Жохар Мусаевич Дудаев (чечениэр Dudin Musa-khant Dƶoxar, оросоор Джоха́р Муса́евич Дуда́ев, 1944 оны 2-р сарын 15-нд төрсөн –1996 оны 4-р сарын 21-нд нас барсан) — Зөвлөлтийн цэргийн нисэх хүчний генерал байсан ба 1991 оноос 1996 онд нас барах хүртлээ Ичкерийн Бүгд Найрамдах Чечень Улсын анхны ерөнхийлөгчөөр ажиллаж ОХУ-аас тусгаар тогтнох хөдөлгөөний удирдагч байсан.

Жохар Дудаев. 1991 он.

Бага залуу нас засварлах

Жохар Дудаев 1944 онд Зөвлөлт Холбоот Оросын харьяа Зөвлөлт Автономит Чечень-Ингушийн улсын Ялхорой гэдэг газар төржээ. Чечень-Ингуш орныг тараан цөлсөн Иосиф Сталины зарлигаар гэр бүлийн хамт цөллөгөнд Казахстаны Павлодар муж руу 1944 оны 2 дугаар сард явсан байна. Жохар эцэг Муса Дудаев, эх Рабиат Дудаева нарын 13 хүүхдийн отгон нь байв. Лал шашинтан. Зөвлөлт Казах Улсын Павлодар мужийн нутагт цөлөгдсөн гэр бүл 13 жилийн дараа 1957 онд Никита Хрущёвын зарлигаар Чечень-Ингуш орон дахин байгуулагдахад нутагтаа харьж ирж, Жохар Дудаев цахилгаанчин болжээ.

Цэргийн хүн засварлах

 
Эстони дахь
дурсгалын хөшөө

Ж.Дудаев хоёр жил Владикавказад цахилгаанчин мэргэжлээр сурсны дараа 1962 онд Тамбовын цэргийн нисэх хүчний сургуульд нисгэгчээр суралцаж 1966 онд төгссөн. 1968 онд ЗХУ-ын Коммунист намд элсэж, 1971-1974 онд Гагарины нэрэмжит нисэх хүчний акедемид суралцан төгсчээ.

Тэр цэргийн даргын охин Алла Куликова хэмээх орос бүсгүйтэй гэрлэж, нэг охин (Дана), хоёр хүү (Авлур, Деги) төрүүлжээ . 1962 онд Зөвлөлтийн нисэх хүчинд элссэн тэрбээр дэслэгч генерал болтлоо цол ахисан ба Зөвлөлт, Оросын түүхэнд генерал цол хүртсэн анхны чечень ястан юм.

1962 оноос эхэлсэн цэргийн замнал нь 1970-аад онд Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаарт үргэлжилж салааны захирагч, дивизийн дарга, отрядын дарга гэх мэтээр дэвшиж ажиллажээ. 1982 оноос 31-р хүнд бөмбөгдөгчийн дивизийн дарга, 1985 оноос Полтава дахь 13-р хүнд бөмбөгдөгчийн дивизийн дарга байв. 1986-1987 онд Афганистаны дайны үед Афганистаны баруун нутаг дахь бөмбөгдөлтөд оролцож байсан. 1987 онд Тарту дахь 326-р хүнд бөмбөгдөгчийн дивизийн дарга болжээ. 1989 онд дэслэгч генерал цол хүртсэн.

Түүнийг Полтава нутгийнхан «цог золбоотой, ширүүн, шударга, сайтар боловсорсон цэргийн дарга» байсныг тодотгон дурсаж байв.

1989 онд Эстонид үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн явагдаж, Вильнюсын цуглаан болсны дараа түүнд телевиз болон засгийн ордонг нь бөмбөгдөх даалгавар өгөхөд гүйцэтгэхээс татгалзаж байсан нь Эстоны тусгаар тогтнолыг хүндэтгэснийг нь илтгэдэг. 1990 онд түүний дивиз Эстонийг орхин гарч Дудаев Зөвлөлтийн цэргийн албанаас чөлөөлөгджээ.

