Байлдаан
Байлдаан нь дайтагч талуудын салбар, анги нэгтгэлийн ялалтад хүрэхийн тулд явуулж байгаа зохион байгуулалттай зэвсэгт тэмцэл, хуурай замын цэрэг, нисэх хүчин, тэнгисийн цэргийн тактикийн ажиллагааны үндсэн хэлбэр юм. Байлдааны мөн чанар нь дайсныг бут цохих (утсгах, олзлон авах, чухал район (зааг, объект)-ыг эзлэн авах, эсвэл тэдгээрийг бат барих, тэрчлэн тактикийн бусад үүргийг биелүүлэхийн тулд зорилго, үүрэг, байр, хугацаагаар уялдуулан зохицуулсан гал, цохилт, маневр, аюулгүй байдлаа хангах ажиллагааны нэгдэл юм.
Байлдааны зорилго нь түүний хүлээгдэж байгаа эцсийн үр дүн юм. Тэр нь хориглолтод - дайсны тактикийг няцаасан (тогтоон барьсан)-аар, давшилтад - эсрэг байгаа дайсныг бут цохиж (устгаж, олзолж), заасан район (зааг, объект)-ыг эзлэн авснаар хангагдана. Салбар, ангийн авсан үүргээс хамаарч байлдааны зорилго нь янз бүрийн агуулгатай ч байж болно. Байлдааны дэмжлэгийн зорилго нь дайсныг хөнөөсөн (дарсан, устгасан) хэмжээгээр, байлдааны хангалтын зорилго нь салбар, ангийн байлдааныг амжилттай явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, тэрчлэн, материал, техникээр тасралтгүй хангаснаар хэрэгжинэ. Байлдааны зорилгын хэрэгжилтийн чухал үзүүлэлт нь цэргийн алба хаагч, тасаг, салааны аюулгүй байдлыг хангасан төвшин, өөрөөр хэлбэл, хохирол эрсдлийн хэмжээ болно. Хэдийгээр тавигдсан байлдааны үүрэг биелсэн (заасан район, зааг, объектыг эзэлсэн, дайсны давшилтыг няцаасан, тогтоон барьсан) боловч их хэмжээний хохирол амссан бол тухайн байлдааны зорилгыг амжилттай хэрэгжсэн гэж үзэх үндэс бага юм. Байлдаан нь өөрөө гал, цохилт, маневр, аюулгүй байдлаа хангах гэсэн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ.