Леброн Жеймс
Леброн Жеймс | |||||||||||||||||||||||
LeBron James | |||||||||||||||||||||||
Жеймс 2009 онд. | |||||||||||||||||||||||
«Лос Анжелес Лэйкерс» — № 6, 23 | |||||||||||||||||||||||
Довтлогч | |||||||||||||||||||||||
Хоч: | Хаан Жеймс | ||||||||||||||||||||||
Өндөр: | 206 см | ||||||||||||||||||||||
Жин: | 113 кг | ||||||||||||||||||||||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||||||||||||||||||||||
Мэндэлсэн: | 1984 оны 12 сарын 30 , Охайо, Акрон | ||||||||||||||||||||||
Ахлах сургууль: | Сент Винсент — Сент Мэри (Охайо, Акрон) | ||||||||||||||||||||||
Их сургууль: | Суралцаагүй | ||||||||||||||||||||||
Драфт: | 1, 2003, Кливленд Кавальерс | ||||||||||||||||||||||
Тоглогчийн замнал | |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||
|
Леброн Рэймон Жеймс (Англи: LeBron Raymone James, 1984 оны арванхоёрдугаар сарын 30-нд Охайо мужийн Акрон хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Кливленд Кавальерс багийн тоглогч юм. Түүнийг сагсан бөмбөгийн талбайд "Хаан Жеймс" хэмээн хочилдог. Бүх цаг үеийн онооны лидер.
Охайогийн дунд сургуулийн “Mr.Basketball” шагналтнаар гурвантаа тодорч байсан тэрбээр Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит дунд сургуульд суралцаж байхдаа л ирээдүйд нэр алдраа дуурсгасан шилдэг тамирчин болно гэдгээ бусдад харуулж чадсан юм. Леброн 18-хан настайдаа 2003 оны НБА-гийн драфтын нэг дэх сонголтоор Кавальерст ирж 2007 онд Кавальерсыг анх удаа НБА-гийн шигшээ тоглолт хүртэл явахад багийн багийн гол тоглогч байв. 2010 онд Жеймс Кавальерсыг орхиж Майами Хит багтай нэгдсэн бөгөөд Хитийн хамт 4 улирал дарааллан НБА-гийн аваргын төлөө өрсөлдөж 2012, 2013 онуудад НБА-гийн аварга болж байжээ. 2014-15 оны улиралд Жеймс Кавальерстай эргэн нэгдэж НБА-гийн шигшээ тоглолтод шалгаран үлдсэн боловч Голден Стэйт Уорриорзт хожигдсон байна. Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох болсон цагаасаа эхлэн олон шилдэг амжилтын эзэн болж, хамгийн залуу гэх тодотголтой олон рекордын эзэн болсон болсон тэрээр 2003-04 оны улиралын шилдэг шинэ залуу тоглогч, 2009, 2010, 2012, 2013 оны НБА-гийн улирлын үнэ цэнтэй тоглогч, 2012, 2013 оны НБА-гийн аваргаас гадна шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогч, 2007-08 оны улиралыг НБА-г оноо авалтаар тэргүүлэгч, 2005 оноос өдгөөг хүртэл тасралтгүй Бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байсан. Жеймс мөн АНУ-ын шигшээ багт багтаж, 2004 оны Афины олимпиос хүрэл, 2008 оны Бээжингийн олимпын наадам, 2012 оны Лондонгийн олимпын наадмуудаас алтан медаль хүртэж, 2006 оны Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ.
Бага нас, хувийн амьдрал
засварлахЛеброны ээж Глория Жеймс 16-хан настайдаа хүүгээ төрүүлжээ. Түүний эцэг нь Энтони МакКлелланд гэгч эр байсан боловч хүүгийнхээ албан ёсны эцэг болохоос татгалзсан учир залуу ээж нь өөрийнхөө овгоор хүүгээ овоглосон байна. Леброн болон түүний ээжийн хувьд амьдрал тийм ч сайхан байсангүй. Леброныг бага балчир байхад ээж нь ихэд зовлон зүдгүүр амсч, сэтгэл санааны хувьд хямралтай байсан аж. Жирэмсэн байх үед нь Глориягийн ээж нас барсан нь түүний сэтгэл санаанд ихээхэн нөлөөлжээ. Худалдагч, кассчны ажлын хооронд завгүй гүйж, тогтвор суурьшилтай ажил олдохгүй байсан бөгөөд ээж, хүү хоёр түрээсийн байр хэсч амьдардаг байв. Кливлэндээс өмнө зүгт нэг цагийн зайтай газар орших Акрон хот 200 мянга орчим оршин суугчтай бөгөөд Глория, Леброн нар хотынхоо бараг бүх л байр түрээсэлдэг айлыг андахгүй болсон байжээ.
