах, эсэх тухай хэлэлцээд угтан байлдахаар шийдвэрлжээ.
II. Тулалдааны бэлтгэл
засварлах
Тийнхүү тулалдах шийдвэр гарсан тул Чингис хаан яаравчлан байлдааны бэлтгэлээ базаав. Үүнд нэн даруй цэргээ цуглуулан зэр зэвсгээ хурцлахын ялдамд өөрийн хийгээд дайсныхаа хүчтэй, сул талыг судлан тодорхойлсны үндсэн дээр цэргийн зохион байгуулалтыг өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ. Үүнд, тухайн үед Хамаг Монголын цэрэг ч, Найманы цэрэг ч “Хүрээ”-ний зохион байгуулалттай байсан билээ. 

Монголчууд эртнээс эхлэн овог, овгоороо нэгдэж хам олныхоо хүчинд дулдуйдан амь зууж асан агаад өвсний шим, усны тунгалгийг дагаж нүүдэллэн явсаар хаа нэгтээ буудаллахдаа овгийн ахлагч ноёныхоо орд өргөөг төв дундаа байрлуулж, бусад нь зэрэг дэвээсээ шалтгаалан тодорхой зохион байгуулалттайгаар тойрч дугуйран буудаг. Түүнийгээ “Хүрээ” гэдэг байжээ.

Хүрээ, хүрээгээр бие даан тусгаар амьдрах эл хэлбэр монголжин улс аймгийн дотор ХШ зуун хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд харин хүн ам өсөн төлжихийн хирээр овгууд ихэд томорсон учир нэгэн аймаг бүү хэл, нэгэн овгийн дотор ч хөрөнгө чинээ, хүчин чадал ихтэй ноёдын тэргүүлсэн олон хүрээд буй болсон байжээ.

Хрээдийн ноёд цагийн эрхээр аль нэг хүчирхэг овог, аймгийн зонхилогчийг даган нэгдэхдээ өөр, өөрсдийн хүрээг авч очдог бөгөөд аль нэгэн ханлиг, аймаг гэхэд үндсэндээ олон тооны хүрээдийн нэгдэл болж байв. Тиймээс улс, аймгийн хан, ноёдын цэрэг ч мөн л бие даасан олон хүрээдийн цэргээс бүрдэж байв.

Хүрээдийн ноёд байлдаан тулалдаанд орохдоо өөр, өөрийн хүрээнийхээ цэргийг захирч тулалддаг агаад тэд тухайн цагийн цэрэг, улс төрийн байдлаас шалтгаалан хэн нэгэн нөлөө бүхий хан, ноёдыг түшиглэн нөмөр нөөлөгт нь багтаж, хоорондоо эвсэн нэгдэж явавч, өөрт ашиггүй юмуу аюул тулгарч болзошгүй болсон үед бол байлдааны дундуур ч хамаагүй, хүрээгээ аваад салаад явчих боломжтой байв.

Энэхүү “Хүрээний байгуулалт” цэргийн хэрэгт хэрхэн нөлөөлж байв? Сурвалжуудыг үзэхэд тэр үеийн байлдааны ажиллагаа ихэнхдээ эрчтэй, ширүүн эхэлдэг боловч яваандаа хүч нь саарч, удааширч ирэх нь олонтаа байжээ. Энэ нь нэгд: дийлж буй талынхан байлдааны талбарт шархдагсад, үрэгдэгсдийг тонон дээрэмдэж, олз хөөн сатаардагтай; хоёрт: мөн ерөнхийлөн захирагч хан, ноёныхоо тушаал, захирлагыг хүрээдийн ноёд үл тоомсорлон толгой мэдэн шийдвэр гаргаж, дур дураараа ухарч давшихаар барахгүй, байлдааны цагийн байдал хүндэрвээс хүрээгээ аваад байлдааны талбараас бүр цойлон гарч одох нь ч энүүхэнд байсантай холбоотой байв.

Иймээс байлдаан сунжирч, хүчээр ааглаж байсан ч дайснаа эцэслэн сөнөөж чадалгүй зугтаалган алдах юмуу эсбөгөөс байдал таагүй тийшээ эргэж болзошгүй болсон тохиолдолд зарим хүрээд тасран салж оддогоос байлдааны талбарт үлдэгсэд аргагүйдэж гарцаагүй хүчин мөхөсдөхөд хүрэх нь цөөнгүй байлаа.

Энэ бол цэрэг-захиргааны зохион байгуулалтын “Хүрээний хэлбэр” цэргийн хэргийн хийгээд нийгмийн хөгжлийн шаардлагаас хоцрогдож, саад болж эхэлсний шинж байв. Үүнийг гярхай ажиглаж мэдсэн Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахын өмнөх шийдвэрлэх тэрхүү тулааны өмнө өөрчлөх түүхэн шийдвэр гаргажээ.

Тийнхүү Чингис хаан Наху гүний тулааны бэлтгэл үед цэргээ шинэчлэн зохион байгуулж, хуучин “Хүрээний байгуулалт”-ыг халж аравтын тогтолцоонд үндэслэсэн “Мянгатын зохион байгуулалт”-ад шилжүүлжээ. Хүрээг халж, цэргийн зохион байгуулалтын үндсэн шинэ нэгжүүд болох аравт, зуут, мянгатын ноёдоор гагц үе залгамжилсан, хуучин хүрээний ноёдыг бус, харин авъяас чадвараараа тодрон шалгарагсдыг томилсон нь цэргийн хүчин чадавхи, удирдлага, зохион байгуулалт, сахилга журмыг бэхжүүлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлэв.

Түүнээс гадна шадар цэрэг болох наян хэвтүүл, далан турхаг болон шилдэг мянган баатраас бүрдсэн одоогийн ойлголтоор бол байнгын цэргийн шинжтэй “Хишигтэн” цэргийнхээ үндэс суурийг тавив. Бас буурч, үүдэчь агтач, адуучин зэрэг чухал албан тушаалуудад тэнцэх тохирох хүмүүсийг тохон томилов. Мөн цэргийн “Чэрби” хэмээх албан тушаалыг буй болгож 6 хүнийг шалгаруулан томилжээ.

Энэ мэт цэргийн удирдлага, зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн сайжруулах арга хэмжээ авч аян дайны бэлтгэлээ шуурхай базаамагц 1204 оны хулгана жилийн зуны тэргүүн сарын арван зургааны улаан тэргэл өдөр туг-сүлдээ тахиж Наймантай байлдахаар Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газраас морджээ.

III. Тулалдааны өмнөтгөл буюу алсын “Марш”
засварлах

Халх голын районоос Алтайн өвөр хүртэл хийсэн тэрхүү марш одоогийн нөхцөлд ч хүнд сорилт байсан нь ойлгомжтой.

Цэргийнхээ өмнө алгинч болгож Зэв, Хубилай хоёрын цэргийг илгээв. Тэд явсаар Саарь хээр гэдэг газарт хүрч найманы алгинч цэрэгтэй учирч тулалджээ. Тэгэхдээ нэгэн эцэнхий саарал морийг дайсандаа зориуд олзлуулсан бөгөөд тэр нь “монгол цэргийн агт туранхай ядруу учир байлдах чадвар муутай” гэж дайснаа төөрөгдүүлэхээр зохиосон цэргийн ов мэх байв. Дашрамд өгүүлэхэд монголчууд цэргийн ов мэхийг дээд зэргээр чадварлаг ашигладаг байсан нь гадаад, дотоодод хийсэн олон дайн, байлдааны түүхээс илэрхий байдаг билээ.

Чингис хааны гол хүч Саарь хээрт ирээд алсын аянд ядарч сульдсан цэрэг, агтаа хэсэгхэн зуур ч болов амрааж хүч сэлбэхээр буудаллажээ. Тэгэхдээ мөн л дайсныг төөрөгдүүлэх ов зохиосон нь “Галаар огжатгах” хэмээх арга байв. “Огжатгах” гэдэг нь “гэнэт цочроон аюулгах, огцом айлган төөрөгдүүлэх” гэсэн утгатай үг. Тийнхүү Чингис хааны цэрэг орой шөнө Саарь хээрийг дэлхэн бууж, хүн бүр тав таван гал түлж галаар сүр бадруулжээ. Найманы харуул түүнийг хараад “Тэд цөөн гэсэн. Гэтэл одноос олон гал ноцож байна. Өдөр бүр ундрах ус шиг нэмэн ирж байх бололтой” гэж Таян ханд мэдэгджээ. Түүнийг сонсоод Таян хан “Монголын агт туранхай байна. Бид Алтай даван хөдөлж монголыг “Өдөж хөдөлгөж” (хуурмагаар ухарч дайсныхаа хүчийг нь тарамдуулах зорилготой хэрэглэдэг байсан тактикийн овт нэгэн аргыг ийн нэрлэдэг), Алтайн өлгийг хүртэл Нохой хэрэл хэрж” (мөн тактикийн өвөрмөц нэгэн арга) займруулан чирэгдүүлж аваачвал монголын агт улам туранхилан ядрах болно” гэжээ. Хашир хүний энэ шийд уг нь зөв байв. Гэвч Таян ханыг дагагсад хүний тоогоор олондоо эрдэн бардамнаж “ Жирэмсэн эмийн шээх газраас хол яваагүй, жижиг тугалын бэлчих газраас гарч үзээгүй эм Таян зүрх алдаж энэ үгийг хэлж байна” гэхчлэн доромж хариу барьсан тул Таян хан “Тийм бол хатгалдая” гэж Чингис хааны өөдөөс хөдөлжээ.

IV. Наху гүний тулалдаан
засварлах

Найманы цэрэг тийнхүү явсаар Наху гүний (Одоогийн Лаху баян уул) зүүн хормойг дайран Цахир могод гэдэг газарт хүрч ирэх үед Чингис хаан угтан байлдахаар болж арга тактикаа сонгон тодорхойлжээ. Байдлыг үзвэл Чингис хааны цэрэг тоогоор Найманаас үлэмж цөөн, алсын түргэвчилсэн аянд ядарсан байдалтай байв. Тиймээс Чингис хаан “Олноос олон гарз, цөөнөөс цөөн гарз гарна” гээд Найманы эсрэг морилж тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа:

                                                  “Харгана зорчил зорчиж
                                                  Нуур байрт байлдаж
                                                  Цүүц хатгаа хатгалдая” хэмээсэн гэж Монголын нууц товчоонд өгүүлжээ. Энэхүү “Харгана зорчил зорчих” гэдэг нь хэсэг хэсгээр, бут сөөгөөр ургадаг харгана мэт цөөн хүнтэй бүлгүүд болж таруу байдлаар давших гэсэн утгатай. Үүнийг аравт, зуутын хооронд харьцангуй их завсар, гүнтэйгээр, өргөн фронтоор давших гэж ойлгож болно. 

