Тэс сум (Завхан)

Тэс нь Завхан аймгийн сум юм. Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Увс аймгийн Зүүнхангай, ОХУ-ын Тува зэрэгтэй хиллэн Завхан аймгийн хойд хэсэгт Тагнын нуруу, Хан хөхийн нурууны салбар уулс дунд далайн түвшнээс дээш 1300 гаруй метр өндөрт өргөгдөн оршин байна. Нийт 87229 га нутагтай, сумын төв нь Тэс, аймгийн төвөөс 301 км-т оршино. Дооно, Нисэг, Баян-Уул, Зүр гэсэн дөрвөн баг 894 өрх, 3386 хүн ам, 49,2 мянган малтай ажээ.

Тэс сум
ᠲᠡᠰᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Байгуулагдсан1959 он
Сумын төвЗүр
Газар нутаг
  Нийт900 км2 (300 бээр2)
Хүн ам
 (2020)
  Нийт 2,900
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалDwc

1959 онд Баян-Уул сумын Тэсийн тэжээлийн аж ахуй дээр тулгуурлан байгуулагджээ. 1655 онд байгуулагдсан Хотогойд нэгэн хошуу Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу, Манжийн эрхшээлийн үеийн Халхын баруун замын дундад зүүн дэх гарын зүүн этгээдийн хошуу, 1924-1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошуу, 1931-1959 он хүртэл Баян-Уул сумын нэгээхэн хэсэгт нь багтаж байсан. 1958 онд тэр үеийн Баян-Уул сумын Дооно, Баян-Уул, Бэрх, Нисэх багийн иргэд энэхүү багуудын нутаг нь одоогийн сумын төвөөс алслагдсан, газар нутаг хол, зохицохгүй байгаа тухай санал гаргахад газар дээр нь шалган үзсэний үндсэн дээр БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1959 оны V сарын 31-ний өдрийн тогтоолоор дээр дурьдсан багийн нутаг дэвсгэр, ард иргэд “Дэлгэрэх” нэгдэл дээр тулгуурлан Тэс хэмээх сумыг салган байгуулжээ. Энэ үед 341 өрх, 1507 хүн ам, 52,4 мянган толгой малтай, 2298 га газар нутагтай байв. Мөн удалгүй Монгол орон даяар өрнөсөн атар газар эзэмших явдалтай холбогдуулан 1969 онд Тэс суманд ТАА байгуулахдаа малын бэлчээр, тариалангийн талбай хоёр зохицохгүй хэмээн үзэж 1974 онд Тэс сумын “Дэлгэрэх” нэгдлийг татан буулгаж Баян-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд нэгтгэн “Дэлгэрэх-Амьдрал” нэгдэл хэмээн нэрийдэж Баян-Уул суманд харьяалуулсан ажээ. Улмаар Тэсийн сум хэмээх статусыг татан буулгаж Баянтэс сумын Тэсийн ТАА буюу Тэс хороо хэмээн нэрийдэн хорооны захиргаа, ТАА-н даргаар Ч.Ядамжавыг томилжээ. Энэ үед 205-н өрх, 700 гаран хүн ам, 23000 га эргэлтийн талбайтай байв. Тэс сумыг ийнхүү татан буулгасан боловч нэг их удалгүй 1977 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 138-р зарлигаар Тэс хороог сум болгон зохион байгуулсан байна.

Тэс суманд оршин байсан “Дэлгэрэх” нэгдлийг анх 1956 онд Г.Иш, Г.Ичинноров, И.Дамдинбазар, Л.Магсар нарын хүмүүс санаачлан Баян-Уул сумын I, II, III, IX багийн 17 өрхийн 23 гишүүн, 2000 гаруй малтайгаар байгуулан нэгдлийн анхны даргаар И.Дамдинбазарыг сонгожээ. Энэ үед тус нэгдэл нь МАА-н гурван бригад, 500 гаруй гишүүнтэй, 3 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй, жилдээ 1 сая төгрөгийн орлоготой ажиллаж байв. 1972 оны байдлаар 500 гаруй өрхийн 2500 гаруй гишүүн, 67,7 мянган мал, 4 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, жилд 2 сая төгрөгийн орлоготой болсон байв. Тэс суманд ТАА байгуулах болсонтой холбогдон 1974 онд Тэс сумыг татан буулгаж улмаар “Дэлгэрэх” нэгдлийг Баян-Уул сумын “Жаргалант-Амьдрал” нэгдэлд нэгтгэсэн байна.

