Газар зүйн их нээлт
Газар зүйн их нээлт гэж, 15-18-р зууны үед барууны соёл иргэншил шинэ газар орон нээж, өөрийн нөлөөгөө тогтоохоор өрсөлдөж байсан Европын түүхийн үе, тэр үед хийгдсэн шинэ нээлтүүдийг хэлдэг. Газар зүйн их нээлт дэлхийн түүхийн шинэ үе эхлэлийг тавьж, олон түүхэн өөрчлөлтийг араасаа дагуулсан юм. Тухайн үеийн их нээлтүүд нь даяарчлал, колоничлолын үндсийг тавьсан гэж үзэх нь бий. Их нээлтүүдийн үр дүнд европчуудын танилцсан шинэ газар орны ихэнх нь тухайн үедээ аль хэдийн өөрийн гэсэн оршин суугчидтай, соёл иргэншилтэй байсан бөгөөд тэдгээр уугуул иргэдийн хувьд булаан эзлэгчдийн эрин үе байсан билээ.
Энэ үе нь Мадейрын арлууд, Азорын арлууд гэх Атлантын далайн олтригууд болон Африкийн эрэг, улмаар 1498 онд Энэтхэг хүрэх усан замыг нээсэн португалчуудын нээлт, мөн Кастилийн вант улсын нэрийн өмнөөс 1492-1502 Атлантын далайг хөндлөн гулд аялсан Христофер Колумбын аяллууд, 1519-1522 онд дэлхийг анх удаа тойрсон Фернанд Магелланы аяллаар хүчээ авсан түүхтэй. Ийнхүү шинэ газар орныг нээх хүсэлдээ автсан аялагчид хэдэн зууны туршид Атлант, Энэтхэгийн болон Номхон далайгаар хөвцгөөж, Америк, Ази, Африк, Австрали тивээр хөшилдөж байсан бөгөөд 20-р зуунд хойд туйлын бүс рүү ороод өндөрлөжээ.
Эдгээр нь олон улсын худалдаа, колонийн эзэнт гүрнүүдийн мандан бадарсан үе бөгөөд Хуучин ертөнц (Европ, Ази, Африк) болон Шинэ ертөнц (Америк, Австрали)-ийн хооронд ургамал, амьтан, хоол хүнс, хүн ам (боолуудыг оролцуулаад), халдварт өвчин, соёлын солилцоо явагдсан юм. Тэрхүү солилцоог Колумбын солилцоо гэдэг. Энэ нь хүний түүхэн дэх хамгийн том нөлөө үзүүлсэн экологи, хөдөө аж ахуй, соёлын даяарчлалын эрин байлаа. Мөн Христийн шашин дэлхийн өнцөг булан бүрт хүрч, дэлхийн хамгийн том шашин болоход их нээлтүүд чухал үүрэг гүйцэтгэсэн болно.
Нэр томьёо
засварлахХүн төрөлхтөн үүссэн тэр цагаас хүмүүсийн оюун санаанд дэлхийг яст мэлхийн нуруун дээр оршдог, яст мэлхий хөдөлхөд газар хөдөлдөг гэдэгт итгэдэг байсан (Энэтхэгт). Мөн зарим хэсэг нь дэлхий аварга том халимны нуруун дээр тогтдогт ч гэж үзэж (Орос) байсан. Тэр үеийн хүмүүс дэлхийг хавтгай гэж итгэсээр иржээ. Гэвч цаг хугацааны эрхээр оюун ухаан танин мэдэхүй өөрчлөгдөн шинэ содон үзэл баримтлал үүссэний дээр дэлхий бөмбөрцөг хэлбэртэй гэсэн үзэл санаа дэлгэрсэн дэлхийг анх тойрсон далайчин Фернан Магеллан ертөнцийн далайнууд хоорондоо холбоотой үргэлжилсэн нэг зүйл дэлхий бөмбөрцөг хэлбэртэй болохыг баталж хүн төрөлхтний танин мэдэхүйд чухал хувь нэмрээ оруулсан байдаг.
Нээлт гэдэг нь шинэ юмыг танин мэдэх гэсэн сониуч зан мэт боловч шинжлэх ухааны үндэслэлтэй ач холбогдол өндөртэй агуу (шид) байх аж. Оновчтой агуу нээлт бүр бидний өнөөгийн амьдралын үндэс суурь ч гэж хэлж болохоор нөгөө талаар аливаа нээлт нь тухайн нээн илрүүлэгчээ нэр алдарт хүргэж, бүүр заримдаа тухайн хүнийг сөхрүүлэх ч тал бий. Газар зүйн нээлт нь хүн төрөлхтний агуу нээлт мөнөөс мөн билээ. Угаас амьдарч буй орчин тойрон, юмс үзэгдлийг танин мэдэх нь хүмүүний их хүслэн. Анх хүн үүссэн цагаас эхлэн шинэ шинэлэг нээлтийг нээсээр ирсэн. Товчоор өнгөрсөн бүхий л цаг үеийн түүх тэр чигтээ танин мэдэх улмаар хүмүүний амьдралын шаардлагаас үүссэн нээлт гэх ололтоор дүүрэн байдаг. Яг л ийм шаардлагын үндсэн дээр газар зүйн их нээлтүүд хийгдсэн байх юм. Хүн үүсэж хөгжихийн зэрэгцээ илүү сайхан амьдрах аргыг ямагт сүвэгчилсээр ирсэн Визант гүрэн нуран унаж, Газар дундын тэнгис арабчуудын ноёрхолд бүрэн орсноор өрнөдийнхөн ази тив рүү шууд хийдэг худалдаа наймаа уналтанд орсон. Аливаа бүтээгдэхүүнийг 2-3 дахин нугалж худалдаалснаар өрнөдийн орнууд эдийн засгийн хүнд байдалд орсон. Ийнхүү хамгийн дөтөөр энэтхэг хүрэх далайн замыг эрэлхийлж торго, хөвөн, халуун ногоо авчрах арга замыг олохыг оролдохыг оролдсон нь газар зүйн их нээлтийн нөхцөл шалтгаан болсон.
Дундад зуун (1241-1438)
засварлахГазар зүйн их нээлт оршил нь дундад зууны төгсгөлөөр евразийг хуурай замаар туулсан европчуудын аян байв. Тухайн үед ази, европ тивүүдийн хооронд хийгдэж байсан худалдаа, арилжааны гол зам болох торгоны зам бүхэлдээ зөвхөн Монголчуудын мэдэлд буюу Монголын Эзэнт Гүрний нутаг дэвсгэр дээр байсан юм. Монголын энхтайвны үр дүнд европчууд Ойрх Дорнодоос Хятад хүртэлх замыг ямарваа нэгэн аюул эрсдэлгүй туулах боломжтой байсан аж.[1][2] Энэ боломжийг ашиглан олон тооны европчууд дорно зүгт аялсан байна. Харин Европ, Ойрх Дорнодын хоорондох худалдааны замыг италичууд буюу Тэнгисийн Бүгд Найрамдах Улсууд хянадаг байлаа. Итали ба Левантын дотно харилцаанаас үүдэн италичуудын хувьд дорно зүгт аялах сонирхол ихэд байв.[3]
15-р зуун
засварлахXIII зууны үеэс эхлээд Португал болон Испаничууд далайн аяллыг ихээхэн сонирхох болсон. Далайчин гэдэг нь далайн жуулчин гэсэн үг юм. Португалын И.Генрих хаан далайчдыг ихээхэн дэмждэг байсаны ачаар Португалчууд 1445 онд ногоон хошууг нээж 1460 оны үед Гвинейн буланд хүрсэн. Хожим 1471 онд Гвинейг Алтан эрэг гэж нэрлэсэн. Энэ нь үнэхээр том амжилт байсан ба Португалд байгалийн шинжлэл газар зүйн шинжлэх ухааны мэдлэг харцангуй өндөр хөгжсөн ба жижиг усан онгоц, далбаат усан онгоц үйлдвэрлэж далайд гарч байсантай холбоотой юм. Португалын далайчин Бартоломео Диашийн (1450-1500) удирдсан баг нь Конгогийн цутгаланг нээж, өмнөд Африкийн Кроссын хошуу хүрсэн бөгөөд 1486 онд матрын зам хүрч, улмаар Африкийн Өмнөд эрэг дэх хошууг “Хар салхит хошуу” хэмээн нэрлэсэн байдаг. Гэвч хожим “Сайн итгэлт”-ийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон. 1497 онд Мануэл хааны зарилгаар Васко да Гама (1469-1524) 3 усан онгоц бүхий баг бүрдүүлж Энэтхэг хүрэх зорилгоор 1497 оны 7 сарын 8-нд Лиссабон хотын ойролцоо Риштелл боомтоос гарч Канар болон Ногоон хошууны арлууд хүрч Сайн итгэлтийн хошууг тойрч Африкийн Өмнөд эргийн “Терра Наталисс” хэмээх газар буудаллаж 1498 оны 4-р сард Энэтхэгийн далайд гарч Энэтхэгийн Калькутта хотод хүрчээ. Уг нээлт нь Европоос Ази тив рүү тэр дундаа Энэтхэг орох шинэ замыг олсон асар том нээлт болсон юм.
