Мураны ав хэмээх нь Манж Чин гүрний үед 1681-1820 оны хооронд жил бүрийн намрын улиралд зохиогдож байсан нэгэн ав хомрого юм. Уг арга хэмжээг Энх амгалан хааны зарлигаар 1681 онд Чэндэ дахь манжийн хааны зуны ордоны ойр хавийн нутагт анх ав хомрого хийжээ. Чин гүрэн 1683 онд Тайванийг эзэлж, бүх хятадыг нэгтгэснээр Мураны авыг жил бүрийн намрын дунд сард Хааны зуслангийн нутагт зохион байгуулах болжээ. Энэхүү ав хомрогод манжийн хаан, манж монгол ван, гүн, сайд, жанжид оролцохоос гадна зөвхөн найман хошууны манж, монгол цэргүүд дайчлагдаж, ан гөрөө хийх эрхтэй байв. Уг ав хомрого хийх нь дотор газар орж суусан манжуудад эцэг өвгөдийн ёс уламжлалаа хадгалах, цэрэг дайны бэлтгэл сургуулилт хийх, Чин гүрний сүр хүчийг харь орны элч төлөөлөгчдөд харуулах зэргийн ач холбогдолтой байв.

Тэнгэрийн тэтгэсэн хаан ан хийж байгаа нь

Нэр томъёо

засварлах

Манж хэлэнд буга урамдахыг муран[1] гэдэг бөгөөд ав гэдэг монгол үгийг манжууд шууд зээлдэж хэрэглсэн. Мураны ав хэмээх нь монголоор Урамдалын ав, хятадаар 木兰秋狝 (Mùlán qiūxiǎn) гэдэг байжээ. Энэ нь тус нутагт буга урамдах нь их учраас ингэж нэрлэжээ. 1705 онд Энх амгалан хаан Мураны авын газрыг хариуцсан хэлтэс байгуулсныг монголоор Мураны авын хүрээлэн, хятадаар 木兰围场 (Mùlán Wéichǎng) гэдэг.

 
Ан хийж байгаа нь

Мураны авын хүрээлэн

засварлах

Мураны авын хүрээлэн нь өмнө нь монголын Зуу удын чуулганы нутаг байв. 1683 онд Энх амгалангийн зарлигаар хааны мэдэлд шилжүүлж, дархан цаазат нутаг болгожээ. Тус нутаг нь нийт 1300 гаруй газар, зүүнээс баруунш 300 гаруй газар, өмнөөс умарш 200 гаруй газар, хилийн зааг нь зүүнш харчин хошуу, баруунш цахар найман хошуу, умарш баарин жич хэшигтэн хошууд, өмнөш Чэндэ фу, зүүн өмнөш харчин хошуу, баруун өмнөш цахарын шулуун хөх, хөвөөт цагаан хошуу, зүүн хойш онниуд хошуу, баруун хойш цахарын шулуун хөх хошуутай хаяа нийлж байв.[2] Энэ нутаг нь одоогийн Хэбэй мужийн хойд, Ляонин мужийн баруун хойд, Өвөр Монголын зүүн өмнө хэсгийн нутгийг хамарч байв. Авын хүрээлэнгийн дөрвөн талаар бургас тарьж ургуулсныг Бургасан хүрээ гэдэг байв. Бургасан хүрээнээс орж гарах хоёр гарцтай, зүүн зам нь янкоу орно, баруун зам нь жаргалантаар орно.[2] Авын нутаг нь анх ой мод ихтэй байж, ан амьтан ихтэй нутаг байв. Анх 67 бага хүрээлэнд хувааж байснаа сүүлчээр нь 70-72 болжээ.

1705 онд Мураны авын хүрээлэнг байгуулахдаа найман хошууны дүрмээр тус бүрд нь хуаран, харуул тавьж, тус газрыг сахиулжээ. "Нэг хуаран нь таван харуул хариуцаж, харуул бүр тус бүрийн нутгийг сахиж байв. Нийт 47 харуул байв."[3] Тэдгээр харуул нь хулгайн ан агнуур, хууль бус мод бэлтгэл зэргээс сэргийлэх зорилгоор байгуулсан.

