Тэгшжаргалын Дамдин
Тэгшжаргалын Дамдин нь Монголын тусгаар тогтнолыг хамгаалах үйлст амь бие хайргүй зүтгэсэн тагнуулчдын нэг бөгөөд Их хэлмэгдүүлэлтийн үед хилсээр хэлмэгдсэн байна.
Намтар
засварлахБага залуу нас
засварлах1899 онд одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын Баянцагаан гэдэг газар Тэгшжаргалын хүү болон мэндэлжээ. Ядуу тарчиг амьдралын эрхээр 14 наснаас ан ав хийх, ноёдын малыг хариулах зэргээр ар гэрийнхээ амьдрал залгуулж явснаа 1917 онд Нийслэл хүрээнд ирж, дараа жилээс Богд Хаант Монгол Улсын Гадаад яам, Хэвлэх үйлдвэрт ажиллаж байхдаа Д. Сүхбаатартай танилцаж дотноор нөхөрлөсөн нь цаашид улс орондоо хүчин зүтгэж, төрийн алба хаших гараа нь болжээ.
Тэрбээр улс орноо гэсэн үзэл бодол, хүсэл эрмэлзлэлдээ хөтлөгдөн хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож байсан бөгөөд энэ нь Олноо өргөгдсөний 10 дугаар оны зуны сүүлчээр Д.Сүхбаатар Орос улсаас тусламж гуйх ажлаар явах гэж байгаагаа Т.Дамдинд хэлж, дараах зүйлийг анхааруулан захиж байснаас харагдана. Тийнхүү хэлэхдээ: “Би ч удахгүй чөлөө авч уг зорьсон ажилдаа явмой. Тийнхүү намайг явснаас хойш чи энэ Хэвлэх үйлдвэрийн ажилд хэвээр ажиллаж суух аваас алсдаа миний энэ хийх ажлын сэдэв ямраар боловч илэрч магадгүй болно. Тиймийн тул нэгд, миний энэ ажил дээрээс чамайг сэжиглэж, чиний биед гашуун бэрхийг учруулан зовоож болох хоёрт, улс төрийн чухал нууц ажил задрахад хүрэх, гуравт чи бидний биед хор аюул болж улмаар миний зорьсон хэрэг талаар болно хэмээн туйлын болгоомжлох хэрэгтэй. Миний энэ захисан ба ярьсан зүйлүүдийг задруулан хэнд ч мэдэгдэж үл болно” хэмээжээ. Иймд Т.Дамдин хэвлэлийн ажлаасаа чөлөө авч хөдөө гаран Сэцэн хан аймгийн жанжин жасааны туслах бичээчээр зургаан сар ажиллаад буцан ирж, тэр үеийн Дотоод яамд ажилласан байна.
Ардын төрийн албанд зүтгэсэн үе
засварлахТ.Дамдин 1921 онд партизан цэргийн улс төрийн ухуулагч, мөн оны наймдугаар сараас 1922 он хүртэл Сайн ноён болон Засагт хан аймагт Засгийн газар, Намын Төв Хороо, Эвлэлийн Төв Хорооны хавсарсан төлөөлөгч, Сангийн яамны түшмэл, 1922 оны долдугаар сараас Д.Сүхбаатарын даалгаснаар цэрэг ардыг сурган боловсруулах газар болон ДХГ-ын нууц тасгийн туслах даргаар 1924 он хүртэл ажиллаж байгаад Шинжлэх ухааны хүрээлэнд шилжиж, 1932 оноос Эвлэлийн Төв Хорооны тэргүүлэгч, Намын Төв Хорооны гишүүний сонгуульт ажлыг хийж байв. Улмаар Төв аймгийн Чандмань, Баянцогт, Баянгол сумдад тэргүүлэгч, сумын дарга, аймгийн шүүхийн дэд дарга, дарга, 1938 онд Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд болтлоо дэвшин ажиллав.