Хэдийгээр ажил, амьдралын хувьд зовлон бэрхшээл хангалттай амсч байсан ч Глория халамжтай ээж байхын тулд ихэд хичээж, бяцхан хүүгээ гудамжны харгис хэрцгий зодоон, нийгмийн энэ таагүй байдлаар ангид байлгахаар хэрэндээ хичээдэг байв. Леброныг хоёр настай байхад Глория Эдди Жэксон гэгч залуутай дотно харьцаатай болсон боловч 1990 онд Эдди хар тамхи наймаалсан хэргээр гянданд хоригджээ. Леброн, Жэксон хоёр бие биедээ сайн ханддаг байсан учир Глория хүүдээ эцэг болж чадахуйц эртэй учирсандаа нууцхан баярладаг байсан нь ингээд талаар өнгөрч.
Нүүдлийн амьдралтай байсан Леброн бага сургуульд элсэн ороод багагүй бэрхшээлтэй учирчээ. Гэр бүлийн амьдрал нь хүнд хэцүү, ядуу зүдүү, үргэлж санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг байсан учир бяцхан хүү бусад хөвгүүдтэй найзлахаас эмээдэг байсан гэнэ. Гэхдээ тэр хичээл номдоо шамдаж, спортод, нэн ялангуяа сагсан бөмбөг, хөлбөмбөг /америк/-т дэндүү дуртай байжээ. Майкл Жорданг шүтэж, түүн шиг сагсан бөмбөгч болохыг мөрөөдөж явсан бяцхан хүү хүнд бэрх амьдралаас өөрийн авьяас чадвараар жинхэнэ шилдэг тамирчин болжээ.
Леброн Жеймс ахлах сургуульд суралцаж байхдаа Саванна Бринсонтой танилцсан бөгөөд өдгөө хосууд хоёр хүүтэй юм. Тэдний анхны хүү Леброн Жеймс Жуниор 2004 оны аравдугаар сард төрсөн бөгөөд хосууд 2007 оны зургадугаар сард Брюс Максимус гэх хоёр дахь хүүгээ өлгийдөн авсан байна. Одоо тэрээр өөрийн том хүүгээ НБА-д хамт тоглохыг хүсдэг билээ.
Ахлах сургууль
засварлахЛеброн Жеймс 1984 оны арванхоёрдугаар сарын 30-нд Охайо мужийн Акрон хотноо мэндэлсэн бөгөөд тус хотын Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит ахлах сургуулийг дүүргэжээ. Ахлах сургуулийн есдүгээр ангид суралцаж байдаа тэрбээр сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож, Division III-т аваргалсан байна. Ингэхдээ Жеймс нэг тоглолтод дунджаар 21 оноо авч, 6,2 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэв. Өдгөө Акроны их сургуулийн багийн дасгалжуулагчаар ажиллаж буй Кейт Дамброт тухайн үед Леброны дасгалжуулагч байсан ажээ. Харин 10-р ангид суралцаж байхдаа Леброн нэг тоглолтод дунджаар 25,2 оноо, 7,2 удаагийн самбараас бөмбөг авалт, 5,8 оновчтой дамжуулалт, 3,8 бөмбөг таслалт гүйцэтгэж, тэд хоёр дахь жилдээ дараалан Division III-т түрүүлсэн байна. Тэр жилдээ Леброн Жеймс Охайо мужийн “Mr.Basketball” буюу мужийн шилдэг тоглогч болоод зогсохгүй USA Today сониноос тодруулдаг Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтсан анхны 10-р ангийн сурагч болов.
Ахлах сургуулийн 11-р ангид орсон жилдээ Леброны амжилт улам ахиж, тэрбээр дахин Охайогийн “Mr.Basketball” шагналын эзэн болсон бөгөөд дахин Бүх Америкийн нэгдүгээр шигшээд багтаж, 2001/02 оны улирлын хөвгүүдийн багийн улирлын шилдэг тоглогчоор тодорсон байна. Энэ үеэс эхлэн Охайод түүнийг “Хаан Жеймс” хэмээн нэрийдэх болжээ.
Удалгүй түүний зураг “SLAM” сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэн гарч, улсын хэмжээнд танигдах болов. Мужийнхаа Division II-т тоглох болсон Гэгээн Винсент, Гэгээн Мэригийн нэрэмжит сургуулийн багт Леброн гялалзаж, сагсан бөмбөгийн талбарт түүнийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрчээ.
НБА-гийн замнал
засварлах2003-04 оны улирал
засварлахЛеброн Жеймс 2003 оны НБА-гийн драфтын нэгээр Кливлэнд Кавальерс багт сонгогдсон юм. НБА-д хөл тавьсан анхны тоглолтоо тэрбээр Сакраменто Кингс багийн эсрэг хийж, уг тоглолтод 25 оноо багтаа авчраад зогсохгүй, 9 оновчтой дамжуулалт, 6 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, 4 удаа бөмбөг тасалсан байна. Мөн 2004 оны 3 сарын 27-нд Нью Жерси Нетс багийн эсрэг тоглолтод 41 оноог авснаар Леброн Жеймс НБА-гийн түүхэнд нэг тоглолтод 40-өөс дээш оноо авсан хамгийн залуу тоглогч болсон. Тэр улиралд Жеймс нэг тоглолтод дунджаар 20,9 оноо, 5,9 оновчтой дамжуулалт, 5,5 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэж, 2003-04 оны улиралын шилдэг шинэ залуу тоглогчоор тодорсон нь Кавальерсийн түүхэнд анхных, харин НБА-гийн түүхэнд хамгийн залуу нь байлаа. Кавальерсийн улирлын туршид үзүүлсэн амжилт өмнөх улирлынхаас 18 хожлоор илүү байсан ч тэд 35 хожил, 47 хожигдолтойгоор хасагдах шатанд шалгарч чадаагүй юм.