  1. Хөвөөт шар хошууны хуаран нь Цавчигт байж, хойноос зүүнш байрлаж байдаг. Түүний харуул нь Сайхан давааны сэцэн, Ар сэх, Ар хулстай, Ингэ байшинт болно.[3]
  2. Шулуун цагаан хошууны хуаран нь Нарийн шаргад байж, зүүнээс өмнөш байрлана. Харуул нь Баруун Бөндэй, Улаантай, Шар нохой, Нарийн шарга, Гэр чулуу болно.[3]
  3. Хөвөөт цагаан хошууны хуаран нь Шивэртэйд байрлаж, өмнөөс зүүнш байрлана. Харуул нь Хаант, Зос, Шивэртэй, Мааньт, Ботго болно.[3]
  4. Шулуун хөх хошууны хуаран нь Чулуутд байрлаж, өмнөөс зүүнш байрлана. Харуул нь Муруй харчин, Гүдгэр, Цагаан зав, Хан төмөр, Нарст зав болно.[3]
  5. Шулуун шар хошууны хуаран нь Шар завд байрлаж, хойноос баруунш нутгийг захирч, харуул нь Үхэр толгой, Нарст хошуу, Шалдан, Шар зав болно.[3]
  6. Шулуун улаан хошууны хуаран нь Хүүхэн толгойд байрлаж, баруунаас хойш нутгийг захирч, харуул нь Цагаан бургастай, Арслан овоо, Мааньт булаг, Чүгүлтэй, Бух хөнхөр болно.[3]
  7. Хөвөөт улаан хошууны хуаран нь Сум залаад байрлаж, баруунаас өмнөш нутгийг захирч, харуул нь Хайлаастай, Жянжян Ин, Баруун хараацайн үүр, Говь, Ил бууц болно.[3]
  8. Хөвөөт хөх хошууны хуаран нь Хайлаастайд байрлаж, өмнөөс баруунш нутгийг захирч, харуул нь Зүрхтэй, Согсордай, Бөх, Зүүн хараацайн үүр, Зос залаа болно.[3]
 
Авын газарт бөх барилдаж байгаа нь

Чэндэ фугийн ойллого хэмээх хятад сурвалжид 67 бага хүрээлэнг тэмдэглэжээ.

  • Зүүн захын хүрээлэн нь 10 байна: Баян бургастай, Өндөр хуа, Эрхийн гол, Даян тарж, Битүү шил, Тарж, Олон үүд, Бөхөт, Ажигэжиу, Үйсэн гэр[4][5]
  • Баруун захын хүрээлэн нь 8 байна: Сүүж, Мянган авт, Хар малгай, Дэлгэлэнгүй овоо, Баян төхөм, Халиат, Юнань пэй сэцэн, Чулуут сэцэн[5][6]
  • Өмнөд захын хүрээлэн нь 5 байна: Тариат, Бөх, Бундур, Юнаньпэй, Сэнжит[5][7]
  • Умард захын хүрээлэн нь 3 байна: Захын улиастай, Духудай, Ижир[5][8]
  • Төвийн хүрээлэн нь 9 байна: Мэнд ар, Хадат зав, Түмэн сөхт, Шар дэвсэг, Баясах цагаан, Хүрд цагаан, Алс шинэ, Олон сөхт, Эргэцэг хад[5][9]
  • Зүүн өмнөд захын хүрээлэн 14 байна:Шар нохой, Гахайт, Баян хар, Цагаан зав, Гурван шинэ, Юнань манх, Пу лай, Баян нас, Мэргэн жинчин, Хилийн далан, Хар цөгөрс, Арь сэцэн, Хөх хад, Хан төмөр[5][10]
  • Баруун өмнөд захын хүрээлэн 4 байна: Харангуй, Зүрхтэй, Мөнх сэцэн, Баян толгой[5][11]
  • Баруун хойд захын хүрээлэн 5 байна: Шалэйдан, Баян манх, Хонгор овоо, Ар булаг, Өлзий цагаан[5][12]
  • Зүүн хойд захын хүрээлэн 8 байна: Сэлэй, Хулстай, Барст, Ёл, Зүр, Баян модон, Мэргэн улиастай, Баян гуу[5][13]

