Хамгийн сүүлд болсон олимпын наадмын тухай Токиогийн олимп (2020 он) өгүүллээс уншина уу.

Олимпын наадам (грек. Ολυμπιακοί αγώνες, франц. Jeux olympiques, англи. Olympic Games) нь зун ба өвлийн спортуудад зориулж зохион байгуулагддаг, олон улсын хамгийн том спортын цогц тэмцээнүүдийн Их наадам юм. Түүхэнд хоёр төрлийн Олимпын наадам байжээ.

Олимпын таван цагаригийн загварыг 1913 онд гаргаж, дараагийн жилээс нь хэрэглэж эхэлжээ. Олимпын наадмын хэрэглээний хувьд анх 1920 оны Антверпений олимпоос хэрэглэжээ

Эхнийх нь Эртний грекийн үед зохион байгуулж байсан Олимпын наадам. МЭӨ 776 оноос МЭ 393 он хүртэл 292 удаа Олимпын наадам зохион байгуулж байжээ. Ромын эзэн хаан I Теодосиус Флавиус Олимпын наадмыг харийн шашины үзэлтэй гэж үзээд 293 дахь олимпиадыг цуцалсан байна.

Хоёр дахь нь 1896 онд Афинд орчин үеийн 4 жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг анх сэргээн зохион байгуулсан байна. 1924 оноос Өвлийн олимпын наадам явуулж эхэлсэн байна.

Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ, International Olympic Committee, IOC) нь Пьер де Кубертэн гэж Францын олон нийтийн зүтгэлтэний санаачилгаар байгуулагджээ. Тэрбээр дэлхий даяарх сонирхогч тамирчдыг цуглуулж олон төрлийн спортоор өрсөлдүүлэх мөрөөдөлтэй байсан ажээ. Тэрхүү хороо нь одоо "Олимпын хөдөлгөөн" буюу наадмыг зохион байгуулахад оролцдог спортын холбоонуудын эрх барих байгууллага болжээ. Олимпын хөдөлгөөн томрох тусам Олимпын наадмын сүр хүч ихэссэн байна. Өнөө үед корпорациудын ивээн тэтгэлэг, спортын "династи" үүсгэх зорилготой улс төрийн дэглэмүүдийн доорх дарамтад хөгжсөн Кубертэний "цэвэр сонирхогч тамирчны идеал" нь алдагдсан хэмээн үзэх нь ч бий.

Өнөө үед Олимпод оролцогсод нь дэлхийн бараг бүх орныг төлөөлдөг хэмжээнд хүрчээ. Үүний үр дүнд улс төрийн бойкот, допинг, шүүгчдэд хахууль өгөх, алан хядах ажиллагаа зэрэг олон сөрөг нөлөө гарч байна. Хэдийгээр Олимпын хөдөлгөөн нь Кубертэний бодож ч үзээгүй асуудлуудтай тулгарч байгаа хэдий ч үүнтэй уялдуулж хөгжин өөрчлөгдөж байгаа. Эдгээрээс гадна 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд хэрэглэгдэж байсан зан үйл, бэлгэ тэмдгүүдийг олимпод оролцуулдаг. Эдгээрийн ихэнх нь нээлтийн ба хаалтын ёслол, медаль гардуулах ёслолуудад хэрэглэгддэг. Өнөө үеийн Олимпын наадам нь хэдийгээр ихэд өөрчлөгдөж ирсэн ч гэсэн одоо ч Citius Altius Fortius - Хурднаас хурдан, Өндөрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй буюу Олимпын уриа дээр төвлөрч байна.

