Фёдор Достоевский
Фёдор Михайлович Достоевский (1821 оны 11 сарын 11 [хуучнаар 10 сарын 30] Москва; † 1881 оны 2 сарын 9 [хуучнаар 1 сарын 28] Санкт-Петербург) нь Оросын зохиолч, сэтгэгч, философич, нийтлэлч, сэтгүүлч. 1887 оноос Петербургийн ШУА-ийн сурвалжлагч гишүүн.
Фёдор Михайлович Достоевский | |
---|---|
Фёдор Михайлович Достоевскийн хөрөг. | |
Төрсөн: | 1821 оны 11 дүгээр сарын 11 Москва, Оросын эзэнт улс |
Өнгөрсөн: | 1881 оны 2 сарын 9 Санкт-Петербург, Оросын эзэнт улс |
Гарал үүсэл | орос |
Улс орон | Оросын эзэнт улс |
Боловсрол | инженерийн дээд |
Төрөл | роман, тууж, өгүүллэг, шүүмж, орчуулга |
Урсгал | реализм |
Гарын үсэг |
Оросын реалист утга зохиолд томоохон шинэчлэл хийсэн нь амьд ахуйдаа тухайн цаг үеийнхнээсээ зохих үнэлгээг хүртээгүй. Харин таалал төгссөн хойноо Оросын утга зохиолын сонгодог хэмээн үнэлэгдсэн төдийгүй зохиол туурвил нь дэлхийн утга зохиолд, тэр дундаа Нобелийн шагналт олон зохиолчийн бүтээлд жинтэй нөлөөлсөн бөгөөд экзистенциализм, фрейдизмийг бүрэлдэн тогтоход ч зохих нөлөө үзүүлсэн гэж үздэг[1]. Хамгийн гол бүтээлүүд болох “Гэм зэм” (1866), “Карамазовын хөвүүд” (1880), “Солиот” (1869), “Албингууд” (1872)-аас гадна таван роман, 20 гаруй тууж, өгүүллэг болон бусад олон бүтээл туурвижээ. Түүний бүтээлүүд дэлхийн 170 гаруй хэлнээ орчуулагдсан төдийгүй олон зохиолоор нь кино, жүжиг, бүжгийн жүжиг /балет/, дуурь тавигдсан.
Монгол хэлнээ түүний гол таван роман, мөн "Газар дороос бичсэн тэмдэглэл" зэрэг хэд хэдэн бүтээлийг Гадаад хэргийн сайд асан Цэрэнпилийн Гомбосүрэн орчуулсан.
Удам угсаа. Бага нас (1821—1837)
засварлахДостоевскийнхон
засварлахДостоевскийнхны дээд удам нь 1506 онд одоогийн Беларусийн Пинск хотын ойролцоо “Достоево” хэмээх эдлэнг шагналд авсан бояр Данила Иванович Иртищев (Ртищев, Ртищевич, Иртищевич, Артищевич) гэдэг [2]. Нутгийнхны ярьдгаар “Достоево” гэдэг нь хаан эзний шадар албат гэсэн утгатай польш хэлний «dostoinik» гэдэг үгнээс үүссэн гэнэ [3]. Беларусийн Брест мужид Достоево нэртэй тосгон одоо ч бий [4]. Данила Иванович Иртищевийн дээд удам нь 1389 онд Алтан ордоос салаад, Москвагийн ван Дмитрий Донскойн захиргаанд очиж Үнэн алдартны шашинд орсон Аслан Челеби Мурза гэж судлаачид үздэг. Түүний хүүг Их амт буюу оросоор "Широкий рот" гэдэг байснаас Ртишевийнхэн үүссэн бөгөөд Ртишевийнхний удмын сүлдэнд хавирган сар, зургаан талтай од, зэвсэг агссан хоёр татар хүн байдаг нь орос бус угсаа гарлыг нь илтгэж буй хэрэг гэнэ [3][4].
Эцэг эх
засварлахЗохиолчийн эцэг Михаил Андреевич Достоевский 1789 онд одоогийн Украин улсын Винница мужид буй Войтовцы тосгонд төржээ[4]. 1809 онд Александр I Эзэн хааны анагаах-мэс заслын академид шашны сургуулиудаас нэмэлтээр 120 хүн элсүүлэх зарлиг гаргасанд багтаж шалгалтаа сайн өгөөд тус академийн Москвагийн салбарт 1809 онд элсч улсын тэтгэлэгээр сурчээ[4]. Михаил Достоевский 1812 оны дайнд цэргийн эмчээр яваад[4] түүнээс хойш энэ салбараас салсангүй. 1818 онд Москвагийн цэргийн эмнэлэгт ажиллаж байхдаа[4], Калугийн губернээс гаралтай гуравдугаар дэс цолтой худалдаачин Фёдор Тимофеевич Нечаевын охин Мария Нечаеватай танилцаж гэрлэв[4]. Охины эцгийн цэмбэний наймаа цэцэглэж байхад нь Наполеон Орост дайлаар ирснээр юу ч үгүй хоосорчээ. Мариягийн эгч Александра нэгдүгээр дэсийн худалдаачин Александр Куманины эхнэр байсан бөгөөд хожим нь зохиолчийг хүмүүжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг[4]. Михаил Достоевский, Мария Нечаева нар 1820 оны нэгдүгээр сарын 14-нд Москвагийн цэргийн эмнэлгийн сүмд гэрлэв[4]. Тэр оныхоо сүүлээр, ууган хүү Михаилаа төрсний дараа эцэг нь цэргийн албанаас халагдаж, Марийнскийн ядуусын эмнэлэгт ажилд оржээ[4]. “Хийсэн ажилд нь яавч үл тэнцэх, нэг айл байтугай нэг хүн амь зуухад хүрэлцэхээргүй бага цалинтай[4]” ажилд орж, шинэ газар нүүж ирээд нэг жил болоогүй байхад тэднийх бүл нэмэх нь тодорхой болжээ[4].
Москвад
засварлахФёдор Михайлович Достоевский 1821 оны 10 дугаар сарын 30-нд Москва хотын Новая Божедомка гудамжинд (одоо Достоевскийн гудамж) дахь Марийнскийн (Павел I хааны хатан Мария Фёдоровнагийн хөрөнгөөр барьсан ) ядуусын эмнэлгийн баруун жигүүрт мэндэлжээ. Ээжийнх нь аав, худалдаачин Фёдор Тимофеевич Нечаевын нэрээр Фёдор гэж нэрлэсэн гэж намтарчид үздэг [4][5]. Бага дүү Андрейнх нь дурдатгалд бичсэнээр бол энэ айлын багачууд “Галт шувуу”, “Алёша Попович”, “Хөх сахалт”, “Мянга нэгэн шөнийн үлгэр” болон бусад олон үлгэр домгийг сонсож өсчээ. Улаан өндөгний баяраар Москвагийн Новинскийн сүм тойрч гардаг ард нийтийн зугаалгад оролцож, зун нь Марьина роща руу салхинд гарч, бүтэн сайн, баярын өдрүүдээр эмнэлгийн сүмд мөргөл үйлддэг байжээ[4][5].
