Хөхтөмөр (Хялбаршуулсан ханз: 扩廓帖木尔; Уламжлалт ханз: 擴廓帖木爾, Хятадаар түүнийг Ван Бао Бао 王保保, ?-1375) нь гэж дууддаг Монгoлын Юань улсын сүүл үед тодрон гарсан шилдэг жанжин юм.

НамтарЗасварлах

1362-1368Засварлах

Хөхтөмөр жанжин бол Баяд овгийн хүн бөгөөд багад нь эх нь нас барсан тул нагац ах Цагаантөмөрийн халамжинд өсчээ. Тэрээр Хэнань мужид төрсөн ба төрсөн эх нь Найман овгийн Монгол вангийн охин, өсгөсөн эцэг Найман овгийн Цагаантөмөр жанжин нь монгол цэргийг удирдаж байсан тул түүний харъяанд дайтаж байжээ. 1362 онд Цагаантөмөр жанжин Шаньдун мужийн И Доу хотод байхдаа өөрийн туслах Тянь Фэнь гэгчид хорлогдон үхсэн. Энэ явдлын дараа Хөхтөмөрийг дараагийн удирдагчаар нь томилж босогчдын цэргүүдтэй дайтах болсон. 1362 оноос Юань гүрний ордны доторх зөрчил тэмцэл туйлдаа хүрч хоорондоо талцан байлдав. Ийм нөхцөлд гүрний өмнөд хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямар ч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжны удирдсан монгол цэргийн анги хамгийн хүчтэй, сургуультай, дэг журамтай нь байжээ. Энэ үед Тогоонтөмөр хаан Хөхтөмөр жанжныг цэргийн хамт хятадын өмнөд нутагт илгээж, Жу Юань Жанаар толгойлуулсан босогчдын хүчийг бут ниргэхээс гадна өмнө зүгийн монголчуудыг буцаан татахад замын хаалт саадыг сэтлэх үүргийг өгсөн байна. Хөхтөмөр жанжин цэргээ аван хөдлөх тэр мөчид Сослан түшмэл, хан хөвгүүн, Бортөмөр жанжин нар хуйвалдаан зохион байгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх гэжээ. Иймээс эзэн хаан Хөхтөмөрийг хятадын өмнөд нутагт явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалан, хуйвалдааныг илрүүлэн дарахыг даалгасан байна.

Хөхтөмөр жанжин Сосланыг барьж, Бортөмөрийн цэргийг бут цохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачи цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Жу Юань Жан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийн араас хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж байлдах ямар ч нөхцөлгүй болсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.

Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эр охиноо үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангарагласан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэж, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийслэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.

1368-1375Засварлах

Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, ганцаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс өөр аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийслэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжныг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлага доор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.

1368 онд Юань улс мөхөж Мин улсын их цэрэг Хятадыг эзлэхэд Монголчууд Говийн умардад зугтан очсон. 1372 онд Мин улсын 150,000 их цэрэг Монголд гурван замаар нэвтрэн орж ирэхэд Аюушридар хаан болон түүний удирдсан цэргүүд Сюй Да жажнаар захируулсан Мин улсын цэргүүдийг Туул голыг орчимд бут ниргснээр Хятадын цэрэг зугтан одсон. Мин улсын хоёр жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулж, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн захирах жанжин Сюй Дагийн удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөж, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.

Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан Монголын цэргийн хүчин чадал их, Монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс нь монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд, зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан Курё улсын ванд хандан захиа хүргүүлж: "Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тогтооход хүчин зүтгэж, хүч хавсрах"-ыг сануулсан байна.

Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн нуруу хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1375 онд нас баржээ.

Гэр бүлЗасварлах