Борис Резухин
Борис Петрович Резухин (1886 оны 3-р сарын 6-нд төрсөн — 1921 оны 8-р сарын 16) — Оросын Хаант Улсын армийн хошууч генерал (1920), дэлхийн нэгдүгээр дайнд оролцогч, Оросын иргэний дайнд Цагаантны хөдөлгөөний талд оролцогч.
Намтар
засварлахТэрээр цэргийн ахмад цолтой офицерын гэрт төрсөн бөгөөд Ярослав дахь цэргийн дунд сургууль болон Елисаветград (өнөөгийн Украины Кропивни́цкий хот) хотын морин цэргийн сургуульд сурч төгссөн байна. 1907 онд 1-р Аргуны цэргийн ангид офицер байсан. 1911 оноос зуутын удирдагч. Дэлхийн нэгдүгээр дайны үед 1-р Верхнеудинскийн цэргийн ангид зуутыг удирдаж байгаад Оросын Иргэний дайны үед атаман Г.Семёновын цэргэд нэгдэн оржээ.
Тэрбээр Азийн морин дивизийн командлагчийн орлогч бөгөөд 2-р морин бригадын захирагч байсан. 1921 оны 2-р сард Нийслэл хүрээг гамингаас чөлөөлөх тулалдаанд Азийн морин дивизийн орлогчоор оролцжээ. Нийслэл хүрээг чөлөөлсөн ялалтын дараа Богд хаан Борис Резухиныг чин ван цолоор шагнасан. Барон Унгерны Зөвлөлт Холбоот Улс руу хийсэн аян дайнд тэргүүн болон баруун жигүүрийн чиглэлээр давшилт хийжээ. Түүний командалсан Азийн морин дивизийн 2-р морин бригад Верхнеудинскийн чиглэлээр давшилт хийсэн боловч давуу хүчтэй Улаан арми болон Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Ардын армийн цэрэг, улаан партизаны хүчинд шахагдан Монгол руу ухран орж, Бароны командалсан Азийн морин дивизийн гол хүчтэй нэгдсэн байна. Азийн морин дивизийн хамт Дух нарсны тулалдаан, Гуртын тавилангийн тулалдаан болон бусад тулалдаанд оролцож, Хорлоогийн Чойбалсангийн командалсан Баруун замын Ардын журамт цэрэг ба А.Нейманы командалсан Улаан армийн Монгол дах аялан байлдах цэрэгтэй тулалдаж явжээ. Хурандаа Михаил Торновскийн дуртгалд өгүүлсэнээр Барон Унгерн фон Штернберг Урианхайн хотгорруу ухрахаар шийдсэний дараа түүнийг эсрэгээр Манжуур руу явах хүсэлтэй байсан хурандаа Хоботов тэргүүтэй офицерүүдын зохион байгуулсан хуйвалдааны золиос болж 1921 оны 8-р сарын 16-ны шөнө Сэлэнгийн эрэгт буудалласан 2 -р морин бригадын хээрийн отогт өөрийн цэргүүддээ алуулан нас барсан гэдэг.
Мөн үзэх
засварлах- Азийн морин дивиз
- Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь
- Улаан хадны байлдаан
- Чойр, Замын үүдийн чиглэлээр хийсэн байлдаан
- Азийн морин дивизийн 1921 онд Зөвлөлтийн эсрэг хийсэн аян дайн
- Азийн морин дивизийн Троицкосавск руу хийсэн дайралт
- Азийн морин дивизд гарсан бослого
- Азийн морин дивиз Манжуур луу гарсан нь