Тагнуулын үйлсээс нь
засварлах1922 оны хоёрдугаар хагаст Сэцэн хан аймгийн Ачит ван Тогтохын хошууны бичээч Д.Цэрэнпил, мөн хошууны Дампил, Засагт хан аймгийн гүн Балдан нар нийлэн Японоос цэрэг зэвсгийн тусламж авч Ардын төрийг устгаж хэмжээгүй эрхт хаант засгийг тогтоох зорилгоор хувьсгалын эсэргүү хуйвалдааныг зохион байгуулжээ.
Цэрэнпилийн хэргийг тагнан боловсруулах ажиллагааг ДХГ эрхлэн гүйцэтгэж, уг ажиллагаанд тус газрын анхны дарга Д. Балдандорж, хэлтсийн дарга К. К. Баторун, төлөөлөгч Б.Намсрай, Т. Дамдин болон Засгийн газрын төлөөний түшмэл Гончигдаш, Зүүн хязгаарын сайд Алтангэрэл, дэд жанжин Х. Чойбалсан нарын олон хүн оролцон ажиллаж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны үр дүнд Цэрэнпилийн хуйвалдааныг таслан зогсоосон юм.
Түүнчлэн 1923 онд цагаантны цэргийн хурандаа оргодол буриад Цэрэн Людопович Очиров, Цэрэндаш Жигжитович Туванов нар хязгаараас сэмхэн орж ирээд Сөгнөгөр, Баянголд нуугдан сууж цэрэг элсүүлэн отряд байгуулж Ардын төрийн эсрэг тэмцэхээр бэлтгэж байжээ. Тэд 1923 оны 1 дүгээр сард Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нарт: “Бид Сөгнөгөр, Баянголд цэрэг элсүүлэн зэвсэг цуглуулж байна. Та нар хүрээний дотроос бослого гаргаж, бид хойд талаас нь цэргийн хүчээр дайрч Ардын засгийг устгаж хаант улсыг байгуулъя” гэсэн нууц захидал ирүүлжээ. Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазараас өгсөн үүргийн дагуу ДХГ-аас гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохиож, ДХГ-ын дарга Д. Балдандорж, хэлтсийн туслах түшмэл Т. Дамдин нар хэдэн цэргийн хамт Очировын байгаа газарт очиж Хатанбаатар Магсаржав, ерөнхий сайд Дамдинбазар нарын бичиг гэгчийг Очировт барьжээ. Очиров тэдэнд итгэж тусгай гэр бариулан хүлээж аваад Ардын төрийг устгахын тулд бид хамгийн түрүүнд Хиагтыг эзлэн авч Манхайдаагийн төмөр утасыг эвдэх, Гочоо ламд өгч газар булуулсан 30-аад винтов, 2 пулемётыг авч, буриад Цэвэгжаваас сайн морь авна гэж өөрийн төлөвлөгөө зорилгоо ярихад талархал илэрхийлсэн маягтай ярилцан байгаад гэнэдүүлэн баривчилжээ. Энэ хэргийг илрүүлэн дарахад нийт 17 хүн хамрагдсан ажээ. ДХГ-аас халагдсаны дараагаар Намын Төв Хорооны даалгавраар хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэхээр явсан ажээ.