Ном үзэж эхэлсэн нь. Даровое эдлэн
засварлахЗохиогч хожмын дурсамж, дурдатгалууддаа эцэг эхийгээ “нэгэн хэвийн байдлаас ангижрахыг чармайдаг дэвшилтэт хүмүүс байсан” гэж бичжээ[4]. Гэрийн хүүхэд асрагч Алёна Фроловна түүнийг гурван настай байхаас нь үлгэр домог уншиж өгч сургасан[6] бөгөөд зохиолч хожим нь энэ хүний талаар аль сайнаар дурссан байдаг. Дөрвөн настайд ээж нь бичиг үсэг сургахын тулд Библи судар уншиж өгдөг болов. Эцэг эх нь хүүхдүүдээ хар багаас нь Н.Карамзин, А.Пушкин, Г.Державин, А.Радклифф, Ф.Шиллер, И.Гётэ, М.Сервантэс, В.Скотт болон Хомэрийн зохиолуудтай танилцуулжээ [7][8] . 1827 оны зун эцэг Михаил Андреевич Достоевский угсаа залгамжлах тайж цол хүртсэнээр тэднийх хувьдаа газар эзэмших эрхтэй болов. 1831 онд Михаил Андреевич хураасан бага сага мөнгөн дээрээ зээл авч нэмээд Москвагаас 150 километрт Тула губернийн нутагт Даровое хэмээх гацааг 30 мянган рублиэр худалдан авчээ. Ингэснээр хүүхдүүд нь Оросын хөдөөгийн амьдралтай анх удаа танилцсан байна. Эндээс үлдсэн сэтгэгдэл нь зохиолчийн “Ядуу хүмүүс”, “Албингууд” романуудад нь тусгалаа олсон бий[4][5]. Эдлэнтэй болсны дараа жил эцэг нь ууган хөвүүд Михаил, Фёдор хоёртоо ном сургаж эхлэв. Анх Москвагийн их сургуулийн дэргэдэх язгууртны хүүхдийн сургуульд элсүүлэх гэсэн боловч тус сургууль нь гимназ болсон байна. Гимназид хүүхдийг зоддог тул эцэг нь хүүхдүүдээ сургуулиас гаргасан байна [5]. Зохиолчийн эцэг яаруу түргэн, амархан дүрсхийдэг, хатуу шаардлагатай хүн боловч хүүхдүүддээ туйлын зөөлөн ханддаг, хүүхдэд гар хүрэхийг цээрлэдэг хүн байжээ[4]. Тэрбээр гэрийн багш хөлсөлж ах дүү хоёрт Бурханы сургаал, орос хэл, хэл бичиг, тоо бодлого, улмаар франц, латин хэл заалгав.
Чермакийн сургууль. Эх нь нас барав.
засварлах1834 оны есдүгээр сард ах дүү хоёр Москвагийн шилдэг хувийн сургуулиудын нэг Л.И.Чермакийн сургуульд элсэн оров. Өндөр төлбөртэй, хатуу дэг журамтай сургууль бөгөөд сурагчид өглөө зургаан цагт босч, орой 10 цагт унтталаа хичээл хийхээс гадна зөвхөн амралтын сайн өдрөөр л гэртээ харина. Сургуульд тоо бодлого, газарзүй, түүх, физик, логик, орос, грек, латин, герман, англи, франц хэл, цэвэр бичлэг, дүрслэх урлаг, бүжиг заадаг байв [4][5]. Хамт сурч байсан хүүхдүүд нь хожим дурсахдаа ирээдүйн их зохиолчийг “Шаргал үстэй, туранхай цагаан хүүхэд үргэлж нухацтай, байнга бодлогширч явдаг байсан. Тоглож наадах нь барагтай, чөлөө цаг гарвал ном шагайж суудаг, эсвэл ахлах ангийн хүүхдүүдтэй юм ярьдаг” гэсэн бий. Орос хэлний багш Николай Иванович Билевич нь Н.Гогольтой ойролцоо сурч байсан, утга зохиолын дугуйланд явдаг, шүлэг бичдэг, Шиллерийг орчуулдаг хүн байсан бөгөөд Достоевский чухам түүний нөлөөгөөр зохиолч болох тухай бодож эхэлсэн байх гэж намтарчид үздэг[4][5]. 1835 оноос Достоевскийнх “Библиотека для чтения” хэмээх сэтгүүлийг захиалан унших болсноор ирээдүйн зохиолч А.Пушкины “Гилбэрийн хатан”, О.Бальзакийн “Эцэг Горио” болон В.Гюго, Ж.Санд, Э.Скриб нарын зэрэг тухайн үеийн шинэ, шилдэг зохиолуудтай танилцжээ[5]. 1835 оны дөрөвдүгээр сард эх нь бага хүүхдүүдээ авч Даровое эдлэндээ очив. Сүрьеэ өвчтэй эхийн бие нь хүндэрсэн тухай чухам тэр үед мэдсэн бөгөөд 6-р сард амаржиж охин төрүүлснийх нь дараа өвчин улам даамжирчээ. Улмаар засал авахгүй байсаар 1837 оны 2-р сард, 36 настайдаа бие барсан байна.
Залуу нас
засварлахДостоевскийг 16 хүрдэг жил буюу 1837 оны 5-р сард эцэг нь ахтай нь хамт Эзэн хааны инженерийн сургуульд элсэхэд бэлтгүүлэхээр Петербургт авч очив. Ах дүү хоёр хоёул зохиолч болох хүсэлтэй боловч эцэг нь энэ ажлыг ирээдүйгүй хэмээн голж, амьдралын баталгаатайгаар нь хоёр хүүгээ инженер мэргэжилтэй болгохоор санаа шулуудсан байжээ. Достоевский хожим “Зохиолчийн тэмдэглэл”-дээ Петербург орох замд ах дүү хоёр “яруу найраг, яруу найрагчдаас өөр бодох санах юмгүй”, өөрөө “Венецийн тухай роман толгойдоо зогсоо зайгүй бичиж явсан" хэмээн дурссан бий [9].
Тэрбээр хичээлдээ туйлын дургүй, чөлөөт цагаараа Хомэр, П.Корнель, Ж.Расин, О.Бальзак, В.Гюго, И.Гётэ, Э.Гофман, Ф.Шиллер, Шекспир, Ж.Байрон, Оросын зохиолчдоос Г.Державин, М.Лермонтов, Н.Гоголийг зогсоо зайгүй уншдаг, А.Пушкины бараг бүх зохиолыг цээжээр мэддэг байв. Оросын газарзүйч П.Семёнов-Тян-Шанский бичихдээ [10] Достоевскийг “Тухайн үеийн Оросын аль ч зохиолчоос толгой илүү боловсролтой, тэр бүү хэл Гоголийг ч давна” [11] гэжээ. 1843 онд Достоевский сургуулиа дүүргээд Петербургийн инженерийн ангид түрүүч цолтой хуваарилагдав. Гэвч уран зохиолын мөр хөөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн тул 1844 оны 9-р сард өргөдлөө өгч цэргийн албанаас халагджээ.
Анхны зохиол, Петрашевскийн дугуйлан
засварлахДостоевский инженерийн сургуульд байхдаа “Мария Стюарт”, “Борис Годунов” гэж хоёр зохиол бичиж эхлүүлснээ ахдаа уншиж өгч байжээ[12]. 1844 онд ахдаа илгээсэн захидалдаа “Янкель жүүд” гэж зохиол бичсэн тухайгаа өгүүлж байв. Эдгээр зохиол хадгалагдаж үлдсэнгүй[13].
1844 онд Эжен Сюгийн “Матильда”, дараа нь Жорж Сандын “Альдинийн сүүлчийн эмэгтэй” романуудыг орчуулахын зэрэгцээ “Ядуу хүмүүс” зохиолоо бичиж эхлэв[14]. Мөн хэд хэдэн өгүүллэг бичиж эхэлсэн боловч дуусгасангүй. О.Бальзакийн “Эжен Грандэ” романыг орос хэлнээ анх орчуулав[15]. 1845 оны тавдугаар сарын сүүлээр анхны зохиол болох “Ядуу хүмүүс” романаа бичиж дуусгав. Гар бичмэлтэй нь эхлээд Н.Некрасов, дараа нь В.Белинский танилцаад өндөр үнэлжээ[16]. Улмаар Виссарион Белинскийн дугуйланд шууд элсэж, шинэ зохиолчийн нэр анхны романаа хэвлэгдэхээс өмнө олонд түгэв. 1846 оны хавар сэтгүүлч, орчуулагч М.Петрашевскийтай танилцсанаар, гэрт нь долоо хоног тутам болдог сэхээтнүүдийн уулзалтад очдог болжээ. Уулзалт буюу дугуйланд тогтмол ирдэг хүмүүс хэвлэн нийтлэх эрх чөлөө, шүүхийн шинэтгэл, хамжлагыг халах асуудлаар ярилцдаг байв. Дугуйлан дээр тэрбээр хаант засгаас хуулиар хориглосон "Гогольд бичсэн Белинскийн захидал" гэдгийг хэд хэдэн удаа уншиж байжээ[12]. Өөрийгөө коммунист гэдэг Н.Спешнев гэгч хүн дугуйланд ирдэг хүмүүсээс харьцангуй радикал үзэлтэй долоон хүнийг толгойлон 1848 оны намар тусдаа нууц нийгэмлэг байгуулжээ. Нууц нийгэмлэгийн зорилго нь хууль бус хэвлэх үйлдвэр байгуулах, Орос улсад төрийн эргэлт зохион байгуулах явдал байв[17]. Достоевский энэ нийгэмлэгийн гишүүн болсон бөгөөд "Цагаан шөнө" тууж нь хэвлэгдсэний дараахан буюу 1849 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө тэрбээр Петрашевскийн дугуйлангийн бусад олон гишүүний хамтаар баривчлагдаж улмаар найман сар хорих ял заагдан Петропавловскийн цайзад хүргэгдэв[18]. Энэ хүртэлх хугацаанд тэрбээр хэд хэдэн өгүүллэг, цуврал шог найруулал, "Цагаан шөнө" тэргүүтэй гурван тууж бичсэн бөгөөд "Ядуу хүмүүс"-ээс гадна "Неточка Незванова" хэмээх роман бичсэн нь хараахан дуусаагүй, хожим нь тууж болгон өөрчилж гүйцээгээд 1866 онд хэвлүүлсэн билээ[19]. Уран бүтээлийн энэ үеийнх нь хамгийн шилдэг туурвил нь "Ядуу хүмүүс" роман юм[17].
Цөллөгт
засварлахДостоевский хэдийгээр гэм буруугаа хүлээгээгүй боловч шүүх түүнийг "шашин, төрийн эсрэг Белинскийн хорт захидлыг түгээн дэлгэрүүлсэн явдлыг мэдүүлээгүйгээр үл барам бусдад уншиж сонсгосон ялт"[20], улмаар "хамгийн гол гэмт хэрэгтний нэг"[21][22] хэмээн үзэж 1849 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр "бүх хөрөнгийг хурааж, буудан алах ял" оноов[23]. Мөн сарын 19-нд дээд шатны шүүх түүний ялыг хөнгөлж, найман жил цөллөгт хүнд хөдөлмөр албадан эрхлүүлэх болгожээ[24]. Харин 11 дүгээр сарын сүүлээр Николай II хаан Петрашевскийн дугуйлангийн ялтнуудад өршөөл үзүүлснээр, Достоевскийд дөрвөн жил хүнд хөдөлмөр эрхлүүлээд шууд цэрэгт хөөх ял оноосон байна[25]. 1850 оны нэгдүгээр сард, ял эдлэх газар хүргэгдэх замдаа Тобольск хотод 10 гаруй хонох завсар Петрашевскийн дугуйлангийн нэр бүхий ялтнуудын гэр бүлийн хүмүүс түүнийг цөлөгдөж яваа бусад нөхөдтэй нь уулзуулсан бөгөөд хүн бүрт, хавтсанд нь 10 рубль нууж оёсон Евангели судар өгчээ[26]. Достоевский энэ судрыг насан туршдаа биеэс салгалгүй нандигнан хадгалсан гэдэг.
Омскийн цөллөгт Достоевский дөрвөн жил болжээ. XIX зууны Оросын зохиолчдоос цөллөгийн хүнд бэрхийг амссан хүн түүнээс гадна цорын ганц байсан нь Н.Чернышевский юм. Достоевскийн унаж татдаг өвчтэйг тодорхойлсон эмнэлгийн анхны дүгнэлт чухам энэ цөллөгийн үед гарчээ[27][28]. Цөллөгөөс суллагдаад Омск хотод сар гаруй байхдаа тэрбээр Казахын алдарт аялагч, угсаатны зүйч Чокан Валихановтой танилцаж нөхөрлөжээ[29]. 1854 оны хоёрдугаар сард Достоевский Семипалатинск хот дахь Сибирийн хилийн цэргийн долдугаар батальонд томилогдож ирэв. Хавар нь тэрбээр орон нутгийн захиргааны түшмэл А.Исаевын гэргий Мария Дмитриевна Исаеватай танилцаж, уулздаг болжээ. А.Исаев нь архичин хүн байсан бөгөөд зун нь зэргэлдээ Кузнецк хотод буурчийн газрын хянан байцаагчаар томилогдож очоод[30] өвчний улмаас дараа жил нь бие барав[31]. 1856 оны наймдугаар сард II Александр хаан ширээнд суугаад Петрашевскийн дугуйлангийнханд өршөөл үзүүлэхийн сацуу Достоевскийг бүрэн засарч хүмүүжтэл нь нууцаар хянаж байхыг тушаажээ[30]. Мөн оны аравдугаар сард түүнд түрүүч цол олгов. 1857 оны хоёрдугаар сард Достоевский Мария Исаеватай гэрлэж, Кузнецк хотын үнэн алдартны сүмд ёсолжээ[32].[33]. 1857 оны 4-р сарын 17-нд эзэн хааны зарлиг гарч Петрашевскийн дугуйлангийн гишүүдийг ялаас бүрмөсөн хэлтрүүлсэн төдийгүй хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээжээ. Цөллөг, цэргийн албаны энэ хэдэн жилд Достоевский чин сүсэгт хүмүүн болж өөрчлөгдсөн бөгөөд үлдсэн бүхий л амьдралынхаа туршид гагцхүү Есүс Христосыг оройн дээдэд барьж шүтсэн билээ. Цөллөгийн дараа “Өчүүхэн баатар” (Маленький герой) өгүүллэг[12], улмаар 1859 онд “Ахын зүүд” (Дядюшкин сон)[34], “Степанчиково тосгон, түүний оршин суугчид” (Село Степанчиково и его обитатели) туужууд нь хэвлэгджээ[35].
Цөллөгийн дараа
засварлах1859 оны зургадугаар сард Достоевский Тверь хотод очих зөвшөөрөл олж авсан[36] бөгөөд хоёр сарын дараа тэрбээр эхнэр, өргөмөл хүү хоёрын хамтаар Петербург хотод хүрэлцэн очив[37]. Гэвч цагдаагийн газраас түүнийг нууцаар хянан харгалзах явдал 1870-аад он хүртэл үргэлжилсэн юм[38].
1860 онд Достоевскийн зохиолын түүвэр хоёр ботиор хэвлэгдэн гарав[39]. “Үхэнш байшингаас хийсэн тэмдэглэл” нь түүнийг их утга зохиолд эргэн ирснийг нотлон харуулсан явдал болов[40]. Утга зохиол судлаачид төрөл зүйлийг нь өнөө хэр яв цав тодорхойлж чадаагүй энэ шинэлэг бүтээлийг нь Оросын уншигчид гойд талархан хүлээж авчээ. А.И.Герцен зохиолчийг Дантетэй зүйрлэж[17], энэ зохиолыг англи хэлнээ орчуулахаар оролдсон боловч адармаатай хэв маягаас нь болж хараахан бүрэн гүйцэд хийж чадсангүй.
1861 онд Достоевский ах Михаилдаа улс төр-утга зохиолын хувийн “Время” сэтгүүл гаргахад нь хамжилцав. 1863 онд сэтгүүл хаагдсаны дараа мөн хамтаар “Эпоха” хэмээх сэтгүүл гаргаж эхлэв. “Үхэнш байшингаас хийсэн тэмдэглэл”, “Газар доороос бичсэн тэмдэглэл” зэрэг хэд хэдэн зохиол нь энэ сэтгүүлд нийтлэгджээ.
1862 оны зун Достоевский анх удаа хилийн чанадад гарч, Герман, Франц, Англи, Швейцар, Итали, Австри улсуудаар явав[41]. Германы рашаан сувиллын газарт биеэ эмчлүүлэх зорилготой явсан боловч Баден-Баденд байхдаа мөрийтэй тоглоомд автаж, мөнгөөр байнга гачигдах болжээ. 1863 онд Европт хоёр дахь удаагаа очихдоо Аполлинария Суслова хэмээх залуу эмэгтэйтэй холбоотой болов[42]. А.Сусловад өгсөн хайр сэтгэл, мөрийтэй тоглоомд толгойгоо мэдүүлсэн нь “Тоглоомчин” (Игрок) романд нь тусгалаа олсон бий[43]. Достоевский Баден-Баден, Висбаден, Хамбург хотуудад 1862, 1863, 1865, 1867, 1870, 1871 онд казинод тоглож байсан бөгөөд сүүлчийн удаа 1871 оны дөрөвдүгээр сарын 16-нд Висбаденд тоглоод, мөрийтэй тоглоомыг эгнэгт хаясан билээ[44].
1864 онд Достоевскийн эхнэр, ах нар нь ар араасаа нас баржээ.
Уран бүтээл
засварлахФёдор Достоевский найман роман, 30 шахам тууж, өгүүллэг бичсэнээс гадна шүүмж, өгүүлэл, найруулал, шүлэг, өдрийн тэмдэглэл олныг туурвижээ. Зохиолууд нь одоогоор дэлхийн 170 гаруй хэлнээ орчуулагдаад байна[45]. Судлаачид түүний бүтээлүүдээс “Агуу таван зохиол” (Великое пятикнижие) [46] гэгддэг таван романыг нь тусгайлан онцлон үздэг.
"Гэм зэм" ("Преступление и наказание")
засварлах1865 оны хоёрдугаар сард буюу ахыгаа нас барснаас хагас жилийн дараа Достоевский “Эпоха” сэтгүүлээ гаргахаа зогсоов. Мөнгөөр ихээхэн гачигдаж байсан тул хоёр ч хэвлэн нийтлэгчид хандаж, удалгүй бичих шинэ романдаа урьдчилгаа авахыг хүссэн боловч бүтсэнгүй[47]. Улмаар хэвлэн нийтлэгч Ф.Стелловский гурван боть түүвэр зохиолыг нь гаргах, харин зохиогчийн эрхээ түүнд шилжүүлж өгөх гэрээ хийж, хэрэгтэй байсан 3000 рублиэ авчээ. Мөн түүний зэрэгцээ, Ф.Стелловскийд 1866 оны 11 дүгээр сар гэхэд шинэ роман бичиж өгөхөөр тохиролцов[47]. Ингээд авсан мөнгөнөөсөө өр ширээ дарж, улмаар Германд очжээ. Висбаденд байхдаа мөрийтэй тоглож, таван өдрийн дотор хамаг мөнгөө алдав. 1865 оны наймдугаар сард А.Сусловад бичсэн захидалдаа, зочид буудалд ямар ч үйлчилгээ авч чадахгүйд хүрснээ бичээд “Буудлынхан хувцас хунарыг маань цэвэрлэж өгөхгүй, дуудахад ч ирэхээ болилоо”[48] гэсэн байдаг. Улмаар “мөнгөгүй, идэх хоолгүй, гэрэлгүй” жижигхэн өрөөнд “Гэм зэм” романаа бичиж эхлэв.