2004-05 оны улирал
засварлахЭнэ улиралд тэрбээр NBA-ын Бүх оддын тоглолтод оролцож, 13 оноо, 6 оновчтой дамжуулалт, 8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бөгөөд түүний багтсан Дорнод бүсийн баг 112:115 харьцаатай Өрнөдийн оддын багт ялагдсан юм. 2005 оны 1 сарын 19-нд Портлэнд Трэйл Блэйзерсийн эсрэг тоглолтод 27 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт гүйэтгэснээр НБА-гийн түүхэнд трипл-дабль хийсэн хамгийн залуу тоглогч болж байжээ. 2005 оны 3 сарын 20-нд Торонто Репторсийн эсрэг тоглолтод 56 оноо авж Кавальерсийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 27,2 оноо, 7,2 оновчтой дамжуулалт, 7,4 самбараас бөмбөг авалт, 2,2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн амжилтаар НБА-гийн оддын багт анх удаагаа багтсан байна. Харин Кавальерс 42 хожил, 40 хожигдолтойгоор дахин хасагдах шатанд шалгарч чадсангүй.
2005-06 оны улирал
засварлах2005-06 оны улиралд Жеймс дахин Бүх оддын тоглолтод сонгогдож, Дорнодын одод өрнөдийн оддыг 122:120 харьцаатай хожсон бөгөөд Леброн уг тоглолтод 29 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэж 21 нас, 51 хоногтойдоо Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртэж НБА-гийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болов. Мөн Леброн гурван долоо хоног дараалан өрнөд бүсийн 7 хоногийн шилдэг тоглогчоор өргөмжлөгдсөнөөс гадна есөн тоглолтод дараалан 35-аас дээш оноо авч Майкл Жордан, Коби Брайнт нарын амжилтыг давтжээ. Улирлын туршид тэрбээр нэг тоглолтод дунджаар 31,4 оноо, 7,0 удаагийн самбараас бөмбөг авалт, 6,6 удаагийн оновтой дамжуулалт гүйцэтгэсэн амжилтаар НБА-гийн улиралын үнэ цэнтэй тоглогчийн өрсөлдөөнд Финикс Сансын Стив Нэшийн дараа хоёрдугаарт бичигдсэн байна. Харин түүний баг 1998 оноос хойш анх удаагаа хасагдах шатанд хөл тавьжээ.
2006 онд анх удаагаа хасагдах шатанд тоосоо өргөсөн Леброн Вашингтон Визардсын эсрэг хийсэн тоглолтод 32 оноо, 11 оновчтой дамжуулалт, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн, трипл-дабль хийсэн бөгөөд эхний тоглолтод Кавальерс 97:86 харьцаагаар өрсөлдөгчөө буулган авчээ. Цувралын тухайд Морин цэргүүд 4:2-оор хожиж, хасагдах шатны дараагийн тойрогт Детройт Пистонст 7 тоглолтод ялагдал хүлээсэн юм. Харин Леброн Жеймс хасагдах шатны нэг тоглолтод дунджаар 30,8 оноо авч, 8,1 удаагийн самбараас бөмбөг авалт, 5,8 удаагийн оновчтой дамжуулалт гүйцэтгэжээ.
Улирлын төгсгөлд Леброн багтайгаа 2010 оны улирлын төгсгөлд чөлөөт агент болох боломжтой 3 жилийн 60 сая долларын цалин бүхий гэрээний сунгалт хийжээ.
2006-07 оны улирал
засварлахЛеброн Жеймс Бүх оддын тоглолтод гурав дахь жилдээ дарааллан сонгогдов. Оддын тулаанд тэрбээр 32 минут тоглож, 28 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 6 оновтой дамжуулалт гүйцэтгэжээ. Харин улирлын тоглолтод Кавальерс өмнөх улирлын адилаар 50 хожил авч, дорнод бүсээс хоёроор хасагдах шатанд шалгарсан бөгөөд Жеймс нэг тоглолтод дунджаар 27,3 оноо, 6,7 удаагийн самбараас бөмбөг авалт, 6,0 оновчтой дамжуулалт, 1,6 удаагийн бөмбөг таслалт гүйцэтгэв.
