Есү
Юань улсын эцэс үеийн улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин.
Есү анхандаа Хуайнань-ы салбар шумиюань-ы дэд сайд (淮南行樞密院副使), Шумиюань-ы хэргийг бүхнийг мэдэгч (同知樞密院事) зэрэг алба хашиж байв. 1354 онд Тогтох чэнсянг дагалдан Сюйчжоу (徐州)-д улаан алчууртны бослогын нэгэн толгойлогч Чжи Мали (芝麻李)-г дарсны учир Жунжэнюань-ы хэргийг бүхнийг мэдэгч (同知中政院事) тушаал хүртэв. Түүнчлэн Хуайси, Хуайнань-ыг дайлж, Хуайнань-ы салбар шумиюань-ы дэд сайд (淮南行樞密院副使), Шумиюань-ы хэргийг бүхнийг мэдэгч (同知樞密院事) болов. Түүнээс хойш Хэбэй, Шаньси, Ляодун зэрэг газрын улаан алчууртны бослогыг дарж, 1362 онд Ляоян салбар мужийн зүүн этгээдийн чинсан (遼陽行省左丞相) болов. 1364 онд Шумиюань-ы хэргийг мэдэгч (知樞密院事) болжээ. 1365 онд Хөхтөмөртэй хүч хавсран Бортөмөрийг бутцохив. 1367 онд Төв бичгийн мужийн баруун этгээдийн чинсангаар томилогдож, цэргийн хамт Шаньдунд суужээ. 1368 онд Мин улсын цэрэг Мочжоу (莫州)-г довтлоход Есү ялагдаж, умар зүгт ухарчээ.
Тогоонтөмөр хаан 1368 оны 11-р сард Есү-г Лян ван (梁王) өргөмжилж, тайбао (太保) цол шагнажээ. 1369 оны хавар хааны зарлигаар Есү 4 түмэн цэрэг авч Тунчжоуг довтолсон боловч эзэлж чадсангүй. Түүнээс хойш Есү Хунло ууланд сууж Шанду хотыг хамгаалж байв. 1370 оны 6-р сард Мин улсын цэрэг Хунло уулан дахь монгол цэргийг довтолж, улмаар Шанду хотыг эзлэн авсанд Есү чинсан, Аюушридарагийн хамт Хархорум руу одоод, 1372 онд нас баржээ.