Нуур байрт байлдах” нь нуур мэт өргөн дэлгэр байр эзлэн, нууранд юм живүүлэх адил дайсныг тал талаас нь бүслэн хааж хэсэглэн цохих гэсэн утгатай.

Цүүц хатгаа хатгах” гэдэг нь аливаа юмыг цүүцээр цөм хатгах мэт дайсны цэргийн байлдааны журам, жагсаалыг цөмлөн сэтлэх арга. Одоогийн цэргийн хэллэг, ойлголтоор “Гол чиглэлд хүч хуримтлуулан дайсны хориглолтын шугамыг цөмлөн сэтлэх” гэсэнтэй утга нэг.

Чингис хаан ийнхүү байлдах арга тактикаа тодорхойлоод цэргээ тэр үеийн заншил ёсоор цэргээ гүн тийш нь манлай, гол, хөтөд гэсэн хэсэг буюу цувраа бүхий байлдааны журамд оруулан тулалджээ.

Тэгэхдээ Хасарт гол хүчээ, Отчигин ноёнд хөтөдөө захируулаад өөрөө манлайд тулалддаг. Энэ удаад Чингис хааны удирдсан манлай цэрэг гурван цувраанаас бүрдсэн байна. Үүнд: Нэгдүгээр цувраанд анх Халх голын Ор нугын Хэлтгий хаднаас хөдлөхдөө урдаа алгинчлуулан гаргасан Зэв, Хубилай, мөн Зэлмэ, Сүбээдэй нарыг давшуулсан бөгөөд тэд Найманы харуулыг их голд нь хүртэл үлдэн хөөгөөд өргөн фронтоор шууд халз дайран тулалджээ. Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй нар ижил эрх дархтай ноёд учир хэн хэндээ захирагдахгүй, бие даан өөр өөрсдийн цэргийг удирдан довтолсон гэж үзвэл энэ нэгдүгээр цувраа нь дотроо мөн дөрвөн хэсгээс бүрдэж байж гэж болно.

Дараа нь тэдний гэзэгт хоёрдугаар цувраа болон довтолж буй Урууд, Мангудын цэрэг, “Монголын нууц товчоо”-нд тод томруун зураглан дүрсэлсэнчлэн

“Эрт талбисан унага

   Эх юүгээн сүүн хөхөж
   Эх юүгээн орчин тойрон
   Гүйх унагад мэт…”

“туялан” явна. Энэ нь Урууд, Мангудын цэрэг нэгдүгээр цуврааны араас нэмэгдэл /бэлтгэл/ хүч болон дайсныхаа урдаас халз дайраагүй, харин дээр өгүүлсэнчлэн нэгдүгээр цуврааныхаа халхлалтын дор Найманы цэргийн зах сэжүүрээр дэрлэж цохих юмуу эсвэл ар хударгаар нь тойрч бүслэхээр фронтын хоёр жигүүрээр ороон довтолж буйг харуулж байна. Өөрөөр хэлбэл манлайн эл хоёрдугаар цувраа нь нэгдүгээр цувраанаасаа тактикийн хувьд өөр үүрэг хүлээсэн бөгөөд Урууд, Мангудын цэрэг тус бүр өөр өөрсдийн, ижил эрх дархтай ноёдод захирагдаж байсан тул эл цуврааг мөн бие даасан хоёр хэсгээс бүрдэж байж гэж үзэж болно.

Тэдний гэзэгт Чингис хааны өөрөө удирдаж буй манлайн гуравдугаар цувраа тулалдаанд оржээ. Чингис хаан ийнхүү манлайд байлдах болсныг “Монголын нууц товчоо”-нд “Өгэсүн алгинчилажу” /өөрөө алгинчилж/ гэж тодорхойлсон байдаг. Алгинч, алгинчлах хэмээн дурдсан зүйл “Монголын нууц товчоо”-нд 9 удаа гарч байгаагаас зөвхөн энэ тохиолдолд л байлдааны ажиллагааны явцтай холбогдон гарч байгаа бөгөөд бусад нь зөвхөн аяны журамтай холбоотой байна. Гэхдээ энд ийнхүү өгүүлсэн нь сайтар ажиглан тунгааваас энгүүн нэг тохиолдлын чанартай юмуу ташаарсан хэрэг бус аж.

“Алгинчлах” гэдэг нь “Тагнуул, харуул хийх” гэдэг утгатай үг. Үүнээс үзвэл Чингис хаан өөрийн цэргийн манлайд байлдахын зэрэгцээ бас дайснаа “Тагнах” ажиллагаа явуулжээ гэж болно. Өөрөөр хэлбэл “Байлдан тагнасан” хэрэг болж байна.

Орчин үеийн ойлголтоор дайсан этгээдийн хүчин чадавхи, байлдааны журам, байр байдал тодорхой мэдэгдэхгүй байгаа нөхцөлд түүнийг тандан илрүүлэх зорилгоор байлдааны ажиллагааны эхэнд хүчжүүлсэн батальон хүртэлх хүчийг тусгайлан гаргаж “Байлдан тагнах” /оросоор “Разведка боем”, англиар “Reconnaissance in force” гэдэг/ ажиллагааг зохион байгуулдаг.

