Бүгд Найрамдах Улс

төрийн тэргүүнийг сонгодог засаглалын хэлбэр

Бүгд Найрамдах Улс (Латин: res publica, "нийтийн хэрэг") гэдэг нь ард түмнээс тодорхой хугацаагаар сонгогдож төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг төлөөллийн байгууллагатай засаглалын хэлбэр юм. Орчин үеийн ертөнцөд 140 гаруй улс Бүгд найрамдах улсын засаглалтай байна.

Төрийн эрх мэдлийн дээд байгууллагуудын хооронд эрх мэдлийг хуваарилах аргаас хамааран ерөнхийлөгчийн, парламентын болон холимог гэсэн Бүгд найрамдах улсууд байдаг. Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улсын нэг онцлог (анх АНУ-д үүсэж, Латин Америкийн орнуудад тархсан эрх мэдлийн хуваарилалтын загвар) нь ард түмний сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, Засгийн буюу гүйцэтгэх засаглалын тэргүүний эрх мэдлийг хослуулдаг явдал юм.

Европын ихэнх Бүгд найрамдах улсын засаглал нь парламентын загвараар тодорхойлогддог бөгөөд үүний дагуу төрийн эрх мэдлийг зохион байгуулахад шийдвэрлэх үүрэг нь сонгуульд олонхын санал авсан намуудаас гүйцэтгэх засаглалаа буюу Засгийн газрыг бүрдүүлдэг парламентад хамаардаг. Ерөнхийлөгч бол төрийн тэргүүний хувьд зөвхөн төлөөлөх чиг үүргийг гүйцэтгэдэг.

Франц, Португал, Финланд, Швейцар, түүнчлэн Зүүн Европын олон оронд байдаг холимог Бүгд найрамдах улс (эсвэл хагас ерөнхийлөгчийн, парламентын ерөнхийлөгчийн засаглал) нь парламентын Бүгд найрамдах улстай харьцуулахад Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын тэргүүн биш боловч илүү өргөн хүрээний бүрэн эрхтэй байдаг юм. Ийм Бүгд найрамдах улсад парламент, ерөнхийлөгч хоёр нэгэн зэрэг Засгийн газрыг бүрдүүлэх бөгөөд хянадаг байна.

Төгс байдлаараа анх Христийн тооллын өмнөх V-IV зууны Эртний Грекийн Афинд тогтсон бөгөөд төрийн зохион байгуулалтын эртний хэлбэр. Respublica буюу бүгд найрамдах засаг нь дараах нийтлэг шинж агуулдаг.

  • төрийн тэргүүн болон төрийн засаглалын дээд байгууллагуудыг ард түмэн тодорхой хугацаагаар сонгоно.
  • төрийн засаглалыг эрх баригчид өөрийн үзэмж, хүсэл зоригоор бус ард түмний даалгавар, итгэлээр тэдний хяналт дор хэрэгжүүлнэ.
  • төр хийгээд түүний тэргүүн хуульд заасны дагуу хуулийн болон ард түмний өмнө хариуцлага хүлээнэ.

Афины Бүгд найрамдах улс ардчилсан шинжээрээ түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Төрийн байгууллага нь ардын хурал, таван зуугийн зөвлөл, Ареопаг хэмээн нэрлэдэг шүүхийн байгууллага бүхий цэгц зохион байгуулалттай засаглалын тогтолцоо байв.

Иргэд хийгээд төрийн бүх байгууллага, албан тушаалтныг Ардын хурал захирна. Хуралд хорин нас хүрсэн Афин хот улсын нийт иргэд оролцох эрхтэй. Хууль батлах нь Хурлын гол үүрэг бөгөөд мөн хот улсын гадаад, дотоод бодлого, дайн энхийн асуудлыг тогтоож, захиргаа, шүүхийн асуудлыг шийдвэрлэдэг байв.

Харин Таван зуугийн зөвлөл нь хот улсуудын төлөөлөгчдөөс бүрэлддэг гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд төрийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг байв.

