Отто фон Бисмарк

Отто фон Бисмарк буюу бүтнээр О́тто Эдуа́рд Леопо́льд, фюрст фон Би́смарк-Шёнха́узен, герцог цу Ла́уэнбург (герман. Otto Eduard Leopold Fürst von Bismarck-Schönhausen, Herzog zu Lauenburg; 1815 оны 4-р сарын 1-нд төрсөн - 1898 оны 7-р сарын 30-нд нас баран) - Германы олон вант улсууд байсан 19-р зуунд амьдарч байсан улс төрийн нэрт зүтгэлтэн, Германы анхны канцлер.

Отто фон Бисмарк

Тэрээр Германы нэгдсэн хаант улс буюу Кайзерийн германыг үндэслэгч бөгөөд түүнийг зохион байгуулсан гол төрийн зүтгэлтэн Германы хааны зөвлөх, нэгдсэн германы хаант улсын анхны канцлер, германы нэгдлийн төлөө Австри болон Францтай хийсэн дайныг ялалтаар дуусгасан гол гавъяатан хүн.

Отто фон Бисмарк 1815 оны 4-р сарын 1-нд Бранденбург мужийн (өнөөгийн Саксони-Анхальт нутаг) багахан газартай язгууртны гэрт төржээ. Түүнийг Шёнхаузен тосгоны сүмд 5-р сарын 15-нд загалмайлсан байна.

Түүнийг эцэг нь байнга зодож, шоголдог байсан тул бага нас нь аз жаргалтай байгаагүй ажээ. Эцэг 35 настай Фердинанд фон Бисмарк, эх 17 настай Вильгельмина Менкен нарын гэрлэлт мөн аз жаргалтай байгаагүй нь үүнд нөлөөлсөн байх магадлалтай. Олон жилийн дараа Бисмарк бага насандаа -"эцэг эхийнхээ гэрт айлд байгаа мэт байсан" -гэж дурсан бичжээ.

1822-1827 онд Отто хүү биеийн тамир голлон ордог Пламаны бага сургуульд сурч байхдаа эцэг эхдээ уг сургууль таалагдахгүй байгаа тухай захидал бичиж байжээ. 12 нас хүрээд тэрээр Фридрихштассе дахь Фридрих Вильгельмын гимназид сураад 15 нас хүрмэгц «Grauen Kloster» гимназид шилжин оржээ.

Отто хүү онц сурлагатан биш дундаж сурагч байжээ. Гэсэн ч тэрээр франц, герман хэлийг сайн судалж, гадаадын уран зохиол унших сонирхолтой байжээ. Түүний гол сонирхол нь өнгөрсөн жилүүдийн улс төрийн салбар, янз бүрийн улс орнуудын цэргийн болон бусад өрсөлдөөний түүх байжээ. Тэр үед тэр залуу эхийгээ бодвол шашин шүтлэгээс хол байсан байна.

Гимнази төгсөөд эх нь залуу Отто-г Ханновер муж дахь Гёттинген хотын Георг-Августын нэрэмжит Их сургуульд оруулжээ. Залуу Бисмарк эрх зүй судлаад цаашдаа дипломат албанд орох төлөвлөгөөтэй байжээ. Гэвч Бисмарк Гёттингенд олон найз нөхөдтэй болж сурах сонирхолгүй зөвхөн найз нартайгаа зугаалж цэнгэх сонирхолтой байжээ.

Сургуулиа дүүргээд Бисмарк дөнгөж Пруссийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон Ахен хотод ажиллахаар болжээ. Энэ амралт сувилалын хотод Францын нөлөө хэвээр байсан бөгөөд Бисмарк энэхүү хилийн нутаг дэвсгэрийг Прусс давамгайлсан гаалийн холбоонд элсүүлэхтэй холбоотой асуудалд голчлон анхаарч байжээ. Гэхдээ энэ ажил нь хэцүү байгаагүй тул Бисмарк заваараа уншиж, амьдралаас таашаал авах цаг их байсан гэдэг.

Бисмарк 1838 оны хавар цэргийн албанд орж харуулын батальонд алба хаах болжээ. Гэсэн хэдий ч удалгүй эх нь өвдөж нас баржээ. Эхийнх нь үхэл Бисмаркийг Померан дахь үл хөдлөх хөрөнгөө буюу эдлэн газраа удирдах шаардлагатай болгосон байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Otto von Bismarck – Викимедиа дуу дүрсний сан
Wikisource: Otto von Bismarck – Эх сурвалж ба бүрэн бичвэрүүд