Дараа сард нь тэрбээр “Русский вестник” сэтгүүлийн эрхлэгч М.Катковт захидал бичиж, шинэ роман бичиж сэтгүүлд нь өгөх, урьдчилгаанд нь 300 рубль авах санал хүргүүлжээ[48]. М.Катковын гуйвуулсан мөнгө Висбаденд баахан хоцорч очсон бөгөөд тэр үед Достоевский Санкт-Петербургт буцаж ирээд байв[47]. 11 дүгээр сард, бичээд дунд нь явж байсан романыхаа эх бичмэлийг устгаж шинээр эхэлжээ. Нэг сарын дараа М.Катковт эхний долоон хуудсыг илгээв. Улмаар “Гэм зэм” роман “Русский вестник” сэтгүүлд цувралаар хэвлэгдэж эхэлжээ. Ф.Стелловскийд амласан “Мөрийчин” (Игрок) романаа хугацаанд нь амжуулахын тулд найз А.Милюковынхоо танилцуулсан хурдан бичээч А.Сниткинад[49] хэлж бичүүлсэн бөгөөд романаа дуусган хүлээлгэж өгснийхөө дараа буюу 1867 оны хоёрдугаар сард түүнтэй нууцаар гэрлэв[43]. “Гэм зэм” роман нь хэвлэгдсэнээр Достоевский өрийн дарамтнаас гарч, уншигчдаа алдаж байсан “Русский вестник” сэтгүүл ч эргэн сэргэв.
"Солиот" ("Идиот")
засварлах“Солиот” романыг Достоевский хилийн чанадад байхдаа бичжээ[50]. 1867 оны есдүгээр сард Женевт байхдаа эхлээд Веве, Миланд үргэлжлүүлж, 1869 оны нэгдүгээр сард Флоренцид дуусгасан байна[51]. Женевээс бичсэн захидалдаа “Нэг санаа аль хэдийнээс толгойд яваад байдаг, гэвч бичиж арай л зүрхэлдэггүй. Уг санаа нь их хүнд, бичихэд бэлэн биш байвч сэтгэлээс гардаггүй, би өөрөө ч их дуртай байв. Хүний дээд болсон тийм хүнийг дүрслэх санаа юм. Ялангуяа манай өнөөгийн ийм цаг үед хүн шиг хүний тухай бичих бэрх бололтой” гэсэн байдаг[52]. “Солиот” бол Достоевскийн адармаатай зохиолын нэг бөгөөд түүний хамгийн хайртай баатар[53] болох гол дүр Мышкин нь бусдыг аз жаргалтай болгох гээд ч чаддаггүй, муу муухай хүмүүсийг ялан дийлэх гээд ч хүч хүрэхгүй, эцсийн дүндээ өөрөө хохироод дуусдаг билээ[54].
"Албингууд" ("Бесы")
засварлахДостоевскийн романуудаас хамгийн “улс төржсөн” нь энэ роман бөгөөд Оросын ялангуяа сэхээтний хүрээнд газар авч байсан алан хядах, радикал үзэл санааны хандлага энэ романыг бичих шалтгаан болжээ. Чухамдаа бол хувьсгалч С.Нечаев алан хядах дугуйландаа өөрийн эрх мэдлийг бэхжүүлэхийн тулд оюутан И.Ивановын амийг хөнөөсөн дуулиант хэрэг Достоевскийг энэ романыг бичихэд хүргэсэн гэдэг. С.Нечаев шиг хүмүүсийн үйл ажиллагаа Оросын нийгэмд ямар хор уршигтай, ямар эмгэнэлтэйг баатруудынхаа бодол санаа, хэрэг явдал, хувь тавилангаар (зарим нь амь насаа алдана, зарим нь амиа хорлоно, зарим нь хилийн чанад руу зугтана, ганц нэг нь энэ эмгэнэлийг ухаарна) тодорхой харуулсан байна[55]. Социалист үзэл санаанд дулдуйдан ард олныг босгох зорилгын үүднээс алан хядах, галдан шатаах, хууран мэхлэх, үймээн самуун дэгдээхийг урьдал болгосон, чухамдаа учраа олоогүй “албингууд”-ын тухай бичсэнийх нь төлөө Достоевскийг харгис, хуучинсаг хэмээн цоллож ч байв[56].
Өрийн дарамтнаас болж Достоевский эх орондоо байж суух аргагүй болсон тул хилийн чанадад очиж даруй дөрвөн жил суугаад 1871 оны долдугаар сард гэр бүлийн хамтаар Европоос Петербургт иржээ[57]. Хөрөнгө мөнгөний гачаалаас гарч, гэр бүлийн амьдрал цэцэглэх үе нь ийн эхэлсэн бөгөөд хоёр дахь эхнэр Анна Григорьевна Сниткина нь айл гэрийнхээ санхүүг захиран зарцуулж, зохиолчийн амьдрал ахуйг өөд нь татав[58]. 1871 онд Достоевский мөрийтэй тоглоомыг эгнэгт хаяжээ. 1872 оноос хоёул Новгород губернийн Старая Русса хотод зусах болов. Биеэ тордохын тулд Достоевский Германы Эмс сувиллын газарт ойр ойрхон очдог болжээ[18].
1870 онд Германы Дрезденд байхдаа бичиж эхэлсэн романаа 1872 оны 11 дүгээр сарын дундуур дуусгаж, гэрээ ёсоор “Русский вестник” сэтгүүлд хэвлүүлэв[59]. "Албингууд"-ыг туурвихын тулд Достоевский бусад аль ч зохиолоо бичсэнээс илүү их хөдөлмөр зарцуулсан гэдэг.
"Хөвүүн заяа" ("Подросток")
засварлахДостоевский энэ романаа 1874 оны хоёрдугаар сард бичиж эхлээд, 1875 оны 11 дүгээр сард дуусган “Отечественные записки” сэтгүүлд хэвлүүлжээ[60]. Зохиолын санаа нь “Гражданин” сэтгүүлд редактороор ажиллаж байх үед нь бүрэлдэн тогтсон бөгөөд сэтгүүлд хэвлүүлж байсан нийтлэлүүд[17], үүнээс өмнө төрж байсан боловч бичээгүй зохиолын санаанууд, арай эрт үеийн зарим зохиол ("Газар дороос бичсэн тэмдэглэл" г.м), хэдийнэ гарсан романуудтай (“Солиот”, “Албингууд”) нь холбоотой юм. “Хөвүүн заяа”-г монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч Ц.Гомбосүрэн хэлэхдээ “Энэ романд ариун гэр бүл, тохиолдлын гэр бүл гэдэг хоёр ойлголтыг Аркадийн хувь тавилантай сүлжин, Оросын тэр үеийн язгууртны ёс суртахууны ялзралтай холбон, нийгмийн ямархан ноцтой асуудал болсныг томьёолсон” гэсэн байдаг[61].
