Түмэндэлгэржав

Далай хан Түмэндэлгэржав (1873-1938 оны 3 сарын 4) билгийн тоололын Арван тавдугаар жарны харагчин тахиа буюу 1873 онд Дөрвөд Далай хан Галзаннамжилын их хатан Түмэнбаярын ахмад хүү болон мэндэлжээ.

Ховдыг чөлөөлөхөд голлон оролцогч нар. Зүүн талын эхнийх нь Түмэндэлгэржав хан

Бага залуу насны намтар

засварлах

Далай хан Галзаннамжилын 5 хүүгийн ахмад хүү тэрбээр хүүхэд наснаасаа бусдад үлгэр дууриал болсон бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, аливаад хянуур ханддаг нэгэн байжээ. Төвөд болон монгол, тод бичгийг гаргуун сайн эзэмшсэн, арвин баялаг номын сантай, ном судрыг шүтсэн хүн байв. Түмэндэлгэржавын залуу идэр наснаас төр засах ухаанд суралцаж боловсорчээ. Бага насандаа тэргүүн зэргийн тайж, 30 шахам насандаа гүнгийн зэрэг хүртсэн байна. Түмэндэлгэржавын угсаа гарал, гэрийн хүмүүжил, өөрийн хувийн онцлог зан чанар нь үеийнхэний дунд нэр хүндтэй, хожмын улс төрийн доороо суудалтай, дотроо бодолтой, эх оронч, үндэс угсаагаа гэсэн үндэсний үзэл, хүмүүжилтэй бие хүн болон төлөвшихөд нөлөөлжээ.

Идэр нас ба Тусгаар Монгол улсын үе

засварлах

1911 оны 12-р сарын 29-ний өдөр Олноо Өргөгдсөн Монгол Улс байгуулагдаж, түүний үндсэн зорилт нь Монголын хүчирхэг улсыг байгуулахыг зорьж, бүх Монгол овогтныг нэгтгэх тухай уриалга гаргасны дараагаар Дөрвөд, Барга, Өвөр Монголын зэрэг олон монголчууд Монголын тулгар төрд дагаар орох үйл явц бүхий улс төрийн түүхэн нөхцөл үүссэн юм. 1912 оны зуны эхэн сард Улаангомд Ховдын хязгаарын онц их чуулган болж, түүнд Жалханз хутагт, Дамбийжанцан, Ховдын 30 хошууны олонх ноёд оролцож хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Энэ хуралд Түмэндэлгэржав чухал нөлөөтэй оролцож хөгшин Далай хан Галзаннамжил, баядын Нацагдорж бэйс нарын Монгол улсад дагаар орохгүй байх байр суурийг үл зөвшөөрөн, дийлэнх ноёдоор Богд хаант Монгол улсад дагаар орох шийдвэр гаргуулж чадсан билээ. Энэ түүхэн үйл явдалд оролцогч гол ноёдын хооронд ойлголцол бий болгоход Г.Түмэндэлгэржав олон удаа чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал, Жалханз хутагт, Дамбийжанцан нарын хооронд ойлголцолыг тэрбээр буй болгож байв. Ховд хотыг чөлөөлөх дайнд бэлтгэж эцгийн зөвшөөрөлгүйгээр 200 шахам орчим хүнтэй отряд байгуулж байсан нь Манж-хятадын дарлалаас хагацах түүхэн боломжийг гүнээ ухамсарлаж байсны гэрч юм. Ховд хотыг манж хятадаас чөлөөлөх тулалдаанд Түмэндэлгэржав, эцэг Галзаннамжилын хамт оролцож, Дөрвөдийн хоёр чуулганаас 400 гаруй цэрэгтэйгээр 1912 оны 7-р сарын эхээр Ховдод очжээ.

