Боолчлол гэж нэг хүн (эзэн) нөгөөгөө (боолоо) хүчээр өөрийн өмч хэлбэрээр, өөрийн дур хүсэл сонирхлын дагуу зарж ажиллуулах боломжтой, хүнийг эд, бараа мэтээр ашиглах нийгмийн харилцааг хэлнэ.

Боолуудыг зугтах гэж оролдохыг нь болиулахын тулд иймэрхүү гарыг гав ашигладаг байв.
Боолчлол

Өмнө түүхэнд дайн байлдаанд олзлогдогсод, гэмт хэрэгтэн, өр төлбөрөө барагдуулж чадахгүй байгаа хүмүүсийг боол болгож байжээ. Хожим нь эзнийхээ төлөө албадан хөдөлмөрлөж байсан энгийн иргэд мөн боол болдог байжээ. Энэ хэлбэрийн боолчлол ХХ зууныг хүртэл өргөн тархсан байсан бөгөөд өнөөдөр Араб, Африкийн зарим оронд боолчлол оршсоор байна.

Боолчлол нь энгийн ба сонгодог гэсэн 2 төрөлтэй. Эртний Грекийн философич Аристотель "Хүн бол ярьдаг зэвсэг" хэмээн сонгодог боолчлол буюу эртний Афины боолчлолыг тодорхойлсон юм.

Орчин үед боолчлолыг дэлхийн ихэнх улс оронд хуульчилж гэмт хэрэг гэж буруушаах болсон. Боолчлолыг хүлээн зөвшөөрдөг улсуудыг ихэвчлэн боолчлолын нийгэмтэй улс гэж нэрлэдэг.

Одоогийн байдлаар боолчлолоос ялгагдахгүй, түүнтэй төстэй үзэгдлүүд мөн оршсон хэвээр байна. Үүнд: хамжлагат нийгэм, өрийн дарамт, гэрийн үйлчлэгч, хүний ​​наймаа, бэлгийн дарамт, мөлжлөгийн зорилгоор хүүхэд, өсвөр насныхныг ашиглах, хүчээр албадан гэрлэх зэрэг үзэгдлүүдюм. Төрөл бүрийн тооцоогоор иймэрхүү байдлаар 20-36 сая хүн амьдарч байна. Боол бол бүх эрхээ хасуулсан хүн бөгөөд өмчлөгчийн бүрэн өмч хэлбэртэй байдаг юм.

НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 4-р зүйлд: Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

Сүүлийн 5000 жилийн турш боолчлол бараг хаа сайгүй байсаар ирсэн. Хамгийн алдартай боолын улсууд бол Эртний Грек, Ромын эзэнт улс, Эртний Египет, Хятад зэрэг орно. Эртний Дорнод дахь боолчлол нь олон өвөрмөц шинж чанартай байв. Эртний Хятадад боолчлолтой дүйцэхүйц "си" хэмээх ойлголт МЭӨ 2-р мянганы дунд үеэс байсан. 19-20-р зуунд боолчлол АНУ, Бразил, Зүүн өмнөд Ази, бага зэрэг Европт байсан.

Газар тариалангийн үйлдвэрлэлд шилжсэн нийгмийн үед сонирхол багатай хүнд хүчний хөдөлмөр үүсэх хэрээр боолын хөдөлмөр нь эдийн засгийн хувьд ашигтай болж, боолчлол хаа сайгүй өргөн тархсан. Энэ тогтолцоонд боолууд нь хувийн буюу гэрийн боолуудын ангиллыг ихэвчлэн ялгадаг тусгай анги бүрдүүлдэг байв. Бусад боолуудын нөхцөл байдал эзнийхээ хувьд бараг гэрийн тэжээвэр амьтдынхаас ялгаагүй, заримдаа бүр доор байжээ. Боолуудын нийгмийн соёл, боловсрол өсөхийн хэрээр боолуудын дунд өөр нэг давуу анги бий болсон. Боолуудын шинжлэх ухаан, урлагийн мэдлэг, ур чадвараар үнэ цэнэ нь тодорхойлогддог болж эхэлсэн.