2007 оны хасагдах шатны эхний тойрогт Кавальерс Вашингтон Визардстай тааран тоглож 4 тоглолтод хожсон бөгөөд цувралын 4 тоглолтод Жеймс дунджаар нэг тоглолтод 27,8 оноо, 7,5 удаагийн оновчтой дамжуулалт, 8,5 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. Харин хасагдах шатны хоёрдугаар шатанд Жеймс багаа манлайлж, тэд Нью-Жерси Нэтсийг 4:2 харьцаатай хожсоноор Кавалвьерс 15 жилийн дараа дорнод бүсийн шигшээ тоглолтод дахин шалгарчээ. Бүсийн аваргын төлөөх тоглолтод тэд Детройт Пистонстой өрсөлдсөн бөгөөд цувралын эхний хоёр тоглолт ялагдаж, 0:2 харьцаатай ялагдаж байсан боловч дараагийн 4 тоглолтод хожиж, гайхам ялалт байгуулсан юм.
Харин НБА-гийн аваргын төлөөх цуврал тоглолтод Леброн нэг тоглолтод дунджаар 22 оноо, 7,0 удаагийн самбараас бөмбөг авалт, 6,8 удаагийн оновчтой дамжуулалт өгч байсан боловч тэд Сан-Антонио Спөрст 4:0 харьцаагаар хожигдсон.
2007-08 оны улирал
засварлахШинэ улирал эхлэхэд Леброн Жеймс ид шидийн гэмээр тоглолт хийж, амжилт дагуулсан хэвээр байв. Тэр 4 дэхь жилдээ дараалан Бүх оддын тоглолтод оролцож 27 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалт, 2 блок шот, 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн бөгөөд дорнодын одод өрнөдийн оддыг 134:128-аар ялалт байгуулж Леброн Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг 2 дахь удаагаа хүртсэн байна. Мөн НБА-гийн улирлын үнэ цэнэтэй тоглогчийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй өрсөлдөгчдийн эгнээнд зүй ёсоор багтаж байв. 2008 оны хоёрдугаар сарын 19-нд Леброн Хьюстон Рокетстой хийсэн тоглолтод 26 оноо, 13 самбарас бөмбөг авалт, 11 оновчтой дамжуулалт өгч замналынхаа 15 дахь трипл-даблийг хийсэн юм. Ийнхүү тэрбээр НБА-гийн түүхэнд Оскар Робертсон, Мэжик Жонсон нарын араас хамгийн залуугаараа 15 трипл-дабль хийсэн гурав дахь тоглогч болжээ. Мөн улиралын турш нийт 7 трипл-дабль гүйцэтгэсэн байна. Мөн улиралын туршид нэг тоглолтод 30 оноо дундажлаж байснаар НБА-гийн тоглогчдыг оноо авалтаар тэргүүлжээ. Кавальерс 45-37 амжилтаар хасагдах шатанд бөгөөд 3 дахь жилдээ дарааллан Вашингтон Визардстай тааран тоглож 4:2 харьцаагаар хожсон байна. Гэвч тэд 2-р шатанд Бостон Селтикст 4:3 харьцаагаар хожигдсон байна. Бостонтой хийсэн цувралын 7 дахь тоглолтод Жеймс 45 оноо авч байсан бол эсрэг багаас Пол Пийрс 41 оноо авч байжээ.
2008-09 оны улирал
засварлах2008-09 оны улиралд Жеймс дахин амжилтаа ахиулж, хувийнхаа рекордыг шинэчлэв. Сарын шилдэг тоглогчоор дөрвөн удаа дараалан шалгарч 2003-04 оны улиралд Кевин Гарнеттын гаргаж байсан амжилтыг давтжээ. Мөн гол таван статистик үзүүлэлтээр (нийт оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, блок шот) бүгдэд нь багаа манлайлсан НБА-гийн түүхэн дэхь 4 дэх тоглогч болсон байна. Гуравдугаар сарын 25-нд Нью-Жерси Нэтстэй хийсэн тоглолтод ялалт байгуулснаар Кливлэндийн Морин цэргүүд 1988/89, 1991/92 оны улиралд гаргаж байсан 57-25 амжилтаа ахиулж, улирын 58 дахь хожлоо авсан бөгөөд улиралд өндөрлөхөд тэд 66 хожил, 16 хожигдолтой байв. Леброн 28.4 оноо, 7.6 самбараас бөмбөг авалт, 7.2 дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 1.2 хаалтыг нэг тоглолтод дундажлан НБА-гийн улиралын үнэ цэнтэй тоглогчоор шалгарснаас гадна НБА-гийн бүх оддын 1-р баг, НБА-гийн хамгаалалтын 1-р багт тус тус багтсан байв. Хасагдах шатны эхний шатанд тэд Детройт Пистонсыг шүүрдэж, цуврал тоглолтод Жеймс дунджаар 32 оноо, 11,3 удаагийн самбараас бөмбөг авалт, 7,5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, ингэхдээ хамгийн сүүлийн тоглолтод 36 оноо авч, 13 удаа самбараас бөмбөг авч, долоон оновчтой дамжуулалт өгснөөс гадна 17 торгуулийн шидэлт гүйцэтгэснээс 16-г нь сагсанд оруулжээ. Дараагийн шатанд Кавальерс Атланта Хауксыг 4:0-ээр шүүрдэн бүсийнхээ шигшээ тоглолтонд шалгаран үлдлээ. Гэвч тэд бүсийн аваргын төлөө цувралд Орландо Мэжикт 6 тоглолтод ялагдсан юм.
