Тайбао[1] хэмээх цол нь Нанхиад газарт оршиж байсан төрт улсуудын эзэн хаадын өөрийн түшмэлдээ олгож байсан уламжлалт цол юм. Эртний уламжлалт “гурван гүн (三公)” буюу тайш (太師), тайфу (太傅), тайбао (太保)-гийн дотроос зэрэг дэвээр хамгийн сүүлчийн хэргэм зэрэг. “Гурван гүн” нь Хятадын Жоу (周) улсын үеэс эхлэлтэй бөгөөд энэхүү нэр томьёо түүхэн цаг үеэсээ хамааран харилцан адилгүй байжээ.[2]

Тайбао нь Шан улсын үеэс эхтэй, эзэн хаанд тусалж, төрийн хэргийг шийдэхэд оролцдог албан тушаал байжээ. Хавар намрын улс (春秋)-ын үед энэхүү албан тушаалыг устгасан боловч, Баруун Хань улсын үед дахин сэргээжээ. Зэрэг дэвийн хувьд тайфу-гийн дараа ордог байв. Зүүн Хань улсын үед хэрэглэхээ больж байгаад, Жинь улсын үед дахин сэргээж, тайзай (太宰), тайфу (太傅) лугаа хамт “дээд гүн (上公)” хэмээн нэрлэсэн бөгөөд зэрэг дэвийн хувьд тухайн үеийн “гурван гүн” буюу ситу (司徒), тайвэй (太尉), сикун (司空)-гийн дээд талд байв. Тэр цагаас хойш тайши, тайфу, тайбао тушаалтан тасралтгүй тавигдах болжээ. Умард Вэй улсын үед дээрх гурван албан тушаалтныг “саньши (三師)” хэмээн нэрлэх болжээ. Сүй улсын үеэс эхлэн “гурван муж, 6 явдлын яам”-ны тогтолцоо (三省六部制) бэхжиж, албан хэргийг явдлын яамны сайд болох шаншу (尙書) нар тэргүүлэн явуулах болсонтой холбоотойгоор “гурван гүн” нь бодит эрх мэдэлгүй, “хүндэт хэргэм” болон хувирчээ. Монголын Юань улсын үед “гурван гүн” хэргэмийг хэвээр хэрэглэж байжээ. Хожим Дөчин, дөрвөн хоёрын Монгол улсын үед Даян хааныг хүртэл энэхүү цолыг хэвээр хэрэглэж байжээ.[3] 1912 онд Манж Чин улс мөхсөн үеэс хойш хэрэглэхээ больсон юм.

Холбоотой мэдээлэл

засварлах


 

Энэ Бүгд Найрамдах Хятад Улс хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  1. Уг цолыг Монголчууд Тайбу гэж нэрлэдэг.
  2. https://mongoltoli.mn/history/h/364
  3. https://mongoltoli.mn/history/h/364