Эдийн засгийн хөгжил нөхцөл байдлын эрс өөрчлөлт нь нийгмийн зохион байгуулалтад дэвшилтэт утгаараа боолчлолд нөлөөлж боолчлолын институцийг устгахад нөлөөлсөн юм. Боолыг тэжээх, байлгах нь байнга илүү зардалтай болж байсан бөгөөд аажмаар боолын хөдөлмөрөөр үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг нэмэгдэхээ больжээ. Энэ бүхэн боолчлолын институцийг үгүй болгоход хүргэсэн байна. Боолын хөдөлмөрийг ашиглах ажлын хүрээ талбар багасч, хөдөө аж ахуйн боолуудын анги аажмаар алга болов.

15-р зуунд Европт бараг хаа сайгүй боолчлолыг хамжлагт нийгмээр сольсон байсан ч 16-р зуунд газарзүйн шинэ нээлтүүдийн эрин эхэлж боолчлол хүчтэй сэргэв. Европчууд хялбархан олон тооны уугуул африкчуудыг олзолж, боолчилж хямд ажлын хүч авах боломжтой болсон юм.

Европт боолын хөдөлмөр ашиглах явдал дахин сэргэж, Атлантын далайг дамнасан боолын худалдаа эхэлсэн бөгөөд 19-р зуун хүртэл цэцэглэн хөгжиж байв. Африкчуудыг төрөлх нутгаас (гол төлөв Африкчууд өөрсдөө) баривчилж, хөлөг онгоцооор Америк руу илгээж байжээ.

Түүх сөхөж үзвэл зөвхөн 17-р зуунд африкийн 12 сая хар арьстан иргэдийг Карибын тэнгис, Бразил, Мексик, АНУ-д хүчээр авчран, боол болгон худалддаг байсан юм. Эдгээр боолуудын дийлэнх хувийг нь Карибын тэнгис, Бразил дахь элсэн чихэр тариалдаг колони руу илгээдэг байж. Африкаас ирсэн боолуудын дундаж наслалт бага байсан учраас үе үе боолуудыг дахин шинээр авчирдаг байсан байна. 17-р зуунд Африкаас гарсан 12 сая боолуудын таван хувийг нь буюу 600 мянган хүнийг Америкт авчирсан байдаг. Америкт хүргэгдсэн африк иргэдийн дундаж наслалт харьцангуй өндөр байсан бөгөөд 1860 оны хүн амын тооллогоор 4 сая боол бүртгэсэн байна. Америкт африк иргэд илүү сайн идээшин дассаны гол шалтгаан нь хоол ундны чанар арай илүү, халдварт өвчин бага, ажлын ачаалал харьцангуй хөнгөн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү чанартай байсантай холбоотой бөгөөд нэг жилд нас барсан хүмүүсийн тооноос шинээр төрсөн хүүхдийн тоо олон байдаг байжээ.

Африкаас боол авчрах нь ядуу, орлого багатай Европ иргэдийг ажиллуулахаас хямд мөн үр ашигтай гэж Умард Америкт суурьшихаар ирсэн Европчууд үзсэн байна. Түүхчид 17-р зуунд 12 сая, 18-р зуунд 6-7 сая эрүүл чийрэг, хөдөлмөрлөх чадвартай эрчүүд, эмэгтэйчүүдийг Африкаас боол болгож авчирсан түүхтэй. Шинээр суурьшсан нэг газрын эзэн дунджаар 50 хүртэлх тооны боолтой байсан гэх тооцоо бий. Боол хүн уншиж бичиж сурах эрхгүй, зан байдал, хөдөлгөөн бүрийг нь хязгаарлаж, хянадаг байсан юм. Боолууд хоорондоо гэр бүл болж, олон хүүхэд төрүүлэхийг газрын эзэд дэмждэг байсан ч эцэг эхийг үр хүүхдээс нь, ах дүүсийг биесээс нь салгаж өөр газар худалддаг байжээ.