1960-аад оны үед өрнөсөн атар газар эзэмших хөдөлгөөний үр дүнгийн илрэл болон 1969 онд БНМАУ-ын СнЗ-ийн 157-р тогтоол гарч тэр үеийн ЗХУ-ын тусламжтайгаар ТАА барьж эхэлсэн байна. Энэ үед Баян-Уул сумын МААМС-ийг татан буулган тэндээс гинжит ба дугуйт трактор 9, ХАА-н чиргүүл, дүүжин машин 20 гаруй нийт 2 сая төгрөгийн хөрөнгийг Тэсийн ТАА-д шилжүүлэн өгсөн байна. 1969 онд тариалангийн анхны шангаа татаж Тэвхэн, Цагаанчулуут, Төөнт зэрэг газар 3056 га газар хагалан боловсруулж 3100 тонн хадлан бэлтгэж үйлдвэрлэлээ эхэлсэн ажээ. 1972 онд Оросын талаас 35 сая төгрөгний үндсэн хөрөнгө бүхий ТАА-г ашиглалтад өгсөн байна. Үүнд, жилд 10 мянган тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадал бүхий тэжээлийн үйлдвэр, 120 тракторт засвар хийх чадалтай ХАА-н машины засварын газар, 70-аад мотортой авто гараж, 900 квт-ын хүчин чадалтай цахилгаан станц, жилд 10 мянган калл дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай уурын зуух, 35 хүний суудалтай ажилчны гуанз, талхны газар, халуун ус, 50 айлын орон сууц зэрэг байгууламжууд багтсан байна. Тэсийн ТАА нь эхэн үедээ огт малгүй дан газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг байсан бөгөөд харин 1973 онд Увс аймгийн Баруунтурууны САА-с 200 үхэр, 220 толгой адуу, 1975 онд Баянтэс сумаас 8000 гаран бог мал, 37 малчин 13 өвөлжөө шилжүүлэн авчээ. Мөн удалгүй туслах аж ахуй гахай, тахиа, туулай үржүүлэх ч болжээ. Мөнхүү ТАА нь газар тариалан, МАА-н тэжээл үйлдвэрлэлтийг хослон эрхэлдэг бөгөөд нийт бүтээгдэхүүний 88,6 хувийг газар тариалан, 5,2 хувийг МАА-н, 6,2 хувийг тэжээлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн эзэлж байв. 1987 оны байдлаар 529 өрхийн 2,9 мянган хүн ам, 32 мянган га эргэлтийн талбайтайгаас жилд 19,5 мянган га-д үр тариа тариалан 19-28 мянган тонн ургац хураан авч бүс нутгийнхаа гурилын хэрэгцээг хангаад зогсохгүй Улаангом, Мөрөнгийн гурилын үйлдвэрүүдэд улаан буудай нийлүүлсээр иржээ. Мөн жилдээ 10 мянган тонн орчим малын багсармал тэжээл бэлтгэн баруун таван аймагт нийлүүлж байв. Харин 1990-ээд оны зах зээлийн өөрчлөлтийн шуургаар энэхүү газар тариалангийн үйлдвэрлэл зогссон байна. Мөн энэ үед хуучин Тэс суманд харьяалагдан байсан Баянтэс сумын Дооно, Нисэх баг Тэс суманд шилжин ирснээр өнөөгийн Тэс сум төлөвшин тогтжээ.

Газар зүй

засварлах

Сумын газар нутаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, зундаа дунджаар 23-32 хэм дулаан, өвөлдөө мөн 35-42 хэм хүйтэн, жилд унах хур тунадасны хэмжээ 180-210 мм бүхий энэ бүс нутаг хөрсний хувьд үржил шимт хар хүрэн, мөн элсэрхэг хөрстэй, тус сумын нутагт Их, бага Бэрх, баруун, зүүн Дооно, Халбан,Зүр, Зос, Дормон, Нарт, Навхан, Онгон, Холбоо, Талын өвөлжин, Аамбагаа, Жаамбагаа, Арц суурь, Аргалант, Суман хад зэрэг уул нуруу, Тэс, Зайгал, Цэрэг, Могой, Хатгуурантай зэрэг гол горхитой. Ургамалжилтын хувьд дэгд, юмдүжин, ажигцэрэн, мэхээр, сонгино, мангина, гоньд, цээнэ, тагш зэрэг өвс ургамал, самар, чацаргана, тошлой, үхрийн нүд, чонын хэл, гишүүнэ зэрэг жимс, хуш, хар мод, улиас, гацуур, бургас, нохойн хошуу, тавилгана, яргай, зэрэг мод, бутлаг ургамалтай, буга, гахай, бор гөрөөс, дорго, жирх, чандага, туулай, чоно, шилүүс, үнэг, хярс, мануул, тарвага, зурам, үен, солонго, өмхий хүрэн, нохой зээх, хээрийн булган суусар зэрэг хээрийн ан амьтан, сойр, хур, хэрээ, бүргэд, тас, шаазгай, турлиах, харцага, сар, шар шувуу, ууль, цорхируул, өвөөлж, ятуу, хөхөө, хун, галуу, ангир нугас, тогоруу, тоодог зэрэг шувууд бүхий. Мөн сумын нутагт байгаль, түүхийн дурсгалт Суман хад, Дормон уул, Хуулгын агуй, Зүрийн түрэг бичээс мөн судалгааны эргэлтэнд ороогүй олон арван дурсгал бий.

Тэс сумын ХАА-ын салбараас БНМАУ-ын сайн малчин С.Сүрэн, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар Батсуурь, З.Ширнэн, БНМАУ-ын аварга малчин Ж.Сандуйжав, М.Бадам, Намсрайжав, С.Өсөхбаяр, БНМАУ-ын аварга мэргэжилтэн С.Нямчамба, тариаланч Б.Базаррагчаа, Монгол Улсын алдарт уяач Г.Нагааранз, мөн Улсын начин Нямсүрэн, УГЗ хөгжмийн зохиолч Ц.Жамьян, СТА, УДЭТ-ын жүжигчин Б.Эрдэнэцэцэг нарын алдартнууд төрөн гарчээ.