Шинэ Газар
Шинэ Газар (Орос: Новая Земля)) нь Хойд мөсөн далайд орших арлууд бөгөөд Баренцын тэнгис, Карын тэнгисүүдийг заагладаг, Европын хамгийн зүүн хойд цэг юм. Оросын Холбооны Улсын Архангельск мужид харьяалагддаг.
Газарзүй
засварлахХойд арал (Северный) ба Өмнөд арал (Южный) хэмээг гол 2 том арал нь хоорондоо 2,3км өргөнтэй Маточкины хоолойгоор тусгаарлагдана. Өмнөд арал нь Карын хаалга хоолой (50км орчим өргөн)-гоор өмнө талын Вайгач арлаас тусгаарлагддаг. Өндөр уул ихтэй бөгөөд газарзүйн хувьд Уралын нурууны үргэлжлэл гэж үздэг. Хойд арлын талбайн хагас нь буюу 20,000км2 нь мөсөн голоор хучигдсан байдаг бол өмнөд хэсэг нь тундрын бүст багтдаг.
Нийт талбай нь 90,650км2 (Газрын талбай 55,200км2, нуур цөөрөм, гол, намгийн талбай 36,000км2). Баруун урд үзүүрээсээ зүүн хойд үзүүр хүртлээ 925 орчим км зайтай юм. Хойд арлын өргөн нь 123км, өмнөд арлынх 143км орчим болно. Хамгийн өндөр цэг нь 1547м өндөрт өргөгдсөн.
Өвөлдөө -40 хэм хүртэл хүйтрэх бөгөөд хамгийн дулаан үе болох 8 сард хойд хэсэгтээ дунджаар +2.5 хэм, өмнөд хэсэгтээ +6.5 байдаг.
Зэс, цагаан тугалга, хар тугалганы нөөцтэй.
Хүн ам
засварлах2002 оны тооллогоор Шинэ Газрын хүн ам нь 2716 гэж тоологдсон бөгөөд үүнээс 2622 нь тус бүсийн засаг захиргааны төв болох Белушья Губад амьдардаг аж. Уугуул оршин суугчдаас ненец үндэстэн 100 орчим, авар үндэстэн 50 орчим үлдсэн байдаг бөгөөд тэд загас, цагаан баавгай, далайн хав зэргийг агнан аж төрдөг байна.
Түүх
засварлахОросууд Шинэ Газрыг мэдэх болсон нь Новогородын худалдаачид энэ бүс нутгаар ирэх болсон 11 буюу 12-р зуунаас эхтэй. Улмаар 16-р зуунд Өрнөд Европоос Зүүн Ази орох хамгийн дөт усан зам болох "Зүүн хойд далайн зам"-ыг нээхээр аянчид ихээр зорчих болж, 1553 онд Хью Виллоубай (Hugh Willoughby) өрнөдийнхнөөс анхлан хөл тавьсан аж. 1596 онд Виллем Баренц Шинэ Газрын хойд үзүүрийг тойрч, зүүн хойд эрэгт нь өвөлжсөн гэдэг. 1821–1824 онд хийгдсэн Феодор Лийткэ (Feodor Liitke)-гийн судалгааны үр дүнд баруун эргийн нь газрын зураг бэлэн болжээ.
1870 онд Малые Кармакулы (Malye Karmakuly) хэмээх суурин бий болсноор тогтмол суурьшин амьдрагчидтай болж, 1926 он хүртэл Шинэ Газрын засаг захиргааны төвийн үүргийг гүйцэтгэж байлаа.
Зөвлөлт Холбоот Улсын үед цөмийн туршилтын талбар болж, түүхэн дэх хамгийн том хэмжээтэй цөмийн туршилт явагдаж байсан түүхтэй. 1989 онд гласностийн үр дүнд Шинэ Газар дахь цөмийн туршилтуудын талаарх мэдээлэл олон түмэнд ил болж, 1990 онд Грин Пийс байгууллагынхан Шинэ Газарт очиж эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байлаа.
Цөмийн туршилтууд
засварлахШинэ Газар нь хүйтэн дайны үед цэрэг армийн чухал ач холбогдолтой газруудын нэг болж байв. Зөвлөлтийн арми тус арлын өмнөд хэсэгт "Логачевогийн агаарын цэргийн бааз" байгуулж, эхэн үедээ нисэх онгоц эсэргүүцэгч байрлуулж байв. 1955 оноос цөмийн туршилтад зориулж, стратегийн дэмжих байгууламжуудыг барьж эхэлсэн байна. ЗХУ нь 1954 оны 6 сард Шинэ Газрыг цөмийн туршилтын талбар болгон ашиглахаа зарласан бөгөөд одоо ч ОХУ цөмийн туршилтаа энд явуулсаар буй. Өнөөдрийг хүртэл нийтэд ил болоогүй туршилтуудыг тооцохгүй бол 224 удаа цөмийн туршилт явагдсан гэж үздэг.
Zone A (Чёрная Губа) нь 1955–1962, 1972–1975 онуудад ашиглагдаж байсан. Zone B (Маточкин Шар)-д 1964–1990 онд газар дор туршилт хийгдэж байлаа. Zone C (Сухой Нос) нь 1958-1961 онд ашиглагдаж байсан болно. Ялангуяа 1961 онд түүхэнд хамгийн их 50 мегатонноор яригдах "ЦАРЬ БОМБА"-г энд дэлбэлж туршиж байв. Дээрх гурваас гадна олон газарт цөмийн туршилт явагдаж байсан юм.
1963 онд агаарт цөмийн туршилт хийхийг хязгаарласнаас хойш 1973 оны 9 сарын 12-нд газар доор хамгийн том хэмжээтэй (4.2 мегатонн) туршилт явагдсан байна. "Царь" зэрэг агаарт хийгдсэн туршилттай харьцуулахад бага энерги мэт боловч энэ нь магнитудын 6.97 баллын хүчтэй газар хөдлөлт үүсгэж, 80 сая тонн мөсөн гол гулсан 2км урттай нуур бий болсон гэдэг.
224 удаагийн туршилтын дэлбэрэлтийн хүч нь нийтдээ 265 мегатонн болсон аж. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үед ашигласан цөмийн энергийн нийт хэмжээ (Хирошима, Нагасакид хаясан бөмбөгийг оруулаад) болох 2 мегатоннтой харьцуулшгүй их хэмжээ юм.
1988-1990 онуудад Грин Пийс зэрэг байгаль орчныг хамгаалах байгууллагуудын хүчин чармайлтаар Шинэ Газарт цөмийн туршилтыг эсэргүүцсэн хөдөлгөөн зохион байгуулагдаж, мөн хүйтэн дайн төгсгөл болсон, ЗХУ задарсан, нийгэм солигдсон, хөрөнгө мөнгөний асуудал зэрэг олон хүчин зүйлийн улмаас 1990 оноос хойш цөмийн туршилт явуулахаа больжээ. Гэвч 1998 оноос эхлэн жил бүрийн намар Цөмийн Энергийн Агентлаг 100г хүртэл плутони ашигласан туршилтуудыг явуулж буй.