1997 оны Эстонийн Тарту хотод Дудаевын ажиллаж байсан, одоо «Barclay» зочид буудал болсон газарт дурсгалын хөшөө босгожээ.

Улс төрд орсон нь засварлах

Дудаев 1990 оны 5-р сард Чеченийн нийслэл Грозныйд ирж улс төрд оролцсон. Сөрөг хүчин буюу 1990 оны 11 дүгээр сарын 23-25-нд Грозный хотод хуралдсан Чеченийн үндэсний их хурал (ЧҮИХ)-ын гүйцэтгэх хороогоо сонгож тэргүүнээр Жохар Дудаевыг сонгосон байна. 1991 оны 3 дугаар сард Дудаев Зөвлөлт Чечень-Ингушийн дээд зөвлөлийг огцрохыг шаардсан. 6-р сард ЧҮИХ-ын 2 дугаар чуулганаар дахин даргаар сонгогдов. 8-р сард Зөвлөлт засгийг огцорхыг шаардсан жагсаал цулаан үүсч, 9-р сард Дудаевын цэргийн хүчин Завгаевын даргалсан Зөвлөлт Чечень-Ингушийн Засгийн ордонг хүчээр эзэлж, хотын зөвлөлийн дарга Куценког алж, 40 хүн шархдуулжээ.

Ерөнхийлөгч засварлах

1991 оны 10-р сарын 27-нд зөвхөн Чечень нутагт болсон санал асуулгаар 90%-ын саналаар Дудаев ерөнхийлөгч болж Зөвлөлт болон Зөвлөлт Орос улсуудаас тусгаар тогтносон Бүгд Найрамдах Чечень Улс (Нохчи-чо) байгуулагдлаа хэмээн зарлан тунхаглажээ. Гэвч энэ улсыг дэлхийн улс орнууд хүлээн зөвшөөрөөгүй юм (Дудаевыг нас барсны дараа Афганистан хүлээн зөвшөөрсөн). 1991 онд Зөвлөлт Оросын ерөнхийлөгч Борис Ельцин Грозный руу цэрэг оруулна гэсэн боловч үнэндээ цэргийн эрхгүй байв. Орос Чеченийг салан тусгаарлагч гэж үзэх болсон, Чечень «де-факто» (бодит байдал дээр) тусгаар тогтножээ.

Дудаев гадаад харилцаанд анхаарч 1992 оны 1-р сард Гүржийн анхны ерөнхийлөгч Звиад Гамсахурдиа засгийн эрхнээс зайлуулагдахад Дудаев цэргээ явуулж гэр бүлийг нь авран хамгаалж, Грозныйд оргонуулж байжээ. Дудаев барилга, дэд бүтцэд хяналт тогтоож, иргэдийг галт зэвсэг эзэмших, хадгалах эрх олгож, энгийн орос иргэдийг хамгаалах зарлиг гаргаж байв.

1992 оны 3-р сард Дудаев Оростой хэлэлцээ хийхэд бэлэн гээд гагцхүү Чечений тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. 1992 оны 6-р сард Чечень-Ингуш хоёр хэсэг болон хуваагдав. Азербайжанд төр засаг солигдож Абульфаз Эльчибей ерөнхийлөгч болсны дараа Дудаев түүнтэй уулзсан ба Гүржийн ерөнхийлөгч Эдуард Шеварнаде болсны дараа мөн уулзаж байсан. Эдуард Шеварднадзе дурсахдаа: «Дудаев Кавказын холбоог байгуулцгааж, Оросын эсрэг тэмцье гэсэн бөгөөд Шверднадзе хариуд нь Оросын хүчийг мэдэх тул холбоонд оролцох боломжгүй гэдгээ мэдүүлсэн» гэсэн байдаг. Саудын Арабын хаантай уулзсан ба Орос, Америк зөвшөөрсний дараа тусгаар тогтнолыг зөвшөөрөхөд бэлэн гэсэн хариу сонсчээ.

