Жамсранжавын Галсандаш

(Егүзэр хутагт-с чиглүүлэгдэв)

Галсандаш, Жамсранжавын түг. Егүзэр хутагт (1870 онд Монгол, Сэцэн хан аймаг, Хурц вангийн хошуунд (одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум) төрж, 1930 оны есдүгээр сард Нийслэл хүрээнд нас барсан) Халхын тамгатай хутагтын нэг. 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн. 1911 онд үндэсний хувьсгалыг талархан угтсан ба 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсдаа дагаар оруулах хэргийг явуулж, хил хязгаарыг Хятадаас сахин сэргийлэн суужээ. Хятадууд 1915 оны шувтаргаар “харчин гүн Бавуужавыг орогнуулав” хэмээн түүнийг баривчилжээ. Монголын засгийн газар зүүн өмнөд хязгаарын сайдаа суллуулахаар сэцэн хан Навааннэрэнг тусгайлан зарсан бөгөөд тэд 1916 оны эхээр Нийслэл Хүрээнд буцаж иржээ. Богд хаан түүнд Хүрээнд ном хурахуйд хутагт нарын тэргүүнд суух, “үнэн сүжигт” цол шагнажээ. Тэрээр Монголын зүүн хязгаарт маш их нөлөөтэй нэгэн байсан тул 1921 онд ардын засгаас зүүн хязгаарт буй цагаантны цэргийн эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлэхийг хүсч байв. 1930.09.30д Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан цаазалжээ. 1990 онд түүнийг цагаатгасан.

Ж.Галсандаш

Егүзэр хутагт Ж.Галсандаш бол Монгол төрийн тамгатай 13 хутагтын нэг, зүүн өмнөд хязгаарыг илбэн тохинуулах сайд, ачит мэргэн цорж, арилсан чин бишрэлт, хувилгаан тойн, зан бадарсан эрдэнэ мэргэн хамба хутагт, ялгуусан чин зүтгэлт, үнэн сүжигт гэгээнтэн, соён гэгээрүүлэгч, байгаль ан амьтныг энэрэхүйн экологич, хязгаар нутгийн аж ахуйг үлгэрлэгч гэхчлэн маш олон цол гуншинтай. Энэ хүний тухай энгийнээр хэлэхэд, төр, шашныг хослон барьсан мундаг удирдагч байсны дээр байгаль экологи, хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн асуудалд маш их анхаарал хандуулдаг, эдгээр чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж чадсан байдаг. Жишээлбэл, холын орноос Гандигар мод болон төрөл бүрийн эмийн ургамлуудыг нутагтаа авчирж, тарьсан байдаг. Мөн тарвага, буга, цагаан зээр зэрэг ан амьтдыг нутагтаа нутагшуулсан байдаг. Энэхүү үзэсгэлэнд эдгээрийн дээжийг авчирсан л даа. Мөн хутагт маань аж ахуй эрхэлж, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьдаг байсан нь анзаарагддаг. Жишээлбэл, ваар, цаас, хөх чулууны үйлдвэрлэлийг түгээн дэлгэрүүлж, утсан хүүхэлдэйгээр сүүдэр ший тавьж, хийдийнхээ шавь нар болон ард иргэддээ сонирхуулдаг байсан юм билээ. Вааран сүмийн туурь нь одоо Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш 75 км зайд байдаг. Энэ үйлдвэрийн урласан олон бүтээгдэхүүний нэг болох чулуун цоож нь манай музейд хадгалагдаж байгааг дээр өгүүлсэн шүү дээ. Эцэст нь хэлэхэд Егүзэр хутагт Ж.Галсандаш бол зөвхөн Эрдэнэцагаан сумынхан, эсвэл Сүхбаатарчуудын шүтээн биш, нийт монголчууд таньж мэдэж, хүндэлж, дурсч явах учиртай хүн. Тэр бол шашны зүтгэлтэн гэхээсээ илүүтэй төр, нийгмийн үйл хэрэгт маш олон ажлын эхлэлийг тавьж чадсан, тухайн үедээ шинэчлэгч байсан хүн. Түүнийг дөрвөн настайд нь Егүзэр хутагтын долдугаар дүрээр тодруулж, 1874 оны зуны сүүл сарын шинийн 8-нд хутагтын ширээнээ залжээ.

