Германы дайн
Дайныг шийдвэрлэсэн Көниггрецийн дэргэдэх тулалдааны явц (Георг Блайбтройн зурсан уран зураг)
Дайныг шийдвэрлэсэн Көниггрецийн дэргэдэх тулалдааны явц (Георг Блайбтройн зурсан уран зураг)
Огноо 1866 оны зургаадугаар сарын 14-өөс наймдугаар сарын 23 хүртэл
Байрлал Германы Холбоо (Өмнөд ба Төв Герман, Бохеми ба Морави), Унгарын Хант Улс, Дээд Итали, Адриатын тэнгис
Үр дүн Прусс ба түүний холбоотнуудын ялалт
Нутаг дэвсгэрийн өөрчлөлт үзэх: 1866 оны Пруссийн нэгдэл; Итали Венетог авсан
Энхтайвны гэрээ Праг Прусстэй, Вена Италитай энхтайвныг тогтоосон
Зөрчилдөгч талууд

Германы Холбоо:

Германы дайн буюу Германчуудын дайн (Герман: Deutscher Krieg мөн «Preußisch-Österreichischer Krieg» монголоор Прусс-Австрийн дайн) нь 1866 онд Германы Холбоо нь Австрийн удирдлага дор эсрэг тал болох Прусс ба түүний холбоотнуудтай хийсэн зэвсэгт мөргөлдөөнийг хэлдэг. Пруссийн холбоотнуудад германы жижиг улсуудаас гадна Итали бас орж байв. Энэ дайнд Франц оролцоогүйн учир нь Австри тус улстай нууц гэрээ хийсэн байжээ.

Эдгээр мөргөлдөөнийг сүүлд нь хоёр дахь Германы нэгдлийн дайн хэмээн нэрлэх болов. Үүний өмнөх дайн буюу 1864 оны Герман-Данийн дайнаар Прусс-Австри Улс Шлесвиг ба Хольштайны херцогт улсуудыг байлдан дагуулсан нь Германы дайн гарах нэгэн шалтгаан байлаа. Тус дайнуудын гурав дахь нь 1870-1871 оны хооронд болсон Герман-Францын дайн байв.

Энэ дайны жинхэнэ шалтгаан нь Германы Холбоог тэргүүлэх буюу төрийн жолоог атгахын төлөөх Австри ба Пруссийн хоорондын зөрчил байсан юм. Австрийн хувьд германы холбооны засгийн газарт илүү олон суудалтай учир энэ давуу талаа Германы Холбоонд хадгалж үлдэхийн төлөө тэмцэв. Харин Пруссийн зүгээс болохоор Германы Холбоог «Холбооны Улс» болгох сонирхолтой байжээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд Пруссийн ерөнхий сайд Бисмарк 1866 оны зургаадугаар сарын 10-нд «Пруссийн холбооны шинэчлэлийн төлөвлөгөө» гэх үндсэн хуулийн багцыг гишүүн улсууддаа танилцуулав.

Тун удалгүй Пруссийн цэргүүд Хольштайн руу довтлов. Хольштайны Херцогт Улсыг тэр үед Австри захирч байж. Германы Холбооноос 1866 оны зургаадугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор Пруссийн эсрэг арга хэмжээ авах шийдвэр гаргажээ. Үүний дараахан дайн эхэлсэн аж. Дайны үеэр Австри өөрийн холбоондоо үнэнч улсуудын зэвсэгт хүчнийг нэгтгэж, нэгдсэн нэг командад оруулж чадсангүй. Тэдний хамгийн гол хүч болох Байерн ба Ханноферийн арми нь зөвхөн тус тусынхаа нутаг дэвсгэрийг л хамгаалан тэмцжээ. Австрийн цэрэг 1866 оны долоодугаар сарын 4-нд Көниггрецийн дэргэд Прусст ялагдал хүлээв.