Ховдыг чөлөөлсөн нь

засварлах

Ховд хотыг чөлөөлөх байлдаанд Г.Түмэндэлгэржав өөрийн аймгийн болон бусад 700 цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Ховд хотыг бүслэхэд оролцож, Алтайн чинад дахь Шар сүмээс Ховдын манж амбанд туслахаар ирсэн 500 цэргийг цохиход болон тус гарнизонд туслахаар сангийн хэрэмнээс туслахаар ирсэн манж хятад цэргийг саатуулж ухраахаас эхлүүлэн Ховд хотыг чөлөөлөх хүртэл бүхий л ажиллагаанд биечлэн оролцжээ. 1912 онд Ховд хотоос манжийн түрэмгийлэгчдийг хөөн гаргахад үзүүлсэн гавьяаг Богд хаанаас өндөр үнэлэн түүнд хэргэм цол шагнаж байв. Далай хан Галзаннамжилыг насжсан тул тушаалаас буулгахад түүний хүү Г.Түмэндэлгэржавт 1912 оны эцсээр эцгийн Бат ерөөлт Үнэн сүжигт Төгс хүлэг Дөрвөд Далай хан цол залгамжиллуулжээ. Халхын Засагт хан аймгийн бэйл Жалчингомбодорж (Одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил, Бугат, Төгрөг, Цээл зэрэг сумууд), гүн Маньбазар (Одоогийн Ховд аймгийн Цэцэг сум) нарын хошуунд Казахын хулгай нар дээрэм тонуул үйлдэхэд Жа лам Дамбийжанцаны хамт тосон байлдан сөнөөсөн учир Богд хаанаас улбар шар жолоог шагнан олгож байжээ. Ховдод сууж хэрэг шийтгэх, сэргийлэн батлах сайд Зоригт бэйлийн хамтаар хавсран хэрэг шийтгэлцэх сайдаар 1914 онд тохоон томилогдож, мөн оны зун 2 сарын хугацаатай Шийтгэх, сэргийлэн батлах сайдын үүрэг гүйцэтгэж байлаа. Чухам энэ үед баруун хязгаарт цаг үеийн гарцаагүй шаардлагаар 4 сайд, зарим үед илбэн тохинуулах, туслан шийтгэх 2 сайд нэмэгдэн 6 сайд зэрэг сууж хэрэг шийтгэж байсан нь сайд нарын ажил тодорхойгүй, тоо олширсноос заримдаа ажил хэтийдэн, хүндрэл учруулж байв. Мөн хязгаарын ард олноос Халхаас сайд томилогдон биднийг захиран дарангуйлж байна гэсэн гомдол, хардлага байнга гарч байв. Тухайлбал, 1915 оны 4-р сард Ховд голын Цагаан буланд хязгаар нутгийн Их чуулган хуралдах үед хязгаарын ноёд түшмэд ихээхэн цухалдаж байжээ. Энэ хурлаар шинэ албан татвар ба өнгөрсөн оны зардлыг хоёр аймагт хэрхэн хуваарилах асуудал хурц тавигдаж байжээ. Ховдын сайд нарын болон цэргийн зардлыг багасгах, дайны цагийн бүх гарлагыг улс хариуцах, аймгуудын илүү зардлыг улсын сангаас гаргаж төлөх, хязгаар нутгийг албан татвараас чөлөөлөх буюу үгүй гэхэд хоёр гурван жил хөнгөлөлт үзүүлэх зэргээр нутгийн аж ахуйг сэргээн босгох, Ховд ба Хүрээний хоорондох өртөөний албанаас чөлөөлөхийг хүсэж байжээ. Зарим хүмүүсээс Хятадад дагаар орох хүртэл асуудлыг дэвшүүлж байв. Тус Их хурлын тухай мэдээг Нийслэл хүрээнд хүлээн авмагц Богдын засгийн газраас яаралттай арга хэмжээ авч, Түмэндэлгэржавыг Ховдод хэрэг шийтгэх сайдаар тохоон томилж, халхын сайд, ноёд түшмэдийг Нийслэл хүрээ рүү татжээ. Хязгаар нутгийн эрх мэдэл Дөрвөд хүний гарт ормогц хүн ам тайвширч, нөгөө талаар Далай хан Түмэндэлгэржавыг томилсноор зарим асуудал нь эерэгээр шийдвэрлэгдсэн байна. Харин цэрэг захирах сайдаар Манлай ван Дамдинсүрэн томилогджээ. Ийм ээдрээтэй цаг үед Түмэндэлгэржав нь өөрийн цөлх ухаан, шударга зан, зарчимч чанар, өмнөө тавьсан зорилго язгуур эрх ашгаа эрхэмлэн нэгдсэн захиргааг хүлээн хязгаарыг эмхлэн удирдаж байсан юм.