Егүзэр хутагт багаасаа шашны эрдэм номд гарамгай сайн суралцаж, эрдэм ухаан, рид хувилгаанаараа олныг бишрүүлж, өөрийн Өнө-Өглөгт хийдээс гадна Нийслэл Хүрээ, Сэцэн ханы хүрээ болон Барга, Өвөр монголын олон хүрээ хийдээр явж ном айлддаг байв. Ийм учраас Егүзэр хутагтыг Халх, Барга, Өвөр монгол даяар ихээхэн шүтэж, “Ламахайн гэгээнтэн” хэмээн алдаршжээ.

Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан 1911 оны өвөл цагт Егүзэр хутагт хил залгаа Өвөр монголын чуулган, хошуудаар заларч, Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглах гэж байгааг мэдэгдэж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэлд нэгдэн нийлэхийг уриалжээ. Энэ үеэс тэрбээр зүүн өмнө хязгаарт Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн ажиллаж, Ар, Өвөр монголыг холбох гүүр болж байв. Богд хааны зарлигаар 1913 оны 8 дугаар сарын 2-нд Егүзэр хутагтыг Зүүн өмнөд хязгаарын олон монгол аймгийг дагуулан тохинуулах сайдаар томилжээ. Сайд Егүзэр хутагт Галсандаш 1913 оны Өвөр монголыг чөлөөлөх дайны түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн.

Дундад Иргэн Улсын цэрэг 1915 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Өнө-Өглөгт хийдийг довтлон эзэлж, бурхан шүтээнийг нь түйвээн сайд Егүзэр хутагтыг баривчилж, улмаар Бээжинд хүргэжээ. Монгол Улсын засгийн газар Шүүх яамны сайд Сэцэн хан Навааннэрэн, Цэргийн яамны дэд сайд Жамъяндорж нарыг томилон Бээжингийн засгийн газартай хэлэлцэн Егүзэр хутагтыг суллан авчээ.

Егүзэр хутагт 1921 оны 5 дугаар сарын 19-нд Зүүн өмнөд хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайдаар томилогдож, мөн оны аравдугаар сард сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Егүзэр хутагт Галсандашийг хил хязгаарт суухад аюултай тул Богдын ногоон ордонд залах нэрээр 1929 оны 8 дугаар сарын 11-нд Улаанбаатарт авчирсан байна. Гэвч үнэн хэрэгтээ түүнийг гэрийн хорионд байлгаж байгаад 1930 оны зун баривчлан хорьж, хилс хэрэг тулган мөн оны 9 дүгээр сарын 30-нд хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан хилс хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Монгол Улсын засгийн газрын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын дунд сургуулийг Егүзэр хутагт Галсандашийн нэрэмжит болгов.

Ж.Галсандаш шашин төрийн үйл хэрэгт

засварлах

Ж.Галсандаш мяндаг тушаалтай, мэдлэг боловсрол ертөнцийг үзэх үзлийн хувьд тухайн нийгмийнхээ хүн байсан боловч улс орноо өөд татах сэтгэлгээгээрээ шинэчлэлийн уур амьсгалтай байсныг үгүйсгэж болохгүй.