"Карамазовын хөвүүд" ("Братья Карамазовы")
засварлах“Карамазовын хөвүүд” бол Достоевскийн бичсэн хамгийн сүүлчийн роман юм. Зарим баатрууд, үйл явдал, санаа нь олон жилийн өмнөх “Ядуу хүмүүс”-ээс эхлээд “Хөвүүн заяа” хүртэлх олон зохиолоос нь тухай тухайдаа эх авсан нь харагддаг[62]. Зохиолч 1850-иад онд цөллөгт байхдаа, тэнд мөн ял эдэлж байсан Дмитрий Ильинский гэгч хүнтэй танилцсан бөгөөд эцгийнхээ амийг хөнөөсөн хэрэгт хилс шийтгэгдсэн тэр хүний явдал романых нь үйл явдлын үндэс болсон бол 1850-60-аад онд бичсэн олон зохиолынх нь баатрууд “Карамазовын хөвүүд”-ийн эх дүр болсон юм. Зохиолч 1874 оны намар “Хөвүүн заяа” романаа бичиж байхдаа “Карамазовын хөвүүд”-ийн ажлын төлөвлөгөөг гаргасан бол 1878 оны дөрөвдүгээр сард хар нооргоо эхлүүлжээ. Улмаар эхнэрийн хамт Старая Руссад зусаад, 10 дугаар сард Петербургт ирж Кузнечный переулок гудамжны 5/2 байшинд суун романаа бичсээр 1880 оны 11 дүгээр сард дуусгаж, гурван сарын дараа мөн эндээ таалал төгссөн байна [63].
Роман нийт 12 дэвтэр бүхий дөрвөн хэсэгтэй бөгөөд хэсэг хэсгийн үйл явдал нь тус тусдаа төгссөн зохиомжтой. Бичих явцад, товлосон хугацаандаа дуусахааргүй болсноос гадна зарим дэвтэр нь төлөвлөснөөсөө хавьгүй томорч ирсэн тул зохиолч романаа тийн хувааснаас гадна шинээр дэвтрүүд нэмсэн гэдэг. Хугацаандаа амжих, ядаж л түргэвчлэхэд зохиолчид эхнэр нь ихээхэн тусалсан бөгөөд романы ихэнхийг эхнэртээ дуудаж бичүүлсэн гэдэг. Ингэсээр өмнөх хийгээд төгсгөлийн үгийг 1880 оны 11 дүгээр сарын найманд бичиж дуусгажээ. Роман “Русский вестник” сэтгүүлийн 1881 оны анхны дугаараас нийтлэгдэж эхэлсэн байна.
Таалал төгсөхөөсөө хагас жилийн өмнө буюу 1880 оны зургадугаар сарын найманд Достоевский Москвад босгосон Пушкины хөшөөний нээлтэд үг хэлсэн нь ихээхэн алдаршсан юм [64]. “Карамазовын хөвүүд” роман гарснаар түүний амьд ахуйнх нь алдар цуу оргилдоо хүрсэн бол хөшөөний нээлтэд хэлсэн үг нь түүний нэр хүндийг хэмжээлшгүй өндөрт өргөжээ. Орос-Зөвлөлтийн утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.С.Святополк-Мирский бичихдээ “Энэ үгийг сонсоод олноор бахдан шагшсантай эн тэнцэхүйц үйл явдал Оросын утга зохиолын түүхэнд гарч байсангүй” гэсэн бий [65].
"Карамазовын хөвүүд" бол Ф.Достоевскийн бүхий л туурвилыг эцэслэн зангидсан гол бүтээл нь юм. Зохиогчийнх нь уран чадварт Шекспир л дөхөж магадгүй хэмээн үнэлэгдсэн эл бүтээл өнөө хэр бичигдээд байгаа бүхий л романаас хамгийн шилдэг нь, магадгүй хойшид ч бичигдэхээргүй тийм онцгой түвшний туурвил билээ". Зохиолч Г.Аюурзана [66]
Оросын аугаа суутан Ф.Достоевскийн гайхамшигт туурвил болох "Карамазовын хөвүүд" зохиолыг дахин нэг уншлаа. "Карамазовын хөвүүд"-ийг нэг удаа биш, насан туршдаа унших ёстой байх, тухай бүрд бүр шал өөрөөр уншигдана гээч. Энэ бол зүгээр л гайхамшиг, эргэлзээ, бодол, эрэгцүүлэл, амьдралын утга, мораль. Хүний дотоод сэтгэлгээг нээх талаар тэрээр Өрнийн аль ч зохиолчоос, сэтгэгчээс түрүүлчихсэн юм". Нийтлэлч Баабар [67]
Таалал төгссөн нь
засварлах1881 оны нэгдүгээр сарын эхээр Достоевский зохиолч Д.С.Григоровичтой уулзахдаа өөрийгөө, ирэх өвлийг давахгүй байх гэж хэлжээ [68]. Мөн сарын 26-нд зохиолчийн дүү охин Вера Михайловна гэрт нь ирж, нагац эгч А.Ф.Куманинагаас нь ах дүү Достоевскийд өвлөгдөж ирсэн Рязань дахь эдлэнгийн эзэн эрхээс татгалзана уу хэмээн гуйсан байна [69]. Зохиолчийн охин Любовь Достоевскаягийн хожим дурссанаар, ах дүү хоёрын уулзалт базаахгүй болсноор барахгүй уйлаан майлаандаа хүрсэн бөгөөд дараа нь зохиолчийн хоолойноос цус ихээр гарсан байна [70] Энэ нь түүний уушгины өвчин хүндрэх шалтгаан болсон байж магадгүй гэдэг. Хоёр өдрийн дараа буюу 1881 оны нэгдүгээр сарын 28-нд Фёдор Михайлович Достоевский 60 насандаа таалал төгсөв. Нас барсан шалтгааныг оношлохдоо "уушгины сүрьеэ, гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины бага зэргийн тэлэлт" гэжээ[71].
Достоевскийг 1881 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Петербургийн Александро-Невскийн хийдийн горлом дахь Тихвиний оршуулгын газар нутаглуулжээ. Сүүлчийн замд нь үдэхэд, ар гэрийнхний гаргасан тооноос хавьгүй олон хүн оролцсон бөгөөд сүмээс хөдөөлүүлэх газар хүртэл хүмүүсийн цуваа нэг км гаруй үргэлжилсэн гэдэг [72]. Шарилын чулуун дээр “Карамазовын хөвүүд” романы эхэнд эшилсэн байдаг, Библи судрын үгийг сийлсэн. Хожим энд зохиолчийн эхнэр А.Достоевская, тэдний ач хүү Андрей Фёдоровичийг (1908-1968) нутаглуулжээ. Достоевский амьд сэрүүн ахуйдаа өндөр нэрийг олсон хэдий ч, үнэнхүү гандан бууршгүй алдар, дэлхий дахины нэр хүнд хожим иржээ. Фридрих Ницше бичихдээ “Надад багшилчих эрдэмтэй сэтгэлзүйч цорын ганц байсан нь Достоевский” [73] гэсэн байдаг.