Прусс нь Австрийн газар нутгаас чадлынхаа хэмжээгээр давшин эзлэх санаархал байгаагүй учраас Австритай аль болох богино хугацаанд энхтайвныг тогтоохыг зорьжээ. Николсбургийн урьдчилсан энхтайвны гэрээнд Австри улс умард германы нутагт өөрийн холбоогоо байгуулах эрхийг Прусст олгосон байна. Үүний дараа Прагийн энхтайвны гэрээ дагалдсан ба энэ удаа үлдсэн байлдагч талууд гэрээнд гарын үсэг зурцгаав. Ялагдсан улсуудад Германы Холбоо задарсан гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Прусс улс умард дахь өөрийн холбоотнууд болон ялагдсан улсуудтай наймдугаар сарын 18-нд Наймдугаар сарын холбоог байгуулав. Ингээд улсуудын зэвсэгт хүчнийг Холбооны Германы нэгдсэн зэвсэгт хүчнээр сольсон нь Хойд Германы Холбооны Улс байгуулагдах эхлэл болжээ. Энэ холбоог 1867 оны долоодугаар сарын 1-ний Холбооны Үндсэн хуулиар баталгаажуулав. Энэхүү Хойд Германы Холбоо нь 1871 онд байгуулагдсан Германы Эзэнт Гүрний өмнөх шат байв. Өөрөөр хэлбэл Германчуудын дайн нь Бага Германы шийдлээс эхлэн цааш явсаар Австри Улсгүйгээр Герман үндэстнүүдийн улс байгуулагдах хөгжлийн замыг зассан юм.

Германы дайн нь угтаа «Прусс-Германы дайн»[1] хэмээн нэрлэгдэж байсан бөгөөд үндсэн зөрчилдөгч талууд болох Пруссийн эсрэг Германы Холбоо дайтсан гэдгээс нь илэрхий харагдах юм. Өнөөдөр германы түүх судлалд «Германы дайн» гэх нэрээр тэмдэглэгдсэн байдаг бол германаас гадуур (жишээ нь Австрид) «Прусс-Австрийн дайн» гэх нэрээр хэрэглэгддэг. Түүнчлэн түүхэн эсвэл өөр бусад нэршилд Нэгдлийн дайнууд, Долоон долоо хоногийн дайн, Герман-Германы дайн, Германы Холбооны дайн, Герман ахан дүүсийн дайн, Герман-Австрийн дайн зэрэг болно.

Хэдийгээр Германы Холбооны оролцоо байсан ч аль аль талууд үүнийг «Холбооны дайн» байсан гэж үздэггүй. Тэгэхээр энэ нь Холбооны Улс гаднын халдагчтай дайтсан дайн буюу Германы Холбооны гишүүн биш улстай хийсэн дайн байх нь. Гэтэл Австрийн өнцгөөс харвал холбооны цаазын маргааны нэрээр бус агуулгаар хийсэн дайн байв. Холбооны цааз гэдэг нь тухайн холбооны гишүүн улс (энд Прусс) нь холбооны эрх зүйг зөрчсөн тохиолдолд түүний эсрэг арга хэмжээ (цэргийн хүчээр) авах ажиллагаа юм. Пруссийн өнцгөөс харвал «1866 оны зургаадугаар сарын 14-ний холбооны тогтоол» гэх хууль бус тогтоол гаргаснаар холбоо задарсан гэж үздэг аж. Энэ тайлбараар бол тус маргаан нь олон улсын эрх зүйн стандартын дагуу олон улсын зөрчилдөөн гэж тооцох ёстой. Хэрэв өнөөдөр үүнийг „дайн“ гэж нэрлэх юм бол Прусс энхтайвны гэрээн дэх үзэл баримтлалаа хэрэгжүүлж чадсанд оршино хэмээн Эрнст Рудольф Хубер үздэг.[2]

Германы дайн гэх үгний «герман» гэх үг нь нөгөө талаар бас л өрөөсгөл ойлголт бөгөөд уг дайнд зөвхөн германчууд буюу зөвхөн герман улсууд оролцсон дайн бас биш юм. Холбооны нутаг дэвсгэр нь зөвхөн германчууд эсвэл дийлэнх нь германчууд амьдарч байсан нутаг дэвсгэртэй ижил биш байв. Түүнээс гадна Итали нь Прусстэй Прусс-Италийн эвслийн гэрээ хийсэн холбоотон улс байсан тул уг дайнд бас оролцсон. Энэ нь Италийн өнцгөөс бол тэдний гуравдугаар тусгаар тогтнолын дайн байсан юм.