Ж.Галсандаш гадаадынхантай худалдаа хийх, тэдэнд байгалын баялагыг түрээсээр ашиглуулахад бодлоготой ханддаг. Тэрээр хийдийнхээ сан часаас бадруулт төрийн 20 онд /1894 он/ Бээжин, Долнуур хотын хятад пүүсүүдэд эр хонь 160-ийг нэг бүрийг 1,4 , шар үхэр 20-ийг 130 лан мөнгөөр худалдаж байв. Мөн олноо өргөгдсөний 7 онд /1917 он/ өөрийн эзэмшлийн нутгаас 10,000 гуалин огтлуулж Орос, Абрамид худалдаж үнийг хийдийнхээ санд оруулжээ. Олноо өргөгдсөний 2 онд /1912 он/ Өвөр монголын 49 хошууны 35 нь Ар монголд дагаар орсон тул Богд хаант монгол улсын засгийн газар зүүн өмнөд хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдын газрыг байгуулж, олноо өргөгдсөний 3 оны 6-р сарын 30 нд /1913 оны 7 сар/ Богд хааны зарлигаар Егүзэр хутагт Галсандашийг монголын зүүн өмнөд хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдаар томилж, << Хязгаарын тохинуулах сайд, номч мэргэн хутагт, эрдэнийн гэгээн >> хэмээх цол олгосон байна. 1913 оны 1 сараас эхлэн өвөр монголын нутагт давшин орсон олноо өргөгдсөн монгол улсын цэргийг баяртай угтан авч байсан өвөр монголын ард түмний санаа сэтгэл алдагдаж хошуудыг аж ахуйн сүйрэлд оруулсан янз бүрийн албан татварыг хөнгөвчилж өгөхийг гуйсан өргөдлүүд зүүн өмнөд хязгаарын хэргийг захиран шийтгэх сайдад олонтой ирэх болжээ. Шилийн голын чуулганы зүүн хуучидын засгаас сайд Егүзэрт ирүүлсэн захидалдаа “Тус хошуу нь бүр дайчин улсын үеэс туйлдаа хүртэл ядуурч доройтсон нь хятад цэргийн довтолгоон болон монгол цэргийн бүх зардалд хөрөнгө нийлүүлсэний улмаас ядуу дорой байдал улам бүр ихэслээ” гэж бичиж татвар төлөөсөөс чөлөөлж өгөхийг хүсчээ. Энэ үед хятадын засгийн газар халхын Сэцэн хан аймгийн өмнө нутаг Хурц ван Түдэнгийн хошуу Егүзэр хутагтын шавь нарыг түрэмгийлэх талаар ичнээ явуулга хийж байсан бөгөөд олноо өргөгдсөн 4 оны зун хятадын цэрэг Егүзэрийн хийдэд цөмрөн орсон байна. Байдал хүндэрсэн энэ үед Егүзэр хутагт Бээжинд очиж хятадын ерөнхийлөгч Юань-ши-кайтай хэлэлцээр хийж улс орныхоо эрх ашгийн үүднээс ухаалаг, зөв зохистой харьцаж байсан баримт бий. 1915 онд Хиагтад Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээр болов. Хиагтын хэлэлцээрийн дараа хятадын засгийн газар монголын автономит /өөртөө засах эрх бүхий орон/ төрийг устгаж өөрийн муж болгохыг оролдсоор байв. Олноо өргөгдсөний 5 оны намар /1915 он/ хятадын цэрэг “морьт хулгай Бавуужавтанг нэхэж явна” хэмээх шалтгаар Егүзэрийн хийдийг дээрэмдэж Егүзэр хутагтыг баривчилж Бээжинд хүргүүлсэн байна. Богдын засгийн газар хүрээнд суугаа хятадын ерөнхий консулын хэрэг шийтгэх сайд Чен-И-гээр дамжуулж хятадын засгийн газарт эсэргүүцэл илэрхийлж Егүзэрийн хийдээс цэргээ түргэн гаргах Егүзэр хутагтыг суллаж тавихыг шаардсан. Оросын засгийн газар ч энэ шаардлагыг бас тавьж байсан тул хятадын засгийн газар цэргээ татаж Егүзэр хутагтыг буцаасан бөгөөд Егүзэрийн хийдийг хятадад авах гэсэн балмад оролдлого биелэгдсэнгүй. Харин Егүзэрийн хийдэд хятадын цэрэг ирсэн үед манлай баатар Дамдинсүрэн, гүн Бавуужав нарын удирдсан монгол цэргүүд Егүзэрийн хийдэд ирж “Өндөр яам” байгуулан хятад цэрэгтэй байлдаж байсан тухай партизан Чойжилын Гончиг агсаны дурдатгалд өгүүлсэн байдаг. Егүзэр хутагт Ж.Галсандаш хязгаар нутгийг захирах сайдын хувьд хил хязгаараа хамгаалахад зориулж монгол цэргийн тоог олшруулах, зэвсэг техникээр хангуулахад их анхаарч байсан баримт байдаг. 1916 онд Богдын засгийн газар Хаант оростой зэвсэг авах тухай хэлэлцээр хийж Оросын Ашко хотоос 4 их буу, 2000 гаруй винтовыг олон зуун сумтай авч Хүрээ, Сан-бэйс, Егүзэрийн хийдэд хувааж явуулсан байна.