Ховдын хэрэг шийтгэх сайд байх үе

засварлах

Түүнийг сайд байх үед дараа хэд хэдэн арга хэмжээг авчээ. Шинэ байгуулагдсан улсаа Хаант Орос улсын дэмжлэг тусламжтайгаар бага сургууль, эмийн сан, орос эмч авч ирэх, цахилгаан шуудан байгуулах зэргээр амжилттай ажиллаж байв.

  1. Хөшөө модоор дамжуулан цахилгаан мэдээгээр харилцах ба тогтмол шуудантай бий болсон.
  2. Ховд хотод Орос консулын дэмжлэгтэйгээр бага сургууль байгуулав.
  3. Бага эмч бүхий жижигхэн эмийн сан нээгдсэн.
  4. Хүн малын халдварт зарим өвчний тарилга хийсэн.
  5. Оросын ноос угаалгын газар байгуулагдсан.
  6. 1917 онд Улаангомд Орос бага сургууль нээсэн зэрэг олон зүйлийг нэрлэж болно.

Түмэндэлгэржав нь Богдын засгийн газар, Хаант Оросын консул, Хятадын төлөөний сайд болон орон нутгийн хуучинсаг үзэлтэй төрийн зүтгэлтэн нарын үйл ажиллагааг зангидаж аливаа асуудал өөрийн тодорхойлсон зарчмыг мөрдлөгө болгон ажилладаг эгзэгтэй цаг үеийг тогтворжуулагч орон нутгийн тэргүүний түшмэд байв.

Ховдын хязгаарт олон жил суусан Элиский буюу А.В.Бурдуков, “…Далай хан бол нутагтаа нэртэй хүн юм. Тэр бол сүрхий чадварлаг захирагч байсан бөгөөд Халхчууд болон Оросын консултай сайн харилцаа тогтоов …” гэж тэмдэглэж байжээ.

1915 онд Далай хан Түмэндэлгэржавыг Богд хаант Монгол улсын Сангийн яамын дэд сайдаар дэвшүүлэн тохоон талбихад тэрбээр бие өвдсөн учраар олон удаа албанаас чөлөө олгуулахыг хүсч байж албанаас чөлөөлөгдсөн байна. 1915 оны Хиагтын хэлэлцээрийн дараа Орос, Хятадын талыг баримталдаг урсгалууд гарч, бүс нутагт түгшүүртэй нөхцөл байдал бий болоход Засгийн газраас нухацтай хэлэлцэн шийдвэрлэхийн тулд 1917 оны намрын дунд сарын 15-нд Ховдод сууж хэрэг шийтгэх жинхэнэ сайдаар Дөрвөдийн Далай хан Г.Түмэндэлгэржавыг тохоон томилжээ. Хэсэг хугацааны дараа 1919 оноос Г.Түмэндэлгэржав нь Ховдын сайдын албанаас хөндийрчээ. 1919 оноос Зоригт ханы дүү “Харлаг бэйс” Аюурзана Ховдын сайдын албанд тохоогдон ажилласан байдаг.

1919-1930-аад оны үе

засварлах

Далай хан нь ийнхүү олон жилээр Ховд болон Нийслэл Хүрээний газар сайдын албанд байх зуур ард хоцорсон аймаг, хошууны ажлыг түүний дүү гүн Цэвээн (Албан баримтад гүн Түмэнбадам-Аюурзана хэмээн нэрлэгддэг болно) орлож байжээ. Далай хан 1919 оны сүүлчээс хошуу нутагтаа тогтвортой нам сууж, шашин болоод орон нутгийн аливаа хэргийг шийтгэж байсан бололтой.

Энэ үед Монгол оронд цагаантаны түрэмгий цэрэг дураар тонгочин ноёрхож байх цагт тэрээр Монгол төрийн зүтгэлтний хувиар элдэв шалтгаан тоочин овлож албанаас хөндийрөн нам сууж, харин ч харийн тэнүүлчдээс нутаг орноо чөлөөлөх талаар санаа тавин сууж байсан юм.

Дөрвөдийн Зүүн гарын чуулган (Далай ханы хошуу, Зүүн засгийн хошуу, Баядын 10 хошуу багтсан Далай хан аймаг), Баруун гарын чуулган (Зоригт ханы хошуу, Баруун засгийн хошуу, Бишрэлт вангийн хошуу, Баядын Ерөөлт засгийн хошуу, Захчин 2 хошуу, өөлд, мянгад хошуу, Алтайн урианхайн 7 хошуу багтсан Зоригт хан аймаг)-ны хамтран чуулах Мөстийн бэлчир хэмээх газар 1921 оны 7-р сарын 25-27 ны Их чуулган хуралдаж Баруун Монголын Ардын засгийн газар байгуулсан явдал юм. Энэ их үйлсийг өөрийн биеэр манлайлан зүтгэжээ. Түүхч Ч.Мөнхбаяр түүний тухай үнэлэн бичихдээ “Цагаантны эрхшээл дор элдвээр хяхагдан эд материалын зүйлээр ихээхэн хохирч, амь нас буснихад хүрч байсан боловч тэрбээр эх оронч дэвшилт үзэлтэй хүний хувьд харийн түрэмгийлэгчдийн эрх ашигт үл үйлчлэн, эрх чөлөөний үзэл санааг сөрсөн язгууртны үзэл бодол, улс орныхоо тусгаар тогтнолыг бусдад худалдахад чиглэсэн улс төрийн харалган үзэлд үл автан, өөрийн алсын хараат цөлх ухаан иаг үеэ сайтар мэдрэх чадвараараа түүхэнд мөнхөрсөн юм” гэжээ.

Баруун Монголын Ардын Засгийн газрын цэрэг цагаантанд ялагдаж, тэр хэмжээгээр тус Засгийн газрын байр суурь алга болж, мөн Хүрээний Засгийн газраас дэмжээгүй учир Баруун Монголын АЗГ өөрийн үйл ажиллагаагаа 1922 оны 2-р сарын 10-нд зогсоож тамга, бичиг баримтаа Ховдын сайдын яам, жанжны газар хүлээлгэн өгчээ. Харин Далай хан Түмэндэлгэржавыг 1921 оны эцсээр Ховдод сууж хэрэг шийтгэх сайдаар Хүрээний Засгийн газраас томилсон байна. Энэ албыг 1921-1925 он хүртэл хашиж байхдаа тэрээр бүс нутгийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэх, Ардын засгийн газраас удирдлага болгон мөрдөх бодлого шийдвэрийг ард олонд ойлгуулж ухуулан таниулах, уриалга гаргах, хязгаар нутгийг төвшитгэх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж байжээ. Мөн 1923 оны 6-р сарын 26-ны өдөр МАХН-ын Ховд хотын үүрт гишүүнээр элсэж байв. 1925 онд нутгийн захиргааг шинэчлэн зохион байгуулж, өөрчлөлт явагдсантай холбогдон Хязгаарын сайд, Аймгийн хан, Хошууны засаг ноёны албан тушаалаа өргөөд жирийн малчны аж амьдралаар амьдарч эхэлжээ. 1929-1930 онд явагдсан намын 3-р цэвэрлэгээгээр Г.Түмэндэлгэржав нь “угаас том феодал гаралтай учраас манай зорилго бодлогод үл нийцэх этгээд” хэмээн намаас хөөжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн ид үед 1937 оны 12-р сарын 15-нд Түмэндэлгэржавыг Увс аймгийн хэлтсээс дайчлан баривчилж, арав гаруйхан хоног байцаагаад буудан алах ял оноож, 1938 оны 3 сарын 4-нд ёсоор гүйцэтгэжээ. Түүнийг баривчлах үед эд хөрөнгийг нь тоолон битүүмжилсэн бөгөөд тэмдэглэлээс үзвэл,

  1. 6 ханатай гэр 1,
  2. 4 ханатай гэр 1,
  3. оёдлын эвдэрхий машин 1,
  4. морь, гүү, даага тус бүр 1,
  5. тугалтай, бяруутай үнээ 1,
  6. хонь хурга 43,
  7. ямаа ишиг 42, бүгд 20 бодын хөрөнгөтэй байжээ.

1929-32 онуудад язгууртан гаралтай хүмүүсийн хөрөнгийг 3 удаа хураахад 1926 оны 609 бодоос 20-н бодын хөрөнгөтэй үлдсэн нь энэ аж. Баривчлагдах үедээ 64 настай байсан байна. Хожим 1992 оны 5 сарын 16-нд түүнийг цагаатгасан билээ.

Холбоотой мэдээлэл

засварлах