Жорж Мельес
Мари-Жорж-Жан Мельес(Франц: Marie-Georges-Jean Méliès, 1861 оны 12 дугаар сарын 8 - 1938 оны 1 дүгээр сар) нь Францын илбэчин, жүжигчин мөн найруулагч байсан бөгөөд дуугүй кино урлаг төдийгүй кино урлагnaн салбарт томоохон хөгжлийг авчирсан хүн юм.
Мельес тусгай эффект, алслалт бүхий тайз засалт, сюрреалист найруулгаараа нэрд гарсан найруулагч юм. Түүний уран бүтээлүүдээс дурдвал ‘Сар луу хийсэн зугаалга’ - A Trip to the Moon (1902); ‘Боломжгүй аялал’ - The Impossible Voyage (1904) багтах ба эдгээр кинонууд нь бүгд Жюль Верний өнгө аяс бүхий хачин этгээд адал явдлаар дүүрэн бүтээлүүд юм. Хэдийгээр Мельесийн кинонууд нь Уран зөгнөлт төрөлд илүү дөхөм боловч Шинжлэх ухааны уран сэтгэмжийн кино урлагийн хамгийн чухал бүтээлүүд гэж үзсэн байдаг.
Эхэн үеийн амьдрал
засварлахМари-Жорж-Жан Мельес нь 1861 оны 12 дугаар сарын 8-нд Жан-Луи Мельес (Францаар: Jean-Louis Melies) ба түүний нидерланд эхнэр Жоанна-Катерин Шуринг (Францаар: Johannah-Catherine Schuering) нарын отгон хүү болж Парис хотноо мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг эх нь хувийн гутлын үйлдвэртэй байсан тул ах Хенри, Гастон хоёрын хамт Жорж боломжийн амьдралаар өсчээ. Жорж долоон нас хүртлээ Lycée Michelet дунд сургуульд сурсан ч сургууль нь Франц-Пруссийн дайны үед бөмбөгдүүлснээр Lycée Louis-le-Grand руу шилжжээ. Жорж Мельес багаас гарын эв дүй сайтай байсан ба сургуулийнхаа багш, ангийн хүүхдүүдээ зурахаас эхлүүлэн чадвараа хөгжүүлсээр 10 настайдаа хайрцгаар хүүхэлдэйн театр босгосон түүхтэй. Үүнээс хойш бяцхан театр урласаар сургуулиа 1880 онд бакалаврын зэрэгтэй төгссөн байдаг.
Тайзан дээрх амьдрал
засварлахМельес сургуулиа төгсмөгцөө хоёр ахтайгаа нэгдэн гэр бүлийнхээ гутлын үйлдвэрт ажиллаж, эд юмс оёж тогтоохыг сурч байлаа. Гурван жил цэргийн алба хаасны дараа эцэг нь түүний англи хэлийг сайжруулахын тулд Лондон хот дахь найзынхаа гэрт Жоржийг нарийн бичиг болгон явуулжээ. Лондонд байх хугацаандаа Жорж ‘Египет Өргөө’ (Egyptian Hall) гэх урлагийн үзүүлбэр толилуулдаг газраар үйлчүүлдэг болов. Харин Мельес тэндээс илбийн урлагийг биширч илбэчин болох зорилгоо олж авсан гэхэд болно.
Англид урлагаар амьсгалсан Жорж 1885 онд Францад эргэн ирээд урлагийн хүн болно гэхэд нь эцэг нь юм хэлээгүй ч санхүүгийн тал дээр дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. Иймээс Мельес хэсэг хугацаанд гэр бүлийнхээ гутлын бизнессд эргэн орж тоног төхөөрөмжийг хариуцсан хянагч болон ажилахаар болжээ. Тухайн онд Мельесийн гэр бүл нь түүнийг худынхаа охинтой гэрлүүлэх гэсэн боловч тэрбээр энэ хүслээс нь сөрж гэр бүлийнхээ өөр нэгэн найзын охин Южин Женинтэй гэрлэж, хожим 1888 онд Жоржетт, 1901 онд Андре гэх хоёр хүүхэдтэй болсон байдаг.
Гэр бүлийнхээ үйлдвэрт ажиллангаа Жорж илбийн урлаг дахь сонирхлоо үргэжлүүлэн хөөж илбэчин Роберт Худины театрт илбийн тоглолт үзэж, илбэчин Эмиль Волсиноос уг урлагт суралцаж байв. Эмиль Жоржийг анхны үзүүлбэрүүдээ толилуулахад нь тусалсан хүн юм.
