Гурван замын байлдаан
Гурван замын байлдаан -Таван замын байлдааны үед Ховдын хязгаарыг хамгаалах Баруун Монгол буюу Шинжааныг хятадаас чөлөөлөх зорилгоор Богд хааны Засгийн газар Гурван замаар цэрэг хуваан оруулсан байна. Энэ тухай судалгаа бараг байдаггүй бөгөөд эх сурвалжуудад цөөн тооны мэдээлэл байдаг. Энэхүү таван замын байлдаанаас тусдаа явагдсан Монгол-хятадын дайныг Гурван замын байлдаан гэж нэрлэн оруулав.
Гурван замын байлдаан | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Олноо Өргөгдсөн Монгол Улс | Дундад Иргэн Улс | ||||||||
Командлагч болон удирдагчид | |||||||||
тодорхойгүй |
тодорхойгүй | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
Олноо Өргөгдсөн Монгол Улсын арми, Баруун Монголын сайн дурын цэрэгийн ангиуд, цэргийн тоо тодорхойгүй | цэргийн тоо тодорхойгүй | ||||||||
Хохирол | |||||||||
тодорхойгүй | тодорхойгүй |
Богд Хаант Монгол Улс байгуулагдаж зарлан тунхагласан явдалд Өвөр Монголын Зуу Үд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаанцав, Их зуу зэрэг 6 чуулган Хөх хотын Түмэдийн зүүн баруун гарын засаг Хар мөрний их мянган, Өөлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Или мөрний Цахар зүүн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан дагаж баясахаа илэрхийлж, Нийслэл хүрээнээс цэрэг илгээж, Өвөр Монголыг бүхэлд нь чөлөөлөхийг хүсэн гуйжээ. Хөлөнбуйрын Барга, Өвөр зургаан чуулганы 49 хошууны 35 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хөх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Илийн гол болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлсэн юм. Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зүүн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, Сайдаар нь Цэцэн хан аймагийн харьяат Егүзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилсон.
Урьдчилсан нөхцөл
засварлахБогд Хаант Монгол Улс байгуулагдсаны дараа Монгол үндэстэнг нэгтгэн Нэгдмэл Монгол Улс байгуулахыг Монголын тухайн үеийн эрх баригчид эрмэлзэж байв. Богд Хаант Монгол Улсад Өвөр Монгол болон бусад монголчууд нэгдэх эрмэлзлээ илэрхийлж, хуучин Манж Чин улсын харъяаны Монголчуудын хэмжээнд бослого, хөдөлгөөнүүд газар сайгүй өрнөж байлаа. Үүнийг эсэргүүцэн Манж Чин улсын дарлалыг авч хаян Дундад Иргэн Улсыг байгуулсан Хятадууд өөрсдийгөө манж нарын өв залгамжлагч гэж үзэн хуучин Манж Чин улсын нутагт гарсан үндэстэнүүдийн тусгаар тогтнох эрмэлзэл бүхий эсэргүүцэл, тэмцлийг цэрэг, зэвсгийн хүчээр нухчин дарж хэлсэн. Түүхийн ийм эгзэгтэй үед Богд хаан Монгол улс,баруун монголчуудыг Хятадын дарлалаас чөлөөлөх, өөрт сайн дураар нэгдсэн монголчуудыг нэгтгэж, хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор гурван замаар их цэрэг хөдөлгөв. 1912 оны арван нэгдүгээр сарын үеэр Монголыг дайлах тухай Хятадын бүх ардын яриа хэлэлцээ болж, Бээжингийн эрх баригчдын хандлага ч тодорхой болж иржээ. Мөн энэ үед хил хязгаарын орны байдал ч түгшүүртэй болсон юм. Бээжингийн зааврыг дагасан Алтайн хэрэг эрхлэх сайд торгууд Балт ван 10 000 цэрэг хуралдуулж баруун хязгаарын байдлыг дахин хүндрүүлсэн учраас Монголын тал Магсаржавыг Улиастайгаар эргүүлэн Ховдын хязгаарт явуулж, Халх, Дөрвөд, Тагна Урианхай зэрэг олон аймаг хошуудаас 4000 цэргийг дайчлан татуулж захируулан суулгажээ. Ингэж Балт вангийн төлөвлөгөөг тасалдуулж чадсан боловч удалгүй 1913 оны зун дагаар орсон Казахын санаа өөрчлөгдөн хятадын харъяа нутаг Алтайг давах, зарим нь оросын нутаг Хөшөө мод зэрэг газруудаар тус тус оргон зайлж яваад эргэн ирж, Дөрвөд, Урианхайн монголчуудыг тонон дээрэмдэж байжээ. Ийм учраас Магсаржав мянгаад цэргийг авч Алтайн нурууны ар, өвөр тал, Сагсайн гол, Толбо нуур зэрэг газраар явж урвагчдын бүлгийг монгол нутгаас хөөн гаргаж, 1913 оны өвлийн эхэн сард Хөшөө модны орчимд гарсан будлиант байдлыг намдуулж тэндээ хоѐр сар илүү сууж оргосон казахын асуудлын тухай яриа хэлэлцээрт оролцож байгаад буцаж Ховдын голд эргэж иржээ. Богд хааны засгийн газар тэдгээр гадаад улс төрийн байдлыг үндэслэж, цэрэг ангиа 1912 онд баруун ба өмнө хил хязгаар, тухайлбал Ховд, Дарьганга, Егүзэрийн хийдэд, 1913 оны эхээр Дарьганга, Сөнөд, Улаанцавын чиглэл ба өвөр чуулганы бусад газар илгээсэн байна. Юань Шикайн засгийн газар Монголын тусгаар тогтнолыг үл зөвшөөрөн цэргийн хүчээр багалзуурдан дарахын тулд их цэргийг Монголын зүг хандуулсан байна. 1912 оны сүүлчээр Батхаалга, Долон нуур, Халуун гол (Ре хэ) зэрэг хилийн ойролцоо хотуудад цэрэг байрлуулсан ба 1912 оны аравдугаар сарын 12-нд Шар сүм, Хөх хот, Хаалганы чиглэлд цэргийн отрядуудыг байрлуулсан байна.