2009-10 оны улирал
засварлахЖеймс зургаа дахь удаагаа Бүх оддын тоглолтод сонгогдов. Бүх оддын тоглолтод оролцох тоглогчдыг шалгаруулах санал хураалтад тэрбээр гурван удаа 2,5 саяас дээш санал авсан анхны тоглогч болжээ. Бүх оддын тоглолт 141:139 харьцаатай дорнодынхны ялалтаар өндөрлөсөн бөгөөд Жеймс 25 оноо, 6 оновчтой дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалт, 4 бөмбөг таслалт хийсэн байна. 2010 оны гуравдугаар сарын 13-нд “Чикаго Буллс”-тэй хийсэн тоглолтын үеэр тэрбээр карьерынхаа 15 мянга дахь оноог авч, энэ амжилтад хүрсэн хамгийн залуу тоглогч болсон юм. Леброн Жеймс замналынхаа хамгийн өндөр 8.6 оновчтой дамжуулалтыг 29.7 оноо, 7.3 самбараас бөмбөг, 1.6 бөмбөг таслалт, 1 хаалтын хамт гүйцэтгэснээр улииралын үнэ цэнтэй тоглогчоор 2 дахь удаагаа шалгарав. Кавальерс 61-21 амжилт үзүүлснээр хасагдах шатанд бүсээ тэргүүлэн шалгарч эхний шатан Чикаго Буллсыг цуврал 5 тоглолтод илүүрхэн хожсон хэдий ч дараагийн шатанд тэд Бостон Селтикст 6 тоглолтод хожигдсон байна.
2010-2014 оны улирал (Майами Хит - Их гурвалын эрин үе)
засварлах2009-2010 оны улиралын дараа Леброн Жеймс чөлөөт агент болсон бөгөөд түүнийг Чикаго Буллс, Нью Йорк Никс, Майами Хит, Нью Жерси Нетс гээд олон багууд багтаа нэгтгэхээр сонирхож байв. Гэвч Леброн Уэйд, Крис Бош нарын хамтаар Майами Хитэд нэгдэхээр болсон бөгөөд Хиттэй 6 жилийн гэрээ байгуулсан байна. Ингэснээр Леброн 1982 оны Мозес Мэлоуноос хойш улиралын үнэ цэнтэй тоглогч болсон жилээ багаа сольсон анхны тоглогч болсон юм. Жеймс Хитийн өмсгөлтэй анхны тоглолтоо 2010 оны 10 сарын 26-нд Бостон Селтиксийн эсрэг хийж 31 оноо авч байжээ. Мөн 2010 оны 11 сарын 9-нд Юта Жаззын эсрэг тоглолтод 11 самбараас бөмбөг авалт, 20 оноо 14 оновчтой дамжуулалт өгч Хитийн тоглогч болсноосоо хойш анх удаа трипл-дабль гүйцэтгэсэн байна. 12 сарын 2-нд Леброн Хитийн төлөө тоглох болсноосоо хойш анх удаа Кливленд хотод ирж тоглон 38 оноо авсан ба хөгжөөн дэмжигчид түүнийг бөмбөг авах бүрд дургүйцлээ илэрхийлж байв. 12 сарын 17-нд Нью Йорк Никсийн эсрэг тоглолтод 32 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгч улиралын 2 дахь трипл-даблиа гүйцэтгэжээ. Үүнээс ердөө 3 тоглолтын дараа Лэйкерсийн эсрэг тоглолтод дахин 27 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 10 оновчтой дамжуулалт өгч трипл-дабль хийсэн байна. Мөн 2011 оны 3 сарын 29-нд төрөлх Кливленд багийнхаа эсрэг тоглолтод 27 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 12 оновчтой дамжуулалт өгч трипл-дабль хийж байжээ. Жеймс улиралын Майамид өнгөрүүлсэн эхний улиралдаа 79 тоглолтод оролцож 26.7 оноо, 7.5 самбараас бөмбөг авалт, 7 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр дуусгаж Майами хасагдах шатанд бүсийнхээ 2-р байраар шалгарчээ. Хасагдах шатны эхний тойрогт Майами Хит Филадельфиаг цуврал 5 тоглолтод, 2-р шатанд Бостон Селтиксийг мөн 5 тоглолтод буулган авч бүсийнхээ шигшээ тоглолтод НБА-гийн улиралын тоглолтыг амжилтаараа тэргүүлсэн Чикаго Буллс багтай тунан үлдсэн байна. Бүсийнхээ шигшээ тоглолтод Деррик Рөүз тэргүүтэй бухнуудыг 4-1 харьцаагаар илүүрхэн НБА-гийн шигшээ тоглолтод Даллас Маверикс багтай тоглохоор болсон байна. Шигшээ тоглолтыг Майами 2-1 харьцаагаар тэргүүлж байсан боловч тэд эцсийн дүнд Далласт 4-2 харьцаагаар хожигдон улиралыг дуусгасан байна.
