Николай Гоголь
Николай Гоголь (орос. Николай Васильевич Гоголь, украин. Микола Васильович Гоголь) нь 1809 оны 3 сарын 20-нд төрсөн - 1852 оны 2-р сарын 20-нд нас барсан) Украинд төрсөн Оросын сонгодог зохиолчдын нэг юм. "Амьгүй албат", "Тарас Бульба" зэрэг роман болон "Байцаагч түшмэл" хошин жүжгийн зохиолоороо алдартай. Эцэг Василий Гоголь нь украин хэлээр зохиолоо бичдэг зохиолч байсан. Эртний Гоголь-Яновский хэмээх дээдсийн гаралтай овогтон байжээ.
Михаил Булгаков, Фёдор Достоевский, Рюноскэ Акутагава, Фланнери О’Коннор, Франц Кафка нар болон бусад алдартнууд Гоголийн уран бүтээл тэдэнд том нөлөө үзүүлсэн гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.
Намтар
засварлахН.Гоголь Украины Полтав мужийн Великие Сорочинцыд 1809 оны 3-р сарын 20-нд буюу шинэ тооллоор 4 дүгээр сарын 1-нд төрсөн. Николай хүүгээс гадна гэр бүлд 11 хүүхэд байв. Нийт зургаан хүү, зургаан охин байсан. Эхний хоёр хүү амьгүй төрсөн бөгөөд Николай гурав дахь хүүхэд байжээ. Арван настайдаа Гоголыг мужийн төв Полтав хот руу аваачиж, орон нутгийн гимназид суралцахаар болжэээ. Дараа нь тэрээр Нежин дахь дээд шинжлэх ухааны гимназид (1821 оны 5-р сараас 1828 оны 6-р сар хүртэл) сжрсан. Гоголь хичээл зүтгэлгүй дундаж сурагч байсан ч маш сайн ой санамжтай, хэдхэн хоногийн дотор шалгалтанд бэлдэж, ангиас анги руу шилждэг байв. Тэрээр гадаад хэлэнд сул байсан бөгөөд зөвхөн зураг болон оросын уран зохиолд сонирхолтой байсан гэдэг.
1825 онд эцэг нь нас барж гэр бүлд хүнд цохилт болсон юм. Гэр бүлийн амь зогоох асуудал том хүү Николай дээр буужээ. Тэрээр зөвлөгөө өгч, эхийгээ тайвшруулж, цаашдын үйл ажиллагааныхаа талаар бодох ёстой болсон байна. Эх нт хүү Николайгаа шүтэн биширдэг, түүнийг суут ухаантан болно гэж үздэг байсан бөгөөд Нежинд, дараа нь Санкт-Петербургт түүний амьдралыг хангахын тулд түүнд сүүлчийн өчүүхэн хөрөнгөө өгдөг байжээ. Николай эхдээ амьдралынхаа туршид халуун хайраар ханддаг байжээ.
Тэрээр 1828 оны 12-р сард Санкт Петербург руу нүүж, 1831 онд алдарт яруу найрагч Александр Пушкинтай танилцсан байна. Пушкин Гоголийн авъяас билгийг үнэлэн, нөхөрлөх болсон аж. 1834-1835 онд Петербургийн их сургуульд түүх зааж байлаа. Түүний дараа Петербургт үйл явдал нь өрнөдөг "Невскийн өргөн чөлөө", "Галзуу хүний өдрийн тэмдэглэл", "Хамар" зэрэг өгүүллүүдээ бичсэн байна. Николай Гоголь 1836 онд "Байцаагч түшмэл" зохиолоо хэвлүүлснээр нэрд гарсны зэрэгцээ ихээхэн шүүмжлэлд өртөх болж, Ром руу явжээ. Тэрээр "Байцаагч түшмэл" жүжгээ А.Пушкины зөвлөмж дэмжлэгээр бичиж байсан байна.
Гоголь үлдсэн амьдралынхаа ихэнхийг Герман, Италид өнгөрөөсөн юм. Тэр үеийн захидлуудаас нь Гоголийг ижил хүйстэн байсан гэж дүгнэж болохоор байдаг. Энэ үедээ алдарт "Амьгүй албат" романаа бичсэн бөгөөд 1-р боть нь 1842 онд хэвлэгдэв. Ихээхэн шүтлэгтэй тэрээр 1848 онд Иерусалим руу мөргөл үйлдэхээр одов. Тэндээс буцаж ирснийхээ дараа бурхны ариун замаар замнахаар шийдэж, бичиж дууссан байсан 2-р ботио шатаасан гэдэг. Харамсалтай нь 10-хан өдрийн дараа Москвад нас нөгчсөн юм. "Амьгүй албат" романы 2-р ботийн зарим хэсэг нь үлдэж хоцорсон бөгөөд хожим хэвлэгдсэн байна.