Энэхүү “Байлдан тагнах” аргыг 1942 оноос эхлэн Зөвлөлтийн армид өргөн хэрэглэж байсан бөгөөд бусад олон орны армид ч хэрэглэдэг.

Харин дээрхээс үзвэл “Байлдан тагнах” тактикийн ийм аргыг Чингис хаан бүр 1204 онд хэрэглэж байсан нь нотлогдож байгаа бөгөөд түүнээс өмнө ийнхүү урьдчилан төлөвлөж, тодорхой чиглэл, зорилготойгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулсан баримт одоогоор өөр хаана ч гараагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Наху гүний байлдаанд Чингис хааны цэрэг хүн хүчээр эсрэг этгээдээс дутуугийн дээр, Найманы цэргийн байлдааны журам, хүчний бүлэглэл эхлээд сайн мэдэгдэхгүй байсан агаад хоёр талын цэргийн түрүүч /харуулууд/ нэгэнт хатгалдан тулалдаж эхэлсэн тэр нөхцөлд дайсны байдлыг байлдааны явцад л тандан мэдэхээс өөр аргагүйд хүрчээ. Дайсныхаа байдлыг тодорхой мэдэхгүйгээр, тэр тусмаа илэрхий давуу хүчтэй тулгарсан нөхцөлд мухар сохроор цэргээ удирдана гэвэл ялан дийлэхийн тухай санахын ч хэрэггүй нь мэдээж. Тийм учраас дайсныхаа хүн хүчний бололцоо, байлдааны журмынх нь эмзэг хийгээд хүчтэй талыг илрүүлж, түүнд зохицуулан байлдааны ажиллагааг оновчтой удирдан зохион байгуулах зорилгоор, хором бүр алтнаас үнэтэй болсон тэр давчуу чухал үед, үхэх сэхэхийн алин болохыг тодорхойлох тэрхүү амин чухал хэргийг өөрөөсөө өөр хэнд ч үйл найдан, тийнхүү Чингис хаан өөрийн биеэр алгинчилсан буюу “Байлдан тагнах” ажиллагаа явуулсан нь илэрхий байгаа юм. Түүнээс биш зөвхөн баатар эрийн ид хавыг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлэх гэсэндээ тийн алгинчилсан хэрэг бус бөгөөд бас Хасарт гол хүчээ өгч захируулсан нь байлдааны ажиллагааг бүгдийг нь түүгээр удирдуулсан ч гэсэн үг биш юм.

Чингис хааны удирдсан цувраа тулалдаанд орж буй тухайд:

                                       “Өеөссөн шувуу мэт
                                       Шилмэлзэн хошуурч айсуй”

гэж тэмдэглэсэн байдаг. Энэ дүрслэлээс үзэхүл тэр цуврааны бусдаас ялгарах шинж нь хошуурсан буюу гурвалжин хэлбэрээр жагссан байсныг “Монголын нууц товчоо”-г зохиогч зориуд онцгойлон цохсон хэрэг бололтой. Байлдааны эхэнд Чингис хааны зарлиг болсончлон “…Цүүц хатгаа хатгалдах”-ад ийм хошуурсан жагсаал нэн тохиромжтой байсан ч байж болзошгүй.

Эл бүхнээс харахад манлай цэргийн тэр гуравдугаар цувраа нь нэгдүгээрт: дайсны байдлыг заншлан мэдэх зорилгоор “Байлдан тагнах” ажиллагаа явуулах; хоёрдугаарт: дайсны эгнээний аль эмзэг, сул газрыг олж, “Цүүц хатгаа” эхлэн хатгаж цөмлөөд, цаашид байлдааны явцад дайсныг хэсэглэн хувааж бүслэх ажиллагааг эхлүүлэх ийм хоёр гол үүрэгтэй байжээ гэж болно.

Манлай цэргийнхээ гол цөм болсон энэ цувраа чухам хэдий хир хүчтэй байсныг тодорхойлох аргагүй. Гэхдээ байлдах өдөр Чингис хааны өмнө явж тулалдах ёстой Архай Хасарын мянган шилдэг баатар хийгээд хааны бие сахигч хэшигтэн цэрэг болон шадар сайд, черби нарын мэдлийн цэрэг лав багтаж байсан нь ойлгомжтой.

Ер нь дайтан тулалдана гэдэг амь дүйсэн үйл хэдий ч манлай болон одогсдын хувьд бол ямагт дайсныхаа зохион байгуулалт нь алдагдан сарниагүй, хүчир тулаанд бие зүдэж, зүрх халираагүй шинэ сэргэг хүчний эсэргүүцэл, сөрөг цохилттой тулгардаг, үнэхээр амь зольсон хэрэг байсан бөгөөд түүний хир амжилт олохоос тухайн байлдааны төгсгөл ихээхэн шалтгаалдаг байсан учир Чингис хаан онцгой анхаарч, манлайд хамгийн итгэлтэй, шилдэг баатруудаасаа тохоон томилдог байжээ.

Манлайн араас “Гол хүч” тулалдаанд орно. Гол хүч нь мөн л бие биесийн гэзэг дарсан, тактикийн бие даасан үүрэг бүхий цувраа, хэсгүүдээс бүрддэг байсан байна.