Ареопаг - Ардын хурлын шийдвэрийг өөрчлөх, Таван зуугийн зөвлөл болон албан тушаалтны үйл ажиллагааг хянах эрхтэй, онцгой нөлөө бүхий байгууллага. Архонт хэмээх насан турш томилогддог өндөр албан тушаалтан нараас бүрдэнэ. Эфилтийн шинэчлэлийн дараа улс төр, хяналтын үүргээ өөрчилж, цэвэр шүүхийн байгууллага болжээ. Афины бүгд найрамдах улсад ийнхүү засаглалын эрх мэдлийг хуваарилах оролдлого гарч, сонгох, сонгогдох болон хамтын зарчим, бүрэн эрхийн хугацаа, тайлагнах, шатлан захирагдах ёс зэрэг ардчилсан ёсны зарчмууд үйлчилж байсан нь өдгөө ч судлаачдын анхаарлаг татсаар байна.

Эртний үед Афины БНУ-аас гадна Спартын болон Ромын Бүгд Найрамдах Улс басхүү оршиж байв. Ахмадын зөвлөл, Сенат болон төрийн бусад албан тушаалтныг язгууртнуудаас бүрдүүлдэг нь эдгээр улсын нэг онцлог байв. Энэчлэн Спартын Бүгд Найрамдах Улсад "Ахмадын зөвлөл"-ийн гишүүдийг насан туршид нь сонгодог байжээ.

Бүгд найрамдах хот-улсууд

засварлах

Дундад зууны үеийн Европ дахь Бүгд найрамдах засаглалын нэгэн өвөрмөц хэлбэр юм. Өдгөөгийн Италийн Флоренци, Венеци, Генуя, Хорватын Дубровник, Германы Бремен, Оросын Новгород хотууд ийм хэлбэрийн засаглал бүхий байсан нь угтаа хотын өөрийн удирдлагын бүрэн эрх бие даасан байдал өргөжсөний үр дүн байв.

Товчоор илүү бодит Бүгд найрамдах засаглалын эрин эхэлсэн үе гэж хэлж болно. Анхны Бүгд найрамдах засаг Америкийн Нэгдсэн улсад тогтжээ.

Социалист хувьсгалын үр дүнд зүүн Европын болон Азийн нэлээн улс орнууд Бүгд найрамдах засгийн гажсан хэлбэрийг тогтоож байлаа. Энэ хэлбэр дотроо Парисын коммуны, зөвлөлийн, Ардын ардчилсан гэсэн гурван хэв маяг бүхий бөгөөд дараах онцлог шинжтэй. Үүнд:

  • Улс төрийн тогтолцооны гол цөм нь төр биш, эрх баригч нам байж, нийгмийн бүхий л үйл хэргийг удирдахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
  • Төрийн тэргүүн, намын удирдагчийн алба нэг хүний гарт төвлөрнө.
  • Хууль тогтоох, гүйцэтгэн захирамжлах эрх мэдэл намын хяналтад нэгтгэгдэж, нам, төрийн тэргүүн нь хуулиас гадуур ажиллах онцгой эрхтэй болдог.
  • Нам төрийн сонгууль дайчилгааны шинж чанарыг агуулдаг.
  • Төр, нийгмийн бүх үйл хэргийг шийдвэрлэхэд тэргүүний хэсгийг эгнээндээ нэгтгэсэн намын аппарат ард түмний нэрийн өмнөөс онцгой эрх эдэлнэ.

Төрийн засаглалын энэ хэлбэр өдгөө улам хумигдаж байна. Социалист гэгдэж байсан орнуудын ихэнх нь 1980-90-ээд оны зааг үеэс үндсэн хуульт хийгээд парламентат ёс, төрийн засаглалын эрх мэдлийг хуваарилах зэрэг төрийн засаглалын соёлжингуй хэлбэр лүү шилжсэн болно.