Олимпын наадмын бэлгэдэл бол олимпын цагариг, холбоостой 5 өнгийн таван цагариг бөгөөд дэлхийн таван хэсгийг олимпын хөдөлгөөнд нэгтгэхийг бэлгэддэг. Дээд эгнээний цагаригуудын өнгө нь хөх (Европ), хар (Африк), улаан (Америк), доод эгнээнд - шар (Ази), ногоон (Австрали) гэж өнгө тус бүрийг дэлхийн 5 тивийг төлөөлүүлсэн гэдэг. Олимпын хөдөлгөөн нь өөрийн гэсэн бэлгэ тэмдэг, тугтай бөгөөд 1913 онд Кубертэний санал болгосноор ОУОХ-оос баталсан байдаг. Энэхүү бэлгэ тэмдэг нь Олимпын цагиргууд юм. Олимпын Далбаа нь олимпын цагариг бүхий цагаан далбаа бөгөөд 1920 онд Антверпен хотод (Бельги) болсон VII Олимпын наадмаас эхлэн бүх олимпын наадамд өргөгдсөн бөгөөд Олимпын тангараг мөн өргөж байжээ. Олимпын наадмын нээлтийн үеэр үндэсний багуудын далбаан дор жагсаал 1908 онд Лондон хотод (Их Британи) болсон IV Олимпын наадмаас хойш зохион байгуулагдаж ирсэн. 1936 оны Берлинд (Герман) болсон Олимпоос хойш олимпын бамбар асаах ёслол зохион байгуулж ирсэн байна. Олимп бүрийн бэлэг тэмдэг болох "сахиус-амьтан" анх 1968 оны зун, өвлийн наадамд албан бусаар гарч ирсэн бөгөөд 1972 оны олимпоос хойш батлагдсан байдаг.

Олимпын уриа нь “Citius, Altius, Fortius” буюу латинаар “илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй” гэсэн утгатай. Үүнийг Францын санваартан Анри Дидон зохиож, 1894 онд Олон улсын олимпын хороог байгуулахдаа Пьер де Кубертэн санал болгож, 1924 онд Парист болсон Олимпын наадамд танилцуулжээ.

Олимпын наадам болсон газрууд

засварлах

Олимпын наадмыг хамгийн олон удаа АНУ -д зохион байгуулсан - 8 удаа (зун 4 удаа, өвөл 4 удаа). Францад - 5 удаа (2/3), Их Британид - 3 удаа (3/0), Германд - 3 удаа (2/1), Японд - 4 удаа (2/2), Италид, Канадад - 3 удаа удаа (1/2), Грек, Австрали зуны Олимпын наадмыг хоёр удаа, Австри, Швейцар, Норвеги, Хятад хоёр удаа өвлийн наадмыг зохион байгуулжээ. Швед, Бельги, Нидерланд, Финлянд, ЗХУ, Мексик, Өмнөд Солонгос, Испани, Бразил нэг нэг удаа зуны Олимпын наадмыг зохион байгуулж байсан бол Өмнөд Солонгос, Хятад мөн өвлийн Олимпын наадмыг зохион байгуулж байжээ. Югослав (Босни Херцеговин), Орос улс нэг удаа өвлийн наадмыг зохион байгуулж байжээ. Олимпыг зохион байгуулах эрхийг нийт 23 орон авч байсан байна. Үүний зэрэгцээ зуны Наадмыг 19 оронд, өвлийн Наадмыг 12 оронд зохион байгуулж байжээ.

Санхүүжилт

засварлах

Олимпын наадмаас олох зар сурталчилгааны ихэнх хэсэг (голчлон ОУОХ-ны маркетингийн хөтөлбөрийг дэмжигчдийн томоохон санхүүжилт, телевизийн орлого) Олон улсын олимпын хороонд очдог. Харин нь ОУОХ эдгээр мөнгөний талыг наадам зохион байгуулах хороонд шилжүүлж, талыг нь өөрийн хэрэгцээнд болон олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд зориулдаг ажээ. Зохион байгуулах хороо тасалбар борлуулснаас олсон орлогын 95 хувийг мөн авдаг. Гэхдээ сүүлийн хэдэн арван жилийн санхүүжилтийн ихэнх хэсгийг ихэвчлэн засгийн газрын эх үүсвэрээс бүрдүүлдэг бөгөөд хамгийн их зардлыг наадамд биш харин спортын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулдаг. Тиймээс жишээ нь 2012 оны Лондонд болсон Олимпын наадмын үеэр гарсан зардлын дийлэнх нь Олимпын парктай зэргэлдээх талбайг сэргээн засварлахад зарцуулагдсан байна.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Олимпын наадам – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Олимпын наадам – Викимедиа зураг, бичлэг, дууны сан