Дашбаатарын Лувсанданзан
Дашбаатарын Лувсанданзан- Хошуудын хаан Төрбайхын ач хүү, Хөхнуурын Монголчуудын 1723 оны бослогын удирдагч.
Хошуудын хаан Төрбайхын хүү Дашбаатарыг таалал төгссөний дараа түүний хүү Лувсанданзан Хөхнуурын Монголчуудын захирагчаар өргөмжлөгдсөн. Тухайн үед Манжийн төр нутаг орныг захирагчид Чин ван цол өгч байсан уламжлалыг харгалзан Хөхнуурын Монголчууд Лувсанданзанг Чин ван хэмээн өөрсдөө өргөмжилжээ. Энэ үед Төрбайхын өөр ач хүү Бошгот Жинүүний хүү Цагаан Данзан вангийн хэргэмийн төлөө авгатайгаа эрх мэдэл булаацалдаж эхэлсэн байна. Манжийн хаан Цагаан Данзангийн зуйрган занг ашиглан түүнийг Хөхнуурын чин вангийн хэргэм шагнажээ. Ийнхүү хошуудын монголчууд хоёр Чин вантай болсон байна.
Зүүнгар Төвдийг довтлон эзлэх үед Манжийн хаан Лувсанданзангаар Зүүнгарыг цохиулж оронд нь Чин ван хэргэмийг нь буцаахын хамт Гүш хаан цолыг нь сэргээж өгнө хэмээн тохиролцсон ч амлалтаа биелүүлсэнгүй. Иймд Манж Чингийн төрөөс олгодог бүх хэргэм зэргийг хэрэгсэхгүй, монгол цол хэргэмүүдээ сэргээн Хошууд хаант улсаа сэргээн байгуулъя гэж Хөхнуурын бүх хошууны ноёд Цагаан толгойд 1723 онд цуглан зөвшилдөхөд Цагаан Данзан очсонгүй. Тиймээс эхэлж дотоодоо түвшитгэе хэмээн Цагаан Данзанг цэрэглэн цохисон ч тэрээр зугтан Манжийн өмгөөлөлд очжээ. Хөх нуурын монголчууд Лувсанданзангийн удирдлагаар бослого гарган манж нарыг цохиж эхэлсэн байна. Лувсанданзангийн цэрэг 10000 хүрч байсан байна. Манж Чин улсын хаан гурван замын цэрэг гарган Хөхнуурт оруулан Лувсанданзангийн бослогыг дарж Цагаан Данзанг Хөхнуурын Чин вангаар өргөмжилжээ. Манжийн цэрэгт Халх Монголоос ихээхэн хэмжээний цэрэг татан Ринчиндорж вангаар захируулсан байна. Энэ цэрэг бослогыг дарахад гол үүргийг гүйцэтгэсэн байна.
Лувсанданзан ван цөөн тооны албатаа дагуулан бослого дарагдахад Зүүнгарын хаант улсад зугтан очсон байна. Лувсанданзан нь Зүүнгарт байхдаа Манжийн эсрэг зүүнгарын тэмцэлд идэвхитэй оролцож байжээ.
Манж Чин улс 1755-1756 онд Зүүнгарын хаант улсад их цэргийн хүчээр хоёр замаар дайран эзлэх үед Лувсанданзан нь Манжийн цэрэгт баригдан улмаар Бээжинд хүргүүлэн цаазлуулжээ.