Шигшээ тоглолтод хожигдсоныхоо дараа улирал дундын амралтын үеэр Леброн Хаким Олажьювоны удирдлага дор бэлтгэл хийж байсан. 2011-12 оны НБА-гийн тоглогдын ажил хаялтын улмаас 66 тоглолтой болж өнгөрсөн бөгөөд Леброн 27.1 оноо, самбараас бөмбөг авалт, 6.2 онодчтой дамжуулалт, 1.9 бөмбөг таслалт хийсэн үзүүлэлтээр улиралын үнэ цэнтэй тоглогчоор 3 удаагаа шалгарсан байна. Улиралын нээлтийн тоглолтоо Майами өнгөрсөн улиралын НБА-гийн аварга болсон Далласын эсрэг хийсэн бөгөөд Леброн уг тоглолтод 37 оноо авснаар Майами өрсөлдөгчөө 105:94 харьцаагаар хожиж улиралын анхны ялалтаа авсан байна. 2012 оны 4 сарын 3-нд Леброн Филадельфийн эсрэг тоглолтод 41 авч өөрийн улиралын хамгийн өндөр үзүүлэлтээ хийсэн байна. Майами Хит өмнөх улиралын адил Чикаго Буллсын дараа бүсийнхээ 2-р байраар хасагдах шатанд үлдэн эхний тойрогт Нью Йорк Никсийг 4-1 харьцаагаар хожиж дараагийн шатанд шалгарчээ. 2-р шатанд тэд Индианаг 4-2 харьцаагаар буулган авч бүсийнхээ шигшээ тоглолтод Бостон Селтиксийг цуврал 7 тоглолтод хожсоноор НБА-гийн аваргын төлөө 2 дахь улиралдаа дарааллан тоглохоор болжээ. Шигшээ тоглолтод тэднийг Кевин Дюрант, Расселл Уэстбрүүк тэргүүтэй залуухан бүрэлдэхүүнтэй Оклахома Сити Тандер баг хүлээж байв. Хэдийгээр Майами Хит цувралын эхний тоглолтод хожигдсон хэдий ч дараагийн 4 тоглолтод хожиж НБА-гийн аварга болжээ. Цувралын 5 дахь тоглотод Леброн 26 оноо, 11 самбараас бөмбөг авалт, 13 оновчтой дамуулалт өгсөн үзүүлэлтээр трипл-дабль гүйцэтгэсэн бөгөөд шигшээ тоглолтын турш 28.6 оноо, 10.2 самбараас бөмбөг авалт, 7.4 дамжуулалт өгсөнөөр анх удаагаа шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан байна.
2012-13 оны улирал Леброн болон Майами Хит багийн хувьд үнэхээр гайхалтай улирал байсан юм. Тэд НБА-гийн түүхэнд 3-т орох 27 дараалласан ялалтыг байгуулж улиралын тоглолтыг 66-16 амжилтаар багийнхаа улиралын тоглолтуудад хамгийн их хожил авсан үзүүлэлтийг шинэчлэн тогтоожээ. Леброн 26.8 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 7.3 оновчтой дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт гүйцэтгэсэн үзүүлэлтээр 4 дэхь удаагаа улирлын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан байна. 2012 оны 12 сарын 4 -нд Вашингтоны эсрэг тоглолтод улиралын анхны трипл-дабль үзүүлэлтээ гүйцэтгэсэн байна. Мөн 2 сарын 26-нд Сакраменто Кингсийн эсрэг тоглолтод 40 оноо авч улиралын хамгийн өндөр үзүүлэлтээ хийсэн байна. Хасагдах шатанд Майами Милуоки Бакс, Чикаго Буллс, Индиана Пэйсерс багуудыг буулган авч Сан Антонио Спөрс багтай шигшээ тоглолтод шалгаран үлджээ. Цувралын 6 дахь тоглолт хүртэл Сан Антонио цувралыг тэргүүлж байв. Цувралын 6 тоглолт дуусахад 12 секунд дутуу байхад Сан Антонио 92-95 харьцаагаар тоглолтыг тэргүүлж байх үед Леброн 3 онооны шидэлт хийгээд алдсан боловч Крис Бош самбараас бөмбөгийг авч, Рэй Аллен дамжуулж, Рэй Аллен 3 онооны шидэлтийг амжилттай болгосноор тоглолт 95-95 харьцаатай болж тэнцсэн байна. Улмаар нэмэлт цагт Майами Хит 103-100 харьцаагаар хожсоноор цувралын ерөнхий харьцаа 3-3 болж тэнцсэн байна. Леброн уг тоглолтод 32 оноо, 11 оновчтой дамжуулалт, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэснээр шигшээ тоглолтод 2 дахь трип-дабль гүйцэтгэсэн байна. Улмаар цувралын 7 дахь тоглолтод Майами Хит 95-88 харьцаагаар хожсоноор 3 удаагаа НБА-гийн аварга болсон бол Жеймс 2 дахь удаагаа НБА-гийн аварга болж мөн шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогчийн шагналыг 2 дахь удаагаа хүртсэн байна.
