Манжийн Хөвөөт шар хошуу
Манжийн Хөвөөт шар хошуу (манж: ᡴᡠᠪᡠᡥᡝ ᠰᡠᠸᠠᠶᠠᠨ ᡤᡡᠰᠠ; галиг: kubuhe suwayan gūsa; хятадаар: 鑲黃旗; пиньинь: Xiāng Huáng Qí) хэмээх нь Манжийн Чин гүрний цэрэг, засаг захиргаа, нийгмийн гол хүч болж байсан Найман хошууны нэг бүрэлдэхүүн юм. Манжийн анхны хаан Нурхачи баатар 1615 онд өөрийн захиргааны шар, цагаан, улаан, хөх өнгөт дөрвөн хошуу цэргийн хүчээ найм болгож хуваахдаа дөрвөн өнгөт туг бүрийг хөвөөтэй болгоод, хошуу тус бүрийг нь ван ноёдоор удирдуулж эхэлснээр манжийн найман хошууы түүх эхэлсэн. Тэдгээр найман хошуу тус бүрдээ туг хиураар ялгарч, дээд доод зэрэгд хуваагдаж байснаас тус хошуу нь дээд зэргийн хошуу болж байв. Дээд зэрэглэлийн хошуунд Хөвөөт шар, Шулуун шар, Шулуун цагаан гэх гурван хошуу багтаж, Манжийн эзэн хаанд шууд захирагдаж байлаа. Нурхач, Дээд эрдэмт хоёр хааны үед эзэн хаанд зөвхөн хоёр шар хошуу захирагдаж байснаа, Эеэр засагч хааны үеэс эхлээд Доргоны захиргаанд байсан шулуун цагаан хошууг хааны мэдэлд шилжүүлж, эзэн хаадын аюулгүй байдлыг баталгаажуулжээ. Эдгээр гурван хошууны цэрэг жанжид нь манжийн эзэн хаан, түүний орд өргөө, эзэмшилийг хамгаалж байлаа. Манжууд 1636 онд Өвөр Монголыг эзэлсний дараа Монгол найман хошуу байгуулж, 1644 оноос Хятадыг байлдан дагуулж эхэлснээр Хятад найман хошуу байгуулжээ. Манж, монгол, хятад найман хошууг нийтэд нь хорин дөрвөн хошуу гэнэ.
Бүтэц бүрэлдэхүүн
засварлахДайчин гүрний бүгд хуульд зааснаар цэргийн хамгийн доод нэгжийг ᠨᡳᡵᡠ (niru) буюу сум гэнэ. Сумыг ᠨᡳᡵᡠ ᠵᠠᠩᡤᡳᠨ niru janggin сумын занги тушаалтан захирч, ойролцоогоор 300 хүртлэх тооны цэрэг, тэдний ар гэр харъяалагдна. Анх Нурхач хааны үед 5 сум нийлж нэг залан болно. 5 залан нийлж 1 хошуу цэрэг (3000 цэрэг) болж байсан ч, Чин гүрний дунд үеэс эхлэн 15 сум нэгдэж 1 залан (4500 цэрэг) болно. 4 залан нийлж 1 хошуу (18000 цэрэг) болж байв.
Тус хошуу нь Чин гүрний сүүл үед 84 сум, 2 хондого суманд нийт 130,000 хүн байсны 26000 нь эр цэрэг байв. Гуаньшү хуйдянь шили хэмээх бичигт хөвөөт шар хошууны 86 сумыг угсаа гарлаар нь дараах байдлаар задлан дурджээ. Үүнд: хааны угсаа нэгэн сум, Гиоро дөрвөн сум, шинэ манж дөрвөн сум, монгол есөн сум, орос нэг сум, манж сум жаран тав хэмээжээ. Тус хошуунд манжийн хааны хатад татвар эмс, тэдний гэр бүл, хан хөвгүүд, гүнж зэрэг Манжийн хаанд ойр дотно хүмүүс тус хошуунд харъяалагдаж байсан.