Байлдааны үйл ажиллагаа
засварлахМонгол цэрэг Ховдыг чөлөөлөөд Гурван цэнхэрт хил хязгаар хамгаалах цэрэг байрлуулсан тухай мэдээ авсан хятадын цэргийн отряд 1912 онд Цагдуулт (Бээжингээс 15 мод зайтай) гэдэг газраас хөдөлж Цагаан түнхэд ирж өвөлжөөд, 1913 оны зун Монголын цэргийг бут цохих төлөвлөгөөтэй байжээ. Энэ үед баруун хязгаарыг тохинуулах сайдаар хутагт, мөн хэргийг хавсран туслагчаар дэд зэрэг тайж Баяр (1913 оны арван нэгдүгээр сарын 12-ны Богдын зарлигаар улсад туслагч гүн болсон) ажиллаж байв. 1913 оны зургаадугаар сарын нэгэнд Цагаан түнхийн Улаан хайрхан гэдэг газарт Монгол Хятад цэргийн хооронд тулалдаан болж Монголын талаас 22 хүн алагдаж, 30 хүн шархаджээ. Мөн сарын 7-нд тэнд хоѐр удаа тулалдаан болж Монголын талаас 700 гаруй хүн, Хятадын талаас 2 000 орчим цэрэг оролцож, хятадын 20 орчим цэрэг алагдаж, 50 морь олзлогджээ. Долдугаар сарын 17-нд хятадын 300 гаруй цэрэгтэй байлджээ. 1913 оны долоон сард монголын цэрэг гурван зам хуваагдаж баруун зүг дайрав. Нэг зам нь Урианхайгаас гарч Булган голыг дайрав. Бусад хоѐр замын цэрэг нь тус тус Бао Чиндүн, Ү Юнжи-гээс Цагаан түнхийг хавчин дайрсны үр дүнд хятад улсын Ховдыг туслах цэрэг ангид ширүүн цохигдож, 300 гаруй цэрэг 500 гаруй агтаа хохируулсан хэцүү ялагдлаар төгсжээ. Монголчуудын хүсэлтээр Оросын засгийн газар Монголд өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Дээд Үд (Улаан Үд) хотоос Их Хүрээгээр дамжуулан Ховд хүртэл казах цэргийн ангийг явуулж, мөн зун нь Бийскээс 3 000 хүнтэй явган цэрэг болон их бууны ангийг Ховдод ирүүлжээ. Ховдод Оросын цэргийн анги 1913 оны зун ирсэн нь Хятадын цэргийн идэвхийг сулруулж, Цагаан түнхээс цэргээ буцаан татахаас өөр аргагүй болжээ. Оросын дипломатуудын эсэргүүцэл, орос цэргийн зарим ангиудыг түгшүүртэй бүс болох Ховдын хязгаар, Нийслэл Хүрээнд оруулсан нь хятадын цэрэг Монголыг байлдан эзлэх хэмээсэн санаархалыг нь зогсоожээ.
Дайны үеийн Орос-хятадын үйл ажиллагаа
засварлахОрос –Хятадын хэлэлцээр хийж 1913 оны 11-р сарын 05-нд «Гадаад Монголын автономыг илтгэн гаргах бичиг» буюу 1913 оны "Орос-Хятадын Бээжингийн Тунхаг" хэмээх баримт бичиг гаргаж, түүнд Орос улсын тал Монгол дахь Хятадын эзэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бол Хятад улс Гадаад Монголыг автономит буюу өөртөө засах эрхтэй байхыг хүлээн зөвшөөрсөн юм. Мөн энэ үеэр Урианхайг Орос, Алтайн хязгаарыг Хятад авахаар хэлэлцэн тохирсон.[1]
Эшлэл
засварлах- ↑ Орос-Дундад Иргэн улсын 1913 оны тунхаг Монголын түүхийн тайлбар толь