2014 оны 3 сарын 3-нд Жеймс Шарлотт Бобкэтс багийн эсрэг өөрийн замналынхаа хамгийн өндөр болох 61 оноог авсан байна. Мөн улиралын тоглолтыг Леброн 27.1 оноо, 6.9 самбараас бөмбөг авалт, 6.4 оновчтой дамжуулалт өгсөн үзүүлэлтээр дуусгасан байна. Хасагдах шатны эхний тойрогт Майами Шаррлотт Бобкэтсийг шүүрдэж, Брүүклин Нетс, Индиана багуудыг дараагийн шатуудад хожсоноор НБА-гийн аваргын төлөө дахин Сан Антонио Спөрстэй тоглохоор шалгаран үлджээ. Гэвч цуврал тоглолтод 4-1 харьцаатай хожигдсон байна.
2014-15 оны улирал
засварлах2014 оны долоодугаар сарын 1-нд Леброн Майами Хит багаас чөлөөтагент болсон.[1] Жеймс долоодугаар сарын 12-нд Кавальерстай 2 жилийн 42.1 сая долларын гэрээг байгуулсан.[2] 2014 оны 7 сарын 12-нд Леброн өөрийн төрөлх хотын баг болох Кливленд Кавальерстай 2 жилийн 42.1 сая долларын гэрээ байгуулсан. Үүнээс удалгүй Кавальерс Миннесота Тимбервулвз багийн хүчний довтлогч Кевин Лавыг багтаа нэгтгэснээр шинэ их гурвал бүрдсэн юм. Леброн бүх оддын тоглолтод 11 дэхь удаагаа сонгогдон тоглосон. Мөн улиралын тоглолтыг 25.3 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 7.4 ашигтай дамжуулалт дундажласан үзүүлэлтээр дуусгаж Кавальерс багийн түүхэн дэх хамгийн олон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн тамирчин болсон. Өмнөх улиралд хасагдах шатанд шалгар чадаагүй Кавальерс 53-29 үзүүлэлтээр бүсийнхээ 2-р байраар хасагдах шатанд шалгарч, эхний шатанд Бостон Селтиксийг шүүрдсэн байна. Харин дараагийн шатанд тэд Чикаго Буллсыг 4-2 харьцаатай илүүрхсэн бол бүсийнхээ шигшээ тоглолтод Атланта Хауксыг шүүрдэн НБА-гийн шигшээ тоглолтод шалгарн үлджээ. Гэвч шигшээ тоглолтыг багийн бусад лидерүүд болох Кевин Лав, Кайри Ирвинг нар бэртэл, гэмтлийн улмаас өнжиж зөвхөн Леброн л багаа урагш чирэн тоглож байв. Леброн шигшээ цувралд 35.8 оноо, самбараас бөмбөг авалт, 8.8 оновчтой дамжуулалт дундажлаж байсан боловч Кавальерс Голден Стэйт Уорриорзт 4:2 харьцаагаар хожигдсон байна.
АНУ-ын шигшээ баг
засварлахНБА-д амжиллтай тоглосон эхний жилийнхээ дараа Леброн Жеймс 2004 онд Афины олимпод оролцох АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Тэд олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн нь Америкийн шигшээ НБА-гийн оддоор багаа бүрдүүлэх болсноос хойш анх удаагаа алтан медалиас мултарсан тохиолдол байлаа. Олимпын наадамд Жеймс нэг тоглолтод дунджаар 14,6 минут талбайд тоглож, 5,8 оноо, 2,6 удаагийн оновчтой дамжуулалт, 4,8 удаагийн самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ. Дараа нь Жеймс Америкийн шигшээ багийн хамтаар 2006 оны сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Харин 2007 онд америкчууд америк тивийн сагсанбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Бээжин-2008 олимпын наадамд оролцох эрхээ авсан бөгөөд олимпын наадмын турш америкчууд нэг ч тоглолтод ялагдалгүй олимпын аварга болсон юм. Тэд финалын тоглолтод Испанийн багийг 118:107 харьцаатай хожсон бөгөөд уг тоглолтод Леброн 14 оноо, 6 самбараас бөмбөг авалт,3 оновчтой дамжуулалт өгсөн байна. Харин 2012 оны Лондонгийн олимпын тоглолтод тэр Коби Брайантын хамт шигшээ багаа ахлан оролцжээ. Леброн Австралийн шигшээ багийн эсрэг 11 оноо, 14 самбараас бөмбөг авалт and 12 оновчтой дамжуулалт өгснөөр америкийн шигшээ багийн түүхэнд олимпын наадамд трип-дабль хийсэн анхны тоглогч болж байжээ. Мөн Леброн шигшээ тоглолтод Испаний эсрэг 19 оноо авсан.
