Энхбилэгтийн Тогтох

Энхбилэгтийн Тогтох буюу Тогтох гүн нь Монголын үндэсний тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Манжийн дарлалаас Монголыг чөлөөлөх тэмцэлд зэвсэг барин босож тэмцсэн цэргийн жанжин хүн. Богд Хаант Монгол улс байгуулагдсаны дараа Ховдыг чөлөөлөх байлдаан болон Дундад Иргэн Улсын түрэмгийлэлийн эсрэг хийсэн Таван замын байлдаанд цэрэг удирдан оролцож онц гарамгай гавъяануудыг байгуулсан авъяаслаг цэргийн командлагч байсан байна.

Энхбилэгтийн Тогтох
1863 – 1922 оны 1 сар

Тогтох гүн
Төрсөн газар Манж Чин улс, Өвөр Монгол, Горлос хоёр хошуу
Нас барсан газар Богд Хаант Монгол Улс, Нийслэл хүрээ
Эх орон Богд Хаант Монгол Улс
Ажиллагаа/салбар Богд Хаант Монгол Улсын арми
Албан үүргийн он жилүүд 1911-1920 он
Цол Гүн
Цэргийн удирдах албан тушаал Ховдыг чөлөөлөх байлдаанд жанжин,
Таван замын байлдаанд жанжин
Тулалдаанууд/дайнууд Ховдыг чөлөөлөх байлдаан
Таван замын байлдаан
Шагналууд Богд Хаант Монгол Улсын баатар
Богд Хаант Монгол Улсын гүн

Жиримийн чуулганы Горлос хоёр хошуунд 1863 онд төржээ. 1894 онд манжуурын төмөр замын орчим болсон хятад, японы байлдаанд хятадууд ялагдаж, тэндээс зугтсан цэргүүд элдэв нэр хоч бүхий дээрэмчдийн олон жижиг бүлэг болон бутарч Жирэмийн чуулган даяар дээрэм тонуул хийж, амар заяа үзүүлэхээ больсон нь идэр залуу 31 настай тайж эрийн гүн зэвүүцлийг төрүүлжээ. Иймийн учир санаа нийлсэн сайн нөхдийн хамт зэвсэглэн босч, орох оронгүй дээрэмчдийн эсрэг тэмцэж эхэлсэн нь аажмаар гүнзгийрч манж, хятадын эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн бослого болж хувирсан юм. Хятад түрэмгийчүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл үүсгэж, ялангуяа 1906-1910 онд идэвхжиж, 23 (100 ч гэдэг) удаа байлджээ. 1907 онд баригдсан ч, оргон мултарч чаджээ.

Тусгаар тогтнолын төлөөх тэмцэл

засварлах

Тогтох тайжийн цэрэг 1906-1910 онд Солон ууланд хүн давуу дайсантай удаа дараа тулгаран няцааж, тулалдан ялж байсан хэдий ч, он цаг улирах тутам орон нутагтаа оршин тогтноход хэцүү болж ирсэн байна. Өөрийн 50 орчим цэргийг тэргүүлэн Сэцэн хан аймгийн нутаг, Егүзэрийн хийдийн нутгаар орж ирэхэд хүрээний сайд Дархан чин ван Пунцагцэрэн цэрэг мордуулан тосч байлдсан гунигт түүх бий. Чухам хадны завсар хавчуулсан халиуны зулзага шиг болсон Тогтох тайж Оросын нутагт ойн гарч Чита хотын захирагчтай уулзаж Дээд Үдийн харганатайд түр төвхнөөд байжээ. Гэтэл түүний олон жилийн хүсэл мөрөөдөл биелж Монгол Улс тусгаар тогтнож, Олноо өргөгдсөн төрөө мандуулж, Оройн дээд хаанаа залсанд баярлахын ихээр бахархаж дайчин нехдөө дагуулан давхин ирсэн нь энэ юм санж. Ийнхүү Цогчин дуганд мандал өргөж байхад нь илдэндээ цустай хүн ирэв гэж Богд хаан бодсон нь үгүй. Харин ч эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцэгч Тогтох тайжийг тэргүүн зэрэг жинс, тогосын отго, Зоригтбаатар цол шагнасан байна.

 

Мөнхүү 1912 онд Буриадын нутгаас түүний эхнэр хүүхдийг авчирч, улсын сангаас хашаа байшин худалдан авч өгсен төдийгүй Цэргийн яамны дэс түшмэлээр тохоон томилжээ. Ер нь Оройн дээд Богд хааны тэргүүлж байсан Олноо өргөгдсөн төр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд гар бие оролцон зүтгэсэн Өвөр Монголын эх оронч нарт цагийн цагт гараа сунгаж байсан юм.

1912 онд Богд хааны цэрэг баруун хязгаар Ховдыг дайрах үед Тогтох өөрийн харьяат цэргээ томилон Магсаржав, Дамдинсүрэнд туслуулжээ.

Дурдан бүхий Магсаржав, Тогтох, Дамдинсүрэн гурвын журамтай явалцаж байсан тухай уламжлал яриа ардын дунд олон дэлгэрчээ. Түүнээс нэгийг өгүүлбэл ―Тогтох, Манлайбаатар Дамдинсүрэнтэй хүж зул барилцан Тогтох ах нь, Дамдинсүрэн дүү нь болж их л дотно найз байжээ. Нэгэн өдөр Манлайбаатар Дамдинсүрэнгээс энэ биеэ би Хөлөнбуйрын ард түмний төлөө зүтгэж байгаад үхнэ гэж боддог гэхэд Тогтох их л сайшааж эр хүн тийм байх ѐстой, харин Богдын хэргэм шагнал эрх тушаалд шунахайрч тэр сайн зорилтоо мартвал тусгүй шүү хэмээжээ. Манлайбаатар Дамдинсүрэн би хэрхэвч чингэхгүй. Хэрэв энэ зорилгоо алдваас хойд төрөлдөө уртаас урт чихтэй илжиг болно хэмээн ам алдаж байсан хэмээмүй.

Хувийн амьдрал

засварлах

Баатар Тогтохын үзлээр хүмүүжсэн, өргөмөл хүү нь болох нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Буяннэмэх монгол туургатныг нэгтгэх үйлсэд идэвхийлэн зүтгэж явсан гавьяатан билээ.

Мөн үзэх

засварлах