1888 онд Мельесийн эцэг нь тэтгэвэртээ гарч бизнессээ гурван хүүдээ тэнцүү хуваан өвлүүлсэн ба Жорж өөрийн хувиа ах нартаа зарж багагүй мөнгөтэй болжээ. Жорж уг мөнгөөрөө хуучин цагт тоглолт үздэг байсан Роберт Худины театрыг худалдан авсан. Хэдийгээр театр үнэхээр чамин бас бүрэн тоноглогдсон байсан ч ихэнх тоног төхөөрөмж, өнгө аяс, үзүүлбэрүүд нь хуучирч шинэлэг байхаа больсноор үзэгчдийн тоогоо алдаж байжээ. Мельес бүхий л дотор засал, хэрэглэлүүдийг шинэчилсэн ч хангалттай ашиг олохгүй байлаа. Иймээс Жорж залуудаа Лондонд үзэж харснаа сайжруулан театрынхаа найман жилийн үйл ажилгааныхаа явцад нийт 30 шинэ үзүүлбэр мөн инээдмийн жүжиг, мелодрама зохиолуудыг бэлтгэжээ. Энэ нь үр дүнгээ өгөн ганц ашгаар тогтохгүй Мельес болон түүний театрт алдар нэрийг авчирсан юм.
Кино урлагт хөл тавьсан нь
засварлах1895 оны 12 сарын 28-ны шөнө залуу илбэчин Мельесийг Люмьерийн ах дүүс хаалттай үзүүлбэртээ урьсан ба тэндээс Жорж анхны удаагаа кино гэх гайхамшигт нээлтийг үзсэн юм. Мельес тэр даруйд ах дүү хоёрт 10’000 франк санал болгож төхөөрөмжийг нь худалдан авах гэсэн боловч тэд зарахаас татгалзжээ. (Тэд төхөөмөржөө судалж сайжруулах зорилготой байсан тул шөнө ирсэн бүх санал буюу Мельесийн 10’000 франк, Гревиний музейн 20’000 франк, Folies Bergère бүжгийн танхимын 50’000 франкаас бүгдээс нь татгалзсан аж.)
Тэр шөнөөс хойш бүхэл жилийн турш Мельес театртаа тэрхүү кино проектор төхөөрөмжийг олохоор зорьж эхэлсэн юм. Тэрбээр бүхий л Европоор эрж, бүр далайн чанад дахь Америкаас сурагласан боловч Люмьерийнхны бүтээсэн шиг төхөөрөмж олдохгүй байв. Иймээс тэр хайхаас илүүтэйгээр судалж эхлэхээр шийдэв.
1896 онд Жорж Лондон аялж яваад Роберт Виллам Полын хөдөлгөөнт дүрсний проектортой таарчээ. Люмьерийнхтэй төсөөтэй байсан тул Жорж түүнээс төхөөрөмжийг нь хэдэн кинонуудынх нь хамтаар худалдан авснаар 4 дүгээр сараас эхлэн Роберт Худины театрт хөдөлгөөнт дүрс тоглогдох болжээ. Америк, европчуудаас сурсан мэдлэгээ ашиглан Мельес Люсьен Корстентэй хамтран өнөөх хөдөлгөөнт дүрс тоглуулагчаа сайжруулж 9 дүгээр сар гэхэд кино камер болгож чаджээ. Мельес төхөөрөмжөө гаргадаг дуугаар нь ёжлон ‘Кофе бутлагч’ эсвэл ‘Автомат буу’ гэж нэрлэдэг байв. Тухайн үед кино боловсруулж үйлдвэрлэдэг мэргэжлийн лаборатори Парист хараахан байгуулаглаагүй байсан болохоор Мельес кинонуудаа алдаа дутагдалтай хийдэг байлаа.
1897 онд технологид томоохон дэвшил гарснаар Парис хотод илүү сайн чанрын кино камерууд зарагдах болов. Мельес ч үүнийг ашиглан Gaumont, Pathé, Lumières-н хэд хэдэн камертай болж чадав. Мельес 1896 - 1913 онуудын хооронд 1 - 40 минутын урттай 500 гаруй киног найруулан бүтээжээ. Түүний кинонууд нь ихэвчлэн байх боломжгүй зүйлс болсон юмсыг алга болгох, хэмжээг нь өөрчлөх гэх мэт түүний илбийн урлагийн элементүүдийг оруулсан байдаг. Түүний ихэнх кинонууд нь ганц камераар бичигдсэн бол олон камераар бичигдсэн кино ч бас бий. Нэгэн жишээ нь ‘Нэг хүний хамтлаг - The one man band’ юм. Уг кинонд нийт долоон камер ашигласан ба долоон хальс болгонд жүжигчин өөр өөр үйлдэл хийж бичигдэнэ гэсэн үг. Дараа нь хальсуудыг нэгтгэснээр нэг жүжигчнээс бүрдсэн нийт долоон дүр гарч ирэх юм.