Африкийн боолуудыг ашиглах нь Америкийн тариалагчдад маш их ашигтай байв. Нэгдүгээрт, негрүүд халуун цаг агаарт цагаан арьст европчууд эсвэл индианчуудыг бодвол илүү дасан зохицох чадвартай байсан бөгөөд бие бялдарын хувьд ч хүнд хүчир хөдөлмөрт илүү байсан; хоёрдугаарт, өөрсдийн уугуул нутгаас холдсон тул гэртээ хэрхэн харих зугтах хандлага багатай байв. Боолуудыг зарж борлуулах үед эрүүл насанд хүрсэн негр эрүүл цагаан арьстн боолоос 1.5-2 дахин их үнэтэй байв. Боолын хөдөлмөрийг ашиглах цар хүрээ маш өргөн байв. Боолын хөдөлмөрийг хориглосон хууль гарсаны дараа ч боолын худалдаа удаан хугацаанд хууль бусаар оршин тогтнож байжээ. 20 дугаар зууны дунд үеийн Америк тивийн бараг бүх хар арьст хүн ам нь Африк тивээс зөөж авчирсан боолуудын үр удам байжээ.

Британийн Америкт дараа нь АНУ руу нийтдээ 13 сая орчим Африкийн боолуудыг оруулж ирсэн гэдэг. Дунджаар олзлогдсон 3-5 боолын зөвхөн нэг нь тариалангийн талбайд хүргэгдэж, үлдсэн хэсэг нь замдаа зугтаад баригдах, тээвэрлэх явцад нас барж байжээ. Зарим судлаачдын тооцоолсноор Африкт боолын наймааны улмаас 80 сая орчим хүн амиа алдсан байна.

Германы эрдэмтэн Карл Маркс:- "Боолчлол нь нэг хүн нөгөөгөө мөлжих анхны хэлбэр юм. Ер нь, боол үйлдвэрлэлийн арга хэрэгсэл юм" гэж тодорхойлж байжээ.

Монгол улс 1968 онд Боолчлолын тухай Женевийн 1926 оны Конвенцид (Хэлэлцээрт) нэгдэн орсон байна.

Монголд 20-р зууны эхэн үе хүртэл их бага хэмжээгээр боолчлол болон хамжлага байсан гэж үздэг.

Орчин үе

засварлах

Австралийн хүний эрхийг хамгаалах “Walk Free Foundation” холбооноос анх удаа “Global Slavery Index 2013” буюу улс орнуудын “боолчлол”-ын төвшиний судалгааг өнөө үед танилцуулсан. Судалгаанд нийт 162 орон хамрагдсан байна.

Боолчлолын уламжлалт тодорхойлолт болох “тэгш бус байдлын туйл болсон, хүнийг эрх мэдлээр бүрэн хязгаарласан, хүнийг мөлжих нийгэм, эдийн засаг, хууль зүйн хэлбэр” гэдгээс өргөн хүрээнд авч үзэн “Global Slavery Index 2013”-ийн рейтингийг гаргажээ.  

Тэдний үзэж буйгаар орчин үеийн нийгэмд “боолчлол” мөнгө хүүлэгчдээс хамаарах дарамт, хүчээр гэрлэх зэрэг хүчирхийллийн шинжтэйгээр илэрдэг байна.

Боолчлолын хамгийн их асуудалтай 10 орон:

засварлах
  1. Мавритани -3,8 сая хүн амд- 140-160 мянга
  2. Хаити -10,2 саяд 200-220 мянга
  3. Пакистан – 179 саяд  2-2,2 сая
  4. Энэтхэг - 1,2 тэрбумд 13,3-14,7 сая
  5. Балба -24,5 саяд 250-270 мянга
  6. Молдав -3,6 саяд 2-35 мянга
  7. Бенин -10 саяд 76-84 мянга
  8. Кот-д'Ивуар -20 саяд 150-160 мянга
  9. Гамби – 1,8 саяд 13-15 мянга
  10. Габон - 1,6 сая хүнд 13-14 мянган “боол” ногдож байгаа гэж судалгааны дүн гарсан байна.



 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.