II Тигранес
Их Тигран буюу Тигран II (Англи: Tigranes the Great; Армени хэл:Տիգրան Մեծ) нь хэнд ч үл анзаарагдам жижигхэн Армени улсыг маш богино хугацаанд хүчирхэг Ромтой арцалдахуйц хэмжээтэй аварга гүрэн болгосон Армены хаан юм. МЭӨ140 онд Артавазд хааны гэрт ирээдүйн их удирдагч, Артаксиадын угсааны хамгийн хүчирхэг хаан Тигран мэндэлжээ. Тэрээр Понтийн Мидридат хааны охин Клеопатратай гэрлэсэн бөгөөд хаанчлалын хугацаандаа маш олон дайн тулаан хийж байсан ажээ. Тигран хаан Парфи, Селевкидийн эзэнт улсууд, Ромын БНУ-тай олон олон тулаан хийж байсан юм.
Амьдралын эхэн үе
засварлахМЭӨ 105 онд Парфийн эзэнт улс Арменийг байлдан дагуулсан бөгөөд Армянийн хаан ор залгах хөвгүүнээ Парфийн хаанд илгээж, барьцааны хүн болгожээ. Тигран 10 жил орчим жил Митрадатес II хааны ордонд амьдарсан байна. МЭӨ 95 онд эцэг нь нас барахад Атропатен буюу өнөөгийн Иран, Азербайжаны нутагт байсан Парфийн хаанд өөрийн нутгаасаа "далан нуга" өргөж, эрх чөлөөгөө олж авчээ. Тэрээр улс орноо байгуулна хэмээн зовсонгүй, Өвөг эцэг Артаксиас I-ийн улсыг шууд өвлөн авч, хүчээ хуримтлуулж эхэлжээ. Хэдий тийм ч Армян нь аварга уул нуруудаар хязгаарлагдсан, бүс нутагтаа бараг хаан мэт нөлөөтэй нахараруудаар /захирагчдаар/ удирдуулсан өөр, өөр шашин шүтлэгтэй олон жижиг омгуудаас бүрдэж байсан юм. Энэ байдал нь Тигранд таалагдаагүй тул улсын бүх удирдлагыг гартаа авч, төвлөрсөн удирдлагын тогтолцоог бий болгосон байна. Энэ ажиллагаа нь ирээдүйн их гүрнийг байгуулах үйл хэргийнх нь эхлэл байлаа.
Понттой ураг барилдсан нь
засварлахМЭӨ 90-85 оны хооронд Понтийн хаан Митридатын Ромын БНУ-тай хийсэн анхны дайны үед тэрээр Митридатыг дэмжиж байсан ч дайнд шууд оролцохоос болгоомжилж байв.
Митридатын охин Клеопатратай гэрлэж, ураг барилдснаар Тигран маш хурдан хүчирхэгжсан байна. Митридатыг Бага Ази, Европ руу газар нутгаа тэлэх зорилгоор Ромтой тулалдаж байх үед Тигран хаан зүүн тийш өөрийн газар нутгийг тэлж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлсэн байна.
Митридатад түшиглэсэн Эллиний улсууд баруун зүгт, Европт маш бат бөх суурьтай болсон Ромын БНУ-тай тэмцэлдэж байсан цаг ажээ. МЭӨ 88 оны хавар Понтийн Митридат хаан ромын эзэмшлийн Ази тивд нэвтэрч Фивини, Каппадоки мужуудыг эзэлж тэнд амьдран суудаг 8 түм гаруй Ромын иргэдийг хядсан байна. Харин Ромын асар их татварын дарамтад дургүйцдэг нутгийн уугуул оршин суугчид түүнийг чөлөөлөгч гэж талархалтай угтжээ.
Энэ байдал нь Ромчуудын дургүйцлийг төрүүлж, Ромын БНУ-ын сенат Понтийн эсрэг дайн зарлахаар шийдэж, консул Суллагаар удирдуулсан цэргийг Митридаттай байлдуулахаар шийдсэн байна.
Парфийн эзэнт улсын эсрэг
засварлахМЭӨ 88 онд Парфийн эзэнт улс хаан Митридатес II нас барж, Скифийн довтолгоо, дотоодын хагаралтай байдлаас болж маш суларсныг ажиглан, Тигран хаан давуу талаа ашиглан Парфийг өөртөө нэгтгэсэн байна.