Энэ нээлтийг Португалын хаан өндрөөр үнэлж Энэтхэгийн захирагч хэмээх цол олгож яруу найрагч Луйс Колоенс “Лузиадо” хэмээх яруу найргаа бичсэн юм. Ийнхүү Португалчууд Энэтхэг хүрэх шинэ замтай болсноор Энэтхэгтэй худалдаа хийж халуун ногоо, чинжүү, цагаан гаа, задь зэргийг хямд үнээр авчирч Лиссабоны зах зээлээс асар их ашгийг олж байв. Мөн энэ худалдаандаа монополь эрх тогтоож энэ замаа хадгалахын тулд зэвсгийн хүч хэрэглэж асуудлыг ямарч үнээр хамаагүй шийдвэрлэх болсон. Мөн Португалчуудын далайн аяллын томоохон хэсэг нь 1542 онд Японд очсон явдал юм. Тэд тэндээ анх галт зэвсгийг аваачсан бөгөөд хятад Япон хоёрын дунд дамжуулах худалдаа хийж байв. 1500 онд Португалын далайчин Хуан Кабрал Энэтхэг хүрэх замдаа хэт баруун тийш явснаар Бразилд хүрсэн.
Итали гаралтай Генуягийн Христофер Колумб (1451-1506) бол газар зүйн нээлтэнд үнэлж барашгүй гавъяа байгуулсан. Тэрээр анх Португалын засгийн газрын дэмжлэгийг авахыг оролдсон ч чадаагүй юм. Гэвч шантралгүй 1492 онд Испанийн хаан Фердинанд хатан Изабелла “түүний аяллыг ивээн тэтгэхийн тулд хамаг үнэт эдлэлээ өгөхөд бэлэн байна” гэж хэлсэн байдаг. Ийнхүү тэрээр “Санта–Мария“, “Панта”, “Нинья” хэмээх 3-н усан онгоцтой 90 хүний бүрэлдэхүүнтэй 1492 оны 8 сарын 3-нд Атлантын далайн Палас боомтоос хөдлөн гарсан. Тэд цааш хөдлөн явсаар Канарын арлуудыг дайран 10 сарын 12-нд өв Америкт Карибын тэнгисийн Бахамын Сан-Салвадор аралд буудалласан (Х. Колумбын 10 сарын 12-нд төв Америкийн арлуудад хүрсэн Америк тив нээгдсэн өдөр хэмээн үздэг). Цааш аялаж 10 сарын 14-өөс 12 сарын 6-н хүртэл Бахамын бусад арлууд Кубын арлын хойд хэсэг Хаитийн арлуудаар аялаж нээсэн төдийгүй судалгаагаа үргэлжлүүлсэнээр 1493 оны 3 сарын 15-нд Испанидаа буцаж ирсэн нь түүний 1 дэх аялал байлаа. Тэрбээр 2 дахь аялалаа 1493-1496 онд хийжээ. 1493 оны 9 сарын 25-нд 17 онгоц 1500 хүн бүхий түүний удирдсан баг Испаниас гарч бага Антиллын арлуудад хүрч, цааш аялан Доминикан, Гваделупа болон бусад 20 орчим газрыг нээж 11 сарын 19-нд Пуэрто-Рико, Хаити арлыг нээсэн бөгөөд 1494 оны 5 сард Куба хийгээд бусад жижиг арлууд Ямайкыг нээснээр энэ удаагийн аялал нь тун амжилттай болсон.