Өмнөх түүх

засварлах

Дайн гарах шалтгаан нь Германы Холбоон дахь удирдах үүргийн төлөөх австри-пруссийн хоорондын зөрчил байв. Үүнээс өмнө 1850 оны намрын хямралаар холбооны гол хоёр өрсөлдөгчийн хооронд бараг л дайн гарах шахсан байдаг. Герман-Данийн дайны дараах 1866 оны дайныг эхлүүлэх шалтаг нь Шлесвиг ба Хольштайны херцогт улсуудын захиргааны асуудлын маргаан байв.

Энэхүү дайнд ялах нөхцөл нь Прусст илүү байсан ба учир нь Австри санхүүгийн хямралд орсноос гадна Крымын дайны дараа Хаант Оросуудад тусалсны хариу байхгүй байгаа гэх гомдлын улмаас Петербургийн царийн ордныхонтой харьцаа муудсан байв. Хэдийгээр царийн ордныхон Австрийн Эзэнт Улсын талыг дэмжигч Дармштадт ба Штутгартын эзэдтэй ургийн холбоотой боловч цэргийн туслалцаа үзүүлнэ хэмээн найдах хэрэггүй байв. Пруссийн хувьд 1863 оны Алфенслебений конвенцоор царийн итгэлийг олсон байх үед Австри Хаант Оросыг Польшид хүч түрэмгийлэн дарлаж байна хэмээн шүүмжилсэн байдаг. Санкт-Петербург дотооддоо асуудалтай байсан бөгөөд энэ дайныг гаргуулахгүйн төлөөх дайны өмнөх хэд хэдэн оролдлого нь бүтэлгүйтсэн байв.

Их Британийн хувьд удахгүй болох дайн оролцох сонирхол нэг их байсангүй. Лондон их гүрнүүдийн хоорондын энхтайвны төлөөх санаачлагад ач холбогдол өгч зүтгэсэнгүй, харин германы улс төрийн асуудалд хөндлөнгөөс илүү идэвхтэй оролцож байсан Францыг Берлин өөртөө ашигтайгаар эргүүлж чадав. Пруссийн ерөнхий сайд Отто фон Бисмарк францын хаан Наполеонтой Биаррицэд хийсэн уулзалтад энэ дайнаар франц Валлонийн хязгаар эсвэл Люксембургийг авах боломжтой хэмээх итгэлийг төрүүлж чадсан байна.

Холбоотнууд

засварлах
Дайны холбоотнууд, 1866
 
Прусс-Австрийн дайны холбоотнууд
  Пруссийн Хант Улс   Австрийн Хаант Улс Төвийг сахисан улсууд
Маргаантай нутаг дэвсгэр

Дайны явц

засварлах
 
Көниггрец рүү довтолсон Пруссийн цэргийн чиглэлүүд

1866 оны тавдугаар сарын 11 Лудвиг II цэрэг дайчлах тушаалд гарын үсэг зурснаар, Байерн Германы Холбооны гишүүн улс тул Австрийн талд орон Австри Пруссийн хоорондын германчуудын дайнд оролцов. Үүний зэрэгцээ Пруссийн шахалтаар Австри улс стратегийн чухал ач холбогдол бүхий Регенсбург-Пилсен-Праг чиглэлийн төмөр замын шугамыг ашиглахаас татгалзав.[3]