Гэр бүл
засварлахДостоевский, Мария Исаеватай гэрлээд долоон жил амьдарсан боловч үр хүүхэд гараагүй. Хоёр дахь эхнэр Анна Григорьевна Сниткина нь Петербургийн жижиг түшмэлийн охин бөгөөд Достоевскийтэй уулзахаасаа ч өмнө түүнийг хайрласан гэдэг. Зохиолч “Мөрийчин” романаа бичсэнийхээ дараа нийлээд, тэд 20 жил хамт амьдарчээ. Тухайн үед Достоевский алхам тутамдаа өртэй явахын зэрэгцээ анхны эхнэрийнхээ хүүг тэжээдэг, талийгаач ахынхаа ар гэрийг харж ханддаг байв[74]. Угаас мөнгө барьж мэддэггүй хүн байжээ. Ийм хүнтэй суугаад Анна Григорьевна гэр орны хөрөнгө санхүүг гартаа авч, ахуй амьдралыг нь өөд татсан билээ. Зохиолчийг нас барсан хойно тэрбээр “... миний нөхөр насан туршдаа мөнгөнд багалзуурдуулж явсан” хэмээн дурссан байдаг [43]. “Карамазовын хөвүүд” романаа зохиолч, эхнэртээ зориулсан юм. Нөхрөөсөө хойш Анна Григорьевна амьдрал, уран бүтээлтэй нь холбоо бүхий баримтуудыг цуглуулан, зохиолуудыг нь хэвлүүлж, өөрийнхөө өдрийн тэмдэглэл, дурдатгалыг нийтлүүлэхэд бэлтгэсэн билээ. Тэд дөрвөн хүүхэд төрүүлсэн нь:
Достоевский Монголд
засварлахДостоевскийн зохиолуудаас “Ядуу хүмүүс” романыг анх 1956 онд Н.Наваан-Юндэн орчуулжээ[82]. Улмаар 1980-аад онд орчуулагч Г.Амар “Дорд үзэгдэгсэд” роман, “Цагаан шөнө” туужийг хөрвүүлэн гаргав[83] .
2002 онд “Гэм зэм” романыг Гадаад яамны сайд асан, орчуулагч Ц.Гомбосүрэн хөрвүүлснээр Достоевскийн зохиолыг монголчлох ажил эрчимжсэн гэж болно. Улмаар 2007 онд “Карамазовын хөвүүд” мөн Ц.Гомбосүрэнгийн орчуулгаар хэвлэгдэв. 2015 онд “Солиот”, удаах жил нь “Хөвүүн заяа”, 2018 онд “Албингууд” мөн түүний орчуулгаар гарчээ[84]. Ингэснээр Достоевскийн “Агуу таван зохиол” монгол хэлнээ бүрэн орчуулагдаж, “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэн гаргаснаар 2018 оны тавдугаар сард иж бүрэн хэвлэлийн нээлтээ хийсэн юм[85].
Энэ завсар “Солиот” романыг “Маанаг”, “Гэм зэм”-ийг “Гэмт хэрэг ба ял шийтгэл” нэрээр Ч.Баатар орчуулсныг “Монсудар” хэвлэлийн газар (2015, 2018 он) эрхлэн гаргасан байна. Мөн хэвлэлийн газрын “Утга зохиол” цувралаар 2017 онд “Газар доороос бичсэн тэмдэглэл” ахмад дипломатч Д.Цахилгааны орчуулгаар хэвлэгдэн гарав[86].
2019 онд Достоевскийн хоёр ч бүтээл монгол хэлээр гарсан нь “Ноён Прохарчин”, “Ползунков”, “Гуйлгачин” тэргүүт өгүүллэгийн түүвэр (Д.Баасанжаргалын орчуулга, “Маш нууц медиа” ХХК) [87], “Мөрийчин” (Д.Жинбаярын орчуулга, “Анд паблишинг” хэвлэлийн газар) роман юм[88] .
2017 онд “Отгонтэнгэр” их сургуулийн багш Б.Галиндэвийн “Достоевский ба хүний асуудал” ном гарсан бөгөөд зохиогч энэ бүтээлээ тайлбарлахдаа “... Достоевский гэдэг хүнийг таньж мэдэж, бүтээлийг нь уншиж ойлгох хөтөч маягийн ном...” гэсэн байна[89].
1980 онд Зөвлөлтийн найруулагч Александр Зархийн бүтээсэн "Достоевскийн амьдралын 26 өдөр" намтар-уран сайхны киног 2010 онд нийтлэлч Баабарын санал болгосноор, мөн түүний тайлбар, “Монгол кино” үйлдвэрийн орчуулга, дуу оруулалттайгаар “Боловсрол суваг” телевиз гаргасан юм[90]. ОХУ-ын найруулагч Владимир Хотиненкогийн “Достоевский” найман ангит цуврал киног МҮОНТВ орчуулж, дуу оруулан 2019 оны есдүгээр сард Монголын үзэгчдэд толилуулжээ.
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэргэдэх “Орфей” театрт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн жүжгийг 2021 оны 11 дүгээр сарын 25-нд тавихаар болов. Жүжгийн зохиолыг Я.Баяраа, найруулагч М.Батболд, гол дүрд Д.Лхагва[91] тоголсон байна.
Цахим холбоос
засварлах- FyodorDostoevsky.com - Достоевскийгийн фэн сайт - хэлэлцүүлэг, эссе, текст, зураг, намтар, эшлэл, холбоосууд.
Эх сурвалж
засварлах- ↑ Morson, Gary Saul. "Fyodor Dostoyevsky" (англи хэлээр). Encyclopædia Britannica, Inc. Татаж авсан: 2015-09-12.
- ↑ Dominique Arban, Dostoïevski, Seuil, 1995, p. 5
- ↑ 3.0 3.1 Волгин 2012.
- ↑ 4.00 4.01 4.02 4.03 4.04 4.05 4.06 4.07 4.08 4.09 4.10 4.11 4.12 4.13 4.14 4.15 4.16 4.17 4.18 Сараскина 2013.
- ↑ 5.0 5.1 5.2 5.3 5.4 5.5 5.6 Якубович 1999.
- ↑ Leatherbarrow 2002, p. 23.
- ↑ Kjetsaa 1989, pp. 6–11.
- ↑ Frank 1979, pp. 23–54.
- ↑ Достоевский Ф. М. «Дневник писателя». 1876 год. Январь. Гл. 3. § 1
- ↑ "Семенов-Тянь-Шанский Петр Петрович". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-13.
- ↑ Семёнов-Тян-Шанский 1917.
- ↑ 12.0 12.1 12.2 Бороздин А. К. Достоевский, Федор Михайлович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ ПСС в 30 т. 1972—1990, том 28 (I).
- ↑ Белов С. В., Щенников Г. К. "Бедные люди". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
{{cite web}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ Владимирцев В. П. "Евгения Гранде (Бальзак)". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-09-12.
{{cite web}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ "Белинский Виссарион Григорьевич". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-13.
- ↑ 17.0 17.1 17.2 17.3 Фридлендер 1956.
- ↑ 18.0 18.1 Орнатская, Туниманов 1992.
- ↑ Загидуллина М. В. "Неточка Незванова". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ ПСС в 30 т. 1972—1990, том 18.
