Ордос

(Их зуу-с чиглүүлэгдэв)

Ордос (монгол бичиг: ᠤᠷᠳᠤᠰ; хятад: 鄂尔多斯, пиньинь: È'ěrduōsī) нь монгол хэлээр Хааны орд өргөөдийг төлөөлдөг үг байснаа 15-17-р зууны үеэс овог аймгийн нэр болон хувирчээ. Ордос гэдэг үгийн язгуур нь “орд” гэдэг үг бөгөөд олон тооны “с” дагавар залгаж ордос хэмээх үг бүтдэг. Монголчууд эгэл ардын орон сууцыг "гэр", ноёдын орон сууцыг "өргөө" гэдэг бол, хаадын орон сууцыг хүндэтгэн "орд" буюу "ордон" хэмээн дууддаг уламжлалтай.

Ордосын Бор тохой

13-14-р зууны Монголын их хаадын ордосыг сахин хамгаалагч түшмэд, цэрэг, албат нийлсэн олон овгийн хүмүүс удаан хугацаагаар тодорхой нэг хүрээлэлд амьдрах болсноор 15-р зууны үед Ордос хэмээх нэг аймаг, түмэн болж бүрэлдэв. Ингэхдээ тус аймагт Чингис хаан таалал төгссөний дараагаар түүний орд өргөө болон сүнс онгоныг тахиулахаар нэг бүлэг хүмүүсийг томилсон нь уламжлагдсаар Хубилай хааны цагт тусгайлан зарлигдаж Чингис хаан тэргүүтэй хаад, хатдын тахилгын орд сэлтийг үүсгэн "Найман цагаан гэр"ийг байгуулж, тахилгын ёс дүрэм, хугацааг тогтоож мөрдүүлсэн. Юань Улс мөхсний дараа монгол нутагт шилжин ирснээс хойш Ордос аймгийг Жинон цолтон захирах болсон нь тэрхүү шүтээнтэй шууд холбогддог.

Ордос аймгийн тухай анхны мэдээ баримт нь 1451 оны үед Тайсун хааны дүү Агваржин жонон Ордосын Хатантөмөр[1] нэрт элчийг Ойрадын Эсэн тайш руу илгээж үг дайлгажээ. Энэ үеэс эхлэн Монголын түүхэнд Ордосын гэх тодотголтой ноёдын нэрс цөөнгүй дурдагдах болж, Батмөнх Даян хааны үед Ордос нь баруун гурван түмний гол цөм болж байсныг мэдэж болно. Ордост эхлээд Улсболдыг жононгоор томилсон ч, дараагаар Барсболдыг жонон болгож Ордос түмнийг захируулсан. Энэ үеэс Ордос түмэн Ар Монголоос Хатан голын Бор тохойд нүүдэллэн ирж нутаглах болсон.

Ордос түмний отог

засварлах

17-р зуунд бичигдсэн монголын түүхийн эх сурвалжаас Ордос түмэнд дараах отог харьяалагдаж байсан. Даян хааны үед Ордос түмэн баруун зүүн гарын дөрвөн хороо, найман отгоос бүрэлдэж байснаа, Барсболд жононгийн хөвүүн Гүнбилэг жононгийн 9 хөвүүд тус бүртээ өмч таслан авснаар баруун, зүүн гарын хорь гаруй отог болж хуваагдсан.

Баруун гарын отог

  1. Хэгүд, Шувуучин[2] нэг отог
  2. Урад, Тангуд[2] нэг отог
  3. Далад, Ханлин, Мэргид[2] нэг отог
  4. Баханас[2]
  5. Бэсүд, Үүшин[2] нэг отог
  6. Бэтэгин, Халиучин[2] нэг отог
  7. дөрвөн отог Уйгуржин[2]
  8. гурван отог Амахай[2]

Зүүн гарын отог

  1. Дөрвөн хороо[2]
  2. Хуучид, Хэриеэс[2]
  3. Чагад, Мянгад, Хоньчин, Хуягчин[2] нэг отог

1600-1630 аад оны Ордосын хэрхэн хуваагдмал байсныг Мин улсын судрын Татарын шастирт Ордос аймгийг дараах байдлаар тодорхойлжээ. "...Хэтаогийн (Ордосыг хэлж байна) аймгууд 42 хэсэгт тархан хуваагдана. Тус бүрнээ бие даасан байдалтай..."[3] гэжээ.

1634 онд Ордосын Ринчин жонон Манжийг дагаж Чин улсын захиргаанд оржээ. 1649 онд Ордос аймгийг Баруун гарын өмнөд, дундад, хойд гурван хошуу, Зүүн гарын өмнөд, дундад, хойд гурван хошуу болгон хувааж тус тус засаг ноён томилон захируулжээ. 1736 онд Баруун гарын өмнөд адгийн хошууг байгуулж Ордосын 7 засаг хошуу болгон Их зуугийн чуулганд харьяалуулсан байна. 1949 оноос хойш ӨМӨЗОИх зуу аймгийг байгуулж Отог хошуу, Отгийн өмнөд хошуу, Үүшин хошуу, Хангин хошуу, Эзэн Хороо хошуу, Зүүнгар хошуу зэрэг хошуунд хуваажээ. 2001 оноос Их Зуу аймгийн нэрийг Ордос хот гэж сольж, 2001 онд Дуншэн дүүрэг, 2003 онд Хиа Багш дүүргийг зэргэлдээх хошуудаас салган бие даасан дүүрэг болгожээ.

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. ., Лувсанданзан (2006). Алтан товч (1 ed.). Улаанбаатар. pp. 243–244.{{cite book}}: CS1 maint: numeric names: authors list (link)
  2. 2.00 2.01 2.02 2.03 2.04 2.05 2.06 2.07 2.08 2.09 2.10 Саган, сэцэн (2006). Эрдэнийн товч (1 ed.). Улаанбаатар. pp. 138–139.
  3. Н, Урангуа (2015). Мин улсын түүх: Татарын шастир, Ойрадын Шастир, Урианхайн гурван харуул (1 ed.). Улаанбаатар: Бит Пресс ХХК. p. 51.