Тайвэй
Тайвэй нь цэргийн хэргийг хариуцдаг албан тушаал бөгөөд эртний Хятадын Цинь улсын үед буй болжээ. Цинь, Түрүү Хань улсын үеэс засаг захиргааны хэргийг хариуцсан Чинсан (丞相), цэргийн хэргийг хариуцсан тайвэй (太尉), хяналт шалгалтыг хариуцсан юйшидайфу (御史大夫)-г “гурван гүн (三公)” хэмээн нэрлэх болжээ. Чинсан, юйшидайфу тушаалтныг байнга томилдог байсан бол тайвэй тийм байгаагүй гэж үздэг. Үүнээс хойш аажимдаа сул албан тушаал юм уу нэмэлт зэрэг хэргэм болон хувирчээ.[1] Хожим нь тайвэй-г дасима (大司馬) хэмээн нэрлэх болов. Харин Зүүн Хань улсын үед дахин тайвэй хэмээх болжээ. Үүнээс хойш Тан (唐), Сун (宋) улсын үе хүртэл ситу (司徒), сикун (司空)-гийн хамт “гурван гүн (三公)” хэмээн нэрлэж байв. Юань улсын үед даситу (大司徒), ситу (司徒) лугаа хамтаар бодит эрх мэдэлгүй, гавьяаны цол болон хувирчээ. Мин улсын үед хэрэглэгдэхээ больжээ.[2]