Их цэрэг дайсантай тулгаран байлдааны журамд шилжих үед аяны цувраанд цэрэг дайчдын хамт явсан агтчин, адуучин хийгээд хүнс, саалийн мал хариуцсан малчин, дайлан буй эрсээ даган яваа ар гэрийнхнээс эхлээд сумчин, зэвчин, тэрэгчин, төмөрчин гэх мэт дархчууд, өвчтөн шархтныг эмчлэгч эмч домч, бариач шархач, байлдаанд анхлан яваа залуу хөвгүүд /13-15 насны/, тэднийг халхлан хамгаалах цэрэг эрсийг ялган “Хөтөд” хэмээх нэгэн цуврааг буй болгодог байжээ. Хөтөд нь байлдаанд зөвхөн “Ар тал” болоод зогсохгүй шаардлагатай үед бас бэлтгэл нэгэн цувраа болон тулалдаанд оролцдог байжээ. Дээр дурдсан Наху гүний байлдаанд их голынхоо араас Отчигин ноёны удирдсан “Хөтөд” тулалдаанд орж байгааг “Монголын нууц товчоо”-нд дүрсэлсэн нь түүнийг илтгэх нэгэн баримт.

Үүнээс гадна дайсны зүрхийг үхүүлэх зорилгоор үй түмэн цэрэг хүч нэмэн ирж буй мэт сүр үзүүлэн мод, эсгий чирэн холоос их тоос босгох, агт морьдын нуруунд хүний хиймэл дүрс унуулан довтолгох зэрэг ов зохион хуурах, дайсны жагсаалыг сарниулан үймүүлэхийн тулд цэргийнх нь урдаас адуу, тэмээ, үхэр мал туун оруулах зэрэг ажиллагаанд хөтөд чухал үүрэг гүйцэтгэдэг байв.

Ийнхүү эхэлсэн тулалдаан өдөржин үргэлжилж Найманы цэрэг буруулан зугтааж Наху гүний өөд авиран ухарцгааж байжээ. Үдэш нь Чингис хааны цэрэг Наху гүний өөд ухран гарсан Таян ханы цэргийг бүслэн хоножээ. Тэр шөнө найманы цэрэг сарнин тархахдаа Наху гүний хадан хясаан дээрээс халтиран унацгааж олон хүн хэмхрэн үхжээ. Маргааш нь шархадсан Таянг барьсан боловч тэр шархаа даалгүй нас барсан гэдэг. Байлдаан эхлэхийн өмнө Наймантай хамт байсан Жамуха Найманы цэргийг бүслэгдэхийн даваан дээр зугтааж амжсан боловч тулалдаан дууссаны дараа төдий удалгүй хамт явсан цэргүүддээ баригдан ирж өөрийн хүсэлтээр цаазлуулсан түүхтэй. Наймантай хамт байсан бусад олон овог аймгийн цэрэг ч бууж өгөх нь бууж өгч, азтай зарим нь цойлон одож амь гарчээ.

V.Тулалдааны төгсгөл
засварлах

Наху гүний тулалдаан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн энэ байлдаанд ийнхүү Чингис хаан Найманыг хиартал бутцохисон нь дээр өгүүлсэнчлэн түүний цэргийн жанжны аугаа их авъяас чадварын илрэл байв. Тэрбээр байлдааны эхнээс санаачлагыг гартаа авч цэргийн ов мэх хийгээд сэтгэл зүйн довтолгоог ч чадмаг хэрэглэсний үр дүн тийн гарчээ.

Нөгөө талаар цаг үеэ олж хийсэн цэргийн шинэчлэл нь түүнд ийм ялалт авчирах угтвар нөхцлийг бүрдүүлж өгчээ. Наху гүний байлдаанд Чингис хааны цэрэг хэдийгээр хүн хүчний тоогоор дайснаасаа үлэмж дутуу байсан ч хатуу чанд сахилга, зохион байгуулалттай байж, байлдааны журам жагсаалаа огт алдаагүй, хэн ч толгой мэдэн дураар аашлаагүй бол хуучин тогтолцоогоороо байсан Найманы цэрэг нэгдсэн удирдлага султай, эвсэн нийлж асан овог аймгийн ноёд нь зөвхөн өөр өөрсдийн эрх ашгаа харгалзсан шийдвэр гаргаж, хар амиа бодож байснаас цэргийн нягт харилцан ажиллагаа гэх юмгүй болж, байлдааны явцад цэрэг нь хэд хэд тасарч, улмаар амь тэнсэхийн цагт харь элгийн Жамуха байтугай хан хүү Хүчүлүг нь хүртэл төрсөн эцгээ үхлийн аюулд орхин байлдааны талбараас цойлон одоод, Наймантай хамт байсан Жадаран, Салжиуд, Дөрвэн, Тайчиуд, Хонгирад тэргүүтэн аймгийн цэрэг бууж өгсөн нь эсрэгцэлдэж асан хоёр талын цэргийн зохион байгуулалтын зөрөө, түүний эерэг сөрөг талыг тод томруун илтгэн харуулсан хэрэг байлаа.

Нөгөө талаар энэ ялалт нь Монголын нууц товчоонд өгүүлсэнчлэн:

“Хацрыг жадалж байвч

Харсан нүдээ цавчдаггүй

Хар цусаа урсавч

Харьж огт буцдаггүй” хатуужил ихт монгол жирийн цэрэг эрсийн мохошгүй чин зориг, эрдэм чадлын илэрхийлэл байлаа.