Ж.Галсандаш ардын засгийн үйл хэрэгт

засварлах

Монгол ардын засгийн газрын 1921 оны 7 сарын 13 ны өдрийн тогтоолоор Егүзэр хутагт Галсандашийг “Монголын зүүн өмнө хязгаарыг байцаан үзэж илбэн тохинуулах сайд”-аар улируулан томилжээ. Энэ нь ардын засгийн газраас ард олны дунд шашны нөлөө хүчтэй байгааг харгалзан юуны өмнө Егүзэр хутагтын өндөр нэр хүндийг ашиглан сүсэгтэн ард олонд төрийн бодлогыг ойлгуулах гэсэн арга хэмжээ байв. Сайд Егүзэр хутагтын улс төрийн бодлого байр суурийн талаар академич Ш.Нацагдорж, Б.Ширэндэв, эрдэмтэн Ц.Пунцагноров нар ном зохиолуудад эерэг, сөрөг байр сууринаас бичсэн. Тухайн үеийн нийгмийн захиалгаар бичиж түүхэн үнэнийг гуйвуулж монгол улсын тусгаар тогтнол болон ардын хувьсгалын ялалт ардын төр засгийн бодлогыг эсэргүүцэгч, нам төрийн дайсан мэтээр харуулсан нь өнөөдрийн өндөрлөгөөс харахад түүхэн үнэнийг гажуудуулсан хэрэг болох нь нэгэнт тодорхой болжээ. Егүзэр хутагт монгол улсаа гэсэн бодолтой эх оронч дэвшилт үзэлтэн байсан төдийгүй, ардын хувьсгалын ялалт, нам төрийн бодлогыг талархагч байсан юм. Түүхийн амьд гэрч болсон ахмадуудын /С.Хоролсүрэн, Б.Өлзийтогтох, Ц.Дорж, Д.Сайнхувьт, Ө.Намрал, Ё.Баатарсүх, доктор Д.Цогт-Очир/ үг яриа болон архивын зарим бичиг баримт үүнийг гэрчилнэ. 1921 оны 8 сард жанжин Д.Сүхбаатарын тушаалаар тус хязгаар нутгийг цагаантаны дээрэмчидээс чөлөөлөхөөр явсан Сэцэн хан аймгийг тохинуулах сайд бөгөөд ардын журамт цэргийн 2-р морин бригадын дарга Магсархурцын Дугаржав, хорооны дарга Гончигийн Бумцэнд хурандаа нарын анги хийд дээрээ ирэхэд Егүзэр хутагт сан часаасаа бүрэн хэрэглэлтэй 2 гэр гарган өгч албан хэрэгт нь тусалж байжээ. Егүзэр хутагтыг ардын засгийн сайд болсонтой холбогдуулж тодруулбал зохих нэгэн зүйл бол ардын засгийн газрын анхны ерөнхий сайд Д.Бодоогоос Егүзэр хутагтад захидал ирүүлж төрийг төвхнүүлэх, шашныг мандуулах, жасын хөрөнгөө арвижуулах үйлст нь ерөөл тавьж байсан тухай ахмадуудын ам дамжсан яриа бий. 1921 оны сүүлчээр ирсэн бололтой. Харамсалтай нь одоогоор олдсон түүхэн баримт алга. Егүзэр хутагт 1923 оны хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд /цагаан сараар/ Сан-бэйсийн хүрээнд ихэс лам нартай шинэлж явахдаа тэнд ажлаар явж байсан дэд жанжин Х.Чойбалсантай уулзаж сэргийлэн хамгаалж байсан хязгаар нутгийнхаа амар түвшин байгааг мэдээлж ажил төрлийн талаар зөвлөгөө авч байсан байна. Энэ тухай Ж.Лувсан, Л.Жамба агсан нар дурсан ярьдаг байсан билээ. Егүзэр хутагт санаачилан алс холын хангайн аймаг хошуудаас хус, улиас, бургас авчирч тариулсан. Буга согоо, тарвага авчирч үржүүлсэн. Газар хагалж тариа тарьсан. Нэхмэл хивс, цаас, шаазан ваарын үйлдвэрүүд байгуулсан. Домбворский, Кандратьев нарын зэрэг орос мэргэжилтнүүдийг урин ирүүлж хайгуул шинжилгээ хийлгэж, газрын хөрсөн дэхь баялагыг судалсан. Малын ноос худалдаалах гэрээ харийн хүмүүстэй байгуулж ажиллуулсан зэрэг нь тухайн үедээ төр шашны хэрэгт зориулагдсан боловч нутаг орныхоо алс ирээдүйд тэмдэглүүштэй зүйл болсон юм.