Х.Колумб 1498 оны 5 сарын 30-нд Сан Лукар де-Барамиды боомтоос 3 дахь аялалаа эхэлж 3-н онгоцтойгоор өмнөд Америкийн хойд эрэг хүртэл явсан. Тэд Оринико голын адаг Тринадад арлуудаар явж Энэтхэгийг олсонгүй тул Хаити хүрсэн боловч ард үлдсэн хүмүүс түүнийг олсон алтаа нуусан зэргээр хаанд ятгалаг явуулж, 1500 онд баривчлагдан Испанид хүргэгджээ. Гэвч 2 жил орчим шоронд суусны дараа хааны зарлигаар суллагдан 1502-1504 онд 4 дэх аялалдаа гарчээ. 1502 онд 4-н онгоц 150 хүнтэй Испаниас гарч Хондурасын нутаг Москитовын эрэг хүрч уугуул ард иргэдээс (Номхон далайн) замын тухай сонссон боловч гарц ололгүй явсаар 1504 оны 11 сарын 25-нд нутагтаа ирсэн. Тэрбээр олон шинэ газруудыг нээсэн боловч үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шалтгаанаар огцорч улмаар 1506 онд өлсгөлөнгөөр өөд болжээ.
Х. Колумб шинэ тив нээснээ амьд ахуйдаа мэдэж чадаагүй юм. Тэрбээр Ази тэр тусмаа энэтхэг орох зорилготой байсан ч олж чадаагүй ч хүн төрөлхтөн бидэнд Америк хэмээх том тивийг нээж өгсөн юм. Испаничууд Христофер Колумбын ачаар 1499-1502 онд Төв Америкийн түшиц газрууд Хондурасаас хойд Бразил хүртэлх нутгийг судалж зарим нэг газрын зургийг үйлдсэн. Мөн цаашлаад XVI зууны 2-р хагаст Испаничууд Португалаас өрсөн өмнөд Америкийн Атлантын далай эрэг хавийн нутгууд болох Ла Платаны цутгалан Патагоныг нээж бусад бага нээлтүүдийг дараалан хийсэн.
16-р зуун
засварлахИспаничууд шинэ газар нутаг нээхийн тулд экспедиц илгээн 1567 онд Соломоны арлууд, 1595 онд Маркизын арлууд 1606 Горресийн хоолойг нээсэн. Далайчин Фернан Магеллан өмнөд тэнгисээр дамжин зүүн өмнөд Азийн орнуудад хүрэх төлөвлөгөөгөө 1518 оны 3-р сарын 22-нд Испаны хаанаар дэмжүүлсэн. Ингээд 1518 оны 9-р сарын 20-нд 75-120 тонны даацтай 5 онгоц 265 хүн бүхий багтай аялалаа эхлүүлсэн. Ф.Магелланы баг Канар, Ногоон хошууны арлыг дайрч, Өмнөд Африкийн Бразилын эрэг чиглэж явсаар 11-р сарын 23-нд Бразилын зүүн эргийн Гэгээн Августиний хошуунд хүрэв. Улмаар Байл-Бланка Сан–Маппас, Сан–Харке зэрэг булан тохойг нээсэн. Магелланы удирдсан анги цааш аялан 1521 оны 10 сарын 21-нд Парын хоолойд орсон. Хожим энэ хоолойг Магелланы хоолой гэж нэрлэсэн. 1521 оны 12-р сарын 21-нд задгай далайд гарч 110 өдөр 17 мянган км туулахад цаг агаар нь үнэхээр тааламжтай байсан тул тэрхүү далайг Номхон далай гэж нэрлэжээ. Цааш аялж Марианы арал хүрсэн. Улмаар өрнө зүг 10 хоног явсаар бүлэг арал нээсэн. Үүнийг XVI зуунд Испанийн хаан II Филиппийн нэрээр Филиппиний арлууд гэж нэрлэдэг болсон. Ийнхүү Ф.Магелланы аялалаар хоолой, Галт газар Филиппиний арлууд, Америк–Азийн хооронд орших Номхон далайг нээж дэлхий бөмбөрцөг хэлбэртэйг баталж дэлхийг анх тойрсон юм. Бусад оронд ч гэсэн нээлт хийсэн. Жишээ нь Англичууд ч гэсэн нээлт хийх гэж оролдов. Ж.Каботны удирдсан хөлөг онгоц 1497 онд Нью-Фаундленд орчмоор хойд Америкийн эрэгт хүрч 1524 онд далайн дээрэмчин Жованни Веррацоно мөн хойд Америкт хүрсэн. Үүний зэрэгцээ Английн Мартин Фробищер (1576-1578 он), Жон Девис (1585-1587) нар Хойд Америкийн эрэг хүртэл аялж Америкийн хойд талд мөсөн том бүлэг арлуудыг нээсэн.
