Aжигэ чин ван

Ажигэ (манж хэлᠠᠵᡳᡤᡝ, галиг:Ajige) (1605-1651) бол Манж Дайчин гүрний эхэн үеийн чин ван, цэргийн жанжин. Айсингиоро овгийн Нурхач хааны 12-р хөвгүүн. Эх нь уланара овгийн Шяолиэу хатнаас 1605 онд төрсөн. Доргон, Додо нарын эх нэгтэй төрсөн ах.

НамтарЗасварлах

Ажигэ хэмээх нэр нь манж хэлээр жижиг, өчүүхэн гэсэн утгатай үг. 1625 онд бэйл Мангултайг дагаж Цахар аймгийг довтлов. 1626 онд тайж Шотогийн хамтаар Цахар, Баарин аймаг руу, бэйл Дайшаний хамтаар Жарууд аймаг руу тус тус довтлон хүн мал олзлож гавъяа байгуулснаар бэйл цол хүртэв. 1627 онд бэйл Аминийг дагаж Чосонь улс руу довтлон таван хотыг эзлэв. 1629 онд Жиргалангийн хамтаар Мин улсын Жинжоу, Нинюань хотыг дайрч, хотыг галдаж, 3000 хүн олзлов.

1630 онд манжийн арми Гуаньнин хотыг довтлон, Далинхөд Мин улсын эсрэг байлдан ялав. 1632 онд Цахарын Лигдэн хааныг довтлов. Тус жилдээ Мин улс руу Монгол хошуудаас татсан цэргийг захирч Датун, Сюаньфу, Жанчхүү рүү довтлон дээрэмдэв.

1636 онд У Ин жүн вангийн хэргэм хүртэв. Тус жил бэйл Абатай, гүн Янгули нарын хамтаар Мин улс руу довтлон, Баодин, Аньжоу, Чанпин, Динсин, Аньсү, Дуньань, Сионь, Шүнь и, Рончэн, Вэнь ань зэрэг хот тосгодыг эзлэн 56 удаагийн тулаанд ялалт байгуулж, 100,000 хүн олзлов. 1644 онд Хошой Ин чин ван (манжаар: ᡥᠣᡧᠣᡳ ᠪᠠᡨᡠᡵᡠ
ᠴᡳᠨ ᠸᠠᠩ
, галиг: hošoi baturu cin wang, хятадаар: 和碩英親王, héshuò yīng qīnwáng) цол хүртэж, хятадыг эзлэх аян дайнд Шаньси муж руу довтлон, Ли Зичэний цэрэгтэй найман удаа тулалдан бут цохиж, 38 хот тосгодыг эзлэв.

1650 онд Доргон чин ван өөд болсны дараа Ажигэг хуйвалдаан хийсэн хэрэгээр баривчлан шоронд хорьж, хэргэм зэргийг нь хураан авч, цаазаар авсан. Эд хөрөнгийг нь хураан авч, 2-р хөвгүүн Фүлэхэг Чэнзэ ван Шосайн гэрт боол болгож, бусад хөвгүүд охидыг бусад ван гүнгийн гэрт боол болгон тараав. 1653 онд Эеэр засагч хааны зарлигаар Ажигэгийн хөвгүүд Фүлэхэ, Чуокэдо нарыг боолоос чөлөөлж, угсаа гарлыг сэргээж, улсад туслагч гүн хэргэм хүртээв.

Гэр бүлЗасварлах

  • Авааль эхнэр: Сирин гиоро овгийн Хусиний охин. 1-р агь Хэдуг төрүүлсэн.
  • Бага эхнэр: Хорчины боржигид овгийн бинт жүн ван Хонгорын охин. Нурхачийн Шоукан бага хатны дүү. 2-р агь Фүлэхэ, 6-р агь Лоуцинь, 7-р агь Моршун нарыг төрүүлсэн.
  • Татвар эм: Ли Шисиний охин. 8-р агь Суоркэг төрүүлсэн.
  • Татвар эм: Ю Чүньрэний охин.
  • Угсаа гарал, нэр тодорхойгүй эхнэр: 3-р агь Лаоцинь, 4-р агь Боршунь, 5-р агь Мэньжү, 9-р агь Тунсай, 10-р агь Хули, 11-р агь Эбай, 12-р агь Банжинтай нарыг төрүүлсэн.