Мельесийн эхэн үеийн кинонуудын зураг авалт бүгд Роберт Худин театрт нь явагддаг байлаа. 1896 оны сүүлээр тэр Reulos-той хамтран ‘Star Film Сompany’ -ийг байгуулсан ба Корстен ерөнхий зураглаачаар ажилах болжээ. Түүний маш олон эхний кинонууд нь Люмьерийн ах дүүсийн хийсэн хуучин кинонуудын хуулбар байв. Гэхдээ яваандаа кино компани нь өөрсдийн кинонуудаа хийж эхэлсэн юм. Мельес кино болгондоо аль болох шинэлэг тусгай эффект ашиглахыг зорьж шинэ зүйл нээхийг эрмэлздэг байв. Нэг удаа зураг авалтын үеэр кино камер нь гацаж тодорхой үзэгдэл бичигдэлгүй үлдсэнээс болж нэгэн эмэгтэй эрэгтэй хүн болж хувирах мэт дүрс буусан байв. Энэ нь Мельесд их таалагдсан ба үүнээс хойш аливаа зүйл алга болох эсвэл гарч ирэх, хувиргах болсон тохиолдолд уг аргыг ашиглах болжээ.
Түүнийг кино хийхэд театрын гэрэлтүүлэг хэтэрхий харанхуй байсан тул 1896 оны есөн сараас эхлэн Мельес Парисын гадна байрлах өөрийн эзэмшил газар дээрээ шилэн хана тааз бүхий студи бариулах болжээ. Уг байгууламж нь тэр чигтээ шилэн тул нарны буюу байгалийн гэрэл орж ирэхэд нэн тохиромжтой аж. Энэхүү том байгууламж нь мөн Роберт Худины театрыг санагдуулам төрхтэй ба дотроо хувцас солих хөшиг бүхий өрөөний зохион байгуулалт бүхий студи байлаа. Мельесийн хамт олон 1896 онд 78, 1897 онд 52 киног тус тус туурвин аугаа амжилтад дөхсөн байв. Энэ үе гэхэд Star Film Company ганц уран зөгнөлтөөр тогтохгүй инээдмийн, түүхэн, уянгын, баримтат киног гаргадаг болсон байжээ. Мельес мөн театр дах илбийн үзүүлбэрийг багасган киног илүүтэй толилуулж, Роберт Худиныг бага багаар кино театр болгохоор оролдож эхэлжээ. Гэхдээ кино үзэх соёл дөнгөж эхэлж байсан тул дан киногоор орлого олох нь өөрөө их эрсдэл дагуулах шинжтэй байлаа, иймээс Мельес зөвхөн Ням гарагт л киног тоглуулж байхаар болов.
1898 онд Мельес ердөө 28 кино бүтээсэн байдаг. Гэхдээ энэ 28 гэх тоо нь түүний компани тоо биш чанарт анхаардаг болсны илрэл байв. Жорж хэзээ ч шинэ нээлт хийхээ зогсоогоогүй ба энэ удаад хар дэвсгэр дээр араг ясны тод зураг бүхий хар хувцас өмссөн жүжигчдийг тоглуулах замаар яснуудыг хөдөлгөж, камерын тусгал өөрчлөх замаар киног ухрааж бичиж чаддаг болсон байв. Мельесийн баримтат кинонууд нь 1890-ээд оны хамгийн нөлөө бүхий кинонууд болж нийгмийн асуудалд нөлөөхүйц болж байв. Компани нь томорсноор гадаадын улс гүрэн, тэр тусмаа нэгдсэн улстай элдэв маргаан дэгдээх болсноор Жорж Мельес 1900 онд ‘Chambre Syndicale des Editeurs Cinématographiques’ гэх үйлдвэрчний эвлэлийг байгуулж компаниа гадаадын зах зээлд хамгаалалттай болгосон байдаг. ХХ зуун гарахад Мельес ба түүний компани санхүүгийн амжилтад хүрсэн, кино урлагт хүчирхэг байр суурьтай кино компани болсон байв.