Пруссийн цэргийн эвслүүд ямар ч тулаангүйгээр Заксены Хант Улсад дайран орсон Хунтайж Фрийдрих Карлын удирдсан пруссийн 1-р арми зургаадугаар сарын 23-нд Зайденбергээр дамжин Циттау руу, генерал Эберхард Херварт фон Биттенфэлдийн командалсан элбийн арми (элбэ мөрний нэр) Валтерсдорф ба Шлукенаугаар дайран хабсбургийн Бохемийн Хант Улс руу довтлон оров. Зургаадугаар сарын 25-нд Лийбенаугийн дэргэд нэгэн тулаан болов.[4] Зургаадугаар сарын 26-нд эхний томоохон тулаанууд Хүүнэрвассер, Сихров, Турнаугийн (Турнов) дэргэд мөн Подолын тулалдаанд нэг талаас пруссийн 1-р арми ба элбийн арми, нөгөө талаас австрийн 1-р ба заксений корпусуудын тулаан болжээ. Маргааш нь титэмт хунтайж Фрийдрих Вилхелмээр удирдуулсан пруссийн 2-р арми аварга нурууг даван Наход ба Траутенаугийн дэргэдэх тулаануудаар үргэлжлэв.

Дайныг эцэст нь Көниггрецийн дэргэдэх тулалдаанаар шийдвэрлэв. 1866 оны долоодугаар сарын 3-нд пруссийн нэгдсэн армийг Вилхелм хан өөрөө удирдан Бохемийн Көниггрец хотын дэргэд Австрийн эсрэг тулалдан ялав.

Германы Холбооны талаас нийт 600.000 орчим цэргийн эсрэг Прусс ба түүний герман холбоотнуудын 500.000 цэрэг дээр Италийн Хант Улсын 300.000 орчим цэрэгтэй дайтсан байна. Жанжин штабын тооцоогоор бохеми, морави, доод австри, унгарт хийсэн тулаан тус бүрт гарсан хохирол:

  • Австри: 1.313 офицер, үүнээс 330 нь алагдсан, 41.499 цэргээс 5.328 алагдсан
  • Заксен: 55 офицер, үүнээс 15 нь алагдсан, 1.446 цэргээс 120 алагдсан
  • Прусс: 359 офицер, үүнээс 99 нь алагдсан, 8.794 цэргээс 1.830 алагдсан

Прусс ба Италийн Хант Улс тэдний холбоотнууд эсрэг талаа бодвол харьцангуй бага буюу нийтдээ 37.000 орчим (австрийн тал нийт 132.414[5]) алагдсан буюу сураггүй алга болсон хохиролтой энэ дайныг дуусгажээ.

  • Klaus-Jürgen Bremm: 1866. Bismarcks Krieg gegen die Habsburger. Theiss, Darmstadt 2016, ISBN 978-3-8062-3287-5.
  • Gordon A. Craig: Königgrätz (Originaltitel: The Battle of Königgrätz, übersetzt von Karl Federmann). dtv, München 1987, ISBN 3-423-10820-7.
  • Theodor Fontane: Der deutsche Krieg von 1866. Mit Illustrationen von Ludwig Burger. Band 1: Der Feldzug in Böhmen und Mähren Decker, Berlin 1870 (Faksimile Ullstein, Berlin 1984), ISBN 3-548-04546-4; Band 2: Der Feldzug in West- und Mitteldeutschland. Decker, Berlin 1871 (Faksimile Ullstein, Berlin 1985), ISBN 3-548-04547-2.
  • Heinrich Friedjung: Der Kampf um die Vorherrschaft in Deutschland – 1859 bis 1866. Cottasche Buchhandlung, 2 Bände, Stuttgart & Berlin 1916.

Цахим холбоос

засварлах
  Commons: Австри-Пруссийн дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Allgemeine deutsche Real-Encyklopädie Brockhaus 1867, S. 88.
  2. Ernst Rudolf Huber: Deutsche Verfassungsgeschichte seit 1789. Band III: Bismarck und das Reich. 3. Auflage. W. Kohlhammer, Stuttgart u. a. 1988, S. 556.
  3. zdf.de Download Folge 8 Ludwig II. und die Bayern (PDF)
  4. Theodor Fontane: Der deutsche Krieg von 1866. Band 1: Der Feldzug von Böhmen und Mähren. 2. Auflage. Berlin 1871, S. 149–153.
  5. Clodfelter, M. (2017). Warfare and Armed Conflicts: A Statistical Encyclopedia of Casualty and Other Figures, 1492–2015 (4th ed.). Jefferson, North Carolina: McFarland. ISBN 978-0786474707.