ТАКТИКИЙН БУСАД АРГЫН ТАЛААР

засварлах

Монголчууд дайсныг бүслэн хаахдаа зарим үед зээгт авын аргаар ан амьтныг агнах лугаа адил нэг талаас нь хадан хавцал, гол мөрөнд шахаж, гурван талаас нь хавирган саран мэт хэлбэрээр хагас цагираглан хааж ухрах замгүй болгоод бүслэлтээ алхам алхмаар хумидаг байжээ. Чингис хаан Сартаулын Желал Ад-дин султаны цэргийг Инд мөрөнд шахан ийнхүү бүслэн цохисон тухай перс түүхч Жүвэйни “Энэ нь яг мөрний урсгалаар хөвч хийсэн нумын хэлбэртэй харагдана”[iii] гэж тэмдэглэсэн байдаг. Рашид ад-Дин ч бас “Монгол цэрэг султаныг тал талаас нь хүрээлэн, нум шиг хэд хэдэн хагас дугуйгаар ар араасаа эгнэн ирэхүй Инд мөрөнд нумын хөвч шиг тулан байв. Нар гарахад султан гал, усны дунд орсноо мэдэв”[iv] гэж бичсэн байна. Энэ аргыг тэр үед чухам юу гэж нэрлэж байсан нь одоогоор хараахан мэдэгдээгүй байгаа бөгөөд харин хожим нь “Нуман түлхүүр байр хийх” гэх болсон ажээ. Дайсанд бүслэгдсэн үед бух эврээрээ сэжлэн олих мэт бүслэлтийг хэд хэдэн газраар цөмлөн сэтэлж гарахыг “Бух сэжүүр байр хийх” гэдэг.

Хэрэв бүслэгдсэн дайсан амжилттай хориглож, түүний улмаас байлдаан сунжирч, ихээхэн хохирол учруулж болзошгүй төлөвтэй болвоос монголчууд бүслэлтийнхээ аль нэг хэсгийг зориуд “сэтлүүлэн” зам тавьж өгөөд дайсан нь цувран гарч хэсэг хэсгээр салж давхих үед нь гэзэг даран хөөж бут цохидог. Чингих нь зууралдан байлдсанаас хавьгүй хялбар агаад үр дүнтэй байдаг байжээ. Цөөн бус хэрэглэдэг байсан эл аргыг тухайн үед юу гэж нэрлэдэг байсан тухай мэдээ одоогоор байхгүй байгаа тул бид агуулга, хэлбэрийг нь үндэслэн ийн “Цувруулан цохих” хэмээн нэрийдэв.

Монголчууд хориглох байлдаанд хүрээлэн тулалдах буюу шивээлэн хороолох аргыг зонхилон хэрэглэдэг байжээ. Хүрээлэх нь эрт цагт овог нэгтнүүд нэгдэн хүрээ хүрээгээр нүүдэллэдэг асан амьдрал ахуйн онцлог хэвшлээс үүдэж, аян дайнд дайсны довтолгоог няцаах үедээ хэрэглэдэг үндсэн аргын нэгэн болон хувирчээ. Тухайлбал, дайсан уулгалан довтлох үед тэрэг хөсгөө хүрээлэн дүгрэглэж, давхар давхар бэхлэн, шивээ хаалт босгоод хориглон тулалдах юмуу хэсэг хэсгээрээ тэр хүрээ бэхлэлтээсээ гарч тулалддаг байсан байна.

Рашид ад-Дин “Хүрээ хэмээх нь цагираг (тойрог) гэсэн утгатай үг. Урьдын цагт аливаа нэгэн овгийнхон хаа нэгэн газар буудаллахдаа цагираг мэт байрладаг бөгөөд тэдний ахлаач нь тэрхүү тойргийн дундах цэг лүгээ адил байх болой. Үүнийгээ хүрээ гэж нэрлэдэг. Өдгөө ч гэлээ дайсны цэрэг айсан ирэхүй, дундуураа харь дайсныг оруулахгүйн тулд тийм хэлбэртэйгээр байрламой” гэснийг үзэхүл Чингис хааны залгамж үеийнхэн, түүний дотор монголын ил хаадын, харь овгийн хүн зонхилох нь болж байсан цэрэгт ч энэ аргыг хэрэглэдэг байсан байна. Одоо ч гэсэн олон улсын цэрэгт давуу хүчтэй дайсантай тулгарч бүслэгдэх аюул заналхийлсэн нөхцөлд цэргийн анги, салбарууд тухайн үед эзэлж буй тулгуурт байр, орчин газраа удаан хугацаагаар тогтоон барих хийгээд аль ч талаас ирсэн дайсны довтолгоог няцаах зорилгоор галын хэрэгслээ зохих ёсоор байрлуулж, газар орноо инженерийн байгууламжаар төхөөрөмжлөн хориг саад байгуулж “Эргэн тойрны хориглол” гэдгийг зохион байгуулдаг нь эртний монголчуудын эл “Хүрээ” лүгээ үүрэг зорилго, байгуулалтын зарчмын хувьд зөрөө үгүй. Иймээс “Хүрээ”-г өдгөөх “Эргэн тойрны хориглолт”-ын уугал хувилбар гэж үзэж болох юм.

“Хар татарын хэргийн товч” хэмээх хятад сурвалжид монгол цэрэг “Дайсан бутарвал бутарч, бөөгнөрвөл бөөгнөрнө…Довтлон ирэхдээ тэнгэрээс бууж ирэх мэт, одохдоо цахилгаан цахилах адил тул түүнийгээ “Хүрээ цэрэг”, “Цацсан одны жагсаал” хэмээн нэрлэнэ”[v] гэсэн байдаг. Үүнээс үзвэл монгол цэрэг ухран зайлах үедээ бол сацсан од мэт тал тал тийш тархан, дайсны нэхэн хөөх зүг чигийг алдуулан тасарч ул мөргүй “алга болдог” байсан бололтой. Тийн зайлахдаа дайсны довтолгоог саатуулах зорилгоор төмрөөр хийсэн дөрвөн үзүүртэй өргөс хэлбэртэй “Сөргөө” хэмээх зүйлийг хойноо тараан цацдаг. Сөргөө газарт унах үедээ дөрвөн өргөснийх нь аль нэг үзүүр заавал дээш чиглэн шордсон байх учир мөрдөн хөөгчийн агт морьдын туурайд шигдэн хатгаж явах аргагүй болгодог байжээ.

Монгол цэрэг байлдан тулалдах үедээ тухайн газар орон, цаг агаар, байлдааны цагийн байдалд зохицуулан байлдах аргаа тодорхойлоод, түүнийгээ маш уран чадамгай хэрэглэдэг байлаа. Тэгэхдээ аль нэг аргыг улиг болтол дагнан хэрэглэдэггүй, харин тухайн нөхцөлд тохирсон арга мэхийн хослолыг сонгохыг эрхэмлэдэг байжээ.

Хот, цайзыг дайлахуй

засварлах

Дотоодын хямрал тулалдаанд монголчууд хээрийн байлдааны аргуудыг зонхилон хэрэглэж дадсан байсан хэдий ч XIII зууны эхнээс Их Монгол Улсын цэрэг хилийн дээс давж, бат бэх хэрэм цайзаар хамгаалсан хот, суурин газрыг дайлах болмогц түүнд тохирсон арга хэлбэр, зэр зэвсгийг ч чадамгай хэрэглэх болов. Гэхдээ энэ бол зарим түүхчдийн бичдэгчлэн монгол хүн хот цайзыг эвдэх аргыг урьд нь мэддэггүй байсан гэсэн үг биш. Аль Хүннү, Сүмбэ, түүний өмнөх үеэс эхлэн нүүдэлчин монголчууд хил залгаа, суурьшмал амьдралтай овог, аймгуудтай тоо тоймшгүй олон удаа дайтаж ирсэн учир хот, суурин газрыг дайлах байлдааны аргын онцлог хийгээд шаардагдах багаж зэвсгийг ч мэддэг, бүтээн эзэмшиж ч чаддаг байсан билээ.

Тийм ч учраас Чингис хааны цэрэг харь газар хөл тавьсан анхны алхмаасаа эхлэн ялалт амжилтын яруу алдраа даян дэлхийд дуурсгах болсон юм. Монгол цэрэг хот, цайзыг дайлахдаа шууд дайрах, бүслэн хаах хоёр аргыг хэрэглэдэг байв. Харин хот газрыг дайлах, ялангуяа бүслэн хаах нь зарим үед хэдэн сараар үргэлжилж, урт удаан хугацаа шаарддаг, нөгөө талаар морьт цэргийн хөдөлгөөнт давуу чанарыг ашиглах боломж олгодоггүй учир болж өгвөл хот сахисан цэргийг ямар нэг аргаар өдөж хөдөлгөн хээр талд аваачиж хүчээ сорихыг эрмэлздаг байжээ. Жишээ нь, 1222 онд Мухулай ноён Алтан улсын Янь-ань хотыг дайлахдаа дорнод этгээдэд нь орших хоёр их ганга жалгатай газар их цэргээ бүгүүлж, цөөн хүнээр дайсныг өдөж хөдөлгөн авчраад хиар цохиж байжээ. Энэ мэт дайсны хот сахисан цэргийг омогшуулан самууруулаад санасандаа хүрч байсан баримт олон.

Хотыг бүслэн хаах нь бас хоёр янз. Үүнд: нэг бол зээгт ав мэт эхлээд тухайн хот цайзыг алсуур хүрээлэн аваад эргэн тойрных нь жижиг тосгон, сууринг эзлэхийн хирээр бүслэлтээ алгуур хумин урагшилна. Эсвэл эхлээд хот, цайз руу шууд довтлон ирж бүслэж аваад дараа нь орчин тойрных нь гаар орныг шүүрдэн самнана.

Ийнхүү хотыг бүслэн авах үедээ тэр хотын эзэн ноёдод заавал элч илгээж дагаар орохыг шаарддаг. Хэрэв хотынхон тэр шаардлагыг биелүүлбэл цэрэг, анги, агт морь, хүнс тэжээлээ сэлбэж аваад чанагш одно. Тэгэхдээ зарим чухал түшиц газруудад бол монгол даргач томилон үлдээнэ. Харин уг шаардлагыг үл биелүүлсэн, ялангуяа элч зардсыг алж талсан, гутааж доромжилсон бол тэр хотыг өршөөдөггүй байв. Гэхдээ бас тавьсан шаардлагыг биелүүлээгүй хэдий ч дайны явцад онц чухал нөлөөгүй хот, тосгоныг бол хөндөлгүй өнгөрөх нь цөөн бус байжээ.