- "Тэр хүчийг олж, "далан нуга"-аа буцаан авч, Парфийн нутаг Нинус, Арбела мужийг эвдлэн сүйтгэжээ. Тэр Атопанианууд (Өнөөгийн Азербайжан), дээд Тигрийг байлдан дагуулж, Евфрат мөрнийг гатлан Финик, Сирийг эрхшээн Месопотамийн бүх эд баялагийн эзэн болсон байна" Страбо, (XI.xiv.16)
Сири дэх Селевкидийн улсыг байлдан дагуулсан нь
засварлахМЭӨ83 онд Сирийн нутагт оршин байсан Селевкидийн улсын хаан угсааны дунд хагарал гарч, цуст дайнд дэгджээ. Сиричүүд эцэстээ өөрсдийн хамгаалагч болохыг Тигран хаанаас хүсч, хааны титмээ түүнд өгчээ. Тигран хаан энэ явдлын дараа Селевкидийн эзэнт улсын сүүлчийн хаан Селевкус VII Филометорын тулгуур болж байсан Финик болон Киликийн нутгийн хотуудыг дараалан байлдан дагуулснаар өмнөд хил нь өнөөгийн Акко орчмын нутаг хүрсэн байна. Байлдан дагуулсан хотуудын иргэдээс маш олныг өөрийн шинээр байгуулсан нийслэл хот болох Тигранакертэд суурьшуулсан байна. Түүний эзэнт улс Понтийн Альпаас Месопотами хүртэл уудам, Газар дундын тэнгисээс Каспийн тэнгис хүртэл өргөн нутаг дэвсгэрийг хамран орших болжээ. Тигран хааныг энэ үеэс Их Тигран эсвэл Хаадын хаан хэмээн нэрлэх болжээ.
Плутархын тэмдэглэлд Их Тигран хэмээн бичигдсэн байдгаас үндэслэн Өрнө дахинаа Их хэмээн нэрлэгдэх болжээ. Харин Армены хаант улсын дорно зүгт орших улсуудад Хаадын хаан гэж нэрлэдэг байсан байна.
Алдарт уран илтгэгч Цицерон дорно зүгт бий болсон улсын талаар хэлэхдээ: "…Тэр өөрийн хүчирхэг зэвсгийнхээ өмнө Ромын БНУ-ыг дагжин чичрүүлж байна…" гэсэн байдаг.
Их Тигранаас өмнөх Армены хаад зоос цутгуулж гүйлгээнд хэрэглэж байгаагүй бол тэрээр өөрийн нэрээр нэрлэгдсэн зоосыг улс орондоо хэрэглүүлдэг байв. Уг зоос нь Селевкидийн зоостой ижил хэлбэртэй байсан бөгөөд түүний засаглалын үед буюу МЭӨ 83-69 оны хооронд Сирийн Дамаск, Антиохт цутгуулж хэрэглэж байжээ. Зоосон дээр чихэвчтэй титэм өмссөн Тигран хааны дүрсийг урласан байдаг ба зэсийн орцтой мөнгөөр урладаг байсан нь өнөө үед хадгалагдан иржээ. Мөн алтан зоос байсан талаар мэдээ байдаг.
Ромын эсрэг дайтсан нь
засварлахМитридат удаан тулалдсаны эцэст Ромын БНУ-д ялагдан, өөрийн хүргэн Их Тиграны улсад хүрэлцэн иржээ. Ингэж хаадын хаан маань хамгийн хүчирхэг дайсан Ромтойгоо нүүр тулан, хил залгах болсон байна. Ромын консул Лукулла Арменаас Митридатыг гаргаж өгөхийг Тигранаас шаардахад хариу нь “боломжгүй” гэсэн байсан гэдэг. Роллинсын “Эртний түүх” номонд:
- “... Хаан Тигран, консул Лукуллын явуулсан элчид өөрийн эзэнт улсын хэр хүчирхэг болохыг, нутаг дэвсгэрийнхээ өргөжин тэлж байгааг хэдхэн жишээн дээр харуулж, намайг “Хаадын хаан” гэдэг гэжээ. Их Селевкийн угсааны хаад өөрийнх нь өмнө өвдөг сөхөрч, Сири ба Палестинийг байлдан дагуулж, Арабчууд түүний хуулиар амьдарч байсан учраас Азийн хаан, Хаадын хаан гэх хүндлэлийг хүлээсэн байна. Дорно зүгийн бүх хүн түүнийг хүндэлж, түүнд захирагддаг байлаа...”
гэсэн байдаг.