Б.Дүйнхэржав /Дурдатгал/

засварлах

Егүзэр хутагт Галсандаш, гүн Дашням нар Зоригт бэйс Мижиддоржийн хошууны гүн Пунцагтай хамтарч 1923 оны 5 сарын 3 нд Английн худалдаачид болон орос Шливоновтой ноос /унгас/ худалдахаар байгуулсан 131 тоот гэрээ бичиг улсын төв архивт байдаг. Энэ гэрээг ардын засгийн газрын шүүх яам баталж тамга дарж дансанд тэмдэглэж татварт 1 лан мөнгө хурааж авсан байна. Энэ нь сүсэгтэн олныхоо аж амьдралыг өөд татах гэсэн оролдлдого байв. Егүзэр хутагтын шавийн хүн ам мал хөрөнгө бусад шавь нарыг бодвол байнга өсөж, бэхэжсээр байжээ. Егүзэр хутагтын шавь нар нь 1922 онд 320 өрх, 5 төрлийн 5711 малтай байсан бол жил дараалан өссөөр 1926 онд 567 өрх, 55767 малтай болжээ. Егүзэрийн хийд 1925 онд 927 лам хуврагатай байсан бол 1927 онд 1325 лам хуврагатай болсон байна. 1923 оны өвөл зах хязгаарын хошуу шавийн дунд ардын нам засгийн бодлогыг таниулах, намын үүрүүд байгуулах ажлаар ирсэн Монгол ардын намын төв хорооны төлөөлөгч бөгөөд засгийн газрын төлөөний түшмэл Ц.Лувсан 12 сарын 25 нд Егүзэрийн хийд дээр ирж Б.Бавуудорж, Т.Бүтэмж, С.Гочоо, С.Дэлгэрсан, Н.Жамсран, Ч.Сандэлэг, зайсан түшмэл Т.Чадраабал нарын 14 хүнийг хуралдуулж монгол ардын намын үүр байгуулсан байна. Егүзэрийн хийдийн нэрд гарсан бичээч гүн Дашнямын санаачлагаар 1925 оны 4 сарын 16 нд Егүзэрийн хийдийн дэргэд буриад Цэвэгжав, Мөнх нарын 16 хүүхэдтэй бага сургуулийн эх үүсвэрийг тавьсан бол 1923 онд гаалийн хороо, 1924 онд цэргийн 19-р суман, эвлэлийн 26-р үүр, харилцан туслалцах 25-р хоршоо, 1926 онд банкны 66-р салбар, 1928 онд үйлдвэрчний эвлэлийн түр товчоо байгуулагджээ. Энэ бүхэн нь юуг харуулж байна вэ? Хэрэв Егүзэр хутагт нам төрийн бодлогыг эсэргүүцэгч байсан бол шавь нар болон хийдийнх нь дэргэд нам эвлэл, сургууль соёлын олон байгууллага байгуулагдан ажиллах боломжгүй.

Тайж Эрэгдэндагва, Егүзэр хутагт Ж.Галсандаш нарын хувьсгалын эсэргүү хэргийг таслан шийтгэсэн тогтоол. 1930.09.28

засварлах

1929 оны 8 сарын 8 ны өдөр улсын бага хурлын гишүүн Дэмбэрэл, орос сургагч Канаев, Эрдэнэцагаан дахь дотоодын хамгаалахын дарга Пүрэвжав, намын хорооны дарга Б.Амарсайхан нар ламхайг баривчилж Улаанбаатарт авчирсан байна. Егүзэр хутагтын ялын төлөвлөгөөнд Егүзэр хутагт хэмээх Галсандаш 61 настай, Ханхэнтий уулын аймаг Эрдэнэцагаан уулын хошуу монгол тайж Егүзэр хутагтын YII хувилгаан гэгдэх ба 19 /1929 он/ онд хутагтын хувиар хөрөнгөө хураалгасан. Автономитын үед зүүн хязгаарын цэргийн жанжны тушаалыг хүлээн авсан гэж бичжээ. Түүнчлэн /38 –ын эсэргүү хэрэг/ хэмээн 38 хүний /3 эмэгтэй оролцсон Уртнасан, Долгор, Янжин/ хамран холбогдуулсан хэргийг шүүн таслах ажлыг 15 хоног явуулж 1930 оны 9 сарын 29 нд дуусгаж /хувьсгалын эсэргүү хэргийг анх санаа сэдэвлэн үүсгэж тэргүүлэн удирдсан түшмэл тайж Эрэгдэндагва, Егүзэр Галсандаш, гүн Гомбо-Ичин, тайж Бүүвэй, зайсан түшмэл Чадраабал, Донойжав, Ишлодон нарын нэр бүхий 7 хүнийг шүүх цаазны бичгийн ерөнхий ангийн 25-р зүйлийг баримтлан 31-р зүйлийн ёсоор хүндэтгэж, тусгай ангийн 42-р зүйлийн ёсоор буудан алах/ тогтоол гаргажээ. Ялын төлөвлөгөөнд худал үндэслэлгүй зүйл бичсэний нэгэн адил шийтгэх тогтоол нь ч хилсээр буруутгаад устгах ганцхан зорилго агуулжээ. Монгол улсын прокурорын 1990 оны 5 сарын 1 ний өдөр гаргасан эсэргүүцлийн дагуу улсын дээд шүүх бүгд хурлаараа хэлэлцээд БНМАУ-ын ерөнхий шүүн таслах газрын 1930 оны 9 сарын 19 ний өдрийн өргөтгөсөн хурлаас гаргасан Егүзэр хутагт Ж.Галсандашид холбогдох хэргийг таслан шийтгэсэн тогтоолыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж түмэн олны хэдэн арван жилийн сэтгэлийн зовиурыг тайлжээ.