Дудаев Умард Кипр, Туркээр зочилсны дараа Боснид дайны үед зочилсон ба Францын энхийг сахиулагчдад баривчлагдсанд Оросын Кремлиэс НҮБ-тай утсаар ярьсны дараа суллагджээ. 1992 оны 10-р сард Дудаев Америкийн бизнесментэй Чечений газрын тосыг ашиглах талаар очиж уулзаж байв.

1993 оныы 2-р сарын 19-нд Бүгд Найрамдах Чечень Улсын үндсэн хуулинд ерөнхийлөгчийн засагт улс байхаар тусгасанд парламент нь эсэргүүцэж 3-р сард жагсаал зохион байгуулав. Үүнээс 4-р сард Дудаев парламентыг тарааж шууд ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгай улс болов. Зелимхан Яндарбиев дэд ерөнхийлөгч болсон. 6-р сард Дудаевыг дэмжигч, эсэргүүцэгч хүчний мөргөлдөөн болж 50 хүн алагдав. Сөрөг хүчин Чечений нутгийн хойд хэсэгт бий болсон бөгөөд Оросоор дэмжүүлж байв.

Чечений эдийн засаг хямарч байсан нь Дудаевын засагт итгэх итгэлийг алдагдуулсан нэг шалтгаан байсан.

Чечений сөрөг хүчин хүчтэй зохион байгуулалтанд орж Амур Автурханов тэргүүн болжээ. 1994 оны 8-р сард 200 гаруй сөрөг хүчний хүнийг устгажээ.

8-р сард Чеченьд Оросын эсрэг хэмээх дайн үүсч, 11-р сард Грозный хотыг оросууд бөмбөгдүүлж, Руслан Лабазановын удирдсан Оросын цэргүүд Грозныйг эзлэн авчээ. Шамиль Басаев зэрэг Чечений талынхан эргэж оросууд руу ноцож Грозныйг буцааж авахыг зорин байлдаж байв. Түүний нэг нь 1995 оны 6-р сард Ставрополийн хязгаарын Будённовск хотын эмнэлгийг Басаевын цэргүүд барьцаалсан явдал юм. Дудаев энэ үйлдлийг мэдээгүй байсан гэж Шамиль Басаев өчсөн бөгөөд 7-р сард Дудаев түүнийг «бригадын генерал» цолоор шагнажээ.

Алагдсан нь засварлах

Чеченийн нэгдүгээр дайн эхэлснээс эхлэн Дудаевыг алах гурван удаагийн оролдлого бүтэлгүйтжээ. Харин 1996 оны 4-р сарын 21-нд Оросын тагнуулын байгууллага Дудаевын сансрын сүлжээний утасны холбоог Грозныйгоос 30 км зайтай Гехичу тосгоны ойроос илрүүлсний мөрөөр Су-25 онгоцноос пуужин харважээ. Эхнэр зохиолч, зураач Алла Дудаевагийн ярьснаар «Тэд уул руу утсаар ярихаар явсан. Жохар Оросын думын гишүүн Константин Боровтой утсаар ярьж эхэлсэн. Удалгүй пуужин унасан, нөхөр нь алагдсан байсан».

Дурсгал засварлах

2005 онд Польшийн нийслэл Варшав хотын хурлын шийдвэрээр Варшав хотын нэгэн талбайг Жохар Дудаевын нэрэмжит болгосон байна. Үүнээс гадна Латви, Литва улсын нийслэлд гудамжийг мөн Дудаевын нэрээр нэрлэсэн байна.

Түрк улсын нэг хотын цэцэрлэгийг түүний нэрэмжит болгосон. Украины Львов, Ивано-Франковск, Хмельницк хотууд тус бүрт нэг гудамжийг түүний нэрээр нэрэлсэн байдаг.

Өмнөх
улс тунхаглагдсан
Ичкерийн Бүгд Найрамдах
Чечень Улсын
ерөнхийлөгч

1991-1996 он
Дараах
Зелимхан Яндарбиев