Хот, цайзыг бүслэн хаамагцаа дайсанд туслах хүч ирж болзошгүй чиглэлүүдийг халхлан тусгай замын цэрэг мордуулж, тал талдаа тагнуул туршуул, харуул хамгаалалт гарган чандлан сэргийлээд, хотын эрх баригчидтай хэлцэл хийх хоорондоо хот, хэрмийг дайлан эвдэх бэлтгэлээ шаламгайлан хийж, олон сум зэрэг харвах хэдэн арван хөвчийн их харвуур, хэрэм өөд авирах “Үүлэн шат” хэмээх халх хаалт бүхий тусгай шат, газрын тостой бортого харвах оньсон суурь болон бусад төрлийн гал, чулуу, урвуулан чавхдагч урвуур, чөдөр, оньс, хана хэрэм эвдэх хүчит оньсон төхөөрөмжийг хэдэн зуу, мянгаар нь үйлдэн базааж авна. Дээр дурдсан сурвалжид “Тэдэнд хот балгасыг эвдэх буу бий…Урьд Фэнсян хотыг эвдэхэд хүч төвлөрүүлэн нэг өнцгийг нь цохихдоо 400 илүү суурь буу босгосон юм. Дээрхээс бусад зэвсгийг тоочвоос үл барнам”[vi] гэсэн байдаг нь түүний нэг жишээ. Мөн энэ хооронд эргэн тойрон газрын оршин суугчид, олзлогдогсдыг дайчлан хотын хэрмийг тойрсон хамгаалалтын гуу, жалгыг бөглүүлэх бөгөөд зарим газарт хотын хэрмийн өндөртэй тэнцэхүйц далан босгож түүн дээрээ элдэв төрлийн оньсон зэвсгээ суурилуулж ч байсан гэдэг.

Тийнхүү бэлтгэлээ сайтар базааж авсныхаа дараа сая тал талаас дайран довтолж эхлэнэ. Нэгэнт довтолж эхэлсэн бол “тасралтгүй, идэвхтэй ажиллагааны зарчим”-ыг баримтлан өдөр, шөнө ялгалгүй хатгалдаж, хотын оршин суугчдад амсхийх зав үл олгоно.

Тэгэхдээ олон төрлийн урвуур, хүчит нум, харвуураар гал, чулуу, суман мөндөр буулгахын зэрэгцээ хана хэрэм эвдэх оньсон төхөөрөмжөөр хэрмийг цөмлөх, доогуур нь малтан нүхлэх аргыг ч хэрэглэнэ. 1221 оны 4 дүгээр сард Нишапур хотыг дайлах үедээ довтолгооны хоёр дахь өдөр л гэхэд хотын хэрмийг 70 газар сэтлэн цөмлөөд дотогш орж байжээ. Чулуу урвуур нь маш хүчтэй байсан бөгөөд дөрвөн хүн арай ядан даах том чулууг бүтэн хагас сумын газар харвадаг байсан гэдэг. Чулуу ховортой Үргэнч мэтийн хотыг дайлах үед тээрмийн бул чулуунуудыг сум болгон харваж хэрэглэхээс гадна хүнд хатуу модыг сонгож бүдүүн бүдүүнээр нь тайран дүгрэглээд усанд дэвтээн хүндрүүлж байгаад харвадаг байжээ.

Сартаулын дайны үед нэгэн хотынхон монголчуудын хийж буй довтолгооны бэлтгэлийг гайхан харж “Энэ өндөр хэрэм дээр яаж гарах юм бол?” гэцгээж байгаад үүлэн шат тавьж авиран гарах үед нь л сая учрыг ухаж байлдаж эхэлсэн гэдгийг үзэхэд үүлэн шат хүртэл зарим газарт огт мэдэхгүй байсан шинэ зүйлийн нэг байсан бололтой.

Монголчууд дайтагч улсуудаасаа ямагт цөөн хүнтэй байсан учир хаа боловч өөрийн цэрэгтээ аль болох бага хохиролтойгоор ялах аргыг сүвэгчлэн эрэлхийлдэг байжээ. Тийм ч учраас бололцоотой газарт цэргийн хүчийг үл ашиглан, хот цайзын усан хангамжийг эвдэн бусниулах, галдан шатаах зэрэг аргыг хэрэглэдэг байв.

Усан хангамжийн тогтолцоог эвдэх нь хоёр янз. Нэг бол хотын ундааны гагц эх булаг болж асан гол усны голдирлыг өөрчлөн усыг хаана. Эсвэл гол мөрний хаалт даланг сэтлэн үерт авахуулна. Ийм аргаар Алтан улс, Тангад, Сартаулын хэд хэдэн хотыг эвдэн буулгаж авсан байна.

Хотыг галдан шатаахдаа төрөл бүрийн галт сумаар хэрэм давуулан харвах, гал урвуураар газрын тостой бортого харвах, зарим үед нохой, шувуу зэрэг амьтны сүүлэнд хөвөн, бөс уяж гал ноцоон тавих гэх мэт аргыг хэрэглэдэг байжээ.

Түүхэн баримтыг үзвэл монголчууд 1220-иад оны сүүлээс эхлэн хот, суурин газрыг дайлахдаа дарьт зэвсэг өргөн хэрэглэх болжээ.