МЭӨ 69 оны 10 сарын 6-нд Их Тиграны цэрэг Лукуллагийн легионуудад ялагдсан байна. Ромчууд ялалтандаа эрдэн нийслэл Тигранакерт хотруу давшсан байна. Тигранакерт хотын Армян биш хамгаалагчид Тигранаас урван хотын хаалгыг Ромчуудад нээж өгсөн байна. Энэ урвалтыг тэр дор нь мэдсэн Тигран нийслэлд буй эхнэрүүд, эд баялагаа хамгаалуулхаар яаран очиход, Лукулла 6000 морин цэргээр ар талаас нь гэнэтийн дайралт хийж бут ниргэсний дараа явган цэрэг рүү нь уухайлан дайрч хүч хол давуу цэргийг нь ухраажээ.
Дараа жил нь буюу МЭӨ 68 онд Лукулла Армяний хуучин нийслэл Артаксат хот руу дайрсан ч Тигран, Митридатын хамтарсан Армян, Понтийн 7 түмэн цэрэгт ялагдан хүнд хохирол үзэж ухарсан байна. Ромчууд Армяны уулархаг нутагт амжилттай байлдаж чадахгүйгээ мэдээд өмнө зүгт эргэж, Тиграны ах Нисибигийн эзэмшил нутгийг тонон дээрэмдсэн байна. Лукулла хааны угсааны хэн нэгнийг барьж авахыг хичээж байсан ч нэгийг нь ч барьж чадаагүй байна. Лукулла өмнөд нутагт аялж явахад нь Тигран, хадам эцэг Митридатын хамт араас нь мөшгөн хөөн, улмаар бут ниргэж Понт, Армян улсуудын хуучин нутгийг Ромчуудаас булаан авчээ. Ромчууд бүтэлгүйтсэн Лукуллаг эргүүлэн татаж оронд нь Гней Помпейг Армяныг байлдан дагуулуулхаар илгээсэн байна.
МЭӨ 66 онд Никополь хотын ойролцоо Ромчууд, Тиграны хадам эцэг Митридат хааны хооронд болсон хоёр дахь том байлдаанд Помпей ялалт байгуулж, Митридат Армянд 8000 орчим цэрэгтэй дахин хоргодохоор ирсэн байна. Тигран хаан энэ үед Ромчуудаар дэмжүүлсэн Парфийн хааныг ялж хуучин бүх газар нутгаа эргүүлэн аваад байв.
Уналт
засварлахИх Тиграны улс урт удаан насалж чадсангүй. МЭӨ 66 онд Гней Помпей, хэдийнээ 75 нас зооглосон Их Тигран болон түүний бага хүү залуу Тиграны Армян улсруу халдан довтолжээ. Их Тигран байлдахыг хүссэнгүй бууж өгөв. Помпей түүнд улсынх нь зарим хэсгийг үлдээж, хариуд нь 6000 талант алт, мөнгөөр дайны төлбөр хийлгүүлсэн байна. Эцгээсээ урвасан хүү Тигран Ромчуудад баригдан Ромд хүргэгдэн хоригдсон гэдэг. Харин их Тигран МЭӨ 55 он хүртэл Ромын холбоотон болсон өөрийн улсаа захирч байгаад насан эцэслэсэн байна.
Холлэйн сүүлт од
засварлах2004 оны 5 сарын 19-ны өдрийн ABC Ньюс сэтгүүлд Армян, Италийн судлаачид нийтлэл бичсэн байна. Уг өгүүлэлд МЭӨ 87 онд харагдаж байсан Холлейн сүүлт одны тойрог замыг тооцоолон гаргасан тухай бичжээ.
МЭӨ 87 оны 8 сарын 6-нд Холлейн сүүлт од нартай ойрхон зөрснийг Тигран ба түүний ард түмэн ажиглан харсан байна. Энэ нь Хаадын хаан Их Тиграны шинэ эринг эхэлж буйг бэлэгдсэн маш онцгой үйл явдал байсан гэж тэмдэглэн үлдээжээ.
Ном зүй
засварлах- Chahin, M. (1991). The Kingdom of Armenia. New York, Dorset Press. ISBN 0-88029-609-7
- Frye, Richard N. 1984. The History of Ancient Iran. Richard N. Frye. München : Beck. ISBN 3-406-09397-3
- Lang, David Marshall (1980). Armenia. Cradle of Civilisation. 1st Edition, London, George Allen & Unwin, 1970. 3rd Edition (Corrected). London, George Allen & Unwin. ISBN 0-04-956009-3
- The heritage of Armenian literature Vol.1 - Page 50
- The Building Program of Herod the Great by Duane W. Roller