XVI зууны сүүлчээр Оросууд шинэ газар буюу Шбицбергений аралд хүрч Обь Енисей мөрний арал дагуу судалгаа хийж Тайморын хойгийг тойрон аялсан. Голландын далайчин Вильхельм Баренц 1550-1597 онд Артикийн хязгаарт хэд хэдэн удаа аялж 1594 онд Шинэ Газар арлын баруун зүүн эрэгт хүрсэн. Тэрээр 1596 онд Шбицберген Свельбард арлуудыг нээж Хойд мөсөн далайд анх удаа өвөлжсөн юм. Тэрээр Хятад Энэтхэг хүрэх зам олох гэсэн түүний оролдлого амжилт олоогүй ч Шинэ газар арал Каспийн тэнгисийн тухай судалсан юм.
Английн Дампур Авсралийн эргээр 2 удаа аялсан ч уг тивийг нээж чадаагүй харин Жеймс Кук Австрали тивийг нээсэн. Ийнхүү Ази хүрч хялбар дөтөөр худалдаа наймаа хийх гэсэн шинэ замын эрэл хайгуул нь газар зүйн их нээлт бий болох үндэс болжээ. Угаас хүний оюун ухааны чадал чадатж нэмэгдсээр байсны гэрч нь энэхүү агуу үйл явдал мөн. Ингэж хүн төрөлхтөн шинэ газруудыг нээж, тэдгээртэй худалдаа наймаа хийхээс гадна эрх мэдэл үүнтэй зэрэгцэн ноёрхож колончлол гэх үйл явц өрнөж эхэлсэн юм. Газар зүйн их нээлтүүдийн үр дүнд Европын эдийн засаг богино хугацаанд асар их өсөж дэвжсэн бөгөөд бараа татварын үнэ үтэр түргэн өсч байлаа. Португалчууд худалдаанд монополь эрхээ тогтоож Азитай хийх худалдаа үндсэндээ тэдний мэдэлд орсон юм. Тэдний энэхүү худалдааны эзэнт гүрэн 100 орчим жил оршин тогтнож дэлхийд хамгийн нөлөөтөй улс болсон юм.
Мөн дээр хэлсэнчлэн колонийн систем бий болсоор байсан буюу Испани, Португал, Нидерланд, Англи, Франц зэрэг орнууд нь Америк, Ази, Африк тивүүдэд колонийн эзэмшил болж байгалийн баялаг болон ажиллах хүчний асар их нөөцтэй болж чаджээ. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд газар зүйн нээлтийн үр нөлөөгөөр Испани, Португал улсууд хүчирхэгжин бэхжсэн улсаас дэлхийг бүхэлд нь хуваан эзэлсэн гэж хэлж болох юм. Ийнхүү 1529 оны Сaрагосын гэрээгээр дэлхийг хувааж авснаар хөгжил цэцэглэлтийн оргилд хүрч шинэ түүхийн хуудас нээгдсэн юм.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ DeLamar 1992, p. 328.
- ↑ Abu-Lughod 1991, p. 158.
- ↑ Crowley, Roger (2011). City of Fortune (англи хэлээр) (Main ed.). Faber & Faber. ISBN 978-0-571-24595-6.