Орчин үе

засварлах
 

Дэлхий дээрх засаглалын систем

Бүгд Найрамдах Улсын засаглалтай төрийн хэлбэр:

Хаант засаг бүхий төрийн хэлбэр:

Дарангуйллын систем (ихэвчлэн БНУ-д):
  Үндсэн хуульт засгийн газар нь унасан
(де-факто ихэнхдээ цэргийн дарангуйлал)

  бусад системүүд эсвэл тодорхой бус улс төрийн байдал
Мэдээ: 2012 он

Орчин үеийн бүгд найрамдах улсуудад төрийн эрх мэдэл нь ард түмнээс эх үндэстэй төрийн удирдлагын хэлбэр оршдог. Үндсэн хуульт ёс, хүний эрх, эрх чөлөөний суурь хэм хэмжээг хэрэгжүүлэх, төрийн эрх мэдлийг хуваарилахыг гол зорилго болгодог. Орчин үеийн бүгд найрамдах улсыг ийнхүү ангилж буйн үндсэн шалгуур бол Засгийн газрыг "хэн" байгуулж, засгийн газар "хэний" өмнө хариуцлага хүлээж буй явдал мөн. Орчин үед бүгд найрамдах засаглалын: ерөнхийлөгчийн, парламентын, холимог гэсэн үндсэн гурван хэлбэр зонхилж байна.

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг

засварлах

Төрийн болон засгийн газрын тэргүүний бүрэн эрх ерөнхийлөгчийн гарт төвлөрч байдаг засаглалын хэлбэр. Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх АНУ-д бий болгожээ. Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засгийн гол онцлог:

  • Төрийн тэргүүн хийгээд засгийн газрын тэргүүний бүрэн эрх Ерөнхийлөгчийн гарт төвлөрнө. Ерөнхий сайдын албан тушаалыг үгүйсгэнэ.
  • Ерөнхийлөгчийг сонгоно. Сонгууль нь парламентын бус аргаар, аль болох өргөн төлөөлөлтэй байна. Өдгөө ерөнхийлөгчийн сонгуулийн дөрвөн төрлийн систем байна:
  1. Бүх ард түмний санал асуулгаар сонгоно;
  2. Бүх ард түмний шууд сонгуулиар сонгож байна;
  3. Парламентын болон төлөөлөгчдийн байгууллагаас сонгоно;
  4. Сонгогчдоос сонгож сонгоно.

Ерөнхийлөгчийг ихэвчлэн 1-7 жилийн хугацаатайгаар сонгодог ба зарим оронд насан туршид нь сонгодог.

  • Засгийн газар нь ерөнхийлөгчийн өмнө хариуцлага хүлээх бөгөөд парламентын бус аргаар бүрэлдүүлнэ.
  • Парламент засгийн газрыг огцруулах, ерөнхийлөгч парламентыг тараах механизм байдаггүй. Энэхүү тогтвортой шинжээрээ бусад хэлбэрээс ялгарна.
  • Парламентад өөр нам олонх байсан ч Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд түүний намын лидерүүд улс орныг удирдана.
  • Ерөнхийлөгчийн бүрэн эрх парламентын бүгд найрамдах улсын ерөнхийлөгчтэй харьцуулбал харьцангуй давуу болон өргөн байдаг.

Ерөнхийлөгчийн БНУ-д ерөнхийлөгчийн бүрэн эрх ийнхүү өндөр ч гэсэн ардчилсан үндсэн хуульт ёс, засаглалын эрх мэдлийг хуваарилах зарчим үйлчилж байдаг учраас ерөнхийлөгч хийгээд түүний засгийн газрын үйл ажиллагаа парламентын хяналт доор хэрэгжиж байдаг юм. Ингэхлээр ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг үндсэн хуульт ёсыг сахиж буй нөхцөлд засгийн газар тогтвортой, шуурхай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн, парламентын хууль тогтоох үндсэн эрх мэдлээс халих бололцоог бодитой хязгаарласан, парламентаас зарчмын асуудлаар гүйцэтгэх засаглалыг хянах бодитой эрх мэдэл бүхий хэлбэр юм. Төрийн тэргүүн хийгээд засгийн газрын тэргүүнийг нэг этгээдэд нэгтгэдэг засаглалын энэ хэлбэр 20-р зууны сүүлчээс дэлхийн улс түмний улс төрийн практикт өргөжих хандлага ажиглагдаж байна. Одоогоор ийм засагтай улс 70 шахам байна.

Парламентын бүгд найрамдах засаг

засварлах

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засагтай харьцуулахад нийгмийн улс төрийн практикт бага дэлгэрсэн хэлбэр. Гол онцлог нь төрийн өндөрлөгүүдийг бүрэлдүүлэх, үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхойлох, хянаж шалгахад парламентын үүрэг өндөр байхын зэрэгцээ парламентад олонх болсон нам засгийн газрыг байгуулж, тэрхүү засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээж байдагт оршино. Засгийн газар парламентын гишүүдийн олонхын итгэлийг алдсан тохиолдолд нэг бол огцорно, эсвэл төрийн тэргүүний оролцоотойгоор парламент тарж, ээлжит бус сонгуулийг зарлана. Үндсэн хуульт ёс засаглалын эрх мэдлийг хуваарилах зарчим хэрэгжиж буй нөхцөлд нийгмийн үйл хэргийг удирдан жолоодоход намын оролцоо, нөлөө хуулийн хүрээнд хүчтэй байдаг нь парламентын бүгд найрамдах засгийн нэг онцлог болдог юм. Өөрөөр дурдвал, парламентын засаглал олон намын тогтвортой хүчтэй системийн нөхцөлд өргөн боломжтой, үр нөлөөтэй байдаг.

Парламентын БНУ-ын ерөнхийлөгч - төрийн тэргүүн бөгөөд улс үндэстний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа байж, улс төрийн хүчнүүдийн хоорондын маргааныг зохицуулах үүрэг хүлээнэ. Ерөнхийлөгчийг янз бүрээр сонгох авч ихэнх улс оронд парламент сонгоно. Харин Австри, Монгол зэрэг улсууд бүх ард түмнээрээ сонгоно. Монгол улсын хувьд ерөнхийлөгчийг бүх ард түмэн сонгох авч УИХ-аар дахин баталдаг онцлог бий.

Ерөнхийлөгчийн бүрэн эрх нэлээн хязгаартай бөгөөд даруухан байна. Улс оронд онц байдал тогтоох, хуульд хориг тавих, олон нийтийн санал асуулга явуулах эрхгүй байдаг. Засгийн газрыг бүрдүүлэхэд төдийлөн оролцдоггүй, хуулиар ногдсон эрх мэдлээ өөрийн үзэмжээр биш, ихэвчлэн ерөнхий сайдтай зөвшилцөх замаар хэрэгжүүлнэ. Хууль санаачлах, зарлиг захирамж гаргахдаа засгийн газартай зөвшилцөнө. Парламент, Засгийн газарт итгэхгүй тохиолдолд парламентыг тараах нь парламентын БНУ-ын ерөнхийлөгчийн хамгийн том эрх мэдэл юм.

Иймд парламентын БНУ-ын ерөнхийлөгч төрийн засаглалын аль өндөрлөгт хамаарагдах асуудал олон улсын практикт ихээхэн бүрхэг байдаг. Ихэвчлэн хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн уулзварт, эсвэл гүйцэтгэх засаглалын хүрээнд багтаана. Гэвч парламентын БНУ-д гүйцэтгэх эрх мэдлийг ерөнхий сайд хийгээд түүний кабинетээр толгойлуулсан засгийн газар хэрэгжүүлнэ. Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлэх бүрэн эрх нь парламентын итгэлд тулгуурлаж байдаг.

Хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж, засгийн газрын үйл ажиллагааг хянадаг нь парламент юм. Ийм учраас улс орны нийгэм эдийн засгийн асуудал, гадаад хийгээд дотоод бодлогыг тодорхойлж, төрийн төсөв санхүүгийн онцгой эрхийг хэрэгжүүлнэ. Дараах үүргүүдийг хүлээнэ. Үүнд:

  • Засгийн газрын мэдээллийг албан ёсоор сонсох, цаг үеийн асуудлаар мэдээлэл авах
  • Ерөнхийлөгчийн хоригийг цуцлах, зарлигийг хүчингүй болгох, түүний мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах
  • Олон улсын гэрээг соёрхон батлах ба цуцлах, зэвсэгт хүчний талаар ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг батлах ба цуцлах
  • Нийт ард түмний санал асуулга явуулах, улс оронд онц байдал тогтоох эсэхийг шийдвэрлэх
  • Импичментийн үед ерөнхийлөгчийг албан тушаалаас нь зайлуулах зэрэг болно. Өдгөө Австри, Израил, Словак, Энэтхэг зэрэг парламентын бүгд найрамдах засаглал бүхий улсууд бий.

Холимог бүгд найрамдах засаглал

засварлах

Энэ нь ерөнхийлөгчийн хийгээд парламентын засаглалыг хослуулдаг дуалист хэлбэр. Зарим ном зохиолд Хагас ерөнхийлөгчийн БНУ гэж нэрлэсэн байдаг. Энэхүү хэлбэр нь цэвэр энэхүү шинжээрээ харьцангуй цөөн таарна. Тухайлбал Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улс парламентын засаглалтай гэж тодорхойлсон ч парламентын улсын шинж чанарыг төгс илэрхийлж хараахан чадаагүй учраас зарим судлаачид холимог БНУ-ын тоонд оруулсан нь ч бий.

Ерөнхийлөгч, засгийн газар хоёр гүйцэтгэх эрх мэдлийг хувааж, засгийн газрын үйл ажиллагааг парламентаас хүчтэй хянаж, парламент ерөхийлөгчийн хяналтад байдагт холимог бүгд найрамдах засгийн гол онцлог оршино. Засаглалын ийм хэлбэр 1958 онд Франц, 1975 онд Грек, 1976 онд Португал улсын Үндсэн хуулиар тус тус баталгаажсан байна. Холимог бүгд найрамдах засгийн үед:

  • Засгийн газрыг үнэн хэрэгтээ ерөнхийлөгч толгойлно. Ерөнхий сайд сайд нарын зөвлөлөөр хэлэлцэж шийдэх асуудлыг бэлтгэж, сайд нарын кабинетыг удирдана. Сайд нарын зөвлөлийн хурлыг ерөнхийлөгч зарлан хуралдуулж даргална. Гэтэл сайд нарын хурлаар хэлэлцэж гарсан ерөнхийлөгчийн баримт бичигт ерөнхий сайдын гарын үсэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл биелэлтийг засгийн газар хариуцна. Засгийн газрын бодлогыг ерөнхийлөгч тодорхойлж байдгаараа ерөнхийлөгчийн БНУ лугаа төстэй ч ерөнхийлөгч хариуцлага хүлээх улс төрийн механизм байдаггүй.

Ерөнхийлөгч, ерөнхий сайд хийгээд засгийн газрын гишүүдийг томилох авч засгийн газар нь парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Үүгээрээ парламентын БНУ-тай адил. Засгийн газар өөрийн бодлогыг парламенттай зөвшилцөн тодорхойлж хэрэгжүүлнэ, парламентын итгэлийг алдсан тохиолдолд огцорно. Парламентаас засгийн газрыг хянах нарийн механизм үйлчлэнэ.

Ерөнхийлөгчийн эрх мэдэл харьцангуй өндөр байна. Ерөнхийлөгчийн БНУ-ын ерөнхийлөгч парламентыг тараах эрхгүй байдаг бол холимог БНУ-ын ерөнхийлөгч ийм эрхийг эдэлнэ.

Өнөөгийн байдлаар Азербайжан, Армени, Молдав, ОХУ, Польш, Франц зэрэг холимог бүгд найрамдах засаг бүхий улсууд байна.