Олноо өргөгдсөн

Олноо өргөгдсөн гэдэг нь Богд Хаант Монгол Улсын төрийн оны нэр бөгөөд аргын тооллын 1911 оноос эхэлнэ.

Богд хаант засгийн үеийн хэрэглээ

засварлах

1911 оны 10 сард Учаний бослого гарч Манж Чин улсын хүч суларсан бөгөөд тэр үеийг ашиглан Халхын ноёд 12 сарын 1-нд Хүрээнд (одоогийн Улаанбаатар) хуралдаж, Монголын тусгаар тогтнолыг зарлан, 12 сарын 29-нд Шарын шашны тэргүүн 8-р Жавзандамба хутагтыг Богд хаанд өргөмжилж, ёслол үйлджээ. Ийнхүү Богд Хаант Монгол Улс байгуулагдаж, он тооллыг шинээр эхлүүлжээ. 1915 оны Хиагтын гэрээгээр Богд Хаант Монгол Улс нь Дундад Иргэн Улсын "автономит" эрхтэй улс болсон тул мөн оны 6 сарын 9-нөөс уг оны нэрийг хэрэглэхийг хориглосон аж.

Барон Унгерны сэргээсэн Хаант Монгол Улс дахь хэрэглээ

засварлах

1921 онд Барон Унгерны удирдсан цагаан арми Хүрээг эзэлж, Хятадын цэргийг үлдэн хөөв. Чингээд 2 сарын 15-нд Богд Хаант Монгол Улсыг сэргээснээ зарласнаар, Олноо өргөгдсөн хэмээх оны нэр дахин хэрэглэгдэх болов.

Хэмжээт эрхт Хаант Монгол Улс дахь хэрэглээ

засварлах

Түүний дараа Улаан Армийн тусламжийг хүртсэн Монгол Ардын Намын арми Унгерны армийг зайлуулж, цус урсгалгүйгээр Хүрээг эзэлсэн бөгөөд ардын засгийн газар нь Богд хааныг хэмжээт эрхт хаан болгов. Ингэхдээ оны нэрийг хэвээр үлдээсэн байна. 1924 оны 5 сарын 20-нд Богд хаан нас нөгчин, 6 сарын 3-наас 7 сарын 8-нд хуралдсан МАН-ын төв хорооны бүгд хурлаас "Оны нэрийг Олноо өргөгдсөн гэхийг халж, 7-р сарын 10-наас Монгол улсын гэж нэрлэх" тухай шийдвэр гаргажээ. Гэхдээ Олноо өргөгдсөний 14-р оныг Монгол улсын 14-р он хэмээн нэрийдэж, тооллын эхийг хэвээр үлдээсэн байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс дахь хэрэглээ

засварлах

1924 оны 11 сарын 6-нд нээлтээ хийсэн Анхдугаар Их Хурал нь 11 сарын 26-нд Үндсэн хуулийг баталж, хаант засаглалыг халан, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан бөгөөд Үндсэн хуулийн 1-р зүйлд оны нэрийг "Бүгд Найрамдах Монгол Ард Улсын" хэмээн заав. 1940 онд Үндсэн хууль шинэчлэгдэх хүртэл уг заалт хэвээр байсан боловч албан бичигт оны нэрийг ашиглахаа аажмаар больж, хамгийн сүүлд 1925 онд гаргасан албан бичигт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 15-р он хэмээн тэмдэглэгдсэн байдаг, 1934 онд ерөнхий сайд П. Гэндэнгийн гаргасан тушаалд аргын тооллын оноор огноог тэмдэглэжээ.

Мөн үзэх

засварлах