1749 онд Мураны авын хүрээлэнг Гадаад Монголын төрийг засах явдлын яам (Монгол журган) харъяанд шилжүүлж, 1753 онд тус авын газарт алба хаших түшмэлийн тоог нэмэгдүүлэн улмаар харуул цэргийн тоог 191-ээс 800 болтол нэмсэн нь Сайшаалт Ерөөлт хааны үед 950 болж нэмэгдсэн. 1764 онд тус хүрээлэнгийн захиргааг Монгол журганаас Жэхэгийн туслагч жанжингийн удирдлаган доорх найман хошуунд захируулжээ. Тус захиргаа нь зөвхөн манж, монгол хүмүүсээр бүрдэж байв.

1681 онд Энх амгалан хаан, манж-монгол ноёдын хамтаар анхны Мураны авыг хийхдээ найман хошууны 3000 гаруй цэрэг оролцож байв. 1683 оноос эхлэн монгол хошуудаас таслан авсан газарт хааны зуслан, ав хомрого хийх тусгай газар болгоод жил бүр таслалгүй хийхээр зорьж байв. Тус арга хэмжээг хийхдээ Чин гүрний газар бүрээс Найман хошууны манж, монгол ноёд цэргүүдийг сонгон шалгаруулж, шилдэгийг нь авын газарт хуран цуглуулж, ав хомрого хийх явцдаа цэрэг дайны бэлтгэлээ давхар хийж байсан нь манж хүний цэргийн хүчийг алдагдуулахгүй байхад анхаарч байжээ. Харин Найралт төв хааны жилүүдэд энэ уламжлал нь орхигдсоныг Тэнгэрийн тэтгэсэн хааны үеэс ахин сэргээжээ. Тухайн үед манж хүмүүс эртний өв уламжлалаа мартаж, дайнч чанараа алдаж эхэлсэн нь Мураны авыг ахин сэргээж, харваа намнаанд бэлтгэж сайжруулан, цэрэг дайчдын бэлтгэл хийхэд ихээр анхаарч эхэлжээ. Мураны авыг Сайшаалт Ерөөлт хаан тус газарт аянганд ниргүүлж нас барах хүртлээ зохиож байгаад Төр гэрэлт хааны үеэс зохион байгуулахыг хориглосноор тус газарт суурьших хятад иргэд олширч, модыг хулгайгаар огтолж, газрыг нь хагалбарлаж тариалж эхэлснээр Манж цэргийн бэлтгэл сургуулилт, цэргийн хүч энэ үеэс бууран доройтож, манж үндэстэний хятадад уусан шингэх нь түргэссэн.

Холбоотой хуудас

засварлах
  1. Manchu-Mongolian-Chinese Triglot Dictionary of 1780. Arranged by Manchu words (CNEAS Monograph Series No.30) Compiled by H. Kuribayashi & Hurelbator. Sendai, 2008. pp. 375
  2. 2.0 2.1 Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. т.42 (монгол бичгээр)
  3. 3.0 3.1 3.2 3.3 3.4 3.5 3.6 3.7 3.8 Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 44-45 (монгол бичгээр)
  4. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 47-48 (монгол бичгээр)
  5. 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 5.7 5.8 嘉慶重修一統志 (四部叢刊本)/卷四十二至四十四 [1]
  6. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 49 (монгол бичгээр)
  7. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 49-51 (монгол бичгээр)
  8. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 51 (монгол бичгээр)
  9. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 51-52 (монгол бичгээр)
  10. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 52-53 (монгол бичгээр)
  11. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 53-54 (монгол бичгээр)
  12. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 55 (монгол бичгээр)
  13. Ж.Буяндэлгэр. Мураны авын хүрээлэн. Хөлөнбуйр, 2013. 54-55 (монгол бичгээр)