НБА-гийн замналын үзүүлэлт
засварлахУлирал
засварлахОн | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2003-04 | Кливленд | 79 | 79 | 39.5 | .417 | .290 | .754 | 5.5 | 5.9 | 1.6 | .7 | 20.9 |
2004-05 | Кливленд | 80 | 80 | 42.4 | .472 | .351 | .750 | 7.4 | 7.2 | 2.2 | .6 | 27.2 |
2005-06 | Кливленд | 79 | 79 | 42.5 | .480 | .335 | .738 | 7.0 | 6.6 | 1.6 | .8 | 31.4 |
2006-07 | Кливленд | 78 | 78 | 40.9 | .476 | .319 | .698 | 6.7 | 6.0 | 1.6 | .7 | 27.3 |
2007-08 | Кливленд | 75 | 74 | 40.4 | .484 | .315 | .712 | 7.9 | 7.2 | 1.8 | 1.1 | 30.0 |
2008-09 | Кливленд | 81 | 81 | 37.7 | .489 | .344 | .780 | 7.6 | 7.2 | 1.7 | 1.1 | 28.4 |
2009-10 | Кливленд | 76 | 76 | 39.0 | .503 | .333 | .767 | 7.3 | 8.6 | 1.6 | 1.0 | 29.7 |
2010-11 | Миами | 79 | 79 | 38.8 | .510 | .330 | .759 | 7.5 | 7.0 | 1.6 | .6 | 26.7 |
2011-12† | Майами | 62 | 62 | 37.5 | .531 | .362 | .771 | 7.9 | 6.2 | 1.9 | .8 | 27.1 |
2012-13† | Майами | 76 | 76 | 37.9 | .565 | .406 | .753 | 8.0 | 7.3 | 1.7 | .9 | 26.8 |
2013-14 | Майами | 77 | 77 | 37.7 | .567 | .379 | .750 | 6.9 | 6.4 | 1.6 | .3 | 27.1 |
2014-15 | Кливленд | 69 | 69 | 36.1 | .488 | .354 | .710 | 6.0 | 7.4 | 1.6 | .7 | 25.3 |
Замнал | 911 | 910 | 39.3 | .496 | .342 | .745 | 7.1 | 6.9 | 1.7 | .8 | 27.3 | |
Бүх оддын тоглолт | 11 | 11 | 31.2 | .516 | .351 | .735 | 6.5 | 6.2 | 1.5 | .2 | 25.3 |
Хасагдах шат
засварлахОн | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2006 | Кливленд | 13 | 13 | 46.5 | .476 | .333 | .737 | 8.1 | 5.8 | 1.4 | .7 | 30.8 |
2007 | Кливленд | 20 | 20 | 44.7 | .416 | .280 | .755 | 8.1 | 8.0 | 1.7 | .5 | 25.1 |
2008 | Кливленд | 13 | 13 | 42.5 | .411 | .257 | .731 | 7.8 | 7.6 | 1.8 | 1.3 | 28.2 |
2009 | Кливленд | 14 | 14 | 41.4 | .510 | .333 | .749 | 9.1 | 7.3 | 1.6 | .9 | 35.3 |
2010 | Кливленд | 11 | 11 | 41.8 | .502 | .400 | .733 | 9.3 | 7.6 | 1.7 | 1.8 | 29.1 |
2011 | Майами | 21 | 21 | 43.9 | .466 | .353 | .763 | 8.4 | 5.9 | 1.7 | 1.2 | 23.7 |
2012† | Миами | 23 | 23 | 42.7 | .500 | .259 | .739 | 9.7 | 5.6 | 1.9 | .7 | 30.3 |
2013† | Майами | 23 | 23 | 41.7 | .491 | .375 | .777 | 8.4 | 6.6 | 1.8 | .8 | 25.9 |
2014 | Майами | 20 | 20 | 38.2 | .565 | .407 | .806 | 7.1 | 4.8 | 1.9 | .6 | 27.4 |
2015 | Кливленд | 20 | 20 | 42.2 | .417 | .227 | .731 | 11.3 | 8.5 | 1.7 | 1.1 | 30.1 |
Замнал | 178 | 178 | 42.5 | .473 | .318 | .752 | 8.8 | 6.7 | 1.7 | .9 | 28.2 |
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "LeBron James will opt out of contract". SportsCenter. ESPN. June 24, 2014. Татаж авсан: June 24, 2014.
- ↑ Windhorst, Brian (July 12, 2014). "LeBron deal has eye on future cap". ESPN.com. Татаж авсан: July 12, 2014.