Хурц ван Түдэн ноёны засаг захиргаа /1911-1921 он/

засварлах

Олноо өргөгдсөн монгол улсын үед монгол улс 4 аймаг, /Засагт хан, Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён хан/ Богдын шавьд /Ховд, Хөвсгөл/ хуваагдаж байв. Манай нутаг Сэцэн хан аймгийн хурц ван Түдэн ноёны засаг захиргаанд харьяалагдаж байсан юм. Хурц вангийн хошууны аж ахуй, эдийн засгийн үндэс нүүдлийн мал аж ахуй, ан агнуур юм. Манж хятадын худалдаачдын нөлөө их байв. Хошууны ардуудын голлох бичиг монгол бичиг. Төрийн хэргийг энэ бичгээр хөтөлнө. Олноо өргөгдсөн монгол улсын цэрэг, өртөө, цагдаа, харуулын зэрэг улсын тогтоосон албыг засаг ноён Түдэн хариуцаж албат ардуудаас их хэмжээний мал, эд юм, мөнгө, татвар татаж авдаг. Нутгийн ардууд цэргийн албыг хааж, морин өртөө урьдын адил ажиллаж байв. Харуулын цэрэг зөвхөн цахиур буу, сэлэмээр зэвсэглэнэ. Цэрэг, өртөө, цагдаа, харуулын хүмүүс цөм тус тусын хувцас, хоол, уналга, зэр зэвсэгийг өөрөөсөө гаргадаг. Олноо өргөгдсөн монгол улсын хаад ноёд болон засаг ноёд албат ардуудаас их хэмжээний адуу мал, эд хөрөнгө, сүү цагаан идээ, мөнгө төгрөг татаж төрийн байгууллага, цэргийн зардал, шашны үйлд хэрэглэдэг. Өнө өглөгт хийдийн дацан, дугана, сүм, хийд бариулах, алтан шаргал зэс гуулин бурхан хийх гэх мэт улсын албанаас гадна ард түмний амьдрал байдлыг газар дээр нь шууд хүндрүүлж байсан томоохон хүчин зүйлийн нэг бол шар, хар феодал /хаад, ноёд, хутагт, хувилгаад/ тус бүрийн амин хувийн алба гувчуур байв. /биеэр ажиллах, бүтээгдэхүүн өгөх, мөнгө төлөх/. Мөн тийм албыг өөрсдийн шавь хамжлагаас тамгатай хутагт хувилгаад татан гаргуулдаг. Ардууд мал мах, ноос, үслэгийн зэрэг зүйлээ хямд үнээр худалдаж өндөр хүүтэй зээллэг авч аажмаар хятад худалдаачид, мөнгө хүүлэгчидийн гарт оров. Ард олон өвчин өлгөлөн, өр зээлд нэрвэгдсэн байна. Нутгийн ардууд заргын бичиг үйлдэж засаг ноён, аймгийн чуулган, Богдын засгийн газрын эсрэг тэмцсэн. Жишээ нь үүнийг гэрчлэх баримт нь 75 ардын заргын бичиг болно.

Мөн үзэх

засварлах