1926 оны 11 дүгээр сард Намын Төв Хорооноос Хятадын хойд мужуудын ардын хувьсгалт цэргийн командлагч Фэн Юйсяны дэргэд суух төлөөлөгч болон Өвөр монголын Ардын хувьсгалт намтай холбоо барих төлөөлөгчөөр ДХГ-ын дарга Н.Насанбатыг ажлаас нь чөлөөлж, мөн тус газрын ажилтан байсан Т.Дамдинг хамт явуулахаар болжээ. Уг үйл явдлын талаар Т.Дамдин 1942 онд мэдүүлэхдээ: “Би 1926 оны 11 дүгээр сард Балдандорж, Гэлэгсэнгэ нартай учиртал Намын Төв Хорооноос Дотоод монголын Намын Төв Хорооны нөхөд ба Хятадын цэргийн жанжин Фэн Юйсянтай уулзуулахаар Насанбатыг Төв хорооны төлөөлөгчөөр томилоод байна. Иймд чи хамт яваад ир гэхэд би зөвшөөрсөн. Гэтэл Балдандоржоос намайг Дамбадоржтой жич ярилцаж намын гишүүнд элсүүлэх ба ажилд хэрэглэх болно. Одоо юу ч атугай яваад ир. Явж байгаа ажлын талаар Насанбатаас аяндаа мэднэ гэсэн. Насанбат түүний эхнэр, мөн нялх хүүхэд, зарлага, лам Дэндэв, түүний эхнэр, Насанбатын зарц эмэгтэй Даваа бид наймуулаа Улаанбаатар хотод байсан Хятадын цэргийн төлөөлөгчидтэй ярилцаж, цэргийн зэвсэг зөөж байсан машин дээр сууж Хятад нутгийн зах Улаан цав бил үү? Улаан-Овоо ч бил үү? жижиг деревенд очиход тэнд Дотоод Монголын Намын Төв Хорооны дарга Цэрэндонров, Мэрсээ, Мандал нарын 4-5 хүмүүстэй уулзсан. Жинхэнэ албаны ажлаар Насанбат бид хоёр явсан. Би бичээчийн ажлыг голлон хийж байсан. Насанбат тэдэнтэй ямагт хятад хэлээр ярьдаг байсан. Хааяа нэг монгол үгээр ярилцахдаа Хятадын Гоминьдан намын болон бүх Хятадын цэргийн удирдагч Фэн Юйсянтай уулзахад хаагуур явах, Хятадын доторхи бослого хөдөлгөөний талаар хаана, хаана болж байгаа зэргийг асууж ярилцдаг байсан. Бид Улаан довоос цаашаа явж Яргайт хэмээх газарт очсон. Тэнд цэргийн ангиуд байсан. Насанбат шөнө, өдөр хамаагүй ганцаараа гарч яваад тэнд энд очлоо, хятадын ноёд, цэргийн дарга хүмүүстэй цайллага дайллага хийлээ гэдэг байсан. Хэзээ буцах вэ? гэхэд зам боолттой явж болохгүй гэдэг байсан. Тэгээд захидал бичиг өгөөд Дамдин намайг гэдрэг буцаасан. Би 1927 оны нэгдүгээр сарын эцсээр Намын Төв Хорооны дарга Дамбадоржид Насанбатын захидлыг өгсөн. Намайг ахиж явсаны хэрэггүй, Насанбатыг татаж ирүүлнэ гэж байсан” гэжээ.
Хэлмэгдсэн нь
засварлахТ.Дамдин Эрүүлийг хамгаалах яамны дэд сайдаар ажиллаж байхдаа 1941 онд баригдсан ба 1942 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн огт хэрэг хүлээхгүй байсанд мэдүүлгийг мөн оны 2 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгожээ. Улсын дээд шүүн таслах газрын 1942 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн таслан шийтгэсэн тогтоолд: “Т.Дамдин бол Ардын хувьсгалт засгийг устгахыг зорин хувьсгалын эсэргүү байгууллагад сайн дураар элсэж, Эрүүлийг хамгаалах яамны дэд сайд байхдаа Амараас даалгавар авч өөрийн эрхлэх ажил дээрээ эмнэлгийн газруудыг өргөтгөх талаар арга хэмжээ аваагүй, хөдөө орон нутгийн эмнэлгийн газруудыг эмээр үл хангаж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг орон сууцаар гачигдуулж байсан. Зөвлөлт, Монголын найрамдлыг эвдэж Японы колони болгох зэрэг ажлыг хийж биелүүлэн ирсэн” гээд Шүүх цаазны бичгийн 43, 45 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэж, мөн бичгийн ерөнхий ангийн 22 дугаар зүйлээр сонгох, сонгогдох эрхийг ялын хугацаа дууссанаас эхлэн 5 жилийн хугацаагаар хасаж, мөн хугацаанд Төв аймгийн нутгаас гадагш суулгахаар тогтсон байна. Харин хоригдож байхдаа болон хэдийд нас барсан нь тодорхойгүй байна.