- ↑ "11 ноября". День в истории. РИА Новости. 2008-11-11. Archived from the original on 2012-06-24. Татаж авсан: 2012-05-08.
- ↑ Бельчиков Н. Ф. Достоевский в процессе петрашевцев. — 2-е. — М.: Изд-во АН СССР, 1971. — С. 48. — 293 с.
- ↑ Якубович, Орнатская 1993, 1849. Ноября до 13.
- ↑ Якубович, Орнатская 1993, 1849. Ноября 19.
- ↑ Якубович, Орнатская 1993, 1849. Ноября конец.
- ↑ "Евангелие Достоевского". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-12-28.
- ↑ Мочульский К. В. Достоевский. Жизнь и творчество. — ИМКА Пресс, 1947. — С. 123. — 539 с. — ISBN 5518075111.
- ↑ Достоевский Ф. М. Собрание сочинений в десяти томах / Под общей редакцией Л. П. Гроссмана, А. С. Долинина, В. В. Ермилова, В. Я. Кирпотина, В. С. Нечаевой, Б. С. Рюрикова. — М.: ГИХЛ, 1956—1958. — Т. 10. — С. 565.
- ↑ "Валиханов Чокан Чингисович". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ 30.0 30.1 Павел Косенко. Иртыш и Нева. — Алма-Ата: Жазушы, 1971. — С. 31—44, 82.
- ↑ Анри Труайя 2005.
- ↑ "Достоевская (Констант, в 1-м браке Исаева) Мария Дмитриевна". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-09-13.
- ↑ dostoevsky.libnvkz.ru Сайт — Достоевский и Кузнецк
- ↑ Владимирцев В. П. "Дядюшкин сон". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ Семыкина Р. С. "Село Степанчиково и его обитатели". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ Якубович, Орнатская 1993, 1859. Июня 30.
- ↑ Якубович, Орнатская 1993, 1859. Декабря 20 (?).
- ↑ Якубович, Орнатская 1995, 1875. Июля 9.
- ↑ "Сочинения Ф.М. Достоевского (1860)". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ Владимирцев В. П., Акелькина Е. А. "Записки из Мертвого дома". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ Якубович, Орнатская 1993, 1862 год. Июня 12.
- ↑ Загвар:Публикация
- ↑ 43.0 43.1 43.2 Достоевская А. Г. 1987.
- ↑ Якубович, Орнатская 1994, 1871 год. Апреля 16.
- ↑ Kjetsaa 1989, p. foreword.
- ↑ "Великое пятикнижие". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-11-30.
- ↑ 47.0 47.1 47.2 Опульская 1970.
- ↑ 48.0 48.1 Белов 1979.
- ↑ "Достоевская (Сниткина) Анна Григорьевна". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-13.
- ↑ Ермилова Г. Г., Свительский В. А. "Идиот". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-04.
- ↑ ПСС в 30 т. 1972—1990, том 9.
- ↑ Арсентьева Н. Н., Щенников Г. К. "Положительно прекрасный человек". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-05.
{{cite web}}
: CS1 maint: multiple names: authors list (link) - ↑ "Мышкин Лев Николаевич (князь Мышкин)". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-12-21.
- ↑ Фридлендер 1982.
- ↑ https://book.mn/product/show/20319
- ↑ http://eagle.mn/r/19594
- ↑ Якубович, Орнатская 1994, 1871. Июля 8.
- ↑ Кирпичников А. И. Достоевский, Федор Михайлович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Журнал «Русский вестник» (1871, № 1, 2, 4, 7, 9—11, 1872, № 11, 12) с подписью: Ф. М. Достоевский. Отдельным изданием роман вышел в Петербурге в 1873 году.
- ↑ "Некрасов Николай Алексеевич". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-05.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2021-09-19. Татаж авсан: 2019-09-29.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ ПСС в 30 т. 1972—1990, том 15.
- ↑ Тихомиров 2015.
- ↑ Якубович, Орнатская 1995, 1880 год. Июня 8.
- ↑ Мирский 1992.
- ↑ https://www.facebook.com/nomiin.anduud.club/posts/1614042895592698/
- ↑ https://www.facebook.com/nomiin.anduud.club/posts/1614042895592698/
- ↑ Якубович, Орнатская 1995, 1881 год. Января начало.
- ↑ "Куманина (урожд. Нечаева) Александра Федоровна". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2016-01-12.
- ↑ Достоевская Л. Ф. 1922, Глава XVIII. Последние годы и смерть Достоевского.
- ↑ Якубович, Орнатская 1995, 1881 год. Января 26.
- ↑ Якубович, Орнатская 1995, 1881 год. Февраля 1.
- ↑ Ницше, Фридрих. Набеги несвоевременного. 45. Преступник и что ему родственно // Полное собрание сочинений в 13 томах / Перевод: Н. Полилов. — Культурная Россия, 2009. — Т. 6. — 408 с. — ISBN 978-5-250-06071-4.
- ↑ "Исаев Павел Александрович". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-09-18.
- ↑ Якубович, Орнатская 1994, 1868. Февраля 22 (марта 5).
- ↑ Якубович, Орнатская 1994, 1868. Мая 12 (24).
- ↑ Якубович, Орнатская 1994, 1869. Сентября 14 (26).
- ↑ Якубович, Орнатская 1994, 1871. Июля 16.
- ↑ "Достоевский Федор Федорович". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-11-29.
- ↑ Якубович, Орнатская 1995, 1875. Августа 10.
- ↑ "Достоевский Алексей Федорович". Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Татаж авсан: 2015-11-29.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2019-10-23. Татаж авсан: 2019-10-23.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ "Archive copy". Archived from the original on 2019-10-23. Татаж авсан: 2019-10-23.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://eagle.mn/r/19594
- ↑ https://news.mn/r/776544/
- ↑ http://www.monsudar.mn/books/view/105/
- ↑ https://book.mn/product/show/22326
- ↑ "Archive copy". Archived from the original on 2020-09-30. Татаж авсан: 2019-10-23.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ http://unuudur.mn/%D0%B1%D0%B3%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B4%D1%8D%D0%B2-%D0%B1%D0%B8%D0%B4-%D3%A9%D3%A9%D1%80%D1%81%D0%B4%D0%B8%D0%B9%D0%B3%D3%A9%D3%A9-%D0%B1%D2%AF%D1%82%D1%8D%D1%8D%D1%85-%D1%85%D1%8D%D1%80%D1%8D%D0%B3%D1%82%D1%8D%D0%B9-%D0%B3%D0%B0%D0%B4%D0%BD%D0%B0%D0%B0%D1%81-%D1%8E%D0%BC-%D1%85%D2%AF%D0%BB%D1%8D%D1%8D%D0%BB%D1%82%D0%B3%D2%AF%D0%B9/
- ↑ http://ugadoljin.blogspot.com/2010/03/blog-post_